Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

                                                                                             

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр Ч.Э-т холбогдох 19020 0028 0033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

............................... овгийн Ч-ын Э, 1983 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ................. дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

 

Ч.Э нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоотод хууль бусаар хадгалсан,

Мөн 2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөлөх бодис “дельта-9-тетрагидроканнабинол” болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Вант Улсаас интернет сайт ашиглан олж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасан хэргийн талаар нотлогдвол зохих зарим нөхцөл байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал болон Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай дараах үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв. Тодруулбал:

1.Прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт нэрлэн заасан “кариофиллен” гэх бодис нь 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн 1 болон 2, 3, 4 дүгээр жагсаалт болон 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад тус тус тусгагдаагүй байх ба “кариофиллен” эдгээр конвенцийн хавсралт жагсаалтад заасан ямар төрлийн мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын найрлагад орж буйг яллах дүгнэлтэд заагаагүй нь гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоосон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

Түүнчлэн шүүгдэгчийн интернет сайтад захиалга өгч, шуудан илгээмжийн харилцааг ашиглан гадаад улсаас оруулж ирсэн гэх хар өнгийн “Joker” гэсэн бичигтэй уутанд үйлдвэрийн аргаар савласан, хатаасан ургамал мэт зүйлсийг /10 грамм/ шинжилсэн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн шинжээч Б.Мөнхцацрал нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “кариофиллен” нь эфирын тосны найрлагад ордог, уг бодис нь дангаараа “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” болон “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн хавсралт жагсаалтад нэрлэн заасан бодисуудын аль алинд ордоггүй хэмээн тайлбарласан.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн дээж-2 ургамал мэт зүйлсээс /1.1919 гр/ каннабисын давирхайн бүтээгдэхүүнд хамаарагдах каннабинол илэрсэн талаар /хх 78-79/ тэмдэглэсэн баримттай байх ба прокурорын яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримт дахь мансууруулах эмийн төрөлд хамаарах гэх бодисын нэршил, тоо хэмжээ тус тус зөрүүтэй байх тул уг яллах дүгнэлтийн хэмжээнд шүүх шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Мөн хэргийн 106 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1015 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн ...гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээр “дельта-9-тетрагидроконнабинол” илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно” гэсэн ба уг дүгнэлтэд “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн хавсралтад заасан ямар нэг бодис илэрсэн талаар дурьдагдаагүй /хх 78-79/, өөрөөр хэлбэл, Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнд тусгагдсан кариофиллен, каннабисын давирхайн бүтээгдэхүүнд хамаарагдах каннабинол зэрэг бодис илэрсэн талаар тэмдэглэгдээгүй зэргээс дээрх шинжилгээний дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлтэй тул тусгай мэдлэгийн хүрээнд хэрэгт нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах замаар шүүгдэгчийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх бодисын шинж, чанар байдал, тоо хэмжээг нэг мөр нарийвчлан тогтоох нь тухайн бодисын хор аюулын чанар байдлыг тодорхойлох болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг нэгэн зэрэг тогтооход ач холбогдолтой байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь урьд нуруу нугасандаа хүнд гэмтэл бэртэл авсны улмаас эмчийн заавраар өвчин намдаах ийм төрлийн найрлага бүхий эм бэлдмэл хэрэглэдэг гэж мэдүүлсэн ба энэ талаар тодруулж, тогтоох тодорхой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, шүүгдэгчийн өвчний түүхтэй холбоотой хувийн байдлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг тогтооход шүүгдэгчийн өвчний түүхтэй холбоотой хувийн байдлыг шалгаж, тодруулах шаардлагатай байна.

Иймд дээр дурьдсан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нэг мөр шалгаж тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн Ч.Э-т холбогдох эрүүгийн 19020 0028 0033 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокурорын яллах дүгнэлтэд Ч.Э-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол” болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Вант Улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Э нь Нидерландын Вант Улсаас 10 грамм “өвс” гэх нэршилтэй бодисыг улс хоорондын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйл баримт нотлогдсон.

Харин лабораторийн шинжилгээг уг 10 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисын найрлаганд “дельта-9-тетрагидроканнабинол”, “кариофиллен”, “каннабинол”,”члоропил” илэрсэн болох нь нотлогдсон бөгөөд үүнд жингийн болон бүтэц найрлагын хувьд ямар нэгэн зөрүү байхгүй.

Хэдийгээр яллах дүгнэлтэд “кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг” гэж бичигдсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч нь яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт алдаатай бичсэнийг зөвтгөж, “кариофиллены агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал” гэж яллаагүй, харин “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9-тетрагидроканнабинол”-ын агууламжтай гялгар уутны хамт 10 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Вант Улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж ялласан болно.

Гэтэл шүүх дээрх байр суурийг няцаан үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “шинжээчийн дүгнэлтүүдийг хоорондоо зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэж таамаглалд тулгуурласан шинжтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломж хуулиар олгогдсон байтал “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал”-ыг тус тус заасан байх ба дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтын алинд ч хамаарахгүй зөвхөн шүүгдэгч Ч.Э-ын өөрийн биед байгаа өвчин зовиурыг намдаах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг гэж тайлбарлаж байгааг үндэслэж түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтооход шүүгдэгчийн өвчний түүхтэй холбоотой хувийн байдлыг шалгаж, тодруулах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдал биш.

Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө шүүх хуралдаан даргалагчаас шинээр нотлох баримт гаргаж өгөх эсэх, санал хүсэлт байгаа эсэхийг асуухад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь “шүүгдэгчийн ам бүл, гэр бүлийн байдал”-ын талаар баримтыг гаргаж, түүний эрүүл мэндийн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа, хэлэлцүүлгийн явцад “урьд нуруу нугасандаа хүнд гэмтэл бэртэл авсны улмаас эмчийн заавраар өвчин намдаах ийм төрлийн найрлага бүхий эм бэлдмэл хэрэглэдэг” гэсэн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлаж, энэ нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар нэмж тодруулахыг шаардсан нь илт үндэслэл муутай, шүүхийн шийдвэр таамаглалд тулгуурласан шинжтэй гэж үзнэ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э, түүний өмгөөлөгч нараас түүнийг нуруу нугасны өвчтэй эсэх талаар шалгуулах аливаа хүсэлт гаргаж байгаагүй, зөвхөн шүүх хуралдаанд өгсөн, бусад нотлох баримтаар батлагдаагүй шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь илт хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн мансууруулах төрлийн бодисын тоо хэмжээ, грамм шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн хэргийн бодит нөхцөлд байдалд нийцээгүй. Мансууруулах төрлийн тоо хэмжээ зөрүүгүй. Харин яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт алдаатай бичсэнийг улсын яллагч шүүх хуралдааны үеэр зөвтгөж ялласан. Тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 10 грамм бодисоос гадна 2 төрлийн бодис тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг гарсан байдалд нөлөөлөхгүй. Иймд, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн дахин шинжээч томилуулах шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд энэ ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтойг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоон шалгаагүй. Ял оногдуулахад нөлөөлөх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох шаардлагатай гэснийг хүлээж авах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн мэдүүлэг болох өөрийн эмчилгээнд зориулж хэрэглэхээр авсан, бэлдсэн гэх мэдүүлгийг үндэслэн, шалгах шаардлагатай, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлд нөлөөлөх нөхцөл байдлууд бүрэн шалгагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэмэлтээр эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар гаргаж өгөөгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй буюу уг бодисууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтуудад багтаагүй талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч хэлсэн. Гаалийн төв лаборатори нь энэ төрлийн бодис доторх тослогийн хэмжээ агуулагдсан үйл баримтыг тодорхойлсон. Харин Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд дээрх конвенцуудын алинд ч байхгүй тухай дүгнэлтийг гаргасан. Шүүх үүнийг хүлээн авч нэг ойлголттой болох нь зүйтэй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн асуудал яригдана. Мөн нотолбол зохих асуудлуудыг шалгах нь зүйтэй. Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Ч.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд:

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 07/0014 тоот албан бичиг болон 0024978 дугаартай сорилтын дүнд “...“дээж-1”-д кариофиллен, “дээж-2”-д кариофиллен болон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9-тетрагидроканнабинол” /ТНС/ каннабисын давирхайн бүтээгдэхүүнд хамаарагдах каннабинол илэрсэн. Кариофиллен нь ургамлын эфирын тосны найрлагын бүрэлдэхүүнд ордог бөгөөд “Саnnаbis sative” ургамалд хамгийн ихээр агуулагддаг, “дельта-9-тетрагидроканнабинол” нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай “ конвенцийн I жагсаалтад тус тус хамаарагдсан болно”,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 1015 дугаар “...ямар нэгэн хаяггүй улаан судалтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-1 1,0040” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-2 1,1919” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс “дельта-9-тетрагидроканнабинол” /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт,

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Мөнхцацралын: “...кариофиллен бодис нь ямар ч мансууруулах эмийн тухай конвенцид багтдаггүй. ..., Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны конвенцид каннабис нь каннабисийн давирхай буюу каннабис резин гэж бичигдсэн байдаг. Каннабисын давирхай нь дотроо олон бүрэлдэхүүнтэй байдгийн нэг нь каннабинол юм. Харин кариофиллен гэдэг нь өөрөө хар тамхины төрөлд ордоггүй, эфирын тосны найрлагад ордог ургамал...” гэж мэдүүлсэн мэдүүлэг тус тус хэрэгт авагдаж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан байна.

 “Кариофиллен” гэх ургамал нь 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтад ороогүй байх ба шинжээчийн дүгнэлтүүд болон мэдүүлэгт мансууруулах эмийн тухай конвенцид багтдаггүй, хар тамхины төрөлд ордоггүй, эфирийн тосны найрлагад ордог талаар дурджээ.

Мөн шинжилгээгээр Ч.Э-ын гэрээс хураагдсан болон шуудан илгээмжээр ирсэн ургамал мэт зүйлсийн аль алинаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9- тетрагидроканнибинол” илэрсэн дүгнэлт гарчээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-т холбогдох хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлэг, тухайн бодисын шинж чанар, хэр хэмжээг тодорхойлсон Гаалийн төв лабораторийн болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай шинжээчийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, Ч.Э-ын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шуудан илгээмжээр сэжиг бүхий нунтаглаж ууталсан өвс шиг зүйл /ногоон өнгийн, хатаасан ургамлын хэсэг 1.0040 гр, ногоон /шар ногоондуу/ өнгийн, хатаасан ургамлын хэсэг 1.1919 гр/ илэрснийг  хураан авч, битүүмжлэн, эд зүйлд шинжилгээ хийлгүүлэхээр Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн газарт хэрэг бүртгэгч, улсын байцаагч С.Чинбат хүлээлгэн өгсөн байна. Гаалийн төв лабораторийн сорилтын дүнд болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1015 дугаар шинжээчийн дүгнэлтүүдэд дээрх 2 төрлийн ургамлын дээжүүдийн тоо хэмжээ, төлөв байдал нь ижил, зөрүүгүй бичигдсэн байна.   

Ч.Э-ын зүгээс өөрийн эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд шинээр гаргаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах боломжтой болохыг дурдвал зохино.

Иймд Ч.Э-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзэж, прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин прокурорын бичсэн эсэргүүцэлд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, Ч.Э-ыг “...1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “кариофиллений агууламжтай 10 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт алдаатай бичсэнийг зөвтгөж, “кариофиллений агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал” гэж яллаагүй, харин “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9- тетрагидроканнибинол”-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр...Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж ялласан гэж бичиж, тайлбарласан боловч шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид бичигдээгүй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1072 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.Э-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ч.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ