Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 831

 

Т.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Т.Т,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Э,  

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Тд холбогдох эрүүгийн 1806020612132 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Т.Т, 1957 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга, хөнгөн хүнсний механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./,

Т.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 370б тоот 260 м.кв газрыг иргэн Ц.Бт зарна гэж хуурч мэхлэн 10.020.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, энэ хэргийн улмаас Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Тгоос 10.020.000 төгрөгийг гаргуулж, Ц.Бт олгохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргасан бөгөөд шийтгэх тогтоолд заасан үндэслэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 2.3-д заасан ...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, 2.4-т заасан ...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт зэргийг тусгаагүй.

Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолынхоо тодорхойлолт хэсэгт “... өөрийн дансаар 3.170.000 төгрөг, өөрийн охины дансаар, мөн охины хүүхдийн сургалтын мөнгө нэхэгдээд байна, хүүхдийн хөл гэмтчихлээ гэж хэлээд мөнгө авснаа үгүйсгэсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгөөгүй, мөн авснаа хүлээгээд буцааж өгсөн гэж хэлж байгаа боловч өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна...” гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ хохирогч Ц.Баас газар зарна гэж мөнгө аваагүй гэж удаа дараа тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Шүүгдэгч Т.Т, хохирогч Ц.Б нь гэрч Ч-той нийлж урьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 370Б тоот 260 м.кв газар нь урьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0051537 дугаар шийдвэрээр Л.Эийн өмчлөлд шилжсэн. Өмчлөгч Л.Э нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Д.Дд зарсан. Д.Д нь уг газрын төлбөр тооцоог 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулан төлбөр тооцоо дуусгавар болсон байдаг. Хохирогч Ц.Б нь гэрч Чтой нийлж урьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 367 тоот 631 м.кв газрыг 48.000.000 төгрөгөөр худалдан авч, худалдан авсны зуулчлалын хөлсөнд хохирогч Ц.Б болон Ч нар нь тус бүр 2.000.000 төгрөгийг Т.Тд өгөхөөр болж Т.Тгийн харилцах данс руу 3.350.000 төгрөг шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн мөнгийг Консулын 14 дүгээр гудамжны 370Б тоот 260 м.кв газрыг худалдан авсан төлбөр гэж үзэх боломжгүй юм.

Харин эсрэгээрээ гэрч Ч мэдүүлэгтээ “... Консулын 14 дүгээр гудамжны 367 тоот 631 м.кв газрыг худалдан авахад зуулчилсан Т.Тд мөнгө өгөхөөр болсон, хохирогч Ц.Б нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... тухайн газрыг тэр үед Чтой хамжиж авсан. Газар олж өгсний төлөө энэ эгчид 2.000.000 төгрөг өгнө гэж тохирсон ...” гэх мэдүүлгээс үзэхэд маргааны гол зүйл болох Консулын 14 дүгээр гудамжны 370Б тоот 260 м.кв газрын төлбөрийн маргаан биш юм. Харин 367 тоот хашааны зуучлалын хөлсийг шилжүүлсэн гэж үзэх боломжтой. Улмаар хохирогч Ц.Б нь гэрч Чтой хамтарч авсан газраа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 5/31 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг тухайн газар дээрээ байгуулан орон сууц, бэлэн мөнгө хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг.

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Би Т.Т болон түүний нөхөр Б.Д, мөн хүүхдүүдэд нь бэлнээр уг газрын төлбөрийг өгч байсан... гэж тайлбарладаг боловч гэрч Б.Д ... Ц.Баас 2.000.000 төгрөг зээлсэн, үүнийгээ тэр даруй нь буцааж өгсөн, Ц.Б нь энэ мөнгөө аваагүй гэж байгаад 2 сар орчмын дараа авсан гэдгээ хэлсэн. Мөн гэрч Д.Д, Д.Гэрэлтуяа нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Яллах дүгнэлтэд “... Т.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ны хооронд Консулын 14 дүгээр гудамжны 370Б тоот, 260 м.кв газрыг иргэн Ц.Бт зарна гэж хуурч, мэхлэн 10.020.000 төгрөгийг залилан авсан нь тогтоогдсон.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон гэжээ.

Дээр дурдсанаар Консулын 14 дүгээр гудамжны 370Б тоот 260 м.кв газрын өмчлөгч Л.Эийн нэрээс шинэ өмчлөгч Д.Дгийн нэр лүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр Д.Дд өмчлөх эрх бүрэн шилжсэн.

Т.Тгийн хувьд дээрх Иргэний хуулийн зохицуулалтаар өмчлөх эрхийг олж аваагүй, тухайн газрын өмчлөгч биш этгээд төдийгүй өөрийн нэр лүү шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардана. Гэвч Т.Тгийн хувьд хохирогчтой урьдын харилцаа байгаагүй, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөр дээрээ шилжүүлэн аваагүй байдаг. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Тг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогчоос мөнгө аваагүй, харин тус болж байсан. Би 406 тоотод газартай байсан. Ц.Б намайг дарамтласаар байгаад миний нэг өрөө байрыг нотариатаар оруулж авсан. Миний аваагүй 10.000.000 төгрөгийг надаас нэхэж байгаа. Би Ц.Баас мөнгө авсан бол үнэнээ хэлэх байсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр гэрч нарыг оролцуулах санал гаргасан боловч хүлээж аваагүй ...” гэв.

Хохирогч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ны хооронд Т.Тгоос газар авах гэж 10.020.000 төгрөг өгөөд авч чадаагүй өдийг хүрсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд 370Б тоот хашааны эзэн Л.Э, 370А тоот хашааны эзэн Б.Эрдэнэцэцэг, Т.Тгийн нөхөр Д.Б.Д нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байсан. Мөн Т.Т нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “... би чамд газар авч өгч тусалж байгаа юм чинь чи надад тус бол, миний төрсөн дүү Чинбатад 30.000.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлээд миний эзэмшиж байсан байрыг 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж мөн иргэн Б.Б-аас 20.000.000 төгрөг зээлүүлж аваад өнөөдрийг хүрсэн. Уг байрны зээлийн хүүг 2018 он хүртэл би төлж байсан. Сүүлийн жил хагасын хугацаанд зээлийн хүү төлөөгүйгээс болж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр дуудлага худалдаанд оруулна гэсэн мэдэгдэх хуудас ирсэн. Уг мэдэгдэх хуудсыг хавтас хэрэгт хавсаргаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Бын өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Т.Тд холбогдох хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Т.Тд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад. мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Т.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 370б тоот, 260 м.кв газрыг иргэн Ц.Бт зарна гэж хуурч 10.020.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Быг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Б “... Т.Т над руу холбогдоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 16-370Б тоотод 270 м.кв газрыг 10.000.000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн цувуулсаар 10.000.000 төгрөг өгсөн. Ингээд тухайн газрын гэрчилгээг авах гэтэл Эрдэнэцог нь газрын гэрчилгээгээ гаргаж өгөхгүй байна гэсэн. ...” /1хх-16-19, 207/,

гэрч Л.Э “... Т.Т “манай дүү Болдоо гэдэг хүн хашааг чинь авъя гэнэ, дүү маань гадаадад байдаг юм” гэж хэлсэн. Т.Т надад цувуулж нийт 4.430.000 төгрөг өгсөн. Нэр шилжүүлэх үед Т.Т “Б ирэхээрээ үлдсэн мөнгийг чинь өгнө, Болдоо ирэх болоогүй байгаа, манай охин Дариймаагийн нэр дээр түр шилжүүлээд өг” гэсэн. ...” гэх /1хх-41-44/,

гэрч Б.Э  “... 2014 оны зун Т.Т нь 370б тоот хашааг манай дүү Б Э-оос авсан, манай дүү Болдоо өөрөө Солонгост байгаа болохоор манай охины нэр дээр шилжүүлж өг” гэж хэлсэн. Би Эрдэнэцог эгчээс асуухад “шилжүүлээд өгчих, Т.Т зүгээр суулгахгүй байна” гэж хэлсэн тул охиных нь нэр дээр шилжүүлсэн. Гэтэл 2015 онд Болдбаатар гэх хүн гарч ирээд “би 370б тоот хашааг Т.Тгоос 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Та Т.Тгийн охины нэр дээр шилжүүлж өгсөн үү” гэж асуусан. ...” /1хх-47-48/ гэх мэдүүлгүүд,

Т.Тгийн ХААН банкны дансны хуулга /1хх-80-81/, 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамж, 370б тоот газрыг Д.Дгийн нэр дээр бүртгэсэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204022308 дугаартай гэрчилгээний хуулбар /1хх-101/, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамж, 370б тоот газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулахаар Д.Дгийн төсөл хэрэгжүүлэгч компанитай байгуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /1хх-96-99/, Газар худалдах, худалдан авах гэрээ /1хх-151/, Хохирогч Ц.Бын Т.Тд мөнгө шилжүүлж байсан мөнгөний баримтын хуулга буюу ХААН банкны орлогын мэдүүлэг /1хх-21-23/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Т.Тг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Т.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.    

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирлага болгож, хуулийн зүйл, хэсэг, заалтлыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Б.Б нь “... Т.Т хохирогчтой урьдын харилцаатай байгаагүй, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Тг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч Ц.Б нь Т.Ттой 2013 оны зун, түүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байхад нь танилцаж, тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 630 м.кв газрыг найз Чтой хамтран худалдаж авснаар урьдын харилцаатай байсан болох нь тогтоогдож байна.

Тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамжны 370б тоот, 260 м.кв, Г.Э гэх хүний газрыг зарна гэж хуурч, Ц.Баас бэлнээр болон дансаар мөнгө аваад улмаар уг газрыг өөрийн төрсөн охин Д.Дгийн нэр дээр шилжүүлсэн, Д.Дгийн нэрээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Моннисын 1, 3 дугаар байранд 2 өрөө 41.55 м.кв болон 1 өрөө 34.22 м.кв байрыг м.кв-ыг нь 1.600.000 төгрөгөөр бодож, худалдан авахаар гэрээ байгуулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь нотлогдон тогтоогдож байна.

 Түүний дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.Тг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоол зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар Т.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Б.Б-йн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН