Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00331

 

Юнайтед финанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1870 дугаар магадлалтай,

Юнайтед финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Сэргэлэнд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 184,191,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, М.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батжаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Даваадорж нь тус компанид хуульчаар ажиллаж байхдаа 2011.12.03-ны өдөр Юнайтед финанс ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50,000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй 360 хоногийн хугацаатай зээлж авсан. Тус зээл болон хүүг төлөлгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул түүний хүсэлтийн дагуу 2013 оны 06 сарын 30-ны өдөр зээлийн гэрээний үүргийг 70,000 ам.доллар болгон бууруулж, Д.Сэргэлэн нь тус 70,000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон. Д.Сэргэлэн нь аавынхаа зээлийг төлнө гээд зээлийн гэрээний үүргийг шилжүүлж бүхий л зээлийг төлөхөө илэрхийлж 2018 оны 04 сарын 27-ны өдөр өр, төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Хэрэг хянан ажиллагааны явцад Д.Сэргэлэн нь 2009 оны 09 сарын 30-ны өдөр Юнайтед финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 50,000 ам.долларыг нэг сарын хугацаатай 2 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авснаас хойш зээл, зээлийн хүүд нэг ч цент төлөлгүй 2011.12.30-ны өдрийг хүргэсэн байдаг ба энэ өдөр зээлийн хуримтлагдсан хүү гэхэд 39,000 ам.долларын үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулж 2012 оны 06 сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тооцоо нийлж үндсэн зээлийн 50,000 ам.долларыг төлөх хугацааг дахин нэг жилээр буюу 2012 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. 2013 оны 09 сарын 03-ны өдрийн байдлаар Д.Даваадоржийн 2008 оны 08 сарын 11-ний өдрийн 50,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50,000 ам доллар, 5 жилийн хугацаанд зээлийн хуримтлагдсан хүү 100,000 ам.доллар, Д.Сэргэлэнгийн 2009 оны 09 сарын 30-ны өдөр авсан 50,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 50,000 ам.доллар, 4 жилийн хугацаанд хуримтлагдсан хүү 48,000 ам.долларын үлдэгдэл байсан. Ингээд 2013 оны 04 сарын 10-ны өдрөөр тооцон Д.Даваадоржийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байрны 97 тоотод байрлах орон сууцны зориулалттай, 40 м.кв байрыг тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндрөөр үнэлж 130,000,000 төгрөгөөр тооцон Д.Даваадоржийн авсан 50,000 ам.долларын зээл, түүний хүү 24,350 ам.доллароор тооцож Д.Даваадоржийн зээлийг бүрэн хаасанд тооцсон. Мөн Д.Сэргэлэнгийн авсан 50,000 ам.долларын зээлийн хүүг 2013 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл 15,333 ам.доллароор тооцон уг орон сууцны төлбөрөөс тооцон суутгасан. 70,000 ам.долларыг төлүүлэхээр тохиролцсон боловч Д.Сэргэлэн сүүлдээ уг зээлийг миний аав ашигласан, би өмнөөс төлөхгүй гэж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс илт зайлсхийсээр байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Сэргэлэнгээс түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 50,000 ам.доллар, зээлийн хүү 20,000 ам.доллар нийт 70,000 ам.долларыг анх нэхэмжлэл гаргасан Монгол банкны 2019 оны 04 сарын 09-ний өдрийн ханш 2631 төгрөгөөр тооцон 184,191,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Миний эцэг Д.Даваадорж нь 2008.08.11-ний өдөр Юнайтед финанс ББСБ ХХК-тай зээлийн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ байгуулж, 50,000 ам.долларыг сарын 2 хувийн хүүтэй, 270 хоногийн хугацаатай, 2008 оны 09 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны /барьцаанд нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лиценз/ гэрээ байгуулж 48,000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж авсан. Ингээд 2008 оны 09 сарын 23-ны өдөр авсан 48,000 ам.долларын зээлд нийт 50,799 ам.доллар төлж зээлээ бүрэн дуусгасан. 2009 оны 03 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны /барьцаанд нь 2008 оны 09 сарын 23-ны өдрийн зээлийн барьцаанаас суллагдсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 31 га талбайтай хайрганы ордын А-10489 дугаартай лиценз/ гэрээ байгуулж, 50,000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатайгаар шинээр дахин зээлж 50,000 ам.долларыг зээлж авсан. Ингэснээр Д.Даваадорж Юнайтед финанс ББСБ ХХК нийт 100,000 ам доллар /2008 оны 08 сарын 11, 2009 оны 03 сарын 03-ны өдрийн зээл/-ын зээлийн өртэй болсон байна. Зээлээ хувааж хоёр хүний нэр дээр болго гэж удаа дараа шаардаж шахаж байсан тул арга буюу 2008 оны 08 сарын 11-ний өдөр Д.Даваадоржийн авсан зээлийн гэрээг 2009 оны 09 сарын 30-нд ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон барьцааны /барьцаанд нь 2204002132 гэрчилгээний дугаартай 40 м.кв гурван өрөө орон сууц/ гэрээ болгон 50,000 ам.долларыг сарын 2 хувийн хүүтэйгээр нь 180 хоногийн хугацаатайгаар зээлсэн болгож гэрээ байгуулсан. 2011 оны 12 сарын 30-ны өдөр, 2009 оны 09 сарын 30-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр уг гэрээг ЗГ/11/1/011 дугаартай зээлийн гэрээ, БГ/11/1/011 дугаартай барьцааны гэрээ болгуулж, 50,000 ам долларыг 2 хувийн хүүтэй 360 хоногийн хугацаатайгаар авснаар материалуудыг бүрдүүлж миний нэр дээр дахин хуурамч гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 5.3 дахь хэсэг, барьцааны гэрээний 4 дэх хэсэгт зааснаас маргааныг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй, гэрээг хийснээс хойш бүтэн 10 жил болчхоод байхад намайг зээл, хүүгээ төл гэж албан ёсны мэдэгдэл өгч байгаагүй, захирал С.Ганболд, нягтлан М.Уянгаа, нярав Д.Түмэнзаяа нар намайг зээл аваагүй гэдгийг мэддэг байсан. Д.Сэргэлэн нь Д.Даваадоржийн зээлийн өр шилжүүлж төлбөр барагдуулах гэрээ гэх баримт бүрдүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь батлагдсан. 2008 оны 08 сарын 11-ний өдрөөс 2009 оны 03 сарын 03-ны өдрүүдийн Д.Даваадоржийн зээлийн гэрээний тооцоо байхгүй болчихсон. Тухайн зээлийн төлбөрөөс 92,200 ам.долларыг хасах ёстой. Ийм учраас миний нэр дээр хийсэн 2009 оны 09 сарын 30-ны өдрийн ЗГ/09/1/024 дугаартай зээлийн болон БГ/09/1/024 дугаартай барьцааны гэрээ нь Д.Даваадоржийн нэр дээр байсан ЗГ/08/1/040 дугаартай зээлийн болон БГ/08/1/040 дугаартай барьцааны гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус юм. Тухайн үед шахаж шаардаж байсан учраас би гарын үсэг зурсан бөгөөд гарын үсэг зурсан гэрээ болгоныг хүлээн зөвшөөрвөл магадгүй 200,000-300,000 ам.долларын зээл авсан харагдана гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Сэргэлэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 184,191,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,079,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1870 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.09-ний өдрийн 183/ШШ2019/01857 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 1870 магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарч чадаагүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 1870 дугаар магадлалд "Хариуцагч Д.Сэргэлэн нь аав Д.Даваадоржийн зээлсэн зээлийг төлж барагдуулахаар илэрхийлсэн агуулга бүхий хүсэлтүүд гаргаж байсан, 2015 оны 04 сарын 22-ны өдрийн зээлдэгч Д.Даваадорж, Д.Сэргэлэн нартай уулзсан уулзалтын тэмдэглэлд Д.Даваадоржийн зээлийг хэрхэн талаар тусгагдсан зэргээс үзэхэд хариуцагч нь эдгээр гэрээнд болон кассын зарлагын ордер зэрэгт гарын үсэг зурсан талаар маргаагүй боловч зээлийн гэрээний дагуу 50,000 ам.долларыг хүлээн аваагүй гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч анх шүүхэд хариуцагчид Д.Даваадоржид зээлийн гэрээний үүрэг шилжсэн үндэслэлээр шаардлага гаргаж байсан зэргээс үзэхэд зээлийн гэрээний дагуу 50,000 ам.долларыг зээлдэгчид кассын зарлагын баримтаар шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. хэмээн хэргийн нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн хариуцагчийн хувийн байдал, гаргаж буй тайлбаруудын эргэлзээгүй, үнэн зөв байдлыг хянан үзэхгүй, мөн хэрэгт байгаа зарим нотлох баримтыг үнэлэхгүйгээр үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Зээлдэгч Д.Сэргэлэн нь Юнайтед Финанс ББСБ-аас 2019.09.30-ны өдөр 150,000 ам.долларын зээл хүсч зээлиийн өргөдлийг бөглөж, тухайн өдрөө буюу 2009.09.30-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 50,000 ам.долларыг зээлж авсан байдаг. Энэ нь хэргийн 109 зээлийн өргөдөл, 110-111 талд авагдсан зээлийн гэрээ, 112 дугаар талд авагдсан зээл олгосон, зээлийн харилцаа үүссэн гэдэг нь нотлогдоно. Цаашлаад, зээлийн харилцаа үргэлжлэхдээ 2011.12.30-ны өдөр Д.Сэргэлэнтэй зээлийн хуримтлагдсан хүүгийн талаар тооцоо нийлж зээлийн хүү 139,000 ам.долларыг 2012.06.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Энэ нь хэргийн 115 дугаар талд авагдсан Зээлийн хүүгийн хуримтлуулж тооцсон хүүгийн авлага нийлсэн актаар нотлогдоно. Харин үндсэн зээл 50,000 ам.долларын зээлийг дахин 2011.12.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2012.12.30-ны өдрийг хүртэл төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. Дээрх байдлаар Д.Сэргэлэн, түүний эцэг Д.Даваадорж нарт барьцааны шаардлага хангахгүй, бусдын нэр дээр байгаа лиценз зэргийг барьцаалсан нэрээр зээл олгодог, зээлийн төлөлт огт хийгээгүй байхад удаа дараа зээлийн хугацааг сунгадаг, зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авдаггүй байсан нь тухайн үед манай ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ганболдтай Д.Даваадорж нь найз нөхдийн харилцаатай, уг харилцаагаа ашиглаж Д.Даваадоржийг манай ББСБ-ын хуульчиар, түүний өөр нэг хүү Д.Жавхлан, С.Ганболд өөрийн дүү С.Ганзориг нараа зээлийн эдийн засагчаар ажиллуулж Д.Даваадорж, Д.Сэргэлэн нарт хяналтгүй зээл олголт, эргэн төлөлтийг хийхгүй, байгууллагад хохиролтой, хувийн ашиг хонжоо харж зээлийн гэрээ байгуулан чанаргүй зээл олголтыг хийсээр ирсэн байсан. Байгууллагын удирдлага солигдсоноос ББСБ-ын том зээлдэгч нарын зээлийг барагдуулах, байгууллагыг хохиролгүй болгох талаар арга хэмжээ авч 2013.09.03-ны өдөр Д.Даваадоржийн өмчлөлийн БЗД-ийн 18 дугаар хороо, 13-р хороолол, 13-р байрны 97 тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв байрыг 130,000,000 төгрөгөөр тооцон Д.Даваадоржийн авсан 50,000 ам.долларын зээл, түүний хүү 24,350 ам.доллараар тооцож Д.Даваадоржийн зээлийг бүрэн хаасанд тооцож, Д.Сэргэлэнгийн 2011.12.30-ны өдөр байгуулсэн ЗГ/11/1/11 тоот зээлийн гэрээний 2013.04.10-ны өдөр хүртэлх хүү 15,333 ам.долларыг төлсөн байдаг. Д.Сэргэлэнгийн зээлийн төлөлт хийгдэхгүй байсан тул 2018 оны 1 сард Зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулж зээлийн хүүг 20,000 ам.доллар цааш нэмж тооцохгүй байхаар тохиролцож үндсэн зээл 50,000 ам.долларыг нийт 70,000 ам.долларыг 2018.04.10 өдөр төлөхөөр тохиролцсон. Энэ нь хэргийн 116 дугаар талд авагдсан Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нотлогдоно. Тохиролцсон ёсоор 2018.04.10-ны өдрийн дотор багтааж төлөөгүй учир 2018.04.24-ний өдөр Д.Сэргэлэнтэй уулзахад тэрээр 2 гараа хугалсан байсан учир нягтлан бодогч М.Уянга түүний зээлээ төлнө гэсэн амлалт баталгааг бичиж гарын үсэг зурсан байдаг ба үүнийгээ хожим би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаж шинжээч томилуулсан. Түүний хоёр гар хугараад гипсдүүлчихсэн байсан, энэ нь бичгийн хэвд нөлөөлдөг талаар шинжээч тайлбарлаж байсан, нөгөө талаас Иргэний хуулийн 42 дуаар зүйлийн 42.6-д журам үйлчлэх учраас бид шинжээчийн дүгнэлттэй маргаагүй юм. Тухайн үед манай ББСБ-д ирсэн талаар фото зураг нь ч бий. Гэтэл хоёр шатны шүүх төлбөр төлөх сонирхолгүй, ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхөөс зайлсхийх зорилгоор гаргасан хүсэлт, тайлбаруудад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэж, манай компанийг олгосон зээлээ авах боломжгүй нөхцөлд оруулж хохироож байна. Яагаад зээл авах, зээлийн хугацааг сунгах, зээлийн төлбөрийн зарим хэсгээс чөлөөлөгдөх болохоор хүрч ирээд тохиролцчихдог, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг, яагаад зээлээ төлөх болохоор элдэв янзын тайлбар гаргаж, хүсэлт бичиж зээл төлөхөөс татгалзаад байгаа зэрэгт 2 шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Д.Сэргэлэнд 50,000 ам.долларрын зээл олгосон нь кассын зарлагын ордер, зээлийн гэрээ гэх шууд нотлох баримтыг болоод зээлийг сунгасан болоод зээлээс тодорхой хэмжээний төлөлт хийгдэж буй баримтуудаар дэмжигдэж нотлогдсоор байтал төлбөр төлөхгүй сонирхолгүй тал болох хариуцагчийн тайлбарыг л үндэслэлээ болгож хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй, нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Сэргэлэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000 ам.доллар, хүү 20,000 ам.доллар, нийт 70,000 ам.доллар буюу 184,191,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Сэргэлэнтэй байгуулсан 2009.09.30-ны өдрийн 50,000 ам.долларын зээлийн гэрээ болон 2011.12.30-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээ, кассын зарлагын ордер зэрэг баримтыг шаардлагынхаа үндэслэл болгосон.

Хариуцагч нь ...аав Д.Даваадоржийн 2008.8.11-ний өдөр авсан 50,000 ам.долларын зээлийг тухайн үед нэг хүнд ийм их хэмжээгээр зээл олгож болохгүй, хүүгийнхээ нэр дээр шилжүүлчих гэснээр 2009.09.30-ны өдөр 3 өрөө бүхий 40 м.кв орон сууцаа барьцаалж, миний нэр дээр зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

Хэрэгт нэхэмжлэгч Юнайтед финанс ББСБ ХХК нь иргэн Д.Даваадоржид 2008.08.11-ний өдөр 50,000 ам.доллар, 2008.09.23-ны өдөр 48,000 ам.доллар, 2009.03.03-ны өдөр 50,000 ам.доллар, 2011.12.03-ны өдөр 50,000 ам.долларын зээл олгосон, хариуцагч Д.Сэргэлэнд 2009.09.30-ны өдөр 50,000 ам.доллар, 2011.12.30-ны өдөр 50,000 ам.долларын зээлийг тус тус олгосон тухай гэрээнүүд авагджээ. /хх-7,47,53,110,113/

2009.09.30-ны өдрийн 31709/1/024 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Юнайтед финанс ББСБ ХХК нь 2009.09.30-ны өдрөөс 2010.03.30-ны өдрийг хүртэл 180 хоногийн хугацаатай, 30 хоногийн 2 хувийн хүүтэй, 50,000 ам.долларыг Д.Сэргэлэнд зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 20 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцсон ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ/09/1/024 дугаартай улсын бүртгэлийн Ү-2204002132 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн XVIII хороо, XIII хороолол, №13 байр, 97 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг барьцаалахаар гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Дамдин овогтой Даваадоржтой хэд хэдэн удаа зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байсан тухай баримтуудыг шүүхэд ирүүлсэн, хариуцагчийг Д.Даваадоржийн зээлийг төлөх үүргийг шилжүүлэн авсан гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч Д.Сэргэлэн нь эцэг Д.Даваадоржийн зээлсэн 50,000 ам.долларыг төлж барагдуулах агуулгатай хүсэлтүүд гаргаж байсан боловч өр барагдуулах үүргийг шилжүүлэх талаар талууд хэрхэн тохиролцсон тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, харин 2015.04.22-ны өдөр Д.Даваадорж, Д.Сэргэлэн нартай хийсэн уулзалтаар Д.Даваадоржийн зээлийг хэрхэн барагдуулах талаар талууд ярилцсан тухай тэмдэглэл хэрэгт авагджээ. /хх-14-16, 100-114/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээний дагуу 50,000 ам.долларыг хүлээн аваагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлтийг хоёр шатны шүүх хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 50,000 ам.долларыг хүүгийн хамт хариуцагч Д.Сэргэлэнгээс гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ чиг үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01857 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1870 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,079,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН