Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Батбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, цагаатгагдсан этгээд Х.Батбаяр, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаар цагаатгах тогтоолтой, Х.Батбаярт холбогдох эрүүгийн 201620000142 дугаартай хэргийг прокурор П.Удвалын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 28 дугаар байр 24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Борлууд овогт Хүлтээгийн Батбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Баттулгатай маргалдаж улмаар түүний бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Хүлтээгийн Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Батбаярыг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Х.Батбаярын эзэмшлийн 41-08 УВА улсын дугаартай "Хьюндай Аксент" маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ..анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан Сум буюу сум дундын шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ" гэж заасныг ноцтой зөрчиж Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаартай захирамжаар шүүх бүрэлдэхүүн томилж улмаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хуралд хохирогч Б.Баттулга ирээгүй ба уг хохирогчийг оролцуулах талаар улсын яллагчийн зүгээс хүсэлт гаргасан байхад шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250, 260 дугаар зүйлийн 250.1, 260.2 дахь хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчсөн. Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Л.Алтангийн  татгалзан гарах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ " .:.У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас" гэж, мөн тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд " ...У.Дашням, Д.Дашжүгдэр, Т.Баярсайхан, Х.Отгонзаяа нарт холбогдох хэргийг дараагийн шүүгчид хувиарлахаар тогтоосугай" гэж аймгийн Прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг 01 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамж гаргасан нь хууль зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудад үндэслэж зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх Х.Батбаярт холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Б.Баттулга нь М.Анхбаярын гэрт  Х.Батбаярыг доромжилсноос тэр хоёр маргалдсан, улмаар Х.Батбаяр нь гэрээс гарч гадна зогсож байхад Б.Баттулга нь М.Анхбаярын гэрээс цээж нүцгэн хашгирч гарч ирэн Х.Батбаярын  зүүн нүд рүү цохих тухайн агшинд  Х.Батбаяр нь түүний гарыг мушгиж газарт унагаснаас Б.Баттулгын биед давсагны задрал бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд харин түүнийг газар унасны дараа /довтолгоо зогссоны дараа/ Х.Батбаяр нь хохирогчийг цохисон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэхүү үйл баримт нь гэрч Б.Амарын “...Би гэрийн ойролцоо зогсож байсан. Х.Батбаяр гэрийн баруун талд зогсож байтал  Б.Баттулга гарч ирээд цамцаа тайлаад Х.Батбаяр луу очиж нэг юм атгаастай гараараа Х.Батбаярыг нэг удаа цохисон юм. Тэгтэл Х.Батбаяр Б.Баттулгыг тэвэрч тонгороод газарт унагасан тэгээд тэр хоёр зууралдаад дээр дороо орж байтал М.Анхбаяр ирж салгаад Х.Батбаярыг надад өгсөн би түүнийг  барьж байтал Б.Баттулга үсдээд зууралдаад тавихгүй байсан. ...Б.Баттулга нь гараараа Х.Батбаярын нүүрлүү нэг удаа цохиод дахин цохих гэхэд нь Х.Батбаяр нь Б.Баттулгын гарыг барьж мушгих байдлаар газарт унагаахад доороос нь Б.Баттулга зууралдаж түүнийг өөр дээрээ унагааж дээр доороо орсон” гэх мэдүүлэг / хх-ийн 37-39х/,

Гэрч Б.Мөнхжаргалын “...Тэгтэл гэрээс Баттулга гэх залуу цээж нүцгэн гарч ирээд Батбаярын зүүн нүд орчимд цохисон.Тэгтэл Батбаяр түүнийг барьж аваад тонгорч унагаад өөрөө дээрээс нь давхарлаж унасан “гэх мэдүүлэг,

Гэрч Н.Ядмаагийн “...Б.Баттулга нь Х.Батбаярыг элдвээр доромжилсон.Х.Батбаяр нь нилээд тэсээд дуугүй суугаад байсан. Тэгж байтал М.Анхбаяр, Б.Амар нар нь Х.Батбаярыг дагуулж гарсан. Араас нь Б.Мөнхжаргал гараад би гэрт Б.Баттулгатай үлдсэн.Тэгтэл удалгүй Б.Баттулга цамцаа тайлаад орилоод араас нь гарсан” гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 276 дугаартай “Х.Батбаярын биед тархи доргилт, зүүн нүдний шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” ,  мөн 277 дугаартай  “Б.Баттулгын биед давсагны задрал, аюулхай нуруу хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээч эмчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба эдгээр баримтуудаар Б.Баттулга нь хэргийн сэдэлт санаачлагыг анх гаргаж, Х.Батбаярыг эхлэн зодож биед нь  гэмтэл учруулан амь биед нь аюултай довтолгоон хийсэн болохыг харуулж байна.

Х.Батбаярын Б.Баттулгыг тонгорч унагасан үйлдлийн улмаас Б.Баттулгын биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч түүнийг санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж яллах үндэслэлгүй байна.

Учир нь Х.Батбаяр нь Б.Баттулгын санаачилж эхэлж хийсэн хууль бус үйлдлийн эсрэг, хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалах явцдаа Б.Баттулгын  биед хүнд гэмтэл учруулжээ.

Х.Батбаярын  идэвхтэй  үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэм хор учирсан боловч  энэ нь өөрийнхөө амь бие, эрүүл мэндэд шууд халдсан довтолгооноос өөрийгөө хамгаалах явцад халдагч этгээдэд гэм хор учруулсан өөрөөр хэлбэл хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн, аргагүй хамгаалалтын үйлдэл гэдгээрээ нийгмийн хор аюул нь үгүйсгэгдэж  байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй  бөгөөд шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалвал:

1. Прокурорын “анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсгийг зөрчсөн”, өөрөөр хэлбэл Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр аймгийн шүүхийн шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилж ,улмаар хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдлын үндэслэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан “Сум буюу сум дундын ....  шүүх  тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж...” гэсэн зүйл заалт нь 2016  оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “...Сум буюу сум дундын ....  шүүх  тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж...” гэж өөрчлөгдсөн тул хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь хуульзүйн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх хуралд хохирогч Б.Баттулга ирээгүй ба уг хохирогчийг оролцуулах талаар улсын яллагчийн зүгээс хүсэлт гаргасан байхад шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хэлэлцсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250, 260 дугаар зүйлийн 250.1, 260.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдлын үндэслэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т  шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуулийн 240-245 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хохирогч шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийг хэлэлцэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэхээр заасан ба шүүх хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.2 дахь хэсэгт ямар асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд тогтоол, захирамж гаргахыг нарийвчлан хуульчилсан байх бөгөөд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэхдээ заавал тогтоол, захирамж гаргахаар хуульчлаагүй тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн хохирогч Б.Баттулгад шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна.

3.Аймгийн прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн  хуулийг зөрчсөн гэх гомдлын талаар:

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг маргааныг хувиарлах, хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг тогтоохоор хуульчилсан байх бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тохиолдолд тухайн шүүгчид хувиралагдсан хэргийг дахин хуваарилахдаа хуулинд заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоо баримтлан хуваарилсныг хууль зөрчсөн гэх боломжгүй.

Анхан шатны шүүхээс Х.Батбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар   байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.