Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0133/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Хохирогч Ц.Ууганбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Шүүгдэгч Б.Лодойдамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж Баатарсүрэнгийн Лодойдамбад холбогдох 201609000468 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь амйгийн Сайнцагаан цагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг Ханжаргалантын 9 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Тайж овогт Баатарчулууны Лодойдамба РД: ЗЮ95012712 Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ Шүүгдэгч Б.Лодойдамба нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Зулзагын голын эрэг дээр найз Ц.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Шүүгдэгч Б.Лодойдамбын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... тэр хутгыг аваад Ууганбаярын цээжний зүүн доод хэсэг рүү 1 удаа хатгасан. Би айлгая гэж бодож байсан юм. ...Бид нар явахдаа дэлгүүрээс худалдаж авсан махаа хэрчихээр авч явсан хутга. Шар бор өнгийн модон иштэй хутга байсан.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ууганбаяр бид хоёр маргалдаж Ууганбаяртай хэд хэдэн удаа цохилцож бас боолцсон. Тэгээд намайг Ууганбаяр өшиглөөд унагасан. Тэгээд унахад пивонуудын хажууд хутга байхаар нь айлгая гэж бодоод гараараа хүрсэн чинь хутгалчихсан байсан. Тэгээд Ууганбаяр намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн. Ууганбаярын найзууд ирж Ууганбаярыг аваад явсан. Тэгээд Эрдэнэбаяр Балжинням хоёр босч ирээд чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлээд намайг Эрдэнэбаяр цаашаа авч явсан. Тэгээд би эгчдээ хэлсэн. Эгч аав ээжид хэлээд намайг Зулзагаас ирж авах гээд Хүйтний голын замруу орж төөрөөд, өглөө 6 цаг болж байхад ирж авсан. Ууганбаяр шөнө ирээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан байсан. Эмч нар Ууганбаярыг амьсгалын доголдолтой гэж хэлсэн. Би Ууганбаярт найз нь одоо яах вэ гэж хэлсэн чинь Ууганбаяр “яах юу байхав дээ би өөрөө өдөр машинаа бариад Улаанбаатар явна” гэж хэлсэн. Би ээж эгчдээ Ууганбаяр ганцаараа машинтай Улаанбаатар явна гээд байна замдаа явахдаа яах ч юм билээ гэж хэлсэн чинь ээж эгч хоёр Ууганбаяртай очиж уулзсан” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхлээд намайг майханд хэвтэж байхад Лодойдамба гаднаас орж ирээд намайг боогоод би чамайг унтуулахгүй байна уу гэсэн тэгэхээр би уурлаад Лодойдамбыг майхнаас хөлөөрөө жийж гаргаад би ер нь явлаа гээд Эрдэнэбаяр найз руугаа утсаар залгаад намайг ирээд ав гэж хэлээд майхан дотор зогсож байхад гаднаас Лодойдамба орж ирээд миний зүүн хавирга руу баруун гараараа цохисон юм. Тэгэхээр би Лодойдамбыг майхан дотор унагаагаад дээр нь гарахад Лодойдамбын цохисон хэсгээс буюу миний цээжний зүүн талаас нойт оргисон. Тэгэхээр би гараараа дараад үзэхэд янгинаж өвдсөн бөгөөд цус гарч байсан. Тэгээд би намайг хутгалчихлаа гэж орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Одоо миний байдал хэвийн сайн байгаа, 14 хоногт 1 удаа очиж эмчийн хяналтанд ордог. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг, Гэрч П.Эрдэнэбаярын “...Дарханд ирээд шөнө гэрлүү явж байхад 3 цаг 30 минутын орчим Ууганбаяр над руу залгаад “намайг ирээд” авчих гэхэд нь “яасан” гэж асуухад “зүгээрээ Дархан явмаар байна” гэсэн. ...Ууганбаяр дахиж утасдаад хурдлаарай би хутгалуулчихлаа гэхээр яараад 35 минут орчим яваад очсон. Намайг очиход Ууганбаяр хөнжлөөр ороосон гадаа хэвтэж байсан. Лодойдамба уйлчихсан утсаар яриад сууж байсан. Тэгээд шууд Ууганбаярыг суулгаад эмнэлэг дээр ирсэн “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, Гэрч Т.Сэргэлэнбаатарын “...Лодойдамба орж ирээд “сэрээрэй, босоод ир” гээд бүгдийг нь дуудаад Бум-Эрдэнэ бид 2 босч гараад, Балжинням, Ууганбаяр, Эрдэнэбаяр 3 үлдсэн. Бид гадаа гараад ганц үлдсэн Болор архиа задлаад 1-2 удаа уусан гэтэл Лодойдамба Эрдэнээг дуудаад ирье гээд майхан луу орсон. Тэгээд майхан дотор маргалдаж зодолдох чимээ гараад Бум-Эрдэнэ бид 2 яваад очиход Ууганбаяр хэвтэртээ өндийчихсөн Лодойдамба тэр 2 барилцаад авсан байхаар нь “боль боль” гээд салгаад Лодойдамбыг аваад гарсан. Гараад галын хажууд очоод 1 уучихаад Лодойдамба дахиад дуудаад ирье гээд майхан луу явсан. Гэтэл дахиад муудалцаад Ууганбаяр ирж аваач салгаачээ гэхээр нь яваад очсон тэгэхэд Эрдэнэбаяр Лодойдамбыг салгачихсан. Ууганбаяр намайг хутгалчихлаа гээд байж байсан. Ууганбаярын цээжийг гаргахад зүүн хавирганых тэнд хутгалсан ором байсан ба цус бага гарч байсан “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Гэрч Р.Бум-Эрдэнийн “...Лодойдамба орж ирээд намайг дуудаад “босоод ир, бөөнөөрөө ууцгаая” гэхэд нь босоод би Сэргэлэнбаатартай хамт гарсан. Гадаа Лодойдамбатай гурвуулаа сууж байгаад нэг нэг пиво уугаад архиа задлаад нэг нэг тойруулсан. Гэтэл Лодойдамба “майхан руу явж нөгөө хэдийг сэрээе” гээд явсан. Гэнэт майханд буцаад түжигнээд Ууганаа орилоод “Лодойдамба намайг хутгалчихлаа аваачээ энийгээ” гэхээр би босоод очиход Эрдэнэбаяр Лодойдамба 2 майханы гадна Эрдэнэбаяр түүнийг барьчихсан зогсож байсан. Би майхан луу ороход Ууганбаяр цээжээ дарчихсан зогсож байхаар нь алив хараадахъя гээд харахад цээжний хавирга орчим цус гараад хутгалуулсан ором байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, Гэрч С.Балжиннямын “...Лодойдамба майханд орж ирээд Эрдэнэбаярыг сэрээх гээд Эрдэнэбаяраа босоод ирээ гээд хөнжлийг татсан юм. Тэгэхэд Ууганбаяр Лодойдамбаа би чамд хэлсэн биз дээ би урд шөнө Солонгосоос ирсэн ядраад байна гэхэд ...Лодойдамба чи ганцаараа гадаад явсан нь юм уу гээд Ууганбартай зодолдоод эхлэсэн. Тэгэхэд гаднаас найзууд орж ирээд салгасан. Ууганбаяр босож ирээд найз руугаа утасдаад намайг ирээд аваач би энд амарч чадахгүй байна гэж байсан. Гаднаас Лодойдамба орж ирээд Ууганбаяртай дахиад ноцолдоод эхлэсэн бөгөөд Ууганбаяр энийг аваачээ намайг хутгалчихлаа гэж орилсон. ...би Ууганбаярыг газар хэвтүүлээд харахад зүүн хавирганы орчим ангайсан шарх байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 909 дугаартай шинчээчийн: “…Ц.Ууганбаярын биед цээжний хөндий дэхь цусан хураа, зүүн уушигны шалчийлт, цээжинд шарх, хүзүүнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Ц.Ууганбаярын өвчний түүх /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/, Хохирогч Ц.Ууганбаярын 2016 оны 8 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Лодойдамба нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Зулзагын голын эрэг дээр найз Ц.Ууганбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн баримтууд, шүүгдэгч Б.Лодойдамбын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Аймгийн прокурорын газраас Б.Лодойдамбад холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна. Шүүгдэгч Б.Лодойдамбыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Ууганбаярын бие махбодид учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Лодойдамба нь хохирогч Ц.Ууганбаярын эмчилгээний зардалд 950,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна, 950,000 төгрөгийн хохирол барагдуулсан, гомдолгүй” гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Лодойдамбыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Б.Лодойдамбад хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Б.Лодойдамба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Тайж Баатарсүрэнгийн Лодойдамбыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Тайж Баатарсүрэнгийн Лодойдамбад 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоногийн хугацаагаар /арав/ хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б. Лодойдамбад оногдуулсан 03 жил /гурав/ 04 сар /дөрөв/ 10 хоног /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Б.Лодойдамба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан бор өнгийн иштэй хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар Б.Лодойдамбад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Лодойдамбад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД ШҮҮГЧИД П.БАТТУЛГА Т.ЭНХЖАРГАЛ