Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/03575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 10-р хороо, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 73/5 байрны 70 тоотод оршин суух бүртгэлтэй, АНУ-д амьдардаг, Тонгорууд овогт Даваажавын Бүрэнхишиг,

 

хариуцагч-Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222 хороолол, 118-р байрны 9С тоотод оршин суух, эрэгтэй, РД-УД64052515, Тонгорууд овогт Мягмарын Даваажав нарт холбогдох

 

8 020 679 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Д.Бүрэнхишигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Д.Бүрэнхишигийн сургалтын төлбөрт илүү төлөгдсөн 3195,49 ам.доллар буюу 8 020 679 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллагын зардлаар Д.Бүрэнхишиг нь 2013-01-01 өдрөөс эхлэн АНУ-ын Калифорни мужийн Peralta Community Collega District сургуульд агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 2 жил 5 сарын хугацаанд сургалтын зардалд 56 000 ам.долларын төлбөртэй, сар бүр 200 ам.долларын тэтгэлэгтэйгээр суралцуулахаар гэрээ байгуулж, суралцсан.

ИНЕГ-аас сургалтын төлбөрийн зардалд илүү төлсөн тухай Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018-02-08 өдрийн 30/01-12 дугаартай актаар гэрээний дүнгээс хэтрүүлэн зарцуулсан сургалтын төлбөрийг төлүүлэхээр акт гаргасан.

Иймд М.Даваажав, Д.Бүрэнхишиг нараас сургалтын төлбөрт илүү төлөгдсөн 3195,49 ам.доллар буюу 8 020 679 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.

 

Хариуцагч нар тайлбартаа: ИНЕГ нь нэхэмжлэлийн үндэслэлээ суралцагч Д.Бүрэнхишигийг 2013-01-01өдрөөс АНУ-ын Калифорни мужийн Peralta Community Collega District сургуульд агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 2 жил 5 сарын хугацаагаар суралцах зардалд 56 000 ам.долларын төлбөртэй, сар бүр 200 ам.долларын тэтгэлэгтэйгээр суралцуулахаар гэрээ байгуулсан гэж нэхэмжилжээ. Гэтэл М.Даваажав миний бие болон Д.Бүрэнхишиг бид ИНЕГ-тай АНУ-ын Калифорни мужийн Peralta Community Collega District сургуульд агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 2,5 жил, хэлний бэлтгэлд 6 сар, нийтдээ 3 жилийн хугацаанд ИНЕГ-ын тэтгэлэгээр гадаадад суралцагчтай байгуулах гэрээг 2012-10-23 өдөр байгуулсан. Энэ нь ИНЕГазрын нэхэмжлэлд бичсэн суралцах хугацаатай таарахгүй байна.

ИНЕГ нь тус гэрээний 2.1 дэх хэсэгт, суралцагчийг тухайн мэргэжлээр суралцахад сургалтын, байрны, эрүүл мэндийн даатгалын, тээврийн зардлыг хариуцах, мөн оюутны тэтгэлэгт сар бүр 200 ам.доллар олгох үүргийг хүлээсэн. Мөн гэрээний 2.2 дах хэсэгт сургалттай холбогдон гарах зардлыг ИНЕГ-аас валютаар тооцон батлагдсан төсвийн дагуу олгож, тооцоо хийхээр зохицуулсан.

Д.Бүрэнхишиг нь суралцах хугацаанд дээр дурдсан зардал, тэтгэлэгээс зөвхөн оюутны тэтгэлэгийг өөрсдийн дансаар шилжүүлэн авдаг байсан бөгөөд сургалтын болон бусад зардлыг ИНЕГ-аас тухайн жилийн төсөвтөө тусгаж, холбогдох журмын дагуу зохих газруудад төлж байсан байх. Гэрээний дагуу суралцаж байгаа оюутны сурлага, хүмүүжил, хичээлд хамрагдаж байгаа байдал болон төсөвт зардлыг ИНЕГ-ын оюутнууд хариуцсан ажилтнууд хяналт тавин ажилладаг байсан. Тэд суралцагчийн дүнгийн хуулбар болон кредит цагийн тооцоог нэхэмжлэлийн хамт авч шалгаж, төлбөр тооцоог шилжүүлдэг байсан.

Суралцагч Д.Бүрэнхишиг нь ИНЕГ-тай байгуулсан дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, АНУ-ын Калифорни мужийн Peralta Community Collega District сургуульд агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн боловч ИНЕГазар гэрээний үүргээ үл биелүүлж, одоо хүртэл ажлын байраар хангаагүй байгаа болно.

ИНЕГазар нийт 3 жилийн хугацаанд суралцах зардлыг хариуцахаар гэрээ байгуулсан, нийт 36 сарын сургалтын зардал төлөх үүрэгтэй, энэ хугацаандаа Д.Бүрэнхишиг суралцаж төгсөөд ирсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хүсэлт, ИНЕГ-ын даргын 2012-08-01 өдрийн а/268 тушаал, тус байгууллагын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах гэрээ, барьцааны гэрээнүүд, улсын ахлах байцаагчийн 2018-02-28 өдрийн 30/01-12 акт, актын жагсаалт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч байгууллагаас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг, С.Даваасүрэн, С.Энхчимэг нарт 2018-11-21 өдөр мэдэгдсэн байх боловч хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч байгууллагын даргын 2012-08-01 өдрийн а/268 тушаалаар хариуцагч Д.Бүрэнхишигийг АНУ-ын Peralta Community Collega District-д агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтын инженерээр байгууллагын зардлаар суралцуулахаар шийдвэрлэж, түүнтэй сургалтын болон сургалтын төлбөрийн барьцааны гэрээг байгуулж ажиллахыг холбогдох ажилтандаа үүрэг болгожээ.

Үүний дагуу хариуцагч Д.Бүрэнхишигтэй 2012-10-23 өдөр нэхэмжлэгч нь ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах гэрээг бичгээр байгуулж, АНУ-ын Калифорни мужийн Peralta Community Collega District сургуульд агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи мэргэжлээр 2,5 жил, англи хэлний бэлтгэл курст 6 сар байгууллагын зардлаар 2013-01-01 өдрөөс суралцуулахаар тохирсон, 2013-10-29 өдөр хариуцагч М.Даваажавтай автомашины зогсоол барьцаалах, 2012-11-30 өдөр түүний 2 өрөө орон сууцыг барьцаалах барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан, барьцааны хөрөнгийн эдгээр үүргийн талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2015-10-12 өдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын дөрөвт, оюутны сургалтын тухай хэлэлцсэн байх ба сургалтын гэрээг сунгах жагсаалтын 10-т хариуцагч Д.Бүрэнхишигтэй байгуулсан гэрээг сунгахаар бичигдсэн байна.

Эдгээр нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.Бүрэнхишигтэй түүнийг тухайн байгууллагын зардлаар, мэргэжлээр 2,5 жил буюу 30 сар, хэлний бэлтгэлд 6 сар, нийт 36 сар суралцах сургалтын төлбөрийг хариуцах, суралцах дээрх хугацаанд сар бүр 200 ам.долларын тэтгэлгийг хариуцагчид олгож байхаар тохирсон нь тогтоогдож байна.

Гэрээгээр тохирсон сургалтын зардлыг хариуцагчаар дамжуулж сургалтын төлбөрийг төлж байгаагүй, зөвхөн суралцах хугацаанд сар бүр олгох 200 ам.долларын тэтгэлгийг суралцагчийн гэр бүл болох хариуцагч М.Даваажаваар дамжуулж хариуцагч Д.Бүрэнхишигт хүргүүлж байсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримтаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2.-т заасны дагуу Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018-02-08 өдрийн 30/01-12 актаар хариуцагч Д.Бүрэнхишигийн сургалтын төлбөрт илүү төлөгдсөн гэх 3196,49 ам.долларыг суралцагчаас буцаан төлүүлэхээр нэхэмжлэгч байгууллагад үүрэг болгосон байх боловч сургалтын төлбөр илүү төлөгдснийг юуг үндэслэж, хэрхэн тогтоосон, гэрээгээр тохирсон хугацаанд нэхэмжлэгч сургалтын төлбөрт ямар хэмжээний төлбөр төлөх үүрэгтэй байсан, яагаад хариуцагч нараар энэ төлбөрийг буцаан төлүүлэх болсон үндэслэл тодорхойгүй, нотлогдоогүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр заажээ.

Гэтэл дээрх актын жагсаалтын 7-д бичигдсэн сургалтын төлбөрт илүү төлөгдсөн гэх 3195,49 ам.долларыг суралцагч Д.Бүрэнхишигээс буцаан гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад төлүүлэхээр тогтоосон Монгол улсын Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018-02-08 өдрийн 30/01-12 актад хариуцагч нараар төлбөрийг төлүүлэх болсон үндэслэл тодорхойгүй, суралцагчаар төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч нараас илүү төлөгдсөн гэх сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдав.