Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 841

 

  Л.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Л.Э-д холбогдох эрүүгийн 1907 00286 0243 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Л-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй,

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны ..дугаар сарын 1-ний өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: .../;

 

Л.Э нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын А0101 авто замын “83 дугаар километрт”-ийн тэмдэгтийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикль жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 2.2 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /Замын цагдаагийн/-нд тэмдэглүүлсэн байх, 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчин М.Ш-н жолоодон явсан “Олимпус спортинг гүүдс” ХХК-ийн өмчлөлийн, 27-58 УБД улсын дугаартай “Х.Портер” загварын машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн зорчигч 14 настай Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Л.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэл тогтоогдсон тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал хэсэгт: “...“А” цэгээс зүүн тийш 12.4 м зайтай түүнээс урд зүг рүү 52.8 м зайтай ертөнцийн зүгээр зүүн урд тал руу харсан байдалтай 27-58 УБД улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” загварын авто машин замын зорчих хэсгээс гарсан байдалтай зогсож байсныг тэмдэглэл болгон гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийн гэрэл болон гупер гэмтсэн, эвдэрсэн байдалтай зүүн талын толь хагарсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлж авлаа” гэжээ /1 хх 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтэд “Портер” загварын автомашины баруун урд хэсгийн гэрэл болон гупер гэмтсэн, эвдэрсэн байдалтай, зүүн талын толь хагарсан байдалтай байна. /1 хх 23/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдлын тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт хэсэгт “Х.Портер” загварын, 27-58 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэсэгт баруун урд талын их гэрэл хагарсан, баруун урд талын булан хонхойсон, баруун урд талын гупер хонхойсон зурагдсан, баруун урд талын толь хагарсан” гэж тодорхойлсон байна. /1 хх 24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Н “Та 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос 84 км дэх шон дээр ослын газарт очиж үзлэгт оролцсон. Тухайн үед бичлэг хийсэн байгаа. Энэ зам тээврийн ослыг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал түүний хэмжилтийн бүдүүвчийг хийсэн. Энэ бүдүүвчийг хийх үед та тухайн үедээ очиж зургаар аваад үзлэгээр тогтоосон байдал дээрээ шууд үнэлээд энэ бүдүүвчийг хийдэг үү? Эсвэл хамт яваа Оюундаваа гэдэг хүний хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, өөрийн үзлэгээр тогтоосон байдал хоёрыг харж байгаад энэ зургийг хийдэг үү? Аль алиныг нь харж байгаад хийдэг. Тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрэлнээс мөргөлдсөн байсан. Автомашин баруун талаасаа мөргөлдсөн машины зуун дугуйнаас гарсан мөр А цэгээс байж болохгүй. Таны зураг А цэгээс зурагдсан уу? Тийм байна. Баруун урд талын гупер их гэрэл хагарсан байсан. Магадгүй Оюундаваа андуурч бичсэн байж магадгүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Одбаяр “Та бүхнийг дүгнэлт гаргахад гол эх сурвалж нь ослын газрын зураг болдог уу? Ер нь бол тийм. Бүдүүвч зурган дээрх алдаатай байдал дүгнэлтэд өөрчлөлт орох уу? Мэдээж буруу зурсан бол өөрчлөлт орно. Зүүн талын тоормосны мөр голын тасархай зурааснаас эсрэг талд гарсан байхад “А” цэгээс зүүн талын мөр гарсан байна гээд байгаа. Гэтэл “А” цэг нь машины мөргөлдсөн хэсэг байгаа. Энэ тохиолдолд “А” цэг өөрчлөгдөх боломжтой юу? Энэ зургийг зурахдаа Нямдаваа өөрөө алдаа гаргасан байх Зүүн дугуйнаас тоормосны мөр гарчихаад байдаг. Гэтэл яг зүүн дугуйны үзүүр дээрээс хаасан байгааг буруу гэж бодож байна” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Чинзориг “Өмнө яригдсан ослын “А” цэг, тормосны мөр, автомашины эвдэрсэн зүүн гэрэл дохио, хэргийн газрын үзлэг, бүдүүвч зэргээс ослын бүдүүвч зураг өөрчлөгдөх боломжтой юу? Саяны камерын бичлэгээс ослын бүдүүвч зураг өөрчлөгдөх боломжтой. Тоормосны мөр зүүн дугуйнаас байгаа юм бол ослын “А” цэг хажуу тийш болох ёстой.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э-н өгсөн: “Намайг эмнэлэгт байхад ирж үзлэгт гарын үсэг зуруулсан байх. Би сайн санахгүй байна. ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд зам тээврийн осол болсон шалтгааныг тогтоох шинжилгээний гол объект болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэрэг нь хоорондоо зөрүүтэй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй байх тул хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нөхөн хийж, уг мөрдөн шалгах ажиллагааг нөхөн хийсэнтэй холбогдуулан ослын шалтгааныг тодруулах шинжилгээг хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нар хавтаст хэрэг шинжээч нарт ирсэн, бүрэн танилцсан гэж мэдүүлж байгаа тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Улсын ерөнхий прокурорын 2017 оны 7 сарын 16-ны өдрийн А/80 дугаар Журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралт “Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ын 6.9-д заасныг анхаарч хууль, журмын дагуу шинжээчид шинжилгээний объектыг хүргүүлж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Тус захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

Иймд Л.Э-д холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийн гэрэл болон гупер гэмтсэн, эвдэрсэн байдал, зүүн талын толь хагарсан байдалтай” байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа гэж тэмдэглэлд тусгасан байх ба хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээр тухайн автомашины “баруун урд хэсгийн гэрэл болон гупер гэмтсэн, эвдэрсэн байдалтай, зүүн талын толь хагарсан” байдалтай байна. Уг үзлэгийг хийсэн мөрдөгч нь тэмдэглэлд тусгахдаа ертөнцийн зүгээр зүг чигийг буруу тооцоолж андуурч баруун талыг “зүүн урд хэсгийн гэрэл болон гупер гэмтсэн, эвдэрсэн байдал, зүүн талын толь хагарсан байдалтай” гэж тэмдэглэлд тусгагдсан гэж харагдахаар байна.

Баруун талыг зүүн тал гэж андуурч үзлэг тэмдэглэлд тусгасан хэдий ч гэрэл зургийн үзүүлэлт, автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тухайн автомашины аль хэсэгт гэмтэл учирсан байгаа тодорхой харагдаж байна. Мөн аль хэсгээрээ мотоциклийг мөргөсөн нь гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдох боломжтой гэж үзэж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч нараас “Хэрэв А цэг буруу зурагдсан гэж үзэхэд шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх боломжтой” эсэхийг асуухад шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх боломжгүй, мотоцикль жолоодон явсан Л.Э нь зүүн эргэх дохио өгсөн ч бай, өгөөгүй ч бай Л.Э-н буруугаас болж зам тээврийн осол гарсан болно. Л.Э нь зүүн эргэх үйлдэл хийхээс өмнө дохио өгсөн жолооч давуу эрх эдлэхгүй дохио нь зөвхөн бусад жолооч нарт анхааруулж байгаа дохио юм гэж мэдүүлсэн байдаг. Мөн техникийн шинжээч нар дүгнэлт гаргахдаа ослын бүдүүвч зураг болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргадаг гэж мэдүүлсэн нь хэргийг шийдэх бүрэн боломжтой юм.

3. Уг хэрэгт 3 удаа техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад дүгнэлт гаргасан албан тушаалтнууд санал зөрөлдөөгүй, бүгд улсын дугааргүй мотоцикль жолоодон явсан Л.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.2 а, б, 2.3. в, 7.6 дахь заалтуудыг тус тус зөрчин М.Ш-н жолоодон явсан “О” ХХК-ийн өмчлөлийн 27-58 УБД улсын дугаартай “Х.Портер” маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс зам тээврийн осол болсон шалтгааныг тогтоох гол объект болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгээр тогтоогдсон байдал зэрэг нь хоорондоо зөрүүтэй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй байх тул хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийх хэрэгт ач холбогдолгүй юм. Учир нь тухайн хэрэг учрал нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр болсон ба үзлэг хийх үед шүүгдэгч Л.Э, насанд хүрээгүй хохирогч Д.Б нар нь мөргөлдөж гэмтсэн учраас эмнэлэг рүү хүргэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хэтэрхий нэг талыг барьж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалд нийцээгүй гаргасан Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Э.Ариунболдын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Л.Э-д холбогдох хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүгчийн захирамжид заагдсан үндэслэлүүдээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах шаардлагагүй тул Л.Э-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаагаар дахин хэлэлцүүлгээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Л.Э нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын А0101 авто замын “83 дугаар километрт”-ийн тэмдэгтийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй, “Мустанг-5” загварын мотоцикль жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ; 2.2 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх, б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /Замын цагдаагийн/-нд тэмдэглүүлсэн байх, 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчин, М.Ш-н жолоодон явсан “О” ХХК-ийн өмчлөлийн, 27-58 УБД улсын дугаартай “Х.Портер” загварын машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн зорчигч 14 настай Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Л.Э-д холбогдох хэрэгт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нөхөн хийх, үүнтэй холбогдуулан ослын шалтгааныг тодруулах шинжилгээг хийлгэх шаардлагатай зэрэг үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн газрын үзлэг, осол болсон нөхцөл байдал болон бусад байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар тодруулах бүрэн боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой тул прокурор Э.Ариунболдын бичсэн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.