Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай           

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О БСБ-д холбогдох  

 

Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсаны хохиролд 7 342 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цолмон, С.Энхбат, М.Саруул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхбат, М.Саруул

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунаа, Р.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээр 10 989 399 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буюу багасгасан, нийтдээ 7 342 560 төгрөгийг шаардсан нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Энэ нэхэмжлэлийн гол үндэслэл нь А-ийн Орчлон олон улсын дунд сургуультай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр ажиллаж байх явцад Орчлон олон улсын дунд сургууль гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй олон удаагийн зөрчлүүдийг гаргасан байдаг. Үүнд: хөдөлмөрийн гэрээний хавсралтаар А-ийн нь 9-13 насны сурагчдад буюу 4-7 ангийн сурагчдад хичээл заахаар байсан. Гэвч Орчлон олон улсын дунд сургуулиас тодорхой үндэслэл шалтгаангүйгээр 2 улирал дараалан 7 настай хүүхдэд хичээл залгуулсан байдаг. Энэхүү гэрээний зөрчлөөс гадна багшийн ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Манай зүгээс холбогдох нотлох баримтыг шүүхэд хүсэлт гаргаж шаардсан боловч хариуцагчийн зүгээс тухайн үед бичигдсэн камерын бичлэг устгагдсан гэх тайлбарыг ирүүлсэн байдаг. Мөн А-ийн нь н.Баярмаа гэдэг хүнтэй харилцаж байсан харилцсан ярианд үзлэг хийлгэж, сургууль дотор согтууруулах ундаа худалдаалсан талаар баримтаар үзлэг хийж гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай хүсэлтээ өөрийн хуульчаараа дамжуулан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг. Гэрээний үүргээ зөрчсөнөөс хойш Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч маань уг заалтын дагуу Орчлон олон улсын дунд сургуультай байгуулсан гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож АНУ-ын нислэгийн тийзийн зардал 5 627 560 төгрөг, хуульчийн зардал 1 700 000 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг нийтдээ 7 342 560 төгрөгийг хариуцагч байгууллагаас   гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.1-д сургуульд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалбал ажилтанд ажил үүргээ гүйцэтгэсэн хугацааны цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгийг олгоно, мөн гэрээний 12.2-т ажилтан гэрээнд дурдсан бусад хангамжуудыг эдлэх эрхгүй гэж тодорхой заасан байгаа. Бид гэрээнд заасны дагуу ажилласан хугацааны цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгө болох нийт 10 798 815 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Харин нислэгийн тийзийн төлбөрийн хувьд Хөдөлмөрийн гэрээний 7.1-ийн (g) хэсэгт хэрэв ажилтан сургууль хоёр гэрээг дахин 2 жилээр сунгахаар бол зуны амралтаар эх орон руу буцаад ирэх онгоцны билет болох 1 800 ам.долларыг гэрээг шинэчилэн байгуулсаны урамшуулал дээр нэмж авна гэж заасан байгаа. Иймээс энэ нөхцөлийн дагуу гэрээг дахин сунгаж байгаа тохиолдолд хамаарах заалт учраас нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан шаардсан боловч 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж тодорхой заасан байгаа. Ажил олгогчийн буруугүй гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, тушаал, ажилласан хугацааны цалин хөлс болоод түүнд оногдох амралтын олговор нийт 10 729 815 төгрөгийг шилжүүлсэн баримт болон бусад баримтуудаар нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор БСБ-аас хөдөлмөрийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 7 342 560 төгрөг гаргуулахыг хүссэн А-ийны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 эх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 780 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ш.Цолмон, С.Энхбат, М.Саруул нар давж заалдах гомдолдоо: “...Ажилтны ажил үүргийн хуваарилалтанд өөрчлөлт оруулах тохиолдолд ажил олгогчийн зүгээс ажилтанд албан ёсоор мэдэгдэх, түүнтэй зөвшилцөж, саналыг нь сонсох ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргийн хуваарьт заагдаагүй буюу 06-08 насны 1-2 дугаар ангийн сурагчдад хичээл заалгахдаа нэхэмжлэгчийн санал хүсэлтийг аваагүй, нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс ажил олгогч нь ажилтанд цалин, хөлс олгож байгаа бол ажилтны ажил үүргийн хуваарилалтанд ажил олгогч дур мэдэн өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг мэтээр шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага болон ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль зөрчсөн эсэх талаар гомдож шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн нь нэхэмжлэгчийн. нэхэмжлэлийн шаардлага /гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гаргуулах/-д хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар заасан байдаг. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөнөөс болж нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болсоныг шүүх анхаарч үзээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байранд ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй, дур мэдэн ажлын хуваарилалтанд өөрчлөлт оруулсан, хариуцагч байгууллагад ажилладаг бусад ажилчид зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүйд хүргэсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчид хохирол буюу тодорхой зардлууд гарсаныг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд тавьсан хүсэлтээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг олон улсын эрүүл мэндийн даатгалд даатгуулсан баримтыг  гаргуулсан ба уг баримтыг хариуцагч нь шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөнийг шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцах боломж олгоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасаныг шүүх хүлээн авалгүй, өмгөөлөгчийг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А-ийн нь хариуцагч “Орчлон сургууль, цэцэрлэгчийн цогцолбор” БСБ-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээнээс татгалзсантай холбоотойгор учирсан хохиролд 7 342 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А-ийн нь Орчлон бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/46 тоот тушаалаар “Орчлон төв” сургуулийн Англи хэл, Дэлхийн түүхийн багшаар томилж, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор БСБ Сүхбаатар дүүрэг дэх салбарын гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 10-12, 23, 24, 42-53/

Нэхэмжлэгч А-ийн нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл”-ийг тус сургуулийн Хүний нөөцийн хэлтэст гаргасан байх бөгөөд Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор БСБ-ын Сүхбаатар дүүрэг дэх салбарын гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс тасалбар болгон цуцалжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “гэрээг 2 тал харилцан тохирсны үндсэн дээр хэзээ ч цуцалж болно” гэж заажээ. Иймд ажил олгогчийн нэхэмжлэгч А-ийны 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас гэм хорын хохирол гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

            Өөрөөр хэлбэл ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ш.Цолмонг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт гаргасан, нэхэмжлэгч А-ийны олгосон 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр Ш.Цолмон нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг итгэмжлэлээс татгалзсан эсэх, Ш.Цолмонтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН