Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01838

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н, Х.Г нарт холбогдох,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Золжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Дарьсүрэн,

Хариуцагч Х.Г,     

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Эрдэнэбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүү Э.Ирмүүнийг эх Н.О-ийн асрамжид үлдээж, Э.Ирмүүнд тэтгэлэг гаргуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байрлалтай, 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар үл хөдлөхийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.О, хүү Э.Ирмүүн нарын өмчлөлд шилжүүлсэн. Б.Эрдэнэбадрах нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж

нотариатаар батлуулсан зөвшөөрөл авна гэснийг зөрчиж, гэрлэлт цуцлах иргэний хэрэг хэлэлцэх явцад бусад этгээдэд орон сууц худалдсан байдаг. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагч Д.Н, Б.Эрдэнэбадрах нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ын өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тухай нэхэмжлэл гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг худалдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж маргаан бүхий орон сууцны өмчлөлийг хүү Э.Ирмүүн, нэхэмжлэгч Н.О нарын өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасан боловч тодорхой хариу ирүүлээгүй байдаг. Д.Н, Б.Эрдэнэбадрах нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоосон. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлыг дахин тогтоох шаардлагагүй. Хэлцлийн дагуу Д.Н, Х.Г нарын хооронд 2017 оны 6 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан болохыг хожим мэдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Эрдэнэбадрахаас 2017 оны 01 дүгээр сарын 26-нд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байрлах 2 өрөө, 55 м.кв байрыг 59 890 000 төгрөгөөр үнэлж, өөрөөр хэлбэл, 41 890 000 төгрөгийн Төрийн банкны байрны зээлийг бүрэн төлж, мөн Б.Эрдэнэбадрахаас авах 18 000 000 төгрөгийн зээлийг тооцож худалдаж авсан. Авахдаа байрыг үзэж харж байхад эхнэр, хүүхэд гэсэн хүмүүс байгаагүй. Гэтэл 2018 оны эхээр хэл ам үүсч, намайг энэ байрыг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэж асуудал үүсч, тэр үед нь шүүхэд тайлбар, шаардлага гаргасан боловч шүүх Б.Эрдэнэбадрахтай хийсэн гэрээг хүчингүй гэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дуудаад байгаа. Би дээрх орон сууцыг маргаантай гэдийг мэдээгүй, мэдэх боломжгүй. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн албанд ямар нэг саад бэрхшээл, шүүхийн тогтоол, захирамж байгаагүй, надад нэр, өмчлөх эрх шилжсэн. Улмаар би энэ орон сууцаа Х.Г гэдэг хүнд барьцаалж зээл авч хэрэглэсэн. Би энэ орон сууцны шударга өмчлөгч. Х.Г бид хоёрын байгуулсан гэрээ, барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Н-д мөнгө зээлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Д.Н-гээс 2 жил гаран хугацаанд мөнгөө нэхэж байна. Д.Н надад би төлбөрийн чадваргүй болсон. Надад чамаас гадна зөндөө өр байна гэсэн. Миний хувьд мөнгөө олж авах ганц боломж барьцааны гэрээ. Хэрэв байрыг барьцаанаас чөлөөлбөл би мөнгөө авч чадахгүй байх. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөхийг Н.О-ийн нэр дээр шилжүүлбэл захиран зарцуулах эрх нь нээлттэй болно. Ингэснээр хууль зөрчөөгүй миний эрх ашиг зөрчигдөх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтыг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Д.Н, Х.Г нарын байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Н.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, /13280/ Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай, 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 128 дугаар зүйлийн 128.1-д тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоон, хүү Э.Ирмүүн болон Н.О  нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01649 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж /13280/ Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай, 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах тухай Б.Эрдэнэбадрах, Д.Н нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон. Д.Н  нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б.Эрдэнэбадрахад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг мэдсэн атлаа үндэслэлгүй олж авсан дээрх орон сууцыг бусад этгээдэд барьцаалан гэрээ байгуулсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32017/09245 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай захирамж гарсан байдаг. Хариуцагч Х.Г, Д.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Н үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаантай байгааг мэдэж байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... гэрээ байгуулагдаж байх үед Д.Н нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүссэнийг мэдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна" гэж ямар баримтыг үндэслэн ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй буюу энэхүү нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй. Нөгөөтэйгүүр Д.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргааны талаар мэдээгүй байсан ч энэхүү нөхцөл байдал нь "барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл" гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Түүнчлэн Д.Н-д өмчлөх эрх шилжсэн хэлцлийг шүүхээс барьцааны гэрээ байгуулснаас 11 сарын дараа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь мөн "барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл" гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийн жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд 56.1.10-т заасан "хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгоно. Нэгэнт шүүхээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо. Хилчин гудамж, /13280/ Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай. 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах тухай Б.Эрдэнэбадрах, Д.Н нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон буюу уг үйл баримт шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан "Барьцааны гэрээ" ч мөн адил хийсэн үеэсээ хүчин төгөлдөр байх үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийг үндэслэн барьцааны эрхийг шударгаар олж авсан тул энэ эрхийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг нь ямар тохиолдолд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзэхгүй вэ гэдгийг зохицуулсан хэм хэмжээг агуулжээ. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзэх нь туйлын үнэн биш бөгөөд энэ нь хэд хэдэн тохиолдлоор хязгаарлагдана. Энэхүү хязгаарлалтын нэг нь улсын бүртгэлийн үнэн зөв эсэх талаар маргаан гарсан байх буюу уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн тохиолдол хамаарч байна. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Д.Н-н нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэнийг нэхэмжлэгч уг бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг эсэргүүцэж улмаар шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг тогтоосон. Нэгэнт шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул улсын бүртгэл үнэн зөв гэж үзэхгүй. Улмаар Х.Г маргаан бүхий орон сууцанд холбогдох барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32017/09245 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар маргаан бүхий орон сууцыг битүүмжлэх арга хэмжээ авагдсан байтал үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт орж барьцааны гэрээ бүртгэгдсэн байсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02205 дугаар шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Н.О, хүү Э.Ирмүүн нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэр, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01649 дугаар шийдвэрүүд нь заавал биелэгдэх учиртай. Хэлцэл огт байгуулагдаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавартай билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй", 11 дүгээр зүйлийн 11.1-т "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж тус тус заасан. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Н.О, хүү Э.Ирмүүн нар болох нь тогтоогдсон тул Д.Н, Х.Г нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ ч мөн хүчин төгөлдөр бус байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэн хэнээс юуг шаардах, хэн хэн ямар хариуцлага хүлээх, хэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Н.О-ээс Б.Эрдэнэбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Б.Эрдэнэбадрах маргаан бүхий орон сууцыг Д.Н-д худалдсан. Тус хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н нь маргаан бүхий орон сууцыг Х.Г-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор барьцаалж барьцааны гэрээг байгуулсан. Нэгэнт шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай тал бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай асуудлыг хуульд тодорхой заасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 154 дүгээр зүйлийн 154.6 дах хэсэгт тус тус зааснаар барьцааны эрхийг шударгаар олж авсан байх тул шүүх энэ эрхийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно" гэж заажээ. Энэ зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээс бусад тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт тул барьцааны эрхийг шударгаар олж авсан эсэх тохиолдолд хамаарахгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд ямар тохиолдолд "өмчлөх эрхийг шударгаар олж авсан" гэж тооцох тухай асуудлыг зохицуулсан байна. Д.Н, Х.Г нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байтал шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээгээр барьцаалагчид барьцааны зүйлийн өмчлөх эрх шилжихгүй бөгөөд зөвхөн эзэмших эрх шилжих боломжтой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д "тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ" гэж заажээ. Уг зохицуулалт нь эд хөрөнгийн өмчлөгч нь барьцаалуулагч мөн гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал буюу хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд уг эд хөрөнгийг барьцаалсан этгээд шударга эзэмшигч гэж үзэх тохиолдлыг зохицуулсан байна. Улмаар Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу Х.Г барьцааны эрхийг шударгаар олж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02205 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Д.Н, Х.Г нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь Б.Эрдэнэбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсаныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 573 тоот шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.О, түүний хүү Э.Ирмүүн нарыг Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Хилчний гудамж /13280/, Харуул алтай хотхон, 106 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаартай, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэйг тогтоосон байна. /хх-ийн 7-10 дугаар тал/

Б.Эрдэнэбадрах нь уг шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээрх 2 өрөө орон сууцыг Д.Н-д 59 890 000 төгрөгөөр худалдсан, Д.Н нь тухайн өдрөө өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. /хх-ийн 74-75 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч Н.О нь Б.Эрдэнэбадрах, Д.Н нарын хооронд байгуулагдсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, 101/ШШ2018/01649 дугаар шийдвэрээр хангаж, Б.Эрдэнэбадрах, Д.Н нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11-15 дугаар тал/

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай маргаан хянан шийдвэрлэх явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Д.Н нь хариуцагч Х.Г-аас 1 сарын 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 30 000 000 төгрөгийг зээлдэн авч, зээлийн барьцаанд маргаан бүхий 2 тоот орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 52-53 дугаар тал/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Н.О-ийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн барьцааны хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ. Гэвч хариуцагч Д.Н, Х.Г нарын байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул уг зээлийн гэрээний үндсэн дээр байгуулсан барьцааны хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл нь гуравдагч этгээдийн хувьд үнэн зөв болно.

Нөгөө талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдсон нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулах эсхүл хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Хариуцагч Д.Н-н хувьд 106-2 тоот орон сууцтай холбоотой маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа гэдгийг мэдсэн, тэрээр өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон байх боловч хариуцагч Х.Г-ын хувьд дээрх нөхцөл байдлыг мэдсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2017/09245 дугаар захирамжаар маргаан бүхий орон сууцыг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан ба, уг захирамжийг шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. /хх-ийн 57-59 дүгээр тал/

Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтуудаас үзэхэд маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн захирамжийг бүртгэсэн талаар баримтгүй байх тул Д.Н, Х.Г нарын байгуулсан барьцааны гэрээг бүртгэсэн байдлыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. /хх-ийн 65-78 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Х.Г нь барьцааны гэрээг байгуулахдаа хариуцагч Д.Н-г орон сууцны өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан гэж дүгнэсэн нь нь зөв болжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүх хуулийг буруу тайлбарласан гэх боловч уг гомдол нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                        ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                             Г.ДАВААДОРЖ