Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 132

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00132

 

 

С.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/0 3520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “СК” ХХК-д холбогдох,

 

Хууль бусаар барьсан хашааг буулгуулах, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ганхөлөг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Т нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 410 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшдэг. Уг газрыг барилга байгууламж барих болзолтойгоор 2 жилийн хугацаагаар олгосон ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 тоот захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгасан.

Гэрээний дагуу эзэмшлийн газрынхаа 70 хувьд барилга барихаар тусгагдсан бөгөөд орон сууцны зориулалтаар барилга барихаар зураг төслөө гүйцэтгүүлэн ажлаа эхлүүлэх гэсэн боловч “СК” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлээс шалтгаалан хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. “СК” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зүүн талд 4000 м.кв газрыг ашиглуулахаар эрх олгосон байдаг. Гэтэл “СК” ХХК нь гэрээгээр олгогдсон газраасаа хэтрүүлэн, нэхэмжлэгчийн газраас 20 м.кв талбайд нь зөвшөөрөлгүй хашаа барьсан.

Мөн түүнчлэн Сакура хотхоныхоо гадна ус хангамж, ариутгах татуургын 3 ширхэг бохирын худаг, дулааны шугамаа зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн газрын доогуур татсан. Дээрх хууль зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт барилга барих боломжтой талбай нь 70 хувь биш 30-40 хувьд ч хүрэхээргүй болон багасч, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу зураг төслөө гүйцэтгүүлсэн барилгаа барьж чадахгүй байдалтай байна.

Дээрх зөрчлийг арилгуулахаар хариуцагч талд удаа дараа хандаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан тул зөрчлийг шалгуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02-10/-2739 тоот дүгнэлтээр “СК” ХХК нь Газрын тухай хууль болон Иргэний хуулийн заалтуудыг зөрчсөн талаар тогтоосон. Дээрх дүгнэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, “СК” ХХК-д тус тус хүргүүлсэн болно.

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны газар ашиглалт хариуцсан хяналтын мэргэжилтэн Ч.Бум-Эрдэнэ нь гомдлыг шалгаад бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй хашаа, бохирын худаг барьж, дулааны шугам татсан болохыг тогтоож, тус газрыг чөлөөлөхийг “СК” ХХК-д даалгасан. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй барьсан хашаагаа 2014 оны 02 дугаар сарын 15-ны дотор буулгаж, бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн боловч “СК” ХХК-ийн зүгээс төрийн байгууллагуудын хуулийн дагуу гаргасан дээрх шаардлагыг биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй болно.

Иймд хариуцагчийн хууль бусаар барьсан хашаа, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар “СК” ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газар эзэмших эрх олгогдсон. Энэ газар Сакура вилла амины орон сууцыг барьж 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн. Тус амины орон сууцны хотхоны гадна ус хангамж, ариутгах татуургын зураг төслийг тусгай зөвшөөрөл бүхий “ЦНТ” ХХК-аар 2012 онд гүйцэтгүүлж, Ус сувгийн удирдах газрын 200/09 тоот техникийн нөхцлийн үндсэн дээр цэвэр, бохир ус, дулааны шугам угсралтын ажлыг хийлгэсэн.

Амины орон сууцны хотхоныг улсын комисс хүлээн авсан, амины орон сууц тус бүр нь хууль ёсны өмчлөгчтэй болсон тул тухайн хотхоны ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээ нь тухайн орон сууцны өмчлөгч нарын эзэмшлийн шугам сүлжээ юм. Түүнчлэн гадна ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх явцад аливаа иргэн, хуулийн этгээдээс эзэмшлийн газар дээр шугам сүлжээний ажил гүйцэтгэлээ гэж гомдол санал гаргаж байгаагүй, төрийн захиргааны байгууллагаас гадна ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг болон хотхоны байнгын ашиглалтанд хүлээн авахдаа хөрш зэргэлдээ байгаа газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн, бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр шугам сүлжээ байгуулсан талаар дүгнэлт хийгээгүй, шаардлага тавьж байгаагүй.

“СК” ХХК-ийн барьсан амины орон сууцны хотхон нь төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнээс алслагдсан бөгөөд хотхоны оршин байгаа газрын эргэн тойрон бусдын эзэмшил газраар хүрээлэгдсэн байна. Үүний учир Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д эзэмшил газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан хий усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байгуулах эрхтэй хэмээн заасны дагуу тус шугам хоолойг тавих эрхтэй.

Тус газрууд нь төвлөрсөн цэвэр, бохир ус, дулааны шугамаас алслагдсан бөгөөд төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушааалтан нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийхдээ барилгын дэд бүтэц дамжин өнгөрөх зурвас гаргаагүйн улмаас маргаан үүсч байна. Энэ нь талуудын харилцан ойлголцлын үр дүнд шийдэгдэх ёстой. “СК” ХХК-ийн зүгээс орон сууцны зориулалтаар газрыг эзэмшиж байгаа эзэмшигчид болох нэхэмжлэгч болон зэргэлдээ орших газрын эзэмшигч Т.Одбаяр нарт уг шугам хоолойг хэвээр үлдээж харин бодит зардлыг хуваан төлж өөрийн газар дээр барилгын цэвэр, бохир ус, дулааны шугамыг шууд салаалан авахыг санал болгосон. Т.Одбаяр тус саналыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар болсон.

Харин нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй бөгөөд ийнхүү маргаан үүсч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Тийнэзэмшлийн 20 м.кв газарт баригдсан хашаа, бохир усны 3 худаг, бохир усны шугамыг зайлуулж, газар чөлөөлөхийг хариуцагч “СК” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СК” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож,

Хариуцагч “СК” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

"СК" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бохирын усны 3 худаг, бохирын усны шугам, дулааны шугамыг барилгын хууль тогтоомжид нийцүүлэн, эрх бүхий байгууллагуудаас авсан техникийн нөхцлийн үндсэн дээр тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар зураг төслөө боловсруулж, зураг төслөө барилгын хөгжлийн төвөөр батлуулж, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн үндсэн дээр барьж байгуулсан байдаг.

"СК" ХХК нь бохирын усны 3 худаг, бохирын усны шугам, дулааны шугамыг барьж байгуулахдаа өөрийн зүгээс авах ёстой бүхий л арга хэмжээг авсан байдаг. Үүнд "СК" ХХК нь тухайн газар нь хоосон байсан, тухайн барилга байгууламжийг барьж эхлэхээс дуусах хүртэл газрын эзэмшигч гэх хүн ирж байгаагүй тул эзэмшигчтэй гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэдгийг мэдээгүй тул эхлээд зохих байгууллага болох "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК, Ус сувгийн удирдах газраас тус тус техникийн нөхцөл авсан, техникийн нөхцөлийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий "ЦНТ" ХХК-иар тус бохирын худаг, бохирын болон дулааны шугамын зураг төслийг боловсруулсан, бохирын худаг, бохирын болон   дулааны шугамын зураг төслийг барилгын хөгжлийн төвөөр батлуулж, 2013 оны 08 дугаар сарын 08-нь өдөр Барилгын хөгжлийн төвийн 829/2013 дугаартай "Зураг төслийн баримт   бичгийн магадлалын ерөнхий" дүгнэлтийг гаргуулан авсан. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2013/259 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-аар барилга байгууламж, бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг улсын комисс хүлээн авсан байдаг.

Дээр дурдсанаар хариуцагч "СК" ХХК бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулахдаа өөрсдийн зүгээс авч болох хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан байдаг.

"СК" ХХК нь тухайн газар эзэмшигчтэй гэдгийг мэдэхгүй, мэдэх боломжгүй тул зураг төслийг боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр батлуулахаар өгсөн байдаг.

Тус зураг төслийг баталсан Барилгын хөгжлийн төв нь тухайн бохирын худаг байрлах болон бохирын шугам, дулааны шугам дамжин өнгөрөх газрыг эзэмшигчтэй эсэх, эзэмшигч байгаа тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүднээс шийдвэрлэх ёстой байсан.

Барилгын хөгжлийн төвөөс боловсруулсан зураг төслийг баталсан, мөн газрын эзэмшигч гэж аливаа этгээд шаардлага гаргаж байгаагүй учир манай компани олгосон зөвшөөрлийн дагуу барилгыг барьж гүйцэтгэсэн.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Ус сувгийн удирдах газраас олгосон техникийн нөхцөл, Барилгын хөгжлийн төвийн "Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт", 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2013/259 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-ыг хууль бус болох талаар аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул "СК" ХХК нь хууль тогтоомжид заасны дагуу, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу тухайн бохирын худаг, бохирын болон дулааны шугамыг барьж байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байхын тулд дараах шаардлагууд тавигддаг. Үүнд "хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж баригдсан байх", 2-т "ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухай эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй байх" гэх нөхцөл хангагдсан байх ёстой.

"СК" ХХК нь тухайн бохирын худаг, бохирын болон дулааны шугам баригдсан газрыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэдгийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Учир нь тухайн газар нь ямарваа нэг иргэн, хуулийн этгээд эзэмшдэг гэх шинжгүй хоосон газар байсан төдийгүй миний эзэмшлийн газар гэж эзэмшигч этгээд ирж байгаагүй. Анхан шатны шүүхээс хөршийн хил зааг тодорхой байсан, эргэлтийн цэг байсан гэж дүгнэж байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т "эргэлтийн цэг гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг" хэлнэ гэж хуульчилсан байдаг.

Мөн нэгж талбарын эргэлтийн цэг, тэмдэгт нь 27 мм-ийн голчтой байдаг. Өөрөөр хэлбэл хил зөрчсөн маргаан гарахад тухайн газарт хатгасан эргэлтийн цэг болон кадастрын зургийн мэдээллийн санд тусгасан зургийг үндэслэдэг байна. Харин тухайн газрын хилийг мэдэхгүй тохиолдолд эргэлтийн цэгийн тэмдгийг хаана байгаа болон газар дээр байгааг жирийн иргэн, хуулийн этгээд мэдэх боломжгүй бөгөөд 27 мм-ийн голчтой жижиг зүйлийг олж харж, тухайг газрыг эзэмшигч этгээд байгаа гэдгийг мэдэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь С.Т нь Сакура вилла хотхоны бохирын худаг, бохирын болон дулааны шугам баригдаж эхлэхээс өмнө болон эхэлсэн даруйд тухайн үйлдлийг зогсоох талаар гомдол, шаардлага гаргаж байгаагүй болно. Энэ нь тухайн ажлыг гүйцэтгэсэн "Тэш өргөө" ХХК болон "Хатан мэргэн" ХХК-ийн тодорхойлолтоор нотлогддог.

Мөн нэхэмжлэгч нь тухайн бохирын худаг, бохирын болон дулааны шугам баригдаж байх үед шаардлага гаргаж байсан гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд шаардлага гаргаагүй гэдэгтэй маргаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т зааснаар хариуцагч нь өөрийн болон хөршийн газрын хил зааг тодорхой байхад гаргасан зөрчлөө хүлцэхийг хөршөөс шаардах эрхгүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч “СК” ХХК-д холбогдуулан хууль бусаар барьсан хашаа, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Т нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байршилтай 410 м.кв газрыг орон сууцны зориулалтаар анх иргэн Ж.Батсолонготой байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамж болон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаад газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээний хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 2 жилээр, 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 5 жилийн хугацаагаар сунгасны үндсэн дээр эзэмшиж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хариуцагч “СК” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд 4 000 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр хариуцагч нь уг газарт 9 айлын амины орон сууц барьж, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад оруулсан, дээрх газрын зарим хэсгийг орон сууцны өмчлөгч нарт шилжүүлж өгснөөр одоогоор 367 м.кв газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүйгээс гадна баримтаар тогтоогдсон.

 

            С.Тийн болон “СК” ХХК-ийн эзэмшлийн газар давхцаагүй, “СК” ХХК нь С.Тийн эзэмшлийн газрын 20 м.кв талбайд хашаа, бохирын худаг, дулааны шугам барьж байгуулсныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсоноос гадна энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

            Хариуцагч “СК” ХХК нь хашаа, бохирын худаг, дулааны шугам барьж байгуулсан үйлдлээ зөвтгөх үндэслэлийг уг барилга байгууламжийг барих үед тухайн газрыг эзэмшигчтэй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтан зохих зөвшөөрлийг олгосон, хянах үүрэг нь эрх бүхий этгээдүүдэд байгаагаас гадна газар эзэмшигч хуульд зааснаар хөршийн нөлөөллийг хүлцэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

            Зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн дөрөвдүгээр дэд бүлэг хөршийн эрхийн зохицуулалтад хамаарна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2 дахь хэсэгт зааснаар хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзэх ба хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй юм.

 

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглож, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д зааснаар газар ашиглагч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй гэж зохицуулжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Тийн газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргийг түүний хөрш газрыг ашиглах эрх бүхий хариуцагч “СК” ХХК хүлээх, тэрээр аливаа үйлдлээр  хөршийн газрын эрхийг зөрчихгүй байх бүхий л нөхцөлийг өөрөө бүрдүүлэх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай.

 

Нийслэлийн газрын албанаас хөтөлдөг журмын дагуу бүрдүүлсэн нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай холбоотой “газар баталгаажилтын хувийн хэрэг” баримтад цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн одоогийн эзэмшиж буй газрын хэмжээгээр уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 тоот шийдвэрээр иргэн Ж.Батсолонго амины орон сууцны зориулалтаар гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар захирамж эзэмшиж, нэгж талбарын байршлын кадастрын зургаар газрын хил зааг, хэмжээг тодорхойлуулсан байна.

 

Улмаар уг газрыг эзэмших эрхийг иргэн С.Тт шилжүүлсэн нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх тодорхойгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтыг үгийн шууд утгаар тайлбарлан хэрэглэх нь эд юмсын эрх зүйн үндсэн зарчим болох эд хөрөнгө эзэмших эрхийг хуульд зааснаас бусад үндэслэлээр хязгаарлаж болохгүй гэснийг зөрчих юм.

 

Хөршийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн газарт барилга байгууламж барих үйлдлийг санаатай хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг буруутай этгээд авах боломжгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан эсхүл эрх бүхий байгууллагад буруу мэдээлэл өгсний үндсэн дээр болгоомжгүйгээр хөршийн хил зөрчсөн тохиолдолд хуулийн хамгаалалтыг хөршийн хил зөрчигч хуулиар олж авах, газар эзэмшигч уг зөрчлийг хүлээх үүрэгтэй болох юм.

 

Иймд хөршийн нөлөөллийг нэхэмжлэгч хүлцэх ёстой гэх агуулгаар тодорхойлсон хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

 Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч хохироосон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн барьсан хашаа, бохирын худаг, дулааны шугамыг чөлөөлүүлэхээр  шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас хариуцагч “СК” ХХК-д нэхэмжлэгчийн газрыг чөлөөлөх мэдэгдлийг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/543 тоот албан бичгээр өгч байсан боловч хариуцагч биелүүлээгүй байна. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/06 дугаар мэдэгдлээр тус компанийн газрын баруун талын газар эзэмшигч иргэн С.Ттэй зөвшилцөн Сакура вилла хотхоны баруун талын бохирын худгийг зөөвөрлөх талаар мэдэгдэж байсан ч төрийн захиргааны эрх бүхий байгууллагын зүй ёсны шаардлагыг хариуцагч нь биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Тийн эзэмшлийн 20 м.кв газарт бохир усны 3 худаг, бохир усны шугам, хашаа барин эзэмшиж буй хариуцагч “СК” ХХК-ийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/0 3520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Э.ЗОЛЗАЯА