Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 02387

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр                 Дугаар 102/ШШ2019/02387                              Улаанбаатар хот

                                                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

        Нэхэмжлэгч Ж-ын нэхэмжлэлтэй

       

        Хариуцагч О ХХК-д холбогдох 1.425.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3.164.275 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

       

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч П.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Миний бие 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “О”ХХК-ийн “А”худалдааны төвийн В-1 давхарт байрлах В-11 дугаартай талбайг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан.

            Гэрээ байгуулах үед “А”худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба “О”ХХК-ийн удирдлагаас түрээслүүлэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон.

          Үүнд 20 гаруй түрээслэгч байсан ба миний хувьд түрээсийн төлбөр 675.000 төгрөг, барьцаа 750.000 төгрөг, нийт 1.425.000 төгрөгийг тус компанид бэлнээр хүлээлгэн өгсөн.

          Тохиролцсон хугацаанд талбай, лангуу бэлэн болоогүй, үйл ажиллагаа явуулаагүй учир 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал тавин, өгсөн мөнгөө буцаан авъя гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна.

 Иймд “О”ХХК-иас үүргээ биелүүлээгүй тул түрээсийн мөнгө болон барьцаа төлбөр болох 1.425.000 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэжээ.

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Хариуцагчийн төлөөлөгчид эвлэрэх санал тавьсан боловч хүлээн аваагүй.

        Талуудын хооронд талбай түрээслэх гэрээ байгуулагдсан. Энэ тал дээр хэн нэгэн нь маргаагүй.

        Гэвч хуульд зааснаар гэрээ байгуулагдсанаар хариуцагч талбайг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шударга зүйл байдаг гэж итгээд, шүүхийг зөв шүүж өгөөсэй гэж хүсэж байна.

          Иргэн П.Жтай “А”худалдааны төвд лангуу түрээслэхээр гэрээ байгуулсан нь үнэн, маргахгүй.

          Нэхэмжлэгч “Хороолол” барилгын материалын захад олон жил барилгын материалын бизнес хийж байгаа хүн. Анх энэ гэрээ байгуулах ажиллагаа юунаас эхлэлтэй бэ? гэвэл тус үйлчилгээний төвдөө би хүнсний зах ажиллуулдаг, 60 хувийн дүүргэлттэй байсан.

        Гэтэл нэг өдөр эдгээр 20-иод түрээслэгч нар надтай ирж уулзаад, бидний түрээслэж байгаа “Хороолол”-ын барилгын материалын байрыг бүхэлд нь “Н”их дэлгүүр худалдан авч байгаа учраас ажлын байраа 2019 оны 4 дүгээр сард багтаан суллаж өг гэсэн бид ажлын байргүй боллоо, “Хүнсний” захаа татан буулгаад “Барилгын материалын зах” болгож өгөөч, бид үйлчлүүлэгчдээ дагуулж ирээд, талбай дүүргэлтийг 100 хувь болгож өгье гэх саналыг тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр “А” худалдааны төвд барилгын материалын худалдааны чиглэлээр лангуу павильон түрээслэн ажиллуулахаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийсэн.

       Гэхдээ энэ төлбөрийг 4 сарын түрээсийн мөнгө гэж тохиролцоод, тушаасан. Хэрэгт баримт нь байгаа. Яагаад, ийм үйл ажиллагаа явагдсан бэ? гэхээр би түрээслэгч нарт хэлсэн, амаар ч тохирсон. Хүнсний захад ажиллаж байгаа түрээслэгч нараа гарахад гэрээнд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Тийм болохоор эдгээр түрээслэгч нарыг 3 дугаар сарын 15-ны өдөр гаргана. Та нарын хүсэлтийн дагуу тохижуулж лангуу хийлгэхэд хугацаа хэрэгтэй. Урьдчилгаанд авсан мөнгөөр лангуу хийлгэнэ гэж ярилцаад, зөвшөөрөөд 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байр бэлэн болохоор болсон.

       Ингээд түрээслэгч нарын мөнгөн дээр хувиасаа 12.000.000 гаруй төгрөг нэмээд, “Н”ХХК-иар 19.000.000 төгрөгийн лангуу хийлгэж, ажлын байр бэлэн боллоо ороорой гэхэд гэрээ хийсэн түрээслэгч нар “Н”ХХК барилгын дэлгүүрийг худалдаж авахаа больсон. Бид орохоо болилоо, мөнгөө авъя гэж хэлснээс үүдэн маргаан үүссэн.

      Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан газрыг зогсоочихоод, ирж хүн гуйгаад, бүх юм бэлэн болохоор хүний ажлыг алдагуулж, доромжилж байгаа юм шиг байж болохгүй.

      Гэрээний дагуу түрээслэгч П.Ж-ыг түрээсэлсэн павилондоо үйл ажиллагаагаа эхлүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн.

      Нэхэмжлэгч “Х” барилгын материалын дэлгүүрийн байрыг “Н”их дэлгүүр худалдан авахаа больсон учраас манай компанитай хийсэн гэрээгээ цуцлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа учраас гомдолтой, хохирч байна.

      Надад үнэтэй өртөгөөр лангуу хийлгэх шаардлага байхгүй байсан. Хамгийн чанартай материалаар хийлгэснийг мэдэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

       

       Хариуцагчийн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

         Манай компанид холбогдуулан, П.Ж түрээсийн төлбөр 675.000 төгрөг, барьцаа 750.000 төгрөг, нийт 1.425.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр доорх сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

П.Ж болон нийт 19 түрээслэгч бид ажлын байргүй боллоо. Танай “Хүнсний зах”-ыг бүхэлд нь түрээслье гэж санал тавьсны үндсэн дээр манай компани 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан “А”худалдааны төвийн хүнсний захын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн барилгын материалын захын чиглэл болгон 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр В-11 дугаартай “А”худалдааны төвийн талбай түрээслэх гэрээг П.Ж-тай байгуулсан бөгөөд түрээсэлсэн талбай 30.0 метр квадрат.

2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/5 дугаартай “Барилгын зах”-ын нийт түрээслэгч нарт зориулан гаргасан мэдэгдлийн дагуу 19.400.000 төгрөгийн өртөгтэйгөөр лангуу павильоныг захиалан хийлгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүх лангуу павильоны вакум хаалтыг “Н”ХХК-иар ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн.

Улмаар түрээслэгч П.Ж 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан боловч “Хороолол” барилгын материалын дэлгүүрийн байрыг “Н”их дэлгүүр худалдан авахаа больсон учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа явуулалгүй гэрээний үүргээ зөрчиж манай байгууллагад хохирол учруулсан.

        Гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхлэх байсан.   

2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр П.Жтай гэрээ хийхдээ 4 дүгээр сарын түрээсийн төлбөр авсан ба түрээсэлсэн лангуунд өмнө нь хиам, өндөг, буузны лангуу ажиллаж байсан бөгөөд уг түрээслэгчийн гэрээг цуцалж, гэрээ байгуулсан. Энэ лангууны сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг.

        Иймээс 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш дээрх лангуу түрээслэгчгүй болсон тул энэ хугацааг манай байгууллага учирсан хохирол гэж үзээд, 2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад орж ирэх байсан түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг, цахилгаан ашиглалтын зардалд 2019 оны 2, 3, 4 сарын төлбөр 774.000 төгрөг, түрээсэлсэн лангуунд ногдох вакум хаалт, хаалганы зардалд 890.275 төгрөг, нийт 3.164.275 төгрөгийг гаргуулж, өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

         Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ашиглаагүй байж ашиглалтын хөлс төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ бол компанийн болон өөрсдийнхөн асуудал, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     

       Нэхэмжлэгч П.Ж, хариуцагч “О”ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 675.000 төгрөг, барьцаа 750.000 төгрөг гаргуулах, хариуцагч 3.164.275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд гаргасныг талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

       Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

     

       Нэхэмжлэгч П.Ж, хариуцагч “О”ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “А”худалдааны төвийн талбай түрээслэх гэрээгээр түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах В-1 давхарт байрлах В-11 дугаартай талбайг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг дуустал сард түрээсийн төлбөрт 750.000 төгрөг төлөхөөр буюу үүнээс 10 хувийн хөнгөлөлт эдлэхээр зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 675.000 төгрөг, барьцаа 750.000 төгрөгийг төлж, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

        

         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээ байгуулсан өдрөө түрээсийн төлбөр болон барьцаа мөнгийг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Харин хариуцагч шүүх хуралдаанд “ гэрээг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан боловч түрээслэгчид өгөх лангуу бэлэн байхгүй, хийхээр байсан тул харилцан ярилцаад, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр лангуу бэлэн болж үйл ажиллагаагаа явуулахаар тохирсон”,

Нэхэмжлэгч “ түрээслүүлэгчтэй 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр лангуу бэлэн болж ажлаа эхлүүлэхээр тохирсон. Энэ хугацаанд лангууг бэлэн болгож өгөөгүй тул гэрээг цуцлах саналаа гаргасан” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэж байна.

 

 Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           Талуудын байгуулсан гэрээ ёсоор буюу хуульд зааснаар хариуцагч гэрээ байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд аж ахуйн үйл ажиллагаа явуулах хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч зохигчид тухайн нөхцөл байдалд лангуу, павилоныг хүлээлгэн өгч, авах боломжгүй байсан гэдгийг зөвшөөрч, харилцан тохиролцсон тул дээрх заалтууд гэрээ байгуулагдсан үед хэрэгжих боломжгүй байжээ гэж үзэхээр байна.

 

Дараа нь буюу Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хэн нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлахаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээслүүлэгчид мэдэгдсэн талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй тул гэрээний үүрэг зөрчигдсөн, урьдчилан мэдэгдсэн гэж үзээд, энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болжээ гэж шүүх дүгнэв.

 

          Иймээс зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсэж, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “түрээслүүлэгч нь түрээслэгчийн худалдаа үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлэх тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллана” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, түрээсэлсэн талбайд нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж, үр шимийг хүртээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт төлсөн 675.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

       

        Түүнчлэн хэрэг хянан хэлэлцэх үе шатанд хариуцагчийн “нэхэмжлэгч болон 19 түрээслэгч өөрсдөө ирж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсныг тасалдуулж, гэрээ байгуулаад, лангууг захиалж хийлгүүлээд, түүндээ орохгүй намайг хохироосон” гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй,

 

         Хариуцагч түрээслэгч нарын үйл ажиллагаанд зориулж, “Н”ХХК-иар павилон захиалуулж хийлгэсэн нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар нотлогдсон тул түрээслүүлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд, түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.15 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн барьцаанд төлсөн 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч түрээсийн орлого 1.500.000 төгрөг, П.Жд ногдох талбайн цахилгаан, дулааны зардал 774.000 төгрөг, вакум хаалт, хаалганы үнэ 890.275 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Б Баянгол дүүргийн 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 байрны зоорийн давхарын 00000 дугаарын Улсын бүртгэлтэй, 625.6 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 7/6234 дугаартай шүүхэд ирүүлсэн албан тоот, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, хохирлоо нэхэмжилж шаардах эрхтэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч П.Ж гэрээний үүргээ зөрчсөний улмаас хариуцагчид 3.164.275 төгрөгийн хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй, түрээсийн лангуу павилоныг ашиглаагүй талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгчид ногдох В-11 лангууг 890.275 төгрөгөөр захиалж хийлгэсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “О”ХХК-иас 675.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б овогт П.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 750.000 төгрөг, хариуцагчийн 3.164.275 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.750 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65.576 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА