Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2019/01853/И |
Дугаар | 001/ХТ2021/00330 |
Огноо | 2021-04-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2021/00330
Б.Цацралтын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02216 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1824 дүгээр магадлалтай,
Б.Цацралтын нэхэмжлэлтэй,
П.Алтан-Эрдэнэд холбогдох
Гэрээний үүрэгт төлсөн 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2019 оны 01 сарын 22-ны өдөр П.Алтан-Эрдэнэтэй харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13 дугаар хороолол, нарны зам гудамж, 98/1 байрны 24 тоот 93,20 м.кв 3 өрөө байрыг 214,360,000 төгрөгөөр худалдан авахаар 2019/01/22 дугаартай Хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх гэрээ байгуулан байрны мөнгийг хэсэгчлэн хувааж төлөх нөхцөлөөр тохиролцсон. Би 2019 оны 01 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 28-ны өдөр 6,800,000 төгрөг нийт 16,800,000 төгрөгийг П.Алтан-Эрдэнийн хаан банкны 5023286522 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч төлөвлөсөн ажил бүтээгүйн улмаас байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон. Энэ байдлаа хэлж гэрээгээ цуцалж, орон сууцаа буцаан өгөх талаар хэлэхээр П.Алтан-Эрдэнийн 99023883 тоот дугаарын утсанд холбогдоход рөүминг үйлчилгээ буюу олон улсад байхдаа дугаараа ашиглах зориулалтын горимд утсаа оруулсан байсан. Гадаад улс руу зорчсон байна гэж ойлгож холбогдож энэ талаараа хэлж чадалгүй ирэхэд нь холбогдож хэлсэн болно. Улмаар тохиролцож гэрээ дуусгавар болсон бөгөөд миний зүгээс төлсөн төлбөрийг буцаан олгоно гэсэн боловч алданги суутгаж авлаа гээд дутуу мөнгө шилжүүлсэн байдаг. П.Алтан-Эрдэнэ 2019 оны 03 сарын 12-ны өдөр гэрээний дагуу торгууль, алданги тооцож /нийт 16,800,000 төгрөг төлснөөс алданги тооцож 5,500,000 төгрөг хасаад/ 11,300,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Алданги тооцох ёсгүй гэж холбогдоход би гэрээнийхээ дагуу алданги торгууль авч байна гээд дахин уулзаагүй. Удаа дараа торгууль тооцох ёсгүй гээд холбогдоход огт хүлээн авахгүй байх тул үндэслэлгүйгээр торгуульд тооцон авсан 5,500,000 төгрөгийг П.Алтан-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Б.Цацралтын нэхэмжлэлттэй танилцан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2019 оны 01 сарын 22-ны өдөр 2019/01/22 дугаартай гэрээ байгуулсан ба тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдэд заасны дагуу гэрээ цуцлагдсан, тооцоог дуусгасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02216 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Пүрэвийн Алтан-Эрдэнээс 1,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Халзан овогт Батхуягийн Цацралтад олгож, нэхэмжлэлээс 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Алтан-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 35,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цацралтад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1824 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02216 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар П.Алтан-Эрдэнээс 5,500,000 төгрөг гаргуулж, Б.Цацралтад олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтын 35,750 гэснийг 103,000 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.25-ны өдрийн 1824 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гэрээгээр тохирсон торгуулийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232.5-д заасан хуулийн зохицуулалттай агуулгын хувьд нийцэхгүй байна. Учир нь 232-р зүйлд заасан анзын зохицуулалт нь үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн байхад гэрээнээс татгалзсан тохиолдлыг хамааруулж дүгнэхгүй гэж хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч Б.Цацралт нь 2019.01.22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд заасан тодорхой үүргүүдийг хүлээсэн байдаг. Тодоуулбал 4.15-д "байрны төлбөрийг сар бүрийн сүүлийн 7 хоногт багтаан дансанд хийх", 4.16-д "26 сарын хугацаатайгаар 6,800,000 төгрөг төлж байх" г.м үүргийг хүлээсэн. Ингээд гэрээ байгуулснаас хойш Б.Цацралт нь хүлээсэн үүргийнхээ дагуу 1 сарын 23-нд 10,000,000 төгрөг, 2 сарын 28-ны өдөр 6,800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Гэрээгээр тохирсон ёсоор аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй ба гэрээ цуцлагдах, гэрээнээс татгалзах тохиолдолд гарах үр дагаврыг хэн нь хэрхэн хариуцах талаараа гэрээнд тодорхой заасан. Хуулиар ч энэ талаар тодорхой зохицуулсан байдаг. Тиймээс гэрээний 6.1-д заасан захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 25 хувьтай тэнцэх торгуулийг төлнө" гэж тохиролцсон ба энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн зохицуулалттай нийцэж байгаа тул Б.Цацаралт нь 4,200,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд 2019.10.25-ны өдрийн 1824 дугаартай магадлалыг хүчингүй болгож, 2019.08.23-ны өдрийн 102/ШШ2019/02216 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Цацралт нь хариуцагч П.Алтан-Эрдэнэд холбогдуулан гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 4.10, 6.1-д заасны дагуу гэрээ цуцлагдаж, тооцоог дуусгасан гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 1,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 4,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байна.
1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.
Зохигчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалт, орон сууцны захиалга, эрх шилжүүлэх гэрээ-гээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн XXV хороо, XIII хороолол, Нарны зам гудамж 98/1 тоот хаягт баригдаж буй барилгын 24 тоот, 93.02 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг Жугамт Өргөө ХХК-аас шаардах эрхээ Б.Цацралтад шилжүүлэх, Б.Цацралт нь 214,360,000 төгрөгийг П.Алтан-Эрдэнэд төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг хуульд зааснаар үнэлж, талуудын хооронд эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.
2. Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д гэрээнээс татгалзахын үр дагаврыг Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд гэрээний дагуу Б.Цацралт нь 16,800,000 төгрөгийг П.Алтан-Эрдэнэд төлсөн, нэхэмжлэгч Б.Цацралтын гэрээнээс татгалзах саналыг П.Алтан-Эрдэнэ хүлээн авсан, хариуцагч 11,300,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Харин үлдэгдэл 5,500,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлийн талаар маргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардсан бол хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар торгуульд авсан гэж тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг зөрчөөгүй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 25 хувьтай тэнцэх торгуулийг эрх шилжүүлэгч П.Алтан-Эрдэнэд төлнө гэж заажээ.
Анхан шатны шүүх гэрээний дээрх нөхцөлөөр худалдан авагч нар торгуульд 4,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад хариуцагч 5,500,000 төгрөг суутгаж 1,300,000 төгрөг илүү авсан гэж хариуцагчаас 1,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5-д нийцээгүй байна.
Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй гэрээний 6.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн торгуулийн нөхцөлийг талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд хэрэглэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд татгалзлын үндэслэл нь нэг талын үүргийн зөрчилтэй холбоотой бол эсрэг тал нь хохирол шаардах эрхтэй бөгөөд гэрээний 6.1-д заасан нөхцөлөөр хохирол төлөх гэсэн агуулга илэрхийлээгүй, хохирлыг торгуулиар тооцож төлөх талаар талууд тохиролцоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн байна.
Иймээс ... 232 дугаар зүйлийн 232.5-д заасан торгуулийн зохицуулалттай нийцэж байгаа тул Б.Цацралт нь 4,200,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1824 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН