Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0540

 

 

                                                      

                                         

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С.Д                                                                              

Хариуцагч: Б  дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 6,119,849.00 /зургаан сая нэг зуун арван есөн төгрөг найман зуун дөчин есөн/ төгрөг гаргуулах , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, Р.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... С.Д миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/84 дүгээр захирамжаар Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн.

Гэтэл Б  дүүргийн Засаг дарга нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дугаартай хууль бус захирамж гарган, “албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй” гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас минь чөлөөлснөөр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар хандаж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчлөө.

Миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тус тус зааснаар дүүргийн Засаг даргын захирамж хууль болон зорилгодоо нийцсэн эсэхийг хянуулж, хүчингүй болгуулахаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1433 дугаар албан бичгээр “...гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг ирүүлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамж “албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй” гэсэн үндэслэлээр гарсан байх боловч Засаг дарга нь энэхүү нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж, тогтоогоогүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлагдсан. Энэхүү тодорхойлолтод сургуулийн захирал нь ямар зорилго, зорилтын хүрээн дэх чиг үүргүүдийг хэрхэн гүйцэтгэхийг нэг бүрчлэн тодорхой тусгасан. Гэвч дүүргийн Засаг дарга нь энэхүү тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүргийн аль хэсгийг С.Д нь хэрхэн, яаж зөрчсөн болохыг тогтоогоогүй, энэ талаар ажиллагаа явуулаагүй байна.

Мөн удирдах ур чадвар тухайн албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон зүйл байхгүй, энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгосон нь хууль бус юм.

Хэдийгээр Б  дүүргийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргах үндэслэлээ Б  дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай“ албан бичгийг болгосон байх боловч тухайн дүгнэлтэд тусгагдсан асуудлууд нь үндэслэлтэй эсэхийг шийдвэр гаргаж буй албан тушаалтныхаа хувьд шалгаж, тогтоох ёстой байсан. Миний бие тухайн дүгнэлт нь хууль бус буюу дүгнэлтэд тусгагдсан асуудлууд өмнө шийдвэрлэгдсэн талаарх тайлбараа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан боловч энэ талаарх нөхцөл байдлын судалж, дүгнэлт нь хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоосонгүй.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд дүүргийн Засаг дарга захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад дүүргийн Засан дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирлын томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байх хэдий ч уг эрхээ үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн  хэрэгжүүлэх ёстой байна.

Нийслэлийн Боловсролын газраас С.Д*******г ажлаас чөлөөлөх талаар саналыг дүүргийн Засаг даргад хүргүүлж байгаагүй буюу энэ талаар санал огт гарч байгаагүй. Мөн миний үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлж, дүгнээгүй, энэ талаар баримт байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасантай нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Түүнчлэн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг болгож буй тохиолдолд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан болохыг зайлшгүй  тогтоосон байх шаардлагатай. Гэвч мөн л энэ талаарх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй бөгөөд С.Д миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.Д намайг Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б  дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлага Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь С.Д миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Б/84 дүгээр захирамжаар Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл Б  дүүргийн Засаг дарга нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б/59 дугаартай хууль бус захирамж гарган албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас минь чөлөөлснөөр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдаж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчлөө. Миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тус тус зааснаар дүүргийн Засаг даргын захирамж хууль болон зорилгодоо нийцэж буй эсэхийг хянуулж, хүчингүй болгуулахаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 03/1433 дугаар албан бичгээр гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ үү гэх хариуг ирүүлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа байна. Б  дүүргийн Засаг даргын 2021 оны Б/59 дүгээр захирамж албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр гарсан байх боловч Засаг дарга нь энэхүү нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж, тогтоогоогүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 7 дугаар сарын З0-ны өдрийн Б/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлагдсан. Энэхүү тодорхойлолтод сургуулийн захирал нь ямар зорилго, зорилтын хүрээн дэх чиг үүргүүдийг хэрхэн гүйцэтгэхийг нэг бүрчлэн тодорхой тусгасан. Гэвч дүүргийн Засаг дарга нь энэхүү тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүргийн аль хэсгийг С.Д нь хэрхэн, яаж зөрчсөн болохыг тогтоогоогүй энэ талаар ажиллагаа явуулаагүй байна. Мөн удирдах ур чадвар тухайн албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон зүйл байхгүй, энэ талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгосон нь хууль бус юм. Хэдийгээр Б  дүүргийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргах үндэслэлээ Б  дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг болгосон байх боловч тухайн дүгнэлтэд тусгагдсан асуудлууд нь үндэслэлтэй эсэхийг шийдвэр гаргаж буй албан тушаалтныхаа хувьд шалгаж, тогтоох ёстой байсан. Миний бие тухайн дүгнэлт нь хууль бус буюу дүгнэлтэд тусгагдсан асуудлууд өмнө шийдвэрлэгдсэн талаарх тайлбараа дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байсан боловч энэ талаарх нөхцөл байдлыг судалж, дүгнэлт нь хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоосонгүй.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд Дүүргийн Засаг дарга захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэсэн. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байх хэдий ч уг эрхээ үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн хэрэгжүүлэх ёстой байна.

Нийслэлийн Боловсролын газраас С.Д-г ажлаас чөлөөлөх талаар саналыг дүүргийн Засаг даргад хүргүүлж байгаагүй буюу энэ талаар санал огт гарч байгаагүй. Мөн миний үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үнэлж, дүгнээгүй, энэ талаар баримт байхгүй байхад ажлаас чөлөөлсөн нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасантай нийцэхгүй байна. Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах урьдач нөхцөл бүрдээгүй байхад иргэн миний эрхэд хууль бусаар халдаж, ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн, захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг болгож буй тохиолдолд хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан болохыг зайлшгүй тогтоосон байх шаардлагатай. Гэвч мөн л энэ талаарх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй бөгөөд С.Д миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Б  дүүргийн Засаг даргын 2021оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.Д намайг Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Б  дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Албан тушаалд заасан үндсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тэнцээгүй гэдэг энэ шаардлага бол ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна. Гэтэл бодит амьдрал дээр албан тушаалд заасан чиг үүрэг нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б04 тоотод заасан байдаг Ерөнхий боловсролын ажлын чиг үүргийг заасан байдаг. Тэр ажлыг чиг үүргийн ямар ямар чиг үүргийг зөрчсөн хууль зүйн дүгнэлт хийгээгүй захирамж гарсан байна. Удирдах ур чадвар нь хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Ерөнхий шийдвэр нь үзэмж төдий шийдвэр гарсан байна. Хүнийг ялахад шалтгаан хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Мэргэжлийн хяналтын газар ерөнхий боловсролын сургуулиудад хяналт шалгалтыг жил болгон хийдэг. Нийслэлийн боловсролын газраас С.Д-г ажилдаа тэнцэхгүй байгаа, ур чадвартаа тэнцэхгүй байгаа гэсэн эрх зүйн баримт бичиг байхгүй байтал Дүүргийн боловсролын газрын дэргэдэх ёс зүйн хороо гэдэг байгууллагын дүгнэлтийг үндэслэж тушаал гарсан. Гэтэл амьдрал дээр очоод асуухаар боловсролын хэлтэс дээрээ тийм зүйл байхгүй. Эрх зүйн баримт бичгийг үндэслэж байгаа ёс зүйн хороо чинь Дүүргийн боловсролын хэлтсийн дэргэл биш, ёс хорооны шийдвэр нь ямар ч дүгнэлт байсан энэ хүнийг ажлаас халах эрх Монгол улсын боловсролын тухай хуульд байхгүй. Иймд гарсан захирамж нь үндэслэлгүй байна. Хүний хийсэн нэг хэрэгт нэг л хариуцлага оногдуулна уу гэхээс биш дахин дахин яллаад байдаг эрх зүйн байдлыг дордуулаад байдаг зарчим хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчмуудтай. Захиргааны актын бие даасан шинжийг агуулахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна гэсэн захирамж гаргаж байгаа Дүүргийн Засаг дарга нь хууль зөрчсөн гэж байна. Тэгэхээр эдгээр албан бичгүүдийг маргаан бүхий актын үндэслэл мэтээр тайлбарлаж байгаа нь боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч С.Д нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа удаа дараа зөрчил дутагдал гаргаж, эрх бүхий байгууллагуудаас сахилгын шийтгэл хүлээж байсан байна. Тухайлбал нэхэмжлэгч С.Д-гийн талаар гаргасан сургуулийн албан хаагчдын гомдлын дагуу Б  дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Ёс зүйн зөвлөл”-өөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжит хурлыг хуралдуулж, Б  дүүргийн боловсролын хэлтэст дүгнэлтийг хүргүүлсэн байна.

Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгийн үндэслэсэн бөгөөд 40.1.2-т “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд  гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж зохицуулж өгсөн нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Энэ талаар С.Д-тэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний гэрээг дуусгавар болгох, цуцлах хэсэгт тодорхой заасан.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай “Ёс зүйн зөвлөл”-ийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч С.Д болон байгууллагын үйл ажиллагааны талаар дээд шатны мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмж, мэдэгдэл албан шаардлага удаа дараа гарч сахилгын арга хэмжээ авч байсан нь тогтоогдсон байна.

Тухайлбал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Л-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн “Илтгэх хуудсанд “…тус сургуулийн захирал С.Д нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлэх ажиллаж буй тул эрх бүхий байгууллагаас анхаарч ажиллах, улмаар холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцон...хариу ирүүлэхийг Нийслэлийн боловсролын газарт гаргасны дагуу Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын салбар хариуцсан мэргэжилтэн Г.Г*******гийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын АББ дугаар сургуулийн захирал С.Д-д холбогдох өргөдөл, гомдлын тухай дүгнэлтээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байна” гэж гарсан.

Иймд “Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамж нь бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... С.Д гэдэг хүний үр дүнгийн урамшуулал авсан гэдэг нь ажлаас халагдах үндэслэл болохгүй гэж өмгөөлөгч нар ярьж байна. Үр дүнгийн гэрээ сайн дүгнэгдсэн байж болно. Гэтэл зөрчил, ёс зүйн асуудлууд л яригдсан. Зөрчлийг Дүүргийн ёс зүйн зөвлөл ярихгүй, Боловсролын газарт ёс зүйн зөвлөл байх ёстой гээд байна. Ёс зүйн зөвлөлүүд эрх зүйн акт гаргаж болдог. Боловсрол соёл спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар хавсралтаар батлагдсан үлгэрчилсэн журам гэж байна. Энэ журмын 2.1 дэх хэсэгт зааснаар ёс зүйн зөвлөл ямар ч байгууллага дээр дүгнэлтийг гаргаж байгаа. Иймд нэхэмжлэгч талаас яриад байгаа зүйл нь үндэслэлгүй. Ёс зүйн зөрчил гаргасан хүнээр сургууль удирдуулах нь зөв үү? гэдгийг удаа дараа гаргаж ярилцаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн С.Д тус шүүхэд хандан “Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ы өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 6,119,849.00 /зургаан сая нэг зуун арван есөн төгрөг найман зуун дөчин есөн/ төгрөг гаргуулах гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч С.Д нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/84 дугаар захирамжаар Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлаар томилогдсон.[1]

1.2. Улмаар 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр СУ2018/103 дугаартай хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан.[2]

1.3. Түүнийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Б  дүүргийн Засаг даргын Б/59 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.[3]

1.4. Дээрх захирамжийн голлох эрх зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтууд болон Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлт байна.

1.5. Нэхэмжлэгч С.Д нь тус захирамжийг түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэх албан бичигт тусгагдсан асуудлуудыг шалгаж тогтоогоогүй, хуульд нийцээгүй буюу Нийслэлийн Боловсролын газрын саналыг аваагүй гэх зэргээр хууль бус захирамж болсон хэмээн маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Хариуцагч Б  дүүргийн Засаг дарга нь маргаж буй Б/59 дүгээр захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтууд болон Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэж, С.Д албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, удирдах ур чадвар нь уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзжээ.

2.2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтад “ажил олгогч санаачилсан” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч С.Д-д холбогдох хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:” гээд мөн зүйлийн 40.1.2 дахь заалтад “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;” гэжээ.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заажээ.

2.5. Дээр дурдсан хуулийн заалтуудыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолоор албан ёсоор тайлбарласан бөгөөд уг тайлбар хүчин төгөлдөр байгаа болно.

2.6. Дээрх тогтоолын 15.2 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.” гэж, мөн 15.4 дэх заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.” гэжээ.

2.7. Түүнчлэн тус тогтоолын 15.4.1 дэх заалтад “Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.”, 15.4.2 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.” гэж тус тус тайлбарлажээ.

2.8. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 31.1.12 дахь заалтад “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;” гэж заажээ.

2.9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б  дүүргийн Засаг даргын гаргасан маргаж буй Б/59 дүгээр тушаал нь дараах байдлаар холбогдох хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.10. Нэхэмжлэгч С.Д-г АББ дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт болон Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор тайлбарласан “ажилтан мэргэжил, ур чадвар ... гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын ... албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж заасныг зөрчжээ.

2.11. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар болон маргаж буй Б/59 дүгээр захирамжийн үндэслэлд Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/68 дугаартай дүгнэлт[4] гарсан гэх боловч тухайн Ёс зүйн зөвлөлийг боловсролын салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс гэж үзэхгүй, түүнээс гарсан дүгнэлтийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гэж үзэхгүй.

2.12. Мөн дээр дурдсан Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэх албан бичигт дурдсан асуудлуудаас үзвэл нэхэмжлэгч С.Д-гийн мэргэжил, ур чадварын түвшинг тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна ихэнх асуудал нь урьд өмнө гарсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд[5] холбогдох үйл баримтуудыг дурдсан байх бөгөөд мөн С.Д-д холбогдуулан иргэн Д.Ө-ээс гаргасан гомдлыг дурдсан байгаа хэдий ч энэ нь түүнийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоосон дүгнэлт гэж үзэхээргүй байна.

2.13. Түүнчлэн иргэн Д.Ө-ээс гаргасан гомдлыг Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Нийслэлийн прокурорын газрын тогтоол[6] гарсан байгаа болохыг дурдах нь зүйтэй.

2.14. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын тухайд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн хоёр үндэслэлийг аль алиныг нь хэрэглэсэн гэсэн болно.

2.15. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Д нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, түүнд урьд өмнө Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасанчлан “Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна” гэж заасны дагуу 1 жилийн дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор С.Д нь сахилгын зөрчил давтан гаргаагүй, энэ талаар ямар нэг сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон болно.

2.16. Мөн нэхэмжлэгч С.Д нь “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд дурдсанчлан “Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх” учиртай бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын дарга болон С.Д нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн СУ2018/103 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэрлэн заасан ямар ноцтой зөрчлийг С.Д гаргасан болохыг маргаж буй Б/59 дүгээр захирамждаа үндэслэл болгож заагаагүй, мөн зөрчлийг тодорхойлон тогтоогоогүй болох нь холбогдох тайлбар, бусад баримтаар нотлогдов.

2.17. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлах боловч цаг хугацааны хувьд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явуулсан гэх сонсох ажиллагаа[7], мөн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр явуулсан гэх сонсох ажиллагаа[8] аль аль нь хуульд заасан мэдэгдэл өгөх хугацааны императив шаардлагыг хангаагүй буюу зөрчсөн байна.

2.18. Хариуцагчийн гаргасан маргаж буй Б/59 дүгээр захирамж нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэснийг мөн зөрчсөн байна.

2.19. Тодруулбал, хариуцагч нь маргаж буй Б/59 дүгээр захирамжийг гаргахдаа Нийслэлийн Боловсролын газрын саналыг зайлшгүй авч, түүнийг үндэслэх учиртай байжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Нийслэлийн Боловсролын газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1/746 тоот[9] албан бичгээс үзэхэд хариуцагч Б  дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Боловсролын газраас С.Д-г үүрэгт ажлаас чөлөөлөх талаар ямар нэг санал аваагүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ хүрээнд маргаж буй Б/59 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны акт болжээ.

2.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Нийслэлийн Б  дүүргийн Засаг дарга гэх албан бланк дээр Ёс зүйн зөвлөлийн дарга Д.У-ын гарын үсэг зурж, тэмдэг дарсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01а/898 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг[10] түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нэг үндэслэл болсон гэж тайлбарладаг боловч маргаж буй Б/59 дүгээр захирамжид уг дүгнэлтийг үндэслээгүй, түүнчлэн уг дүгнэлтэд дурдсан үйл баримт нь С.Д-гийн үйлдэлд бус, харин тус сургуулийн нийгмийн ажилтан Д.А-д холбогдох асуудал байх тул шүүх тухайлан эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

2.21. Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ч.О-г томилсон[11] байх бөгөөд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байх тул түүнийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэн С.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б  дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр захирамжийг хүчингүй болгон С.Д-г Б  дүүргийн АББ дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,119,849.00 /зургаан сая нэг зуун арван есөн мянга найман зуун дөчин есөн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 13 дахь тал

[2] Хх 14-16 дахь тал

[3] Хх 17 дахь тал

[4] Хх 60-62 дахь тал

[5] Хх 70 дахь тал

[6] Хх 90, 93-94 дэх тал

[7] Хх 66 дахь тал

[8] Хх 71 дэх тал

[9] Хх 96 дахь тал

[10] Хх 100-101 дэх тал

[11] Хх 132 дахь тал