Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 201620000193

 

 

 

 

 

 

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж, Б.Гансүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, нарын бүрэлдэхүүнтэй,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

              Иргэдийн төлөөлөгч: Я.Дэлгэрмаа,

              Шүүгдэгч: У.Дашням, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл,

              Шүүгдэгч: Д.Дашжүгдэр, түүний өмгөөлөгч Б.Бунжаа,

              Шүүгдэгч: Х.Отгонзаяа, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа,

              Насанд хүрээгүй шүүгдэгч: Т.Баярсайхан, түүний хууль ёсны төлөөлөгч О.Төмөржав, өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201620000193 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй. Бүрэн дунд боповсролтой, мэргэжилгүй, Этүгэн анагаах ухааны дээд сургуулийн элсэх курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, ах, дүү нарын хамт Улаангом сумын 7 дугаар багийн 21-25 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Галзад овгийн Ууганбаярын Дашням. /РД:ОЮ98053010/

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 2 дугаар курсын оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 2 ээжийн хамт Улаангом сумын 12 дугаар багийн 1-03 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Борлууд овгийн Дэмбэрэлийн Дашжүгдэр. /РД:У397060335/

             Шїїгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс эрдэм ахлах сургуулийн 12Б ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Улаангом сумын 7 дугаар баг 21-22 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 11 хоногтой байсан, Шангас овгийн Төмөржавын Баярсайхан. /РД:ОД99070256/

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Улаангом сумын 12 дугаар багийн Залгамжлагч хороолол 3-02 тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сар 18 хоногтой байсан, Хошууд овгийн Хатуугийн Отгонзаяа. /РД:ОЮ98092615/

            Хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар нь бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрвээгийн эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хэтэвчтэй бэлэн мөнгө, гар утас болон бусад эд зүйлийн дээрэмдэж, 79.500 төгрөгний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Х.Отгонзаяа нь шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарыг бүлэглэж 2016 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдүүлээгүй гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             1. Иргэн П.Агваандугараас 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 40 минутанд Цагдаагийн газарт "Улаангом сумын 7 дугаар багт миний аав Р.Пүрвээг үл таних 3 залуу зодож мөнгө эд зүйлийн авч явсан байна" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-ийн 2 тал/,

 

            2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. Үүнд: “Хэрэг гарсан гэх газар нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах хар зам руугаа харсан гэр хорооллын гудамж байв. Хэрэг гарсан гэх газрын зүүн талын хэсэгт модон банзан хашаанууд байх ба зүүн талд 001 гэсэн дугаартай хашаа байлаа. Хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд гудамжны зүүн талд төмөр цэнхэр хаалгатай хашаа байх ба уг хашааны урд талд газарт цус мэт зүйлээр бохирлогдсон толбонууд байлаа. Мөн хэрэг гарсан газрын ойр орчимд цус мэт хүрэн өнгийн толбонууд байх бөгөөд хашааны төмөр хаалган дээр 3x4 см хэмжээтэй цус мэт толбо, хаалганы баруун буланд мөн 3x4 хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа” гэжээ /хх-ийн 24-25 тал/,     

            3.Мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн У.Дашнямаас гар утас хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл. /хх-ийн 26 тал /,

            4. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хохирогч Р.Пүрвээд Nokia 32-10 маркийн хар өнгийн гар утас хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 29 тал /,

            5. Хохирогч Р.Пүрвээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 8 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах Цэвээнгэрэл гэдэг айлд очсон. Цэвээнгэрэл надад 0.5 литрийн шилтэй архи гаргаж өгөхөөр нь би ихэнх талын уусан. Тэгээд байж байгаад шөнө 00 цаг 40 минутын орчимд Цэвээнгэрэлийн гэрээс гараад гэр рүүгээ явсан. Манай гэр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 4 замын ХААН банкны араар доош ороод байдаг бөгөөд би зам дагуу алхаж явтал 20 орчим насны бор хүрэн өнгийн нимгэн куртиктай, малгайгүй, үсээ овоолж зассан, 165 см орчим өндөртэй туранхайвтар жижиг биетэй залуу хүрч ирээд тамхи байна уу гэж асуухаар нь “ах нь тамхи татдаггүй болохоор тамхи байхгүй" гэж хэлэхэд тэр залуу надаас та хаашаа явж байгаа юм бэ гэхэд би "гэр рүүгээ явж байна" гэхэд манай гэр бас ийшээ байдаг гээд намайг дагаад хамт явж байгаад нөгөө залуу гэнэт миний нүүр рүү цохьсон. Тэр үед миний нүүрэнд гал манарах шиг болоод л би газар унасан. Тэр үед миний толгой гэдэс, нуруу руу өшиглөөд цохиод байсан ба би толгойгоо дараад миний нүдийг битгий сохолчихоорой гэж орилж байсан. Тэгтэл нэг залуу нь наадах чинь хөгшин хүн байна ш дээ наад хүнээ хая гэж хэлсэн. Намайг газар унасан байхад 2 залуу нэмж ирсэн бөгөөд тухайн хоёр залуу нь намайг мөн өшиглөж цохьсон. Би тухайн үед шоконд орж яг юу болоод байгааг ч сайн мэдээгүй. Учиргүй л намайг цохиод өшиглөөд байсан. Тэгж байгаад нөгөө 3 залуу явсан бөгөөд би газарт хэвтэж байгаад арай хийж нэг гайгүй болоод биедээ авч явсан эд зүйлээ бүртгэж үзэхэд миний Nokai 32-10 маркийн хар өнгийн гар утас, түрийвч зэрэг зүйл байгаагүй Миний түрийвчинд 7500 төгрөг, иргэний үнэмлэх, капитал банкны виза карт зэрэг зүйл байсан. Би 08 дугаар сарын 13-ны өглөө өөрийн охин Цээпилээс 15.000 төгрөг аваад 5000 төгрөгийг телевизийн кабелийн мөнгө гэж тушаагаад 10.000 төгрөгтэй байгаад түүнээс 1700 төгрөгөөр нэг ширхэг Улаан шонхор нэртэй тамхи авсан Мөн захын гадна байрлах хүнсний дэлгүүрээс 800 төгрөгөнд тааруулж Ирис чихэр авч 2 жаахан хүүхдэд өгсөн. Мөн миний түрийвчинд урьд нь 100 төгрөг байсан бөгөөд миний түрийвчинд нийт 7500 төгрөг байсан юм. ...намайг эхлээд дагаж явсан хүүхэд нь нүүр рүү цохиод л нэг мэдэхэд би газар унасан. Тэгэж байтал 2 залуу гүйж ирээд намайг өшиглөөд, дэвсээд байсан. Тухайн үед би надад авах зүйл байхгүй, ахынхаа 2 нүдийг л үлдээчих гэж хэлж гуйж орилж байсан Толгойнд нийт 7 оёдол тавиулсан, нүүр дарж байсан гарыг өшиглөсөн хавдартай, нуруу нэлэнхийдээ өвчтэй байна. Надад учирсан хохирлын эмнэлэг зардлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Надад 850.000 төгрөгийн хохиррол бэлнээр өгсөн. Намайг зодож, дээрэмдсэн 3 хүүхдийн эцэг, эх нь ирж уулзсан. Би зүгээр явж байгаад зодуулж дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж бодож байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-40 тал /,

            6. Гэрч Б.Дамирангийн мөрдөн байцаалтанд өгсөн:  Д.Дашжүгдэр нь сүүлийн 5 жил манай гэрт байгаа бөгөөд би өөрийн хүүхдээс өөрцгүйгээр хайрлаж, хамгаалж, халамжилж ирсэн 2016 оны 08 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед манай гэрээс гараад хашааны хаалга чиглээд явахаар нь би Д.Дашжүгдэрийн хойноос чи хаашаа явж байна гэхэд сагс тоглох гэж байна гэж хэлээд гараад явсан. Тэгээд явж байгаад шөнө дунд 01 цагийн үед гэрт орж ирээд унтсан. Би бодохдоо сагс тоглож яваад ирлээ гэж л бодсон. Дээрмийн хэрэгт холбогдсон талаар надад мэдэх зүйл байхгүй бөгөөд 08 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага дээр ирж дээрмийн хэрэгт холбогдсон талаар нь мэдсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 тал /,

            7. Х.Отгонзаяагийн гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн:  Би 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байсан бөгөөд би орой 18 цагийн үед гэрээс гарч гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байтал миний найз У.Дашням нь Т.Баярсайхан гэдэг хүүхэдтэй цуг ирсэн. Бид нар сагс тоглож байгаад У.Дашнямын гэрийн гадна байдаг эзэнгүй газарт шөнө болтол юм ярьж сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад У.Дашням удахгүй Улаанбаагар явах гэж байна цуг гадуур жаахан алхая гэхээр нь бид 3 зөвшөөрч зам дагаж яваад хойд 4 замын дэргэд ирээд 4 замын клонкын зүүн талд байрлах шороон далангийн хажуугаар явж байгаад би утсаар яриад сууж байтал У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар алга болчихсон. Би утсаар 1 цаг орчим ярьсан бөгөөд миний утасны цэнэг дуусчихаар нь зам дээр гарахад нөгөө хэд харагдахгүй байсан. Тухайн зам дагуух гэрэлтүүлэг унтарсан байсан ба нөгөө хэд олдохгүй болохоор нь зам дагаад явж байтал ХААН банкны арын 2 залгаа гражны арын гудамжнаас У.Дашням,  Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гарч ирсэн. У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар хүн зодоод утас, мөнгө дээрэмдчихлээ гэж хэлж байсан. Тэгээд бид нар гэр рүүгээ явсан. Би Д.Дашжүгдэртэй нэг чиглэлд байдаг болохоор цуг явж байтал Д.Дашжүгдэр надад хандаж бид 3 хүн цохиод утас, мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. Тухайн үед дээрэмдэж авсан гар утсыг У.Дашням авсан гэж хэлж байсан. Мөнгийг нь хэн авсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 тал /,

            8. Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “Би 2016 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэтрээ унтаж байгал над руу миний найз, манай хамаатан Т.Баярсайхан шөнө дунд 01 цагийн үед над руу залгаад "чи хаана байна би гадуур явж байгаад хөлөө эвгүй болгочихлоо. Чи намайг ирээд авчих" гэхээр нь би утсаа таслаад Дагвасүрэн гэдэг машинтай ах руу залгаад "та хаана байна. манай найзыг очоод авчихая" гэхэд Дагвасүрэн ах шөнө орой болсон байна" гэхээр нь би за за гэж хэлээд унтаж амарсан. ...Хойд 4 замд байрлах Пирамид дэлгүүрийн хажууд байна гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 45 тал /,

            9. Гэрч П.Цээпилийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “2016 оны 08 дугаар сарын 13-ны орой 22 цаг 20 минутын үед миний аав Р.Пүрвээ гэрээс гарч байхаар нь би "та хаашаа явж байгаа юм бэ" гэхэд хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд шөнө дунд 01 цагийн үед аав гаднаас орж ирээд гэрлээ асаа аав нь хүнд зодуулчихлаа гэхээр нь гэрлээ асаатал нүүр нь цус болчихсон толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд оёдол тавьж цэвэрлэгээ хийсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тухайн үед би ааваас юу болсон гэж асуухад гудамж руу орж ирж байтал нэг хүүхэд таарч тамхи асуухад тамхи татдаггүй гэж хэлээд гудамж руу ороход нөгөө хүүхэд манайх мөн энд байдаг гэж дагаж орж ирээд цохиж унагаах үед цаанаас нь 2 хүүхэд ирж 3 хүүхэд нийлж зодсон гэж хэлж байсан. Түрийвч, гар утас байсан боловч аль аль нь байхгүй байсан. Түрийвчинд нь Капитал банкны виза карт, үнэмлэх, бичиг баримт нь байсан. Өөрийнхөн хэлж байгаараар 7500 төгрөг байсан гэж хэлж байсан. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө би ажил дээр байтал миний аав надаас ирж 15.000 төгрөг авч явсан. Тэр мөнгөний үлдэгдэл байсан байх гэх мэдүүлэг, /хх-ийн 46 тал /,

            10. Гэрч П.Агваандүгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “2016 оны 08 дугаар сарын 13-ны шөнө би найзынхаа гэрт унтаж байтал шөнө 01 цагийн үед миний эгч Цээпил миний утас руу залгаад "чи хаана байна, аав хүнд зодуулчихсан байна" гэхээр нь би Цагдаагийн байгууллагад очиж мэдэгдчихээд гэртээ очиход миний аав Д.Пүрвээ зодуулчихсан нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгэхээр нь эмнэлэг дээр очиж оёдол тавиулж цэвэрлэгээ хийлгэсэн. Сүүлд сонсоход 3 залууд дээрэмдүүлсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 47 тал /,

            11. Гэрч Б.Дуламжав, О.Төмөржав нарын мөрдөн байцаалтад өгсөн. “Төмөржавын Баярсайхан нь 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 17 настай. Эцэг эхээс 2-уулаа дээрээ нэг ахтай. Одоо тус аймгийн Улаангом сумын Увс эрдэм ахлах сургуулийн 12б ангид элсэн орно. Сурлага хичээлдээ дундаж, сагс, волейболын спортод сонирхолтой. Одоогоор аав, ээж, ахын хамт Улаангом сумны 12 баг, 21-22 тоотод оршин суудаг. Т.Баярсайхан нь хүүхэд зантай, зан ааш нь эвдэрээгүй, бусадтай нийтэч, бусдад тусархуу, ажилласаг, хөдөлмөрч, цагаан цайлган зантай хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  48, 53-54 тал/,

            12. Гэрч Ч.Цэвээнгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2016 оны 08 дугаар сарын 13-ны орой манай гэрт Р.Пүрвээ бичиг дайх гэсэн юм гэж ирсэн. Учир нь манай гэрт Улаанбаатар хотоос хүмүүс ирчихсэн гэдгийг сонсоод ирсэн байсан. Тэгээд манайхаас 00 цаг өнгөрч байхад гараад явсан. Тухайн үед манай гэрт 0.5 литрийн Ерөөл нэртэй хагас шил архи байсныг уусан. Дахин нэмж архи уугаагуй. Манайхаас гарахдаа хэвийн гүйгээд гараад явсан гэх мэдүүлэг, / хх-ийн 49  тал /,

            13. Гэрч Д.Баттогтох, С.Ууганбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн: “Ууганбаярын Дашням нь 1998 оны 5 сарын 30-ны өдөр төрсөн, 18 настай. Эцэг эхээс 4үүлээ, У.Дашням спортын сонирхолтой, хичээл сурлагандаа жигд сайн байсан. Энэ жил сургуулиа төгсөөд Этүгэн дээд сургуулийн Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженерийн ангийг авч 2016 оны хичээлийн жилээс эхлэн элсэн суралцах байсан. У.Дашням нь төлөв даруу, элдэв муу зуршилгүй, хүний үгэнд оромтгой, хүний заасна зөвлөсөн зүйлийг тухай бүрт нь чанартай хийж гүйцэтгэдэг, бусдад тусархуу, хөдөлмөрч, цагаан цайлган зантай хүүхэд байгаа юм. Гэр орны ажилд сайн, ямарваа нэгэн зүйлд идэвхи санаачлагатай. Гэр орноо болон дүү нараа харж хамгаалаад амьдарчихдаг байсан. Миний хүүгийн үйлдсэн гэм бурууг ойлгож хөнгөрүүлж шийдэж өгөөч гэж хүсэх байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55, 57 тал/,

            14. Гэрч Х.Чогсомын мөрдөн байцаалтад өгсөн: “Хатуугийн Отгонзаяа нь 1998 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн, 17 настай. Х.Отгонзаяа нь багаасаа их бүрэг ичэмхий, үг дуу цөөтэй, хүний өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн биелүүлдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, бусадтай зөв боловсон харьцаатай, элдэв муу зуршилгүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, их даруу, шөнө оройн цагаар төдийлөн тэнээд яваад байдаггүй, хааяа гарч гудамжиндаа тоглож байгаад л гэртээ ороод ирчихдэг байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 56 тал/

            15. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 365 тоот дүгнэлтээр "Түрийвч 4000, Гар утас 41000 төгрөг"-өөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 60-61 тал/,

            16. Шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 420 тоот дүгнэлтэнд үзүүлэгч Р.Пүрвээгийн биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, дух, зүүн хөмсөг язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салст, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамар, эрүү, зүүн чихний дэлбэн, баруун тохой, шуу, сарвуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Р.Пүрвээгийн биед гэмтлийн зэрэгт нөлөөлөх урьдны бэртэл гэмтэл байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө" гэх дүгнэлт, /хх-ийн 69 тал /,

            16. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 449 тоот дүгнэлтээр "Банкны вика картыг 3000 төгрөг, Иргэний үнэмлэхийг 24000 төгрөг"-өөр тус тус үнэлсэн байна. /хх-ийн 75-76 тал /,

            17. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 455 тоот дүгнэлтээр шүүгдэгч У.Дашнямаас битүүмжилсэн битүү шалтай 6 хантай гэрийг 800,000  төгрөг"-өөр үнэлсэн байна. /хх-ийн 82-83 тал /,

            18. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 454 тоот дүгнэлтээр шүүгдэгч Д.Дашжүгдэрээс битүүмжилсэн битүү шалтай 8 хантай гэрийг 850,000  төгрөг"-өөр үнэлсэн байна. /хх-ийн 86-87 тал /,

            19. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 463 тоот дүгнэлтээр шүүгдэгч Т.Баярсайханаас битүүмжилсэн битүү шалтай 8 хантай гэрийг 850,000  төгрөг"-өөр үнэлсэн байна. /хх-ийн 90-91 тал /,

           20. Шүүгдэгч У.Дашнямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 142-р тал /,

           21. Шүүгдэгч У.Дашнямын  сургууль төгссөн тухай мэдээлэл / хх-ийн 149-152-р тал /,

          22. Шүүгдэгч Д.Дашжүгдэрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 159-р тал/,

          23. Шүүгдэгч Д.Дашжүгдэрийн ШУТИС-н суралцагчийн үнэмлэх / хх-ийн 160-р тал /,

          24. Шүүгдэгч Т.Баярсайханы нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 164-р тал /,

          25. Шүүгдэгч Т.Баярсайханыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 169-р тал /,

          26. Шүүгдэгч Т.Баярсайханы суралцагчийн хувийн хэрэг/ хх-ийн 171-173-р тал /,

          27. Шүүгдэгч Т.Баярсайханы суурь боловсролын гэрчилгээ / хх-ийн 244-246-р тал /,

          28. Шүүгдэгч Х.Отгонзаяагийн нас тоолсон тэмдэглэл/ хх-ийн 176-р тал /,

          29. Шүүгдэгч Х.Отгонзаяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 181-р тал/,

           30. Шүүгдэгч Х.Отгонзаяагийн суралцагчийн хувийн хэрэг / хх-ийн 183-185-р тал /,

            31. Шүүгдэгч У.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хойд 4 замын ойролцоо 00 цагийн үед очсон. Тэгээд бид нар алхаж байтал Х.Отгонзаяа утсаар яриад хоцорсон. Би өмнө гараад алхаж байгаад ХААН банкны ойролцоо ирэхэд нэг ах ганцаараа явж байхаар нь би нөгөө хүнээс тамхи байна уу ахаа гэж асуухад байхгүй гэсэн. Тэгээд нөгөө ах гудамж руу орохоор нь араас дагаж ороод хөл рүү нь хавсарч газар унагаасан. Тэр үед нөгөө ах газар унахад нь Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гүйж ирээд нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд бид 3 дэвсэж байгаад цамцныхан халааснаас гар утас болон бэлэн мөнгө авсан. Тэгээд гар утсыг нь би авч мөнгийг нь Т.Баярсайхан авсан. Х.Отгонзаяад хандаж бид нар хүн дээрэмдчихлээ гэхэд Х.Отгонзаяа яаж байгаа юм бэ болохгүй шүү дээ гэж хэлсэн. ...08 дугаар сарын 14-ний өдөр Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нартай уулзаад цагдаа нар хайж байгаа болов уу, нөгөө хүн яасан бол гэж яриад л зөрсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-130 тал /

         Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нартай бүлгэлж дээрэм хийгээгүй. Би ганцаараа утас, мөнгө хохирогчоос дээрэмдэж авсны дараа нь Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар намайг хохирогчоор зодуулж байна гэж ойлгоод тухайн газар ирсэн учир бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. Хохирогчийн халаасанд 850 төгрөг байсан” гэв.

            32. Шүүгдэгч Д.Дашжүгдэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би хашаан дотроо хана хийж өнжисөн бөгөөд орой 22 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байтал миний найзууд болох У.Дашням, Х.Отгонзаяа, Т.Баярсайхан нар ирээд бид цуг тоглож байгаад гудамжны доод талд байрлах цагаан худагны хажуугаар явж байгаад цугтаа хойд 4 замын чиглэлд явсан. Хойд 4 замын чиглэлд явахдаа ямар нэгэн зорилгогүй тэнэж явсан юм. Бид нар 4 замд ирэхэд нэлээн орой болчихсон байсан ба 4 замын Хаан банкны дэргэд ирэхэд “Бид нар алхаж явтал Х.Отгонзаяа утсаар яриад бид нараас хоцорсон. У.Дашням бид нарын өмнө гараад алхаж байсан болохоор нь Т.Баярсайхан бид хоёр У.Дашнямыг гүйцэж очих гээд алхаж байтал У.Дашням нэг өндөр ахын дэргэд очоод цуг цааш нь алхаад гудамж руу орсон. Тэгээд араас нь Т.Баярсайхан бид хоёр дагаад явж байтал гудамж руу эргэж ороод У.Дашням цуг явсан хүнийг газар унагаачихсан байсан. Тэгэхээр нь Т.Баярсайхан бид хоёр гүйж очоод газар унасан байсан хүнийг өшиглөсөн, өшиглөх үед нөгөө хүн болиоч ээ гэхэд нь бид нар больцгоосон. Тэгтэл Т.Баярсайхан газар унасан байсан ахын халаасыг нь ухсан Тухайн үед У.Дашням дээр нь гарчихсан байсан. Т.Баярсайхан утас гаргаж ирээд У.Дашнямд өгөөд, хэтэвчнээс нь мөнгө аваад хэтэвчийг нь нөгөө газар унасан байсан ахын ойролцоо хаячихсан. ...У.Дашням явж байх замдаа Х.Отгонзаяад бид нар хүн дээрэмдсэн гэж хэлж байсан. У.Дашням нь Т.Баярсайхан бид хоёрын урд талд явж байгаад газар унагаачихсан байхаар нь Т.Баярсайхан бид хоёр гүйж очоод би 3 удаа толгойн тус газар нь өшиглөсөн. Т.Баярсайхан мөн толгой хэсэгт нь өшиглөж байсан”. гэх мэдүүлэг, /хх-ийн 121-125 тал /

            Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгт: “У.Дашням бидний өмнө гараад явж байсан ба Т.Баярсайхан бид хоёр араас нь явж байсан. Тэгтэл У.Дашням өндөр ахтай хамт явсан. Тухайн үед Х.Отгонзаяа байхгүй байсан ба бид хоёр У.Дашнямын араас очиход хоёулаа унасан байхаар бид хоёр очиж цохих үед хөгшин хүн боль гэж хэлэхээр цохихоо зогсоосон. Тухайн үед У.Дашнямыг утас, мөнгө авсан талаар мэдээгүй. Тэрнээс биш надад дээрэмдэх үйлдэл хйих бодол байгаагүй У.Дашням, Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нартай хамт алхаж байгаад гэртээ орох бодолтой гэрийн таавчигтай явсан. Т.Баярсайхан хохирогчийн халаасыг ухаагүй гэсэн. Анх цагдаагийн байгууллага орсон болохоор айгаад тэгсэн гэж мэдүүлэг өгсөн. Хоёрдахь удаа өгсөн мэдүүлэгтээ үнэнээр мэдүүлэг өгсөн” гэв.

 

            33. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би 2016 оны 8 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэрээсээ гарч У.Дашнямынд очиж тэднийхээс Х.Отгонзаяагийнд очиход тэр гэртээ байгаагүй. Гэрээсээ холгүй байдаг сагсны шийдэн дээр сагс тоглож байсан ба тэндээс Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, У.Дашням бид 4 У.Дашнямын гэрийн ойролцоо байдаг эзгүй зэлүүд газарт шөнө болтол юм ярьж суусан. Гудамжны гэрэлтүүлэг унтарч шөнийн 24 цаг өнгөрч байхад 4 зам дагаж гэрэлтэй цонх гэж нэршсэн дэлгүүр орохоор явсан. Тэгээд дэлгүүр орчихоод юу ч авалгүй 4 замын клонкын хажуугаар гарч ирсэн ба Х.Отгонзаяа бид нарын ард утсаар яриад үлдсэн. Гэтэл бид 3 урдаас нэг хүн ирж байсан ба түүнээс У.Дашням очиж тамхи асуугаад түүнийг дагаад гудам руу араас нь орсон. Тэгээд нарийн гудамжинд гэнэт хүн орилж араас нь гүйгээд ортол У.Дашням нөгөө хүнийг боож байсан ба Д.Дашжүгдэр нөгөө хүнийг хавирч унагаасан тэр 2 түүнийг тал талаас нь өшиглөж зодсон. Тэгэхээр нь би бас нөгөө хүний хөл хавьд нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Дашням газар унасан хүний дээр суугаад халаасыг нь ухаад тамхи болон гар утас, дэвтэр цаас гаргаж ирсэн. Дашням нь газар унасан байсан хүнээс салаад явж байхдаа үүнийг ав май гээд надад мөнгө өгсөн тухайн үед 800.000 төгрөг байсан. Тэгээд бид зам дээр гарч ирэхэд нэг Корроло маркийн шаргал өнгийн суудлын автомашин ирэхээр нь Дашжүгдэр бид хоёр айгаад зугатаагаад Хаан банкны урд очсон тэр үед Дашням цаанаас ирж байсан Отгонзаяатай цуг машинтай хүн дээр очсон. ...Харанхуй шөнө юу хийгээд яваад байгаа юм харьж амарцгаа гэж хэллээ гэж байсан. Хүн зодож байхад Отгонзаяа байгаагүй, гэхдээ бид нарын ярианаас ойлгосон. Мөн Дашням утас гаргаж ирж байсан болохоор Отгонзаяа мэдсэн байхаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн  116-119 тал,/

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Тухайн үед ийм зүйл болно гэдгийг бодоогүй. Урьдаас дээрэмдэх гэмт хэрэг үйлдэнэ гэдгийг төлөвлөөгүй. Хохирогчийн халааснаас гар утас эд зүйлийг У.Дашням авсан. Мөрдөн байцаагч ялын тогтоол унших үед сонсгосон ялыг зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

            34. Шүүгдэгч Х.Отгонзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Гэтэл нөгөө  гурав 4 замын Хаан банкны хажуугийн нарийн гудамжнаас гарч ирсэн ба нэг хар өнгийн гар утас, 800 төгрөгийн хамт гаргаж ирээд сая хүн зодож дээрэмдэж авлаа гэж хэлсэн. Бид 3-лаа зодлоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь би та нар яаж байгаа юм бэ болохгүй зүйл хийсэн байна гэж хэлээд тэндээс бид нар харихаар болж нэг чиглэлд байдгаараа Д.Дашжүгдэр бид 2 хамт нөгөө 2 хамт харьхаар явцгаасан. Бид нар Онцгой байдлын хажуу талын аюулгүй байдлын тойргоос салсан. Миний урьд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Надад сонгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” /хх-ийн 243 тал /

           

                 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Би утсаар цаг гаруй ярьсан байх надтай хамт явсан Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр, У.Дашням нар алга байсан. Миний утасны цэнэг дуусахаар хамт явсан дээрх найзуудаа хайсан боловч олдохгүй байсан тул гэр лүү явж байтал У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар урьдаас гарч ирсэн. Мөнгө авсан талаар мэдээгүй, замдаа Дашням хүн зодсон, утас авсан гэж хэлсэн. Гэхдээ хохирогчийг тийм аймаар зодож дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй. Хэргээ ойлгож хүлээж байна” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

               Нэг. 2016 оны 8  дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Пүрвээгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, гар утас, түрийвч, бусад эд зүйлийг нь дээрэмдэж, 79500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хохирогч Р.Пүрвээ, гэрч Б.Дамиран, Д.Тэмүүлэн, П.Цээпил, П.Агваандугар, Ч.Цэвээнгэрэл нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 420 тоот дүгнэлт,  гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч У.Дашнямаас гар утас хураан авсан тогтоол, тэмдэглэл, хохирогч Р.Пүрвээд Нокиа 3210 маркийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                Шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Бунжаа, М.Мөнхөө нар “Прокуророос шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохироогүй, шүүгдэгч Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч У.Дашням нь уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэх үндэслэлтэй” хэмээн санал гаргаж мэтгэлцсэн.

              Дээрмийн гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл байдаг бөгөөд довтолгоон эхэлснээр дээрмийн гэмт хэрэг төгссөнд тооцогдох бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтгүй, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

            Шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар хүч хэрэглэн халдан довтолсон, улмаар хохирогч Р.Пүрвээгийн бие махбодид хөнгөн /тархи доргилт, дух, зүүн хөмсөгт язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимын салст, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун зүүн хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, баруун тохой, шуу, сарвуу, зүүн шуунд зулгаралт/ гэмтэл /1-р хх-ийн 69/ учруулж, хохирогчийн хувцасны халааснаас гар утас, түрийвч болон бусад эд зүйлийг /1-р хх-ийн 24-29, 60-61, 75/ авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шунахайн сэдэлтээр амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн шинжийг, хамтран бүлэглэж үйлдсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцлийг тус тус хангаж байна.   

            Мөн хохирогч Р.Пүрвээгийн “...намайг дагаад хамт явж байгаад нөгөө залуу гэнэт миний нүүр лүү цохисон тэр үед миний нүүрэнд гал манрах шиг болоод л би газар унасан,  миний толгой, гэдэс, нуруу руу өшиглөөд цохиод байсан би толгойгоо дараад миний нүдийг битгий сохолчихоорой гэж орилж байсан. Тэгтэл нэг залуу нь наадах чинь хөгшин хүн байна шүү дээ наад хүнээ хая гэж хэлсэн. Намайг газар унасан байхад 2 залуу нэмж ирсэн бөгөөд тухайн хоёр залуу нь намайг мөн өшиглөж цохисон...” /1-р хх 37 ар талд/ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханы “...Тэгтэл У.Дашням тэнд нэг хүн явж байна гэж хэлээд түрүүлээд алхаад явсан тэгэхээр нь араас нь Д.Дашжүгдэр бид хоёр зайтай алхаад очсон. У.Дашням зам дагаад явж байгаад гудамж руу ороод нэг ахыг газар унагачихсан цохиж байсан. Тэгэхээр нь би хөл хавьд нь нэг удаа өшиглөсөн. ...Тухайн үед Д.Дашжүгдэр надтай цуг очоод цээж хэсэг рүү нь өшиглөж байсан...” /1-р хх-ийн 116 ар тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Дашжүгдэрийн “...У.Дашням нэг өндөр ахын дэргэд очоод цуг цааш нь алхаад гудамж руу орсон. Тэгээд араас нь Т.Баярсайхан бид хоёр дагаад явж байтал гудамж руу эргэж ороод У.Дашням цуг явсан хүнийг газар унагаачихсан байсан тэгэхээр нь Баяраа бид хоёр гүйж очоод газар унасан байсан хүнийг өшиглөсөн, өшиглөх үед нөгөө хүн болиочээ гэхэд нь больцгоосон. Тэгтэл Т.Баярсайхан газар унасан байсан ахын халаасыг нь ухсан. Тухайн үед У.Дашням дээр нь дарчихсан байсан. Т.Баярсайхан утас гаргаж ирээд У.Дашнямд өгөөд хэтэвчнээс мөнгө аваад хэтэвчийг нь нөгөө газар унасан байсан ахын ойролцоо хаячихсан. Бид нар сүүлд хэтэвч хаясан газар очсон боловч хэтэвч байхгүй байсан...” /1-р хх-ийн 121 ар тал/ гэх мэдүүлэг, шүүгдэгч У.Дашнямын “...Хаан банкны ойролцоо ирэхэд нэг ах ганцаараа явж байхаар нь би нөгөө хүнээс тамхи байна уу ах гэж асуухад байхгүй гэсэн тэгээд нөгөө ах гудамж руу орохоор нь араас нь дагаж ороод хөл рүү нь хавсарч газар унагаасан тэр үед нөгөө хүн газар унахад нь Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гүйж ирээд нүүр лүү нь өшиглөсөн тэгээд бид 3 дэвсэж байгаад цамцныхан халааснаас гар утас болон бэлэн мөнгө авсан.” гэх сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдээр уг гэмт хэргийг шүүгдэгч нар хамтран бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон болно.

               Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Б.Бунжаа, М.Мөнхөө нарын гаргасан “Дээрмийн гэмт хэргийг У.Дашням ганцаараа үйлдсэн, бүлэглэж үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.

              Хоёр. Шүүгдэгч Х.Отгонзаяа нь дээрх дээрмийн гэмт хэргийг У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар бүлэглэн үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлджээ.

             Энэ нь шүүгдэгч Х.Отгонзаяагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “...би нөгөө хэд олдохгүй болохоор нь зам дагаад явж байтал Хаан банкны арын 2 залгаа гаражны арын гудамжнаас У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар гарч ирсэн. У.Дашням, Т.Баярсайхан, Д.Дашжүгдэр нар хүн зодоод утас, мөнгө дээрэмдчихлээ гэж хэлж байсан. Тэгээд бид гэр нар гэрлүүгээ явсан. Би Д.Дашжүгдэртэй нэг чиглэлд байдаг болохоор цуг явж байтал Д.Дашжүгдэр надад хандаж бид 3 хүн цохиод утас, мөнгийг нь авчихсан гэж хэлсэн. Тухайн үед дээрэмдэж авсан гар утсыг У.Дашням авсан гэж хэлж байсан мөнгийг нь хэн авсныг мэдэхгүй байна. Сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханы “...Хүн зодож байхад Х.Отгонзаяа байгаагүй. Гэхдээ бид нарын ярианаас ойлгосон, мөн У.Дашням утас гаргаж ирж байсан болохоор Х.Отгонзаяа мэдсэн байхаа...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Дашжүгдэрийн “...У.Дашням явж байх замдаа Х.Отгонзаяад бид нар хүн дээрэмдсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч У.Дашнямын “...Тэгээд гудамжнаас гараад ирэхэд зам дээр Х.Отгонзаяа байсан. Х.Отгонзаяад хандаж бид нар хүн дээрэмдчихлээ гэхэд Х.Отгонзаяа яаж байгаа юм бэ болохгүй шүү дээ гэж хэлсэн. ...8 дугаар сарын 14-ний өдөр Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нартай уулзаад цагдаа нар хайж байгаа болов уу, нөгөө хүн яасан бол гэж яриад л зөрсөн...” /1-р хх-ийн 43-44, 117, 121-122, 127/ гэж мэдүүлсэн мэдүүлэг баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Х.Отгонзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байна.

             Иймд шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Отгонзаяаг У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

            Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 41000 төгрөгийн үнэ бүхий Нокиа-3210 маркийн гар утасыг хохирогчид хүлээлгэж өгсөн, мөн шүүгдэгч нар нь хохирогч Р.Пүрвээд нийт 850.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас цаашид гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.   

            Шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Дамиран, Б.Дуламжав, О.Төмөржав, Б.Баттогтох, С.Ууганбаяр /1-р хх-ийн 42, 48, 53, 55, 57/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 7, 12  дугаар багийн Засаг дарга нарын тодорхойлолт, ял шийтгэлийн лавлагаа зэрэг бусад хувийн байдал тогтоосон /хх-139-142, 155-160, 166-170/ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, эд хөрөнгө хураахгүйгээр тус тус шийдвэрлэсэн болно.  

              Мөн шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нь 1999 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 17 настай, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг, цаашид сурч боловсрох боломжийг олгох, түүнчлэн Увс аймгийн Цагдаагийн Газрын Нийтийн Хэв Журам Хамгаалах Тасаг болон мөн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн хорих ял биелүүлэхийг хойшуулах тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, засрал хүмүүмжилд дөхөм үзүүлэх, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч О.Төмөржавт хариуцуулахаар шийдвэрлэв.

             Энэ тогтоолоор шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нараас гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч У.Дашнямын эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий 8 ханатай, шалтай монгол гэр, шүүгдэгч Д.Дашжүгдэрийн эзэмшлийн 850.000 төгрөгийн үнэ бүхий 8 ханатай битүү шалтай монгол гэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханы эзэмшлийн 850.000 төгрөгийн үнэ бүхий битүү шалтай 8 ханатай монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, харин шүүгдэгч У.Дашням нь 14 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, мөн урьд 2014 онд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Галзад овогт Ууганбаярын Дашням, Борлууд овогт Дэмбэрэлийн Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Шангас овогт Төмөржавын Баярсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг,

          - Шүүгдэгч Хошууд овогт Хатуугийн Отгонзаяаг У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр У.Дашнямд 03 /гурав/ /жил 05 /тав/ сар хорих ял, шүүгдэгч Д.Дашжүгдэрт 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 01 /нэг/ хоног хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд 02 /хоёр/ жил 07 /долоон/ сар хорих ял,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 /есөн зуун жаран/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан, 52.5 дахь хэсэгт зааснаар У.Дашням, Д.Дашжүгдэр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Шүүгдэгч Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дашнямын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

                  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нараас гаргуулах хохирол, төлбөргүйг тус тус дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарын эзэмшлийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 26, 27-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

                    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 62.3-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч О.Төмөржавт даалгасугай.

                 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонзаяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч У.Дашням, Д.Дашжүгдэр нарт өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

               Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

.                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА

                                           ШҮҮГЧИД                                   Б.ГАНСҮХ

                                                                                                Д.АЗЖАРГАЛ