Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 201620000142

 

 

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Гансүх, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,               

            Иргэдийн төлөөлөгч Т.Отгонбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгч: Х.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201620000142 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шїїгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 28 дугаар байр 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Борлууд овогт Хүлтээгийн Батбаяр /РД:ОО74110677/, 

            Хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдснаар/ /Шүүгдэгч Х.Батбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баттулгатай маргалдаж улмаар түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              1. Хохирогч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ... 1 шил, 0,75-ийн архи, 1 тамхи авч өгөөд ...М.Анхбаяр гэрт очиж хашаан дотор Анхбаярын машин дотор Анхбаярын эхнэр бид 3 хувааж уусан юм. Архи дуусаагүй байтал Анхбаярын найз бололтой Батбаяр болон өөр 3 залуу ирсэн. ...Бид нар нилээд халамцаж согтсон юм. Х.Батбаяр уурхай явдагаа яриад намайг “чи дандаа очер дугааргүй дайрч ордог. Ер нь хонож үзсэн юм уу” гээд үг хаяад байсан, би ярианы сэдвийг өөрчилж, “танай Ядамцоо ах чинь саяхан зурагтаар гарч байна лээ. Надад нэг унагатай гүү байдаг. Түүнийгээ уралдуулъя байз, ямар ч морийг уяж болдог гэж хэлж байсан биз дээ” гэтэл Батбаяр тэр үгэн дээр уурлаад надтай маргалдаад байсан. ... Х.Батбаяр согтчихоод хүний үг мушгиад Анхбаяртай ч бас маргалдаад байсан. Х.Батбаяр ер нь агсам тавих шинжтэй байсан. Би гэрээс гарах гэтэл Батбаяр босож ирээд намайг 2-3 удаа цохих гэхэд нь би бултаад цохиулаагүй юм. Тэгээд Анхбаяр бие засахаар гадагш гарсан араас нь нөгөө залуучууд гараад би гэрт Анхбаярын эхнэртэй хамт үлдэж байж байгаад “заа одоо би харилаа” гэж хэлээд гартал нөгөө залуучууд гэрийн баруун талд машины хажууд зогсож байснаа Батбаяр нь намайг харснаа муу пиздаа чамайг алаад хаячихъя, хэзээ ийм том болчихсон юм бэ гэж хэлээд намайг заамдаж авсан шууд үүрээд шидсэн би баруун талаараа савж унатал Батбаяр үргэлжлүүлээд намайг дарж унасан хажуугаас Мөнхөө гэх биерхүү залуу нь ирээд гуя орчимд өшиглөсөн би босох гэж байснаа буцаад унахад тэр 2 хавирга гэдэс орчим ээлжлээд өшиглөөд байсан тэгж өшиглүүлж байтал гэнэт гэдэс дотор юм хагарах шиг болж амьсгал боогдоод нүднээс гал гараад явчихсан. Би амьсгал авч чадахгүй тонгойж эвхэрч хэвтэж байхад дээрээс өшиглөөд байсан. Тэгтэл Анхбаярын дуу гарч яасан залуучууд гэсэн тул би Анхбаяр ахаа гэж дуудаад салгаж авал даа гэхэд Анхбаяр тэднийг салгах гээд тэдэнтэй ноцолдоод нэгийг нь барьж авахад нөгөөх нь гүйж ирээд намайг өшиглөөд байсан. Тэгж байтал би ухаан алдсан.  ...Тэгээд Анхбаяр ах гэрээсээ гарах үед Батбаяр нар нь дагаад гарсан тул би Амар эгчийн хамтаар сууж байгаад харихаар гаргахад хашаан дотор гэрийн баруун талд байсан ачааны машины өмнө хэсэгт Х.Батбаяр, Хөгшөө, Мөнхөө нар зогсож байсан тул зөрөөд хашааны хаалга руу явж байтал хойноос Х.Батбаяр гүйж ирээд чи их том болж пизьда минь гээд бариад авахаар нь өмнөөс нь түлхээд холдуулах үед Х.Батбаяр нь шууд үүрэх мэх хийж намайг газарт унагааж хөлөөрөө миний хэвлий хэсэгт дэвссэн. Энэ үед миний давсаг орчмоос маш их өвчин мэдрэгдэж нүднээс нулимс гарч амьсгал хаагдчих гээд боогдоод байсан. ...Би тухайн өдөр архи ууж нилээд согтсон байсан. Тэгээд Х.Батбаяртай маргалдаж байгаад санаандгүй байдлаар Х.Батбаярын нүүр лүү гараараа нэг удаа цохисон, хаана цохисоноо бол сайн мэдэхгүй байна. Тэгэхэд намайг мушгиж газарт унагаагаад дээрээс дарж унасан. Энэ үед миний давсаг орчимд маш хүчтэй өвдөлт мэдрэгдсэн. ...Би тэр өдөр согтруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Газарт унаад нуруу өвдөж байсан тул өшиглөж зодсон байна гэж бодсон юм. Батбаяр бид 2 маргалдаад би түүнийг түлхтэл тэр миний гарыг барьж үүрэх шиг болоод би түүн дээгүүр давж газарт унасан тэр над дээр дарж унасан юм. Батбаяр намайг газарт унасан хойно дахин өшиглөж зодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 89-90, 92, 180 тал/,

           2. Гэрч М.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал нэг жолооч танил маань утасдаж урд шинэ дулааны цахилгаан станцын барилгын шав тавих үйл ажиллагаа явагдаж байна ажил олдож магадгүй хүрээд ир гэсэн тул тэдний гэрт очих замдаа Б.Баттулгыг гэрээс нь аваад самбартай хөтлийн цаад талд очиход шав тавих ёслол болж байсан бөгөөд хүмүүс цуглачихсан байсан юм. Би тэд нартай хамт байж байгаад голын хөвөөнд очиж бүгдээрээ нийлж жолооч нарын холбоо байгуулаад тэндээсээ харихаар явахад миний машинд Б.Баттулга, Эрдэнэбаатар нар сууж Улаангом орж ирсэн юм. Бид харих гэж байтал Б.Баттулга нэг шил архи авч өгье гэж хэлсэн тул Хишигт дэлгүүр дээр очиж Б.Баттулга нэг шил 0.75 литрийн  архи, тамхитай авсныг нь Эрдэнэбаатарын гэрийн гадна очиж уух гэтэл Эрдэнэбаатар уухгүй гээд гэртээ орсон. Тэгээд би Б.Баттулгатай хамт хашаандаа очиж машин дотор эхнэрийг дуудаж суулгаж байгаад тэр архийг уугаад доороосоо 3 хуруу дутуу болж байтал Базаррагчаа гэх хүн утасдаж надаас банз авья гэж хэлсэн юм. Би гэртээ байгаагаа хэлж ирээд ав гэхэд тэр удалгүй хүрч ирэхдээ танил хүмүүс болох Х.Батбаяр, Б.Мөнхжаргал, Н.Ядмаа гэх хүмүүсийг болон өөрийн эхнэрийг дагуулж ирсэн. Бид тэдэнд банзаа үзүүлчихээд үлдэгдэл архиа тэдэнд хундгалж өгөөд дуусгасан. Тэгтэл Н.Ядмаа нэг шил архийг Базаррагчаагийн эхнэрийн цүнхнээс гаргаж, түүнийг нь бид уугаад сууж байтал Базаррагчаа эхнэртэйгээ хамт эмнэлэгт хүний бие муу байгаа гэж хэлээд миний эхнэрээр цай чануулж аваад эхнэрээ болон Мөнхөөг дагуулаад явсан. Бид ойр зуурын зүйл ярилцаж байтал тэр гурав эмнэлгээс буцаж ирээд Мөнхөө нь хоцорч Базаррагчаа эхнэрийн хамт яваад өгсөн юм. Би дахин нэг шил архийг хүүхдээрээ авахуулсан бөгөөд түүнийг задлаад ууж эхэлж байсан юм. Энэ хугацаанд Х.Батбаяр, Б.Баттулга нар халамцуу согтуу байсан бөгөөд хоорондоо нам яриад үг хаяад маргалдаад байсан юм. Би Х.Батбаярыг дуудаж гэрээс гаргаад гэрийн үүдэнд түүнд хандаж: “чи наад Б.Баттулгатай зодолдож болохгүй. Наад хүн чинь бие муутай толгой нь хагархай гай болно” гэж хэлэхэд Х.Батбаяр надад тэгээд доромжлуулаад суугаад байх юмуу гэсэн би түүнд чи тэвч сүүлд нь гай болно шүү гэж хэлчихээд бие засахаар жорлон явчихаад бие засаж байтал эхнэр маань орилсон би эргээд хартал Х.Батбаяр дээр нь гарчихсан Б.Баттулга нүцгэн доор нь газарт хэвтсэн байдалтай ноцолдож байсан юм. Би эргэж гүйгээд наад хүмүүсээ битгий зодолдуул гэж хэлээд явж очоод Х.Батбаярыг салгаж цаашаа түлхээд эхнэртээ бариулаад Б.Баттулгыг аваад эргэтэл Б.Баттулга цамнаад Х.Батбаяр дээр очиж түүнийг үсдэж аваад салахгүй байсан. Түүнийг нь би салгаад цаашаа гэрт оруулах гэтэл Б.Мөнхжаргал хүрч ирээд чи миний найзыг үсдэж татдаг хэн юм бэ? гэж хэлээд зодох гээд байхаар нь би түүнийг түлхэж зайлуулаад Б.Баттулгыг гэрт оруулсан юм. Тэгээд Б.Баттулгыг унтаж амар гэр оронд ингэж болохгүй гэж хэлээд тайвшруулаад унтуулсан юм. Би буцаж нөгөө хүмүүсийг тайвшруулаад архиа хувааж ууж байгаад би унтаад өгсөн. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал /,

            3. Гэрч Б.Амарын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ 15.00 цаг орчимд ирээд байж байтал нөхөр маань 17.00 цаг орчимд гэртээ ирсэн бөгөөд нөхөртэй хамт Б.Баттулга гэх залуу ирсэн юм. Тэр 2 нэг шил архи авч ирсэн тул бид ярилцаад хүүхдүүдийн хажууд ууж болохгүй гэж хэлээд машин дотор орж уусан юм. Тэгж байтал гаднаас Х.Батбаяр, Б.Мөнхжаргал, Ч.Туяа, Н.Базаррагчаа, Н.Ядмаа нар ирсэн юм. Тэд нарт бид ууж байсан архины үлдэгдлийг өгч архи дууссан юм. Тэгтэл Н.Ядмаа нэг шил архи гаргаж ирээд бид түүнийг үргэлжлүүлж ууж байтал Н.Базаррагчаа, Ч.Туяа нар Б.Мөнхжаргалыг дагуулж эмнэлэг явчихаад буцаж ирээд Б.Мөнхжаргалыг үлдээгээд яваад өгсөн. Түүний дараа Х.Батбаяр, Б.Баттулга нар хоорондоо нам, сонгууль, нэр дэвшигч нарын тухай ярьж байгаад Б.Баттулга нь Х.Батбаяр луу чи Чойжилсүрэнгээс мөнгө авчихсан худалдагдсан юмуу гэхэд тэр хүмүүс инээлдээд тоглоом болгоод өнгөрсөн тэгтэл дахин түүнийгээ яриад нам ярьж талцаад маргалдаад эхэлсэн юм. Сүүлд нэг нэгнээ хэн юу юм баас шээс гэж хараагаад дуудаад Б.Баттулга нь Х.Батбаярыг үг хэлээр доромжлоод байсан би зодоон болж магадгүй гэж бодоод Х.Батбаярт хандаж та нар сүүлд ирсэн эрүүл шахуу байгаа хүмүүс наад хүн чинь согтуу байна тэвч гэж хэлж байсан юм Х.Батбаяр нилээд уурлаж байгаа бололтой би их тэвчиж байна шүү гэж хэлээд өндөлзөөд сууж ядаад байсан. Тэгж байтал Б.Баттулга нь чи их ямар ах дүү нартай юм сэгсгэр Ядамцоо чинь юу юм бэ? гэсэн тэгтэл Б.Баттулга уурлаад чи намайг янз бүрээр хэлж болно миний хамаатнууд энд хамаагүй гээд маргалдсан тэгэхэд нь миний нөхөр М.Анхбаяр нь гэрээс гарснаа намайг дуудсан би гарахад Х.Батбаярыг дуудчих гэхээр нь дуудаж өгсөн тэгээд хажууд нь байж байтал М.Анхбаяр Х.Батбаярт хандаж Чи наад залуутайгаа зодолдож болохгүй бие султай шүү гай болно шүү гэж хэлчихээд М.Анхбаяр бие засахаар явсан юм. Н.Ядмаа бас бие засахаар явсан юм. Би гэрийн ойролцоо зогсож байсан Х.Батбаяр гэрийн гадна үүд орчимд зогсож байтал Б.Баттулга гарч ирээд цамцаа тайлаад Х.Батбаяр луу очиж нэг юм атгаастай гараараа Х.Батбаярыг нэг удаа цохисон юм. ...Зодоон манай гэрийн баруун талд байсан машины хажууд баруун талд гэрээс 4-5м зайд болсон. Зодоон эхлэх үед Анхбаяр, Ядмаа нар жорлонгын хажууд нилээд зайтай, Батбаяр гэрийн баруун талд үүд талд зогсож байсан. Тэгтэл Баттулга цамцаа тайлаад гэрээс гарч ирээд Батбаяр руу луу дайрч цохисон. ...Тухайн үед Баттулга нь Батбаярыг гараараа цохичихоод дахин цохих гэхэд нь Батбаяр түүний гарыг барьж биеэсээ холдуулж мушгих үйлдэл хийхэд Баттулга газарт уначихаад өөр дээрээ Батбаярыг татаж унагаасан. Мөн босож ирээд Батбаярын үснээс зуурсан тул Мөнхжаргал салгасан. Би Х.Батбаярыг тайвшруулаад хориглоод зогсож байтал Мөнхөө ус авахуулаад Б.Батбаярын толгойг угаалгаж байсан тэр үед Б.Баттулга газарт суучихсан өөрөө гар нүүрээ угааж байсан. М.Анхбаяр бас хажууд нь зогсож байсан. Тэгээд М.Анхбаяр Б.Баттулгыг аваад гэр лүү орсон араас нь би байж байгаад ороход Б.Баттулга манай гоожуур хавьцаа тонгойгоод суучихсан байсан. Би хүмүүс согтоод зодолдоод байна гэж хүүхдээ дуудсан. Тэгээд хүү ирсний дараа хүүд Б.Баттулга агаадаан намайг аваатхаач гэж хэлээд хүү Ариунбилэг нөхрийн машинаар Б.Баттулгыг гэрт нь хүргэхээр явсан юм. Тэр үед гэрийн баруун орны наад талаар хөнжил газарт уначихсан байсан. Анхбаяр Б.Баттулгыг орон дээр хэвтүүлсэн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-39, 180-р тал /,

               4. Гэрч Н.Ядмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "Тэр өдөр би найз Х.Батбаярын хамт ...М.Анхбаяртай утсаар ярьж хаана байгааг нь асуугаад тэднийхээс 3 ширхэг банз худалдаж авахаар болсон юм. Тэгээд тэдний гэрт очихын өмнө дэлгүүр орж би нэг шил 0.5 литрийн архи авсан. М.Анхбаярын гэрт очиход тэдний гэрт М.Анхбаяр эхнэрийн хамт мөн Б.Баттулга гэх танихгүй залуу, хажууд нь бас эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бөгөөд тэр 2 нь удалгүй яваад өгсөн. М.Анхбаяр, Б.Баттулга нар нь архи хувааж уусан бололтой нилээн халамцуу байсан. Бид тэднийд банз үзчихээд үлдэгдэл архийг нь нэг тойруулж амсаж дуусгаад гэрт нь орж миний авч ирсэн 0.5 литрийн архийг хувааж уусан юм. Тэгж байтал Н.Базаррагчаа эхнэрийн хамт эмнэлэг рүү яваад өгсөн. Б.Мөнхжаргал тэдэнтэй хамт яваад эмнэлэгт цай хүргэчихээд буцаж ирсэн. Тэгээд ...М.Анхбаяр, Б.Мөнхжаргал, Б.Баттулга, Б.Амар бид нар үлдэж архийг ууж байхад Х.Батбаяр, Б.Баттулга нар нам сонгууль ярьж талцаж маргалдаад Б.Баттулга нь Х.Батбаярыг хэл амаар доромжилж элдэв зүйл яриад байсан мөн Х.Батбаярын хамаатан Ядамцоог хүртэл элдвээр хэлж доромжилсон. Х.Батбаяр нилээд тэсээд дуугүй суугаад байсан. Тэгж байтал М.Анхбаяр, Б.Амар нар нь Х.Батбаярыг дагуулж гарсан. Араас нь Б.Мөнхаргал гараад би гэрт Б.Баттулгатай үлдсэн. Тэгтэл удалгүй Б.Баттулга цамцаа тайлаад орилоод араас нь гарсан. Би гэрт хоцорсон байтал гадна чимээ шуугиан гарсан тул би гарахад Х.Батбаяр, Б.Баттулга нар барьцалдаад газарт уначихсан байсан. Хажууд нь М.Анхбаяр, Б.Амар, Б.Мөнхжаргал нар байсан. Би гараад наадуулаа салгаж авцгаа би ийм зүйлд оролцдоггүй хүн гэж хэлчихээд бие засахаар жорлон ороод буцаж ирсэн. Тэгээд ус аваад ир гэхээр нь ус аваачиж өгсөн. Тэд нар гэрийн үүдэн дээр байсан бөгөөд Б.Баттулгын дух орчимд шалбарч цус гарсан байсан тул угааж өгсөн. Х.Батбаярын зүүн нүд хавдсан байсан тул бас ус хийж өгсөн. ...Тухайн өдөр Б.Баттулгын биед үүссэн гэмтлийг Х.Батбаяр нь мушгиж унагаагаад дээрээс нь дарж унахад үүссэн гэж бодож байна. Тэд нарын хооронд зодоон болоогүй. Б.Мөнхжаргал Б.Баттулгатай ямар нэгэн байдлаар зодолдсон, барьцалдсан зүйл байхгүй… Сүүлд М.Анхбаяр нь Б.Баттулгын нүүрийг угаасны дараа 2 гар дээрээ тэвэрч гэртээ оруулаад зүүн талын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Биднийг сууж байтал Б.Баттулга орон дээрээс эвхэрч унаад боссоноо би харилаа, шээмээр байна гэж хэлээд гарсан юм. М.Анхбаяр хүүхдээрээ түүнийг хүргүүлэх шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р тал /,

              5. Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Биднийг ороход Х.Батбаяр, Б.Баттулга нар сонгууль, нам яриад талцаад хоорондоо маргалдаж байсан. Тэднийхээс жорлонд орж бие засаж байтал М.Анхбаяр ирж жорлонд орсон. Тэгтэл гэрээс Б.Баттулга гэх залуу цээж нүцгэн гарч ирээд Х.Батбаярын зүүн нүд орчимд цохисон. Тэгтэл Х.Батбаяр түүнийг барьж аваад тонгорч өөр дээгүүрээ давуулж газарт унагаад өөрөө дээрээс нь давхарлаж унасан. Х.Батбаяр дээр нь Б.Баттулга доор нь унасан. Тэр 2 дээр доороо ороод ноцолдоод байсан. М.Анхбаяр түрүүлж гүйж очиж салгасан би араас нь очиж Х.Батбаярыг тэвэрч автал Б.Баттулга Х.Батбаярын үснээс зуурсан байсан. Би үлдсэн гарыг нь тавиулаад тэр 2-ыг салгаж Б.Амараа бид 2 Х.Батбаярыг авч Б.Баттулгыг М.Анхбаяр бариад холдуулж салгасан. Миний харснаас Б.Баттулга Х.Батбаярын нүд орчимд гараараа цохисон. Х.Батбаяр Б.Баттулгыг тонгорч өөр дээгүүрээ давуулж шидсэн боловч тэр хоёр хамтдаа газарт унасан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 178-179-р тал /,

                6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай шинжээч эмчийн: “Б.Баттулгын биед давсагны задрал /хэвлийн хөндийд шингэн агууламжтай, хэвлийн гялтан хальсны цочрол/, аюулхай, нуруу хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 53-р тал/,    

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 276 дугаартай шинжээч эмчийн: “Х.Батбаярын биед тархи доргилт, зүүн нүдний шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 58-р тал /,

            8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

            9. Х.Батбаярын согтруулал шалгасан /1,56%-ийн согтолтой/ магадалгаа, /хх-ийн 13-р тал/,  

            10. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 17-19, 64-р тал /,

            11. Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 299 тоот автомашин үнэлсэн /2.100.000 төгрөгөөр/ тухай тайлан. /хх-ийн 62-63-р тал/,

            12. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хохирогчийн тодорхойлолт /хх-ийн 24 тал /, 

            13. Хохирогчийн хувийн байдал болон өвчний түүх, эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд,  /хх-ийн 109-113, 153-162, 128-146-р тал/,

            14. Увс аймгийн прокурорын газрын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 12 тоот прокурорын тогтоолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан Х.Батбаяр нарт холбогдох 201620000142 дугаартай эрүүгийн хэргээс Балдайн Мөнхжаргалд холбогдох хэргийг Монгол Улсын ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. /хх-ийн 163-р тал/,

            15. Увс аймгийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 13 тоот прокурорын тогтоолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан Х.Батбаяр нарт холбогдох 201620000142 дугаартай эрүүгийн хэргээс Б.Баттулгад холбогдох хэргийг Монгол Улсын ЭБШХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. /хх-ийн 191-192-р тал/,

            16. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 95-102-р тал/,

            17. Шүүгдэгч Х.Батбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 10-ны 16:00 орчимд Туяа, Б.Мөнхжаргал, Н.Ядмаа нарын хамт 5-уулаа М.Анхбаярын гэрт очсон юм. Тухайн үед биднийг очиход М.Анхбаяр түүний эхнэр Б.Амар. Б.Баттулга гурав машин дотор оо архи уугаад сууж байсан юм. Тэгээд Н.Ядмаа замдаа авч очсон Улаанбаатар архийг задалж түүнийг хувааж ууцгаасан юм. Тэр архийг хувааж ууж байхад Туяа, Базаррагчаа нар сонгуулийн талаар ярьсан ба Б.Баттулга уурлаад та нар ардчилалын хүмүүс байна. Улс орон газар нутгаа хувааж идсэн пиздаанууд гээд агсраад байсан. Би түүнд тэр чинь надад  ямар хамаатай юм гэж хэлэхэд болихгүй 30 орчим минут агсамнаж үг яриад байсан. Тэгээд чи бид 2-т нам ямар хамаатай юм гэхэд миний ах дүү нарыг муу хэлээд байсан юм. Би түүнд чи миний ах дүү нарыг бүү муу хэл зодох гээд байгаа юм бол намайг зод гэж хэлсэн. Тэгтэл Амараа намайг дуудсан тул би гарахад М.Анхбаяр, Амараа 2 байсан араас Мөнхөө гарч ирсэн юм.  М.Анхбаяр надад чи энэ хүнтэй зодолдож болохгүй наад хүн чинь бие муутай тэвчээд өнгөрчих наадхаа гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал Б.Баттулга гарч ирээд намайг эргэж хартал шууд нэг удаа нүдрүү цохисон юм. Би цохиулчихаад хартал Б.Баттулга гартаа чулуу атгачихсан байсан. Тэр дахин цохих гэхэд нь би түүний  гарыг нь барьж аваад мушгиж унгаасан. М.Анхбаяр биднийг салгаад байж байтал түүний мөрөн дээгүүр Б.Баттулга намайг дахин үсдэж авсан. Тэгээд салцгаасан, Н.Ядмаа гэрээс ус авчираад миний нүүрнээс цус гарсан байсан тул угаалгасан. Би тамхи татаад тайвшираад гэрт ороход Б.Баттулга зүүн талын орон  дээр хэвтэж байсан, бид нар гэрт орж үлдсэн архиа хувааж ууж байтал Б.Баттулга би харьлаа гэхэд М.Анхбаяр хүү А.Билгүүнээрээ түүнийг гэрт нь хүргүүлсэн. Бид үлдсэн архиа хувааж ууцгаагаад 23:00 цаг болж байхад гэртээ харьсан. Тухайн үед Б.Баттулга нь намайг өөр дээрээ татаж унагаасан тэр үед л биед нь гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Бидний хооронд урьд нь өр авлага өш хонзонгийн зүйл байгаагүй. Би хүнд хар буруу санадаггүй учир санамсаргүй, болгоомжгүйгээр хэрэгт холбогдсондоо маш их санаа зовж, гэмшиж байна. Энэ хэрэг үйлдэхэд миний буруутай үйлдэл байгаа тул Б.Баттулгатай уулзаж, ярилцаж өөр өөрсдийнхөө бурууг хүлээж эвлэрсэн, хэн хэндээ гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Мөн эхлээд 1.200.000 төгрөг, дахин 4.200.000 төрөг, тугалтай үхэр өгөөд нийт 6 сая төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Өнгөрсөн 160 хоногийн хугацаанд миний хүүхдийн байдал нэг л аз жаргалгүй, санаа сэтгэл тогтворгүй, аав ээж маань настай буурал өндөр настай хүмүүс байдаг тэд маань зүрх нь өвдөж эмнэлэгт хэвтэх гээд олон асуудлаас ганцхан би хэрэгт холбогддоггүй юм байна. Хань, үр хүүхэд, аав, ээжийгээ бүгдийн хэрэгт оруулсан юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож авсан. Тухайн үед Баттулга санаатай гэмтэл учруулсан санаа зорилго үнэндээ байгаагүй гэдгийг дахин дахин хэлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 тал/ зэрэг болно.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Батбаярыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баттулгатай маргалдаж, улмаар түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б.Баттулга, гэрч М.Анхбаяр, Б.Амар, Н.Ядмаа, Б.Мөнхжаргал нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Х.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

            Учир нь хохирогч Б.Баттулга мөрдөн байцаалтын шатанд Хохирогчоор мэдүүлэг өгөхдөө: ”...Х.Батбаяр бид 2 сонгуулиас болж үл ойлголцоод цааш нь үгийн зөрүүнд намайг муулаад очергүй уурхайд ордог гээд үг хаяад байсан. Тэгэхээр нь би Ядамцоогоор морь уяулна гэчихсэн тэгтэл хэрүүл маргаан дэгдэж маргалдаад байхаар нь явах гэтэл Х.Батбаяр намайг цохисон би бултаад өнгөрөөсөн. ...Тэгээд ...за би одоо харилаа гэж хэлээд гартал нөгөө залуучууд гэрийн баруун талд машины хажууд зогсож байснаа Х.Батбаяр нь муу пиздаа чамайг алаад хаячихъя, хэзээ ийм том болчихсон юм бэ гэж хэлээд намайг заамдаж авсан шууд үүрээд шидсэн би баруун талаараа савж унатал Х.Батбаяр үргэлжлүүлээд намайг дарж унасан хажуугаас Мөнхөө гэх биеэрхүү залуу нь ирээд гуя орчимд өшиглөсөн би босох гэж байснаа буцаад унахад тэр 2 хавирга гэдэс орчим ээлжлээд өшиглөөд байсан тэгж өшиглүүлж байтал гэнэт гэдэс дотор юм хагарах шиг болж амьсгал боогдоод нүднээс гал гараад явчихсан. ...Анхбаяр тэдэнтэй зодолдож байж намайг салгасан. Би тэднийг зодож цохиогүй. Тэгэх завдал ч гараагүй...” гэж /хх-ийн 22-23/, Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...хашаан дотор гэрийн баруун талд байсан ачааны машины өмнө хэсэгт Х.Батбаяр, Хөгшөө, Мөнхөө нар зогсож байсан тул зөрөөд хашааны хаалга руу явж байтал хойноос Х.Батбаяр гүйж ирээд чи их том болж пизьда минь гээд бариад авахаар нь өмнөөс нь түлхээд холдуулах үед Х.Батбаяр нь шууд үүрэх мэх хийж намайг газарт унагааж хөлөөрөө миний хэвлий хэсэгт дэвссэн...” гэж /хх-ийн 89-90/, харин Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө: “...Би тухайн өдөр архи ууж нилээд согтсон байсан. Тэгээд Х.Батбаяртай маргалдаж байгаад санаагүй байдлаар Х.Батбаярын нүүр лүү гараараа нэг удаа цохисон, хаана цохисоноо бол сайн мэдэхгүй байна. Тэгэхэд намайг мушгиж газарт унагаагаа дээрээс дарж унасан. Энэ үед миний давсаг орчимд маш хүчтэй өвдөлт мэдрэгдсэн...” /хх-ийн 92/ гэж өөр хоорондоо илтэд зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-д зааснаар хохирогч Б.Баттулгын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм.

             Түүнчлэн гэрч Б.Амартай нүүрэлдүүлэн байцаахад хохирогч нь: ...би хэрэг болох үед согтруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан газарт унаад нуруу өвдөж байсан тул намайг өшиглөж зодсон байна гэж бодсон юм. Х.Батбаяр бид хоёр маргалдаад би түүнийг түлхтэл тэр миний гарыг бариад үүрэх шиг болоод би түүн дээгүүр давж газарт унасан. Х.Батбаяр намайг газарт унасан хойно дахин өшиглөж зодоогүй...” гэж мэдүүлжээ.

Харин болсон үйл явдлыг харсан, тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Б.Амарын “...Зодоон манай гэрийн баруун талд байсан машины хажууд баруун талд гэрээс 4-5м зайд болсон. Зодоон эхлэх үед М.Анхбаяр, Н.Ядмаа нар жорлонгын хажууд нилээд зайтай, Х.Батбаяр гэрийн баруун талд үүд талд зогсож байсан. Тэгтэл Б.Баттулга цамцаа тайлаад гэрээс гарч ирээд Х.Батбаяр руу луу дайрч цохисон. ...Тухайн үед Б.Баттулга нь Х.Батбаярыг гараараа цохичихоод дахин цохих гэхэд нь Х.Батбаяр түүний гарыг барьж биеэсээ холдуулж мушгих үйлдэл хийхэд Б.Баттулга газарт уначихаад өөр дээрээ Х.Батбаярыг татаж унагаасан. Мөн босож ирээд Х.Батбаярын үснээс зуурсан тул Б.Мөнхжаргал салгасан...” гэх хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудаст авагдсан мэдүүлэг нь гэрч М.Анхбаяр, Н.Ядмаа, Б.Мөнхжаргал, шүүгдэгч Х.Батбаяр нарын өгсөн мэдүүлэгтэй тохирч байх төдийгүй хохирогчтой нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд мөн өөрчлөгдөөгүй тогтвортой байх тул хэргийн үйл баримтад илүү нийцсэн гэж үзлээ.

               Дээрх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Х.Батбаярын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан довтлогч этгээдийн эсрэг чиглэсэн, түүний халдлагыг зогсоох зорилгоор хийгдсэн байна.

Хэдийгээр Б.Баттулгын биед хүнд /давсагны задрал, аюулхай нуруу хэсэгт зулгаралт/ гэмтэл учирсан нь шинжээч эмчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 277 тоот дүгнэлтээр тогтоогдож байгаа ч Х.Батбаярыг санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж яллах үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж үгүйсгэгдэж байна. Учир нь хохирогч Б.Баттулгын хууль бус үйлдэл нөлөөлсөн байх ба хохирогч Б.Баттулга эхлээд Х.Батбаярын зүүн нүд тус газар нь цохисон, дахин цохих гэхэд нь Х.Батбаяр хохирогчийг гэмтээх бус, өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарыг нь барьж биеэсээ холдуулж мушгих үйлдэл хийж унагасан байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Батбаярыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг үйлдэх буюу хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн шууд болон шууд бус санаа агуулаагүй, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд дээрх үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Түүнчлэн шүүгдэгч Х.Батбаярын биед хөнгөн /тархи доргилт, зүүн нүдний эргэн тойрон, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, зүүн хацар, баруун шуунд зулгаралт/ гэмтэл учирсан байгаа нь хохирогч Б.Баттулгын шүүгдэгч Х.Батбаяр луу чиглэсэн довтолгоон бодитой, халдлага нь нийгэмд аюултай, шүүгдэгчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан байна.

             Харин хохирогчийн дараагийн довтолгоон нь шүүгдэгч Х.Батбаярт гэмтэл учруулах боломжтой үргэлжилсэн үйлдэл байсныг шүүгдэгч таслан зогсоосны дараа хохирогч Б.Баттулгыг цохиж зодох боломжтой байсан боловч цохиж зодоогүй, гэмтээх сэдэл байгаагүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д “Аргагүй хамгаалалтын байдалд, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсыг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.

           Иймд Х.Батбаярын үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Х.Батбаярын эзэмшлийн 41-08 УВА улсын дугаартай "Хьюндай Аксент" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол болон түүнд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284 дүгээр зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.1, 294, 295 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.3, 297 дугаар зүйлийн 297.6. дахь хэсэг, 298-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

            1. Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Хүлтээгийн Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Батбаярыг цагаатгасугай.

           2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Х.Батбаярын эзэмшлийн 41-08 УВА улсын дугаартай "Хьюндай Аксент" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

           3. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Х.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА

                                            ШҮҮГЧИД                                   Б.ГАНСҮХ

                                                                                                 Д.АЗЖАРГАЛ