Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00393

 

П.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02387 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1877 дугаар магадлалтай,

П.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

Оюунмэнд ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 1,425,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

П.Жаргалсайханаас гэрээний улмаас учирсан хохиролд нийт 3,164,275 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаатар, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2019.02.13-ны өдөр Оюунмэнд ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-11 дугаар талбайг 2020.02.12-ны өдрийг хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед Арвидах худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба Оюунмэнд ХХК-ийн удирдлагаас түрээслүүлэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон. Үүнд 20 гаруй түрээслэгч байсан, миний хувьд түрээсийн төлбөр 675,000 төгрөг, барьцаа 750,000 төгрөг, нийт 1,425,000 төгрөгийг тус компанид бэлнээр хүлээлгэн өгсөн. Тохиролцсон хугацаанд талбай, лангуу бэлэн болоогүй тул үйл ажиллагаа явуулаагүй, 2019.03.05-ны өдөр гэрээг цуцлах санал тавьж, өгсөн мөнгөө буцаан авъя гэсэн боловч өгөөгүй. Хариуцагчийн төлөөлөгчид эвлэрэх санал тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд Оюунмэнд ХХК-аас түрээсийн болон барьцаа төлбөр болох нийт 1,425,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: П.Жаргалсайхантай Арвидах худалдааны төвд лангуу түрээслэхээр гэрээ байгуулсан нь үнэн, үүнд маргахгүй. Нэхэмжлэгч Хороолол барилгын материалын захад олон жил бизнес хийсэн хүн, харин миний бие Арвидах худалдааны төвд хүнсний зах ажиллуулдаг байсан бөгөөд манай талбай 60 хувийн дүүргэлттэй байсан. Гэтэл эдгээр 20 түрээслэгч надтай ирж уулзаад, ...бидний түрээсэлж байгаа Хороолол барилгын материалын төвийг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдан авч байгаа учраас ажлын байраа 2019 оны 4 сард багтаан суллаж өг гэсэн, бид ажлын байргүй боллоо, хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгож өгөөч, бид үйлчлүүлэгчдээ дагуулж ирээд, талбайн дүүргэлтийг 100 хувь болгож өгье... гэсэн санал гаргасан. Уг саналыг нь хүлээн авч, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийсэн. Гэрээний дагуу төлсөн төлбөр нь 4 дүгээр сарынх байсан. Учир нь, хүнсний захын түрээслэгч нарт урьд байгуулсан гэрээг дуусгавар болгох тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг тул 3 сарын 15-ны өдөр гаргана, мөн нэхэмжлэгч, бусад 19 түрээслэгч нарын хүсэлтийн дагуу лангууг вакуум павильон болгох тохижуулалт хийхэд хугацаа хэрэгтэй байсан. Урьдчилгаанд авсан мөнгөөр лангуу хийлгэнэ гэж харилцан тохиролцоод ажлын байрыг 4 сарын 15-ны өдөр бэлэн болгох болсон. Түрээслэгч нарын мөнгөн дээр хувиасаа 12,000,000 гаруй төгрөг нэмж, Ноц цонх ХХК-иар 19,000,000 төгрөгийн павильон хийлгэж, ажлын байр бэлэн боллоо ороорой гэхэд гэрээ хийсэн түрээслэгч нар Номин ХХК нь барилгын дэлгүүрийг худалдаж авахаа больсон тул бид орохоо болилоо, мөнгөө авна гэж хэлснээс үүдэн маргаан үүссэн. Гэрээний дагуу түрээслэгч П.Жаргалсайханыг түрээсэлсэн павильондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Нэхэмжлэгч дээрх шалтгаанаар манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах болсон гэж үзэж байгаа учраас гомдолтой байна. Надад үнэтэй өртгөөр лангуу хийлгэх шаардлага байхгүй байсан. Хамгийн чанартай материалаар хийлгэснийг тэд мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн барилгын материалын зах болгон 2019.02.13-ны өдөр В-11 дугаартай түрээслэх гэрээг П.Жаргалсайхантай байгуулсан. Түрээсэлсэн талбай 30.0 м.кв хэмжээтэй. 2019.02.15-ны өдрийн 1/5 мэдэгдэл гаргаж Барилгын захын нийт түрээслэгч нарт зориулан 19,400,000 төгрөгийн өртөгтэй лангуу, павильоны вакуум хаалтыг Ноц цонх ХХК-иар захиалан хийлгэж, 2019.04.13-ны өдөр гэрээний үүргээ биелүүлсэн. Түрээслэгч П.Жаргалсайхан 2019.04.15-ны өдөр гэрээний дагуу үйл ажиллагаа эхлүүлэх байсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ зөрчиж манай байгууллагад хохирол учруулсан. 2019.02.13-ны өдөр П.Жаргалсайхантай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан ба түрээсэлсэн лангуунд өмнө нь хиам, өндөг, буузны лангуу ажиллаж байсан бөгөөд уг түрээслэгчийн гэрээг цуцалж, гэрээ байгуулсан. Энэ лангууны сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөг байсан. Иймээс 2019.02.13-ны өдрөөс хойш дээрх лангуу түрээслэгчгүй болсон тул 2019 оны 2, 3, 4-р саруудын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг, цахилгаан ашиглалтын зардал 774,000 төгрөг, түрээсэлсэн лангуунд ногдох вакуум хаалт, хаалганы зардалд 890,275 төгрөг, нийт 3,164,275 төгрөгийг П.Жаргалсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Гэрээ байгуулах үед хариуцагч компанийн захирал нь павильон захиалсан, удахгүй бэлэн болно гэсэн. 7 хоног өнгөрөхөд бэлэн биш байсан учир хариуцагчтай уулзахад түрээсийн төлбөрийг талбайд орсон өдрөөс эхлэн тооцно гэсэн. 2019.03.15-ны өдөр хүртэл хүлээгээд лангуу бэлэн болоогүй учир гэрээг цуцалж, мөнгөө буцаах гэтэл өгөөгүй. Ашиглаагүй байж ашиглалтын хөлс төлөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02387 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюунмэнд ХХК-иас 675,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Жаргалсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 750,000 төгрөг, хариуцагчийн 3,164,275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65,576 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1877 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Жаргалсайханы Оюунмэнд ХХК-иас түрээсийн гэрээний төлбөр болон барьцаанд төлсөн нийт 1,425,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, П.Жаргалсайханаас хохиролд тооцож нийт 3,164,275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65,576 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1877 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. П.Жаргалсайхан нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Оюунмэнд ХХК-тай талбай түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед Оюунмэнд ХХК ажлын байрыг бэлэн болгоогүй байсан ба удахгүй бэлэн болгохоор амаар тохиролцсон боловч 1 сарын хугацаанд бэлэн болоогүй тул П.Жаргалсайхан гэрээг цуцлах талаар албан ёсоор мэдэгдсэн. Оюунмэнд ХХК нь мэдэгдэх хуудсаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр талбайг бэлэн болгох тухай мэдэгдсэн боловч уг мэдэгдэх хуудас нь талбай түрээслэх гэрээний үндсэн агуулгыг өөрчилсөн, гэрээнд энэ тухай дурдагдаагүй, харилцан ярилцаж тохиролцоогүй, хариуцагч тал зөвхөн өөрсдийн эрх ашгийг илүүд үзсэн, гэрээнээс өөр зүйл юм. Мөн энэхүү талбай түрээслэх гэрээ нь хэрэгжээгүй байхад барьцаа мөнгийг Оюунмэнд ХХК өгөхгүй байх үндэслэлгүй юм. Иймд хэргийг хянан үзэж Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Жаргалсайхан, хариуцагч Оюунмэнд ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 675,000 төгрөг, барьцаа 750,000 төгрөг, нийт 1,425,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 3,164,275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Оюунмэнд ХХК-аас 675,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Жаргалсайханд олгож, үлдэх 750,000 төгрөг болон хариуцагчийн 3,164,275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг ...түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр, барьцааны мөнгө төлсөн, ...лангуу, павильоныг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө буцаан гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагч ...түрээсэлж байсан байрыг Номин компани авахаар болсон, ...20-иод хүн ажлын байргүй боллоо, талбайгаа түрээслээч гэсэн хүсэлтийн дагуу хүнсний захаа татан буулгаж, өмнөх түрээслэгчидтэй гэрээг цуцалж, хаалт, павильон хийлгэж 4 сарын 15-наас лангууг шилжүүлэхээр тохирсон боловч өөрсдөө гэрээнээс татгалзсан, төлбөрийг хохиролд тооцно гэж татгалзжээ.

1. Хэргийн баримтад авагдсан 2019.02.13-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч П.Жаргалсайхан нь Оюунмэнд ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт В-11 дугаартай талбайг түрээслэх, төлбөр төлөхөөр тохиролцсоныг түрээсийн гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь барилгын материалын худалдаа эрхэлж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор Оюунмэнд ХХК-ийн лангуу, павильоныг түрээслэхээр тохирсон байх тул зохигчийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардсан, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болдог байна.

Зохигч гэрээг бичгээр байгуулсан, харин түрээсийн зүйл нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгө бус харин бүртгэлтэй хөрөнгийн нэг хэсэг байх тул улсын бүртгэлийг тусгайлан шаардах боломжгүй юм.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй.

2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

а/ Анхан шатны шүүх түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хугацааг зохигч тохиролцсоныг анхаараагүй, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхдээ нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч 1 сарын түрээсийн төлбөрт 675,000 төгрөг, барьцаа 750,000 төгрөгийг Оюунмэнд ХХК-д гэрээг бичгээр байгуулсан өдрийн өмнөх өдөр төлсөн байна.

Гэрээ байгуулж байх үед хариуцагч тал түрээсийн талбайг шилжүүлэн өгөх боломжгүй байсан буюу уг байранд хүнсний зах ажиллаж байсныг татан буулгаж, талбайг барилгын материалын худалдаа эрхлэх зориулалттай болгон өөрчилсний дараа 2018.04.15-ны өдөр павильоныг шилжүүлэн өгөх, харин энэ хугацаанд нөгөө тал гэрээнээс татгалзвал төлбөрийг тооцон авах тухай Оюунмэнд ХХК-ийн саналыг нэхэмжлэгч хүлээн авсан баримт хэрэгт авагджээ.

б/ Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч түрээсийн төлбөр болон барьцааг хариуцагч өөртөө үлдээх эрх зүйн үндэслэлийн талаар бүрэн дүгнэж чадаагүй байна.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь өмнө түрээсэлж байсан ажлын байрандаа ажиллахаар болсон шалтгааны улмаас гэрээнээс татгалзсан байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журмын дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэсэн зохицуулалттай.

Гэрээ бодитоор хэрэгжээгүй, лангуу, павильоныг хүлээлгэн өгөх хугацаа болоогүй байхад буюу 3 дугаар сард гэрээнээс татгалзахаа мэдэгдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээнээс татгалзах хугацааг хариуцагч тогтоож өгсөн нь нотлогдоогүй байх тул нэхэмжлэгчийн мэдэгдсэн үеэс гэрээг дуусгавар болсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нь шилжүүлсэн төлбөрөө буцааж авах эрхтэй, харин түрээслүүлэгч нь гэрээний дагуу павильоныг түрээслэгчид шилжүүлээгүй тул нэхэмжлэгчид эд хөрөнгийг буцаах үүрэг үүсэхгүй.

Гэрээнээс татгалзвал төлсөн төлбөр, барьцааны мөнгийг буцааж өгөхгүй байхаар талууд тохиролцсон байх бөгөөд гэрээний энэ нөхцөлийг түрээслүүлэгч хохирол шаардах агуулгатай гэж дүгнэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг зөрчихгүй, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцнэ. Иймээс түрээслүүлэгчийг 2019.02.15-ны өдрөөс 3 сарын 15-ны хооронд түрээсийн орлогоор хохирсон гэж дүгнэн нэхэмжлэгчийн төлсөн 675,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагчид учирсан хохиролд тооцон үлдээх нь зөв гэж үзлээ.

Харин хариуцагч өмнөх түрээслэгч нартай байгуулсан гэрээгээ цуцалж, хүнсний захаа барилгын материалын зориулалттай болгох 2 сарын хугацаанд учирсан хохирлыг нэхэмжлэгч бүхэлд нь хариуцах үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны мөнгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээслэхээр тохиролцсон талбайг бусдад түрээсэлсэн бол олох байсан орлого гэж 1,500,000 төгрөг, түүнд ногдох талбайн цахилгаан, дулааны зардал буюу ашиглалтын төлбөр 774,000 төгрөг, хаалт, хаалганы үнэ 809,275 төгрөг, нийт 3,164,275 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэгчээс шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн талбай нь Оюунмэнд ХХК-ийн захирал Л.Батбаатарын өмч мөн болох нь нотлогдсон байх бөгөөд лангуунд зориулан хийлгэсэн хаалт, хаалга нь хариуцагчийн өмчид үлдэж байгаа тул уг зардлыг нэхэмжлэгч нараас шаардах боломжгүй, түүнчлэн эзэмшиж, ашиглаагүй хугацааны зардлыг нэхэмжлэгч хариуцахгүй. Шүүх нэхэмжлэгчийн төлсөн түрээсийн төлбөрийг хохиролд тооцсон учир өмнөх түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлснөөс учирсан хохирол гэж шаардах үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг зөрчихгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 750,000 төгрөг гаргуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1877 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар Оюунмэнд ХХК-аас 750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жаргалсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 675,000 төгрөгт холбогдох шаардлага болон Д.Жаргалсайханаас 3,164,275 төгрөг гаргуулах тухай Оюунмэнд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын 20,750 гэснийг 22,550 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 37,750 (гучин долоон мянга долоон зуун тавин) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН