Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 171

 

“Хайрхан тоб” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дарханбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, Т.Болортунгалаг нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0138 дугаар магадлалтай, “Хайрхан тоб” ХХК-ний нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батжаргал, Т.Болортунгалаг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК-ний захирал М.Отгонтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хайрхантоб ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 260016384 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий актаар ногдуулсан 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 8,026,888 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0138 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК-ний захирал М.Отгонтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... “Хайрхан тоб” ХХК нэхэмжлэлтэй, татварын улсын байцаагч Д.Батжаргал, Т.Болортунгалаг нарын хариуцагчтай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-ийг хангуулахаар хуульд заасан хугацаанд гомдол гаргасан билээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр “Хайрхан тоб” ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-ийг хангах боломж олгоогүй /нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ийг /мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжүүлнэ/ хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлал гаргажээ.

Иймээс “Хайрхан тоб” ХХК Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-ийг хангуулах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг хангуулах хүсэлтээ гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006), Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батжаргал, Т.Болортунгалаг нар “Хайрхан тоб” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 260016384 дугаар актаар “... “Дорнын эрдэм” ХХК-иас 011661745 тоот падаанаар 100,000,000 төгрөгийн, “Цэцэгт рашаан” ХХК-иас 012343611 тоот падаанаар 90,909,091 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн татвар ногдох орлогыг бууруулсан” гэх зөрчил тогтоон, 19,909,900 төгрөгийн нөхөн татвар, 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алданги, нийт 27,572,788 төгрөгийн төлбөр ногдуулсан,  нэхэмжлэгч “... дээрх компаниудаас барилгын материал (цемент, арматур) худалдан авсан, ... тайлан балансдаа үнэн зөвөөр тусгаж, тайлагнасан ... /байхад/ актаар төлбөр ногдуулсан” гэж, хариуцагч “... бодит худалдан авалт хийгээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас ... /хийсэн шалгалтаар/ тогтоогдсон, ... актаар төлбөр ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 02, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Цэцэгт рашаан” ХХК, “Дорнын эрдэм” ХХК-иас 100.000.000 төгрөгийн болон 90.909.091.0 төгрөгийн арматур тус тус “бэлэн мөнгөөр худалдан авсан” болох нь эдгээр компаниудын санхүүгийн тайлан,  нягтлан бодох бүртгэлийн бусад баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, тухайлбал, “Цэцэгт рашаан” ХХК-ийн захирал Л.Хүдэрбаатарын шүүхэд мэдүүлсэн “...“Хайрхан тоб” ХХК-нд бараа материал худалдаж байгаагүй, харин хий бичилттэй НӨАТ-ын   падаан   ... худалдсан”   гэх   мэдүүлэг, “Цэцэгт   рашаан”  ХХК-ийн  2012 оны санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдээлэл, “Дорнын эрдэм” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын тайлан, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9д/1553 дугаар албан бичиг, дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар тогтоол зэрэг баримтуудаар эдгээр компаниудын хооронд бодит гүйлгээ хийгдээгүй болох нь тогтоогдсон байх тул маргаан бүхий захиргааны актаар “Хайрхан тоб” ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т тус тус заасантай нийцэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001) хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК нь “... барилгын материал /цемент, арматур/ “Цэцэгт рашаан” ХХК, “Дорнын эрдэм” ХХК-иудаас бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч “Хайрхан тоб” ХХК-иас уг гүйлгээ гарсныг нотлох санхүүгийн бусад баримт “төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл” зэрэг баримт байхгүй, хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын 011661745, 012343611 дугаартай 2 ширхэг падаан, “Дорнын эрдэм” ХХК, “Цэцэгт рашаан” ХХК-ийн “арматур борлуулсан” гэх дугааргүй зарлагын баримтууд, “бэлэн мөнгө хүлээж авсан”, “кассын зарлага” гэх мөн дугаагүй орлого, зарлагын ордер зэрэг нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Иймд, хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан дээрх худалдан авалтуудыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Хайрхан тоб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батжаргал, Т.Болортунгалаг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад хуралдуулахаар товлон зарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дарханбаярт 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 22 минутад шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд биечлэн оролцох болон шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулах тухай хүсэлтийг зохих журмын дагуу шүүхэд гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК-ийн захирал М.Отгонтөгсийн хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны шүүх ... нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тов мэдсэн хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй”, 117.2-т “... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсэнтэй тус тус нийцжээ.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, маргаан бүхий актаар ногдуулсан “... 5,272,270 төгрөгийн торгууль, 2,754,618 төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийг 8,026,888 төгрөгөөр бууруулж” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн 1031 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0138 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Хайрхан тоб” ХХК-ийн захирал М.Отгонтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА