Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0281

 

2021 оны 05 сарын 05-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

128/ШШ2021/0281

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, нэхэмжлэгч БНСУ иргэн Ч Ё Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, орчуулагч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан Чо /-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: БНСУ иргэн Ч Ё Б

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар.

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БНСУ иргэн Ч Ё Б Монгол Улсаас албадан гаргах тухай А/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  БНСУ иргэн Ч Ё Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Ки-ийн хамтаар Монгол Улсад ирсэн. Монгол Улсад 2017 онд ирэх үедээ Монгол Улсын Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно” мөн хуулийн 12.2-т “Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.3-д “гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг” гэж заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Н” ХХК-ийг 3 гишүүний хамт үүсгэн байгуулж 150,000.00 воны хөрөнгө оруулалтыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас төхөөрөмж явуулж, оруулж ирсэн мөн “На ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 284,920.00 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан. Улмаар 2020 оны 02 дугаар сараас эхлэн Коронавируст халдвараас үүдэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны улмаас Монгол Улсаас гарч чадахгүй байсан ч 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.14-д “Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосны улмаас Монгол Улсаас гарах боломжгүй болсон нь холбогдох баримтаар тогтоогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсын визний болон тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг тухайн нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сараас зөрчилд холбогдогчоор татагдан Монгол Улсад хуулийн хүрээнд түр оршин сууж байна. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хандан н.Д гэх иргэнээр дамжуулан Ардчилсан Солонгос Улсын иргэн байна гэх гомдол мэдээлэл гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “На тек” ГХО ХХК “На *******” ХХК буюу өөрийн 24 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар компанид хэсэгхэн зуур байх үед намайг хөдөлмөр эрхэлж байна гэж үзсэн нь үндэслэлгүй, хяналтын байцаагч нарын өөрсдийн төсөөллөөр хандсан явдал болсон бөгөөд миний бие тус компанид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нутаг дэвсгэрт журам зөрчсөн, хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан. Гадаадын иргэн, харьяатын газраас 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн БНСУ иргэн Ч Ё Б / M******* дугаартай Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан заалтыг зөрчсөн үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчилд шийтгэл оногдуулсантай холбогдуулан миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1039 дугаартай шийтгэврээр Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаа П.Б-ийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0050517 дугаартай шийтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгосон. Тус шийдвэрт эрх бүхий албан тушаалтан П.Б  гомдол гарган Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ДШЗ/109 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Чо-д холбогдох 20022000329 дугаартай зөрчлийн хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие нь өөрийн үүсгэн байгуулсан “На” ГХО ХХК-аар 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолд Монгол Улсын виз олгох журмын 6 дугаар зүйлийн 6.5-д “Хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллахаар ирсэн, Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүн түр ирэгч оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд визний ангиллыг өөрчилж болно” гэж заасан дагуу материалаа бүрдүүлэн Үндэсний хөгжлийн газраас оршин суух зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д заасны дагуу Гадаадын  иргэн, харьяатын газарт хандсан БНСУ иргэн Ч Ё Б -д оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн зөвшөөрлийн хүрээнд Т1 хөрөнгө оруулагч визийг Гадаадын  иргэн, харьяатын газарт тус газраас хүргүүлсэн. Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам, Монгол Улсын виз олгох журмын дагуу материалыг бүрдүүлэн тус газрын нэг цонхны үйлчилгээгээр өгөөд 36 хоног болж байгаа ч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь илт хууль бус бөгөөд Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 12 дугаар зүйлийн 12.8-д ажлын 5 өдөрт багтаан үзүүлэх журамтай ч өнөөдрийг хүртэл зөвшөөрсөн, татгалзсан талаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын байцаагч П.Б нь 881****** дугаараас өмгөөлөгч рүү БНСУ иргэн Ч Ё Б -ийг албан ёсны орчуулагчтай хамт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирэхийг мэдэгдэн хэлэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ДШЗ/109 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал танилцуулна гэсэн ч тус өдөр БНСУ иргэн Ч Ё Б /-ийг Монгол Улсаас албадан гарган онгоцны тийзээ захиалаарай гэж илт хууль бус ажилсан мөн албадан гаргах тушаал гарсан гэх боловч танилцуулаагүй, албадан гаргах болсон эх сурвалж, дүгнэлттэй танилцуулаагүйгээр шийдвэр гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрхээр хангаж ажиллаагүй байна. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалыг хяналтын байцаагч П.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсан гэх боловч танилцуулаагүй бөгөөд өөрийн өмгөөлөгчөөрөө 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х/05 дугаартай гомдол, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х/06 дугаартай тушаалтай танилцах шаардлага бүхий гомдол, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х/07 дугаартай албадан гаргах ажиллагаанаас чөлөөлүүлэх гомдлуудыг хүргүүлсний үндсэн дээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 05/1538 дугаартай хариу өгөхдөө Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаартай тушаал гарсан мэдэгдсэн ч миний хууль ёсны өмгөөлөгч тушаалтай танилцах, тушаалын хуулбар үнэн тамга даруулж авах талаар хяналтын улсын байцаагч П.Б болон хяналт шалгалтын газрын дарга Х.Б нараас асуухад танилцуулахгүй БНСУ иргэн Ч Ё Б -ийн хууль ёсны өмгөөлөгч нь мөн үү, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шаардан танилцуулаагүй тул өмгөөлөгч маань 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х/15 дугаартай хүсэлтээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаартай тушаалтай танилцах, хуулбар үнэн тамга даруулан авах хүсэлт гаргаж байж тус тушаалыг хүлээн авсан. Миний бие өөрийн өмгөөлөгч Ч.М болон орчуулагч Д.Л нарт 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч С.А-аар гэрчлүүлэн дээрх хүмүүст өөрийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг маргаан бүхий албадан гаргах ажиллагаа, захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа, зөрчлийн хэрэг гэх мэт асуудлуудын хүрээнд олгосон итгэмжлэлтэйгээр Гадаадын иргэн, харьяатын газарт удаа дараалан 2020 оны 10 дугаар сарын 05, 06, 07, 08, 13, 14 -ний өдрүүдэд очсон ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М-ийг хүлээж аваагүй. Тус Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.3-д “... алдаатай, “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасанчлан анхнаасаа гарах ёсгүй, “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус эрх зүйн баримт бичиг гэж үзэж байх тул уг тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болох мөн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан дагуу тогтоон мөн тушаалын хүрээнд танилцах, сонсох ажиллагааны мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5, 27.6-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй БНСУ иргэн Ч Ё Б -ийн тайлбар, санал, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгөх эрхээр өнөөдрийг хүртэл хангах ажиллагааг хийгээгүй урьдаас урьдчилан төлөвлөсөн шийдвэр болсон. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар БНСУ иргэн Ч Ё Б -ийг Монгол Улсаас албадан гаргах тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаал гарсан гэх боловч танилцуулахгүй байна гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс бүрдүүлбэр хангуулах захирамж гарсан. Иймд Гадаадын иргэн, харьяатын газарт удаа дараа хүсэлт гаргаж 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын газрын дарга Х.Б гарын үсэг бүхий албан бичгийн хариугаар тушаалтай танилцаж улмаар шүүхэд бүрдүүлбэр хангаж өгсөн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 31.1.7, 32 дугаар зүйлийн 32.2 заасны дагуу 2010 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, Монгол Улсад дахин оруулахгүй байх тухай журмын 2.2, 3.7-д заасан мөн Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын байцаагчийн УБ05012154 дүгээр тушаалыг үндэслэсэн тушаал гаргасан.

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч миний бие хууль зүйн дүгнэлтээ шүүхэд бичгээр өгсөн. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын А/220 дугаартай тушаал нь захиргааны актад тавигдах шаардлагыг  болон захиргааны акт гаргах ажиллагаанд нэхэмжлэгч талын оролцоог хангаагүй. Т ангиллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй болох талаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн захиргааны актад тавигдах шаардлагыг Гадаадын иргэн, харьяатын газар ханган ажиллаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 болон 26, 27 дугаар зүйл заасан БНСУ иргэн Ч Ё Бсонсох ажиллагаа огт хийгээгүй. Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн УБ05012154 дүгээр тогтоолыг түүнд танилцуулах ёстой байсан. Дүгнэлт гарсан талаар өмгөөлөгч, төлөөлөгч болон өөрт нь огт танилцуулаагүй. Албадан гаргах тушаалтай танилцах, дүгнэлтийн хуулбарыг авах тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдөр хүртэл, мөн 10 дугаар сарын 14-ний өдөр удаа дараа хандсаны үр дүнд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын дарга Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 051578 дугаар албан бичгээр тус тушаалыг хуулбар үнэн тэмдэг даран өгөхөд би анх удаа танилцсан. Эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд тушаал гарахаас өмнө танилцуулах ёстой боловч тушаал гарсны дараа сонсох ажиллагаа хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр өмгөөлөгч болон нэхэмжлэгч нь гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах”, 5.1.4-д “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” эдгээр эрхүүдийг хангахгүй 10 дугаар сарын 05-ны өдөр уг тушаалыг гаргасан байсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломжоор огт хангаж ажиллаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагааг хийгээгүйг дахин дурдах нь зүйтэй. Гадаад харилцааны яамнаас лавлагаа баримтууд хэрэгт авагдсан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийн А103249 дүгээр энэ албан бичигт БНСУ иргэн Ч Ё Б -ийн гадаад паспортыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нотариатаар баталгаажуулсан баримт байгаа. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй визний зөвшөөрөлтэйг талуудын хэн аль нь зөвшөөрч байгаа.

Зөрчлийн хэрэг үүсгэсэн, зөрчлийн шинжгүй гэж үзсэн, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, оршин суух зөвшөөрөл хуульд заасан журмын дагуу хандсан тухайд: н.Д гэх иргэний гомдол мэдээллийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалтыг хийж БНСУ иргэн Ч Ё Б нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан. Хэргийг шалгахдаа байцаагч нар өөрсдийн дотоод итгэл үнэмшлийн дагуу оффистоо байгаа хүнийг хөдөлмөр эрхэлсэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэр буруу мэдээллийг үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн. Үүнтэй холбогдуулан Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс БНСУ иргэн Ч Ё Б -г хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдэг нь зөрчлийн хэргээр тогтоогдохгүй байна гэж зөрчлийн хэргийг хүчингүй болгосон. Үүнээс хойш өөрийн эрхийн дагуу “НТ” компанид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр холбогдох бүх материалуудыг бүрдүүлэн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг бүрэн хангаж, материалаа өгөхөд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу хууль бус, хөрөнгө оруулагчтай холбогдуулаад холбогдох материалыг хууль журмын дагуу олгосон холбогдох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс нэмж өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийг ноцтойгоор зөрчсөн эс үйлдэхүй, хууль бус үйлдлүүд нь зөвхөн БНСУ иргэн Ч Ё Б бус Монгол Улсын нэр төр, эрх ашиг яригдана. Гомдол гаргахгүйгээр, албадан гарч хохирч байгаа олон хүн байгаа. Өөрийн эрх ашгийг хамгаалж гомдол гаргасан энэ хүний эрх ашгийг сэргээж нэхэмжлэлийн шаардлага болох 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар БНСУ иргэн Ч Ё Б -ийг албадан гаргах тухай тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Т ангиллын хөрөнгө оруулагчийн виз хүссэн хүсэлтийг холбогдох шаардлагыг хангаж төрийн захиргааны төв байгууллага буюу Үндэсний хөгжлийн газраас хөрөнгө оруулагчийн визийг олгохыг даалгасан бичгийг Гадаадын иргэн, харьяатын газар хүргүүлсэн байхад үл биелүүлж Т ангиллын виз олгохгүй байгаа эс үйлдэхүйг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Ч.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... БНСУ иргэн Ч Ё Б нь “J” буюу жуулчин ангиллын 90 хоногтой нэг удаагийн визээр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Буянт-Ухаа агаарын замын боомтоор жуулчлах зорилгоор ирсэн. Иргэн н.Д-гээс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гаргасан гомдол, мэдээллийн дагуу “Н” ХХК-ийн байранд шалгалт хийхэд БНСУ иргэн Ч Ё Б нь тус компанийн будгийн үйлдвэрт будгийн технологичоор ажиллаж байсан нь шалгалтын явцад ажлын байран дээрх фото зургаар тогтоогдсон. БНСУ иргэн Ч Ё Б -ийн ажлын байран дээр компанийн монгол ажилчдад технологийн заавар зөвлөгөө өгдөг байсан талаар түүний 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эх хэлээрээ гаргасан тайлбар, визний зөрчилтэй гадаадын иргэнийг ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрсөн “Нд” ХХК-ийн хувьцааны 38 хувийг эзэмшигч Монгол Улсын иргэн Б.Х-ын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 20/17 дугаар албан бичиг зэргээр түүнийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан тогтоогдсон болно. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “J” буюу жуулчин ангиллын визийг тус улсад жуулчлахаар ирэх гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан олгохоор заасан бөгөөд иргэн БНСУ иргэн Ч Ё Б нь тус улсад жуулчлах зорилгогүй компанийн үйл ажиллагаанд оролцож байна. Энэхүү үйлдэл нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үйлдэл тул түүнийг албадан гаргах үндэслэл болсон. Хяналтын улсын байцаагч П.Б нь түүнийг будгийн технологичоор ажилласан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн үндэслэлээр иргэн БНСУ иргэн Ч Ё Б -д 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0050517 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахад, уг шийтгэлийг эс зөвшөөрч иргэн БНСУ иргэн Ч Ё Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1039 дүгээр шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Хяналтын улсын байцаагч П.Б Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ДШМЗ/109 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 2002000329 дүгээр зөрчлийн хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон визний ангилал зөрчсөн БНСУ иргэн Ч Ё Б -ийн үйлдлийг зохих хууль журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн шийдвэр гарсан. Чо нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/3 дугаар албан бичгээр тус байгууллагад хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл хүссэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2-т “Гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу БНСУ иргэн Ч Ё Б -ийн энгийн зэргийн МЗ******* дугаартай паспортыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баримт бичиг түр хураан авч, буцаан олгох хуудаст бичилт хийж гарын үсэг зуруулан нэг хувийг БНСУ иргэн Ч Ё Бөгсөн.

Гадаадын иргэн, харьяатын газраас шүүхийн дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан үндэслэл үүссэн тул БНСУ иргэн Ч Ё Б -ийг Монгол Улсаас албадан гаргах 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар шийдвэр гарсан.

Нэхэмжлэгчээс БНСУ иргэн Ч Ё Б -ийг дээрх албадан гаргах тухай тушаалыг танилцуулаагүй гэжээ. Хяналтын улсын байцаагч П.Б нь Гадаадын иргэн харьяатын газрын даргын А/220 дугаар тушаалыг танилцуулж, сонсох ажиллагаа хийхээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчийн 90******* дугаар утсаар мэдэгдэхэд, 10 дугаар сарын 05-ны өдөр Хяналт шалгалтын газрын 202 тоот өрөөнд иргэн БНСУ иргэн Ч Ё Б өмгөөлөгч гэх Ч.М, орчуулагч Д.Л нар ирж гарын үсэг зурахгүй хэмээн уурлан үйлчлүүлэгчийн хамт гарч явсан. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр БНСУ иргэн Ч Ё Б, “Н” ХХК-ийн захирал Б.Т нар биеэр ирэхэд нь албадан гаргах ажиллагаа, тушаал гарсны дараагаар хүндэтгэн үзэх шалтгаан байвал санал, хүсэлт гаргах боломжтой талаар тайлбарлахад эдгээр иргэд зөвшөөрч явцгаасан. Мөн өмгөөлөгч Ч.М-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны Х/07 дугаар “Албадан гаргах ажиллагаанаас чөлөөлүүлэх тухай” гомдолд энэ талаар сонсох ажиллагаа хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид ийнхүү удаа дараа албадан гаргах тушаалын талаар танилцуулж байхад тушаал шийдвэрээ танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Мөн өмгөөлөгч Ч.М албадан гаргах тушаалын хуулбарыг авахаар хүсэлт гаргах үед хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон үйлчлүүлэгчээс итгэмжлэл хийгдээгүй байсан. Өмгөөлөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х/15 “Албадан гаргах тушаалтай танилцах тухай” хүсэлтэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбарыг ирүүлсэн тул тушаалыг хуулбарлан хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар тушаалыг хуулбар өгөхгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй танилцсан, зөвлөгөө мэдээлэл өгсөн зэрэг нь байгууллагын хяналтын камерт бичигдэн үлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэл гаргагч БНСУ иргэн Ч Ё Б “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гаргасан Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт шийдвэрлэхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

           Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/220 дугаар тушаалыг нэрлэж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “албадан гаргах тушаал гарсан гэх боловч танилцуулаагүй, албадан гаргах болсон эх сурвалж дүгнэлттэй танилцуулаагүй, нэхэмжлэгч миний тайлбар, санал, холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгөх эрхээр хангахгүйгээр шийдвэр гаргасан, Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг виз олгох журмын дагуу бүрдүүлэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүйгээр хууль бус эс үйлдэл гаргасан” хэмээн тодорхойлсон бол хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан ..., тушаал шийдвэрээ танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрхээр хангаагүй гэж байгаа нь үндэслэлгүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Үйл баримтын тухайд,

Нэхэмжлэл гаргагч БНСУ иргэн Ч Ё Б 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр хамгийн сүүлд “орох” хөдөлгөөнтэй бүртгэгдсэн талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа[1] авагдсан,

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч П.Б 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БНСУ иргэн Ч Ё Б холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 2002000329 дугаартай зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн хэмээн үзэж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсныг холбогдогчийн гомдол болон прокурорын дүгнэлтээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1039 дүгээр шийтгэврээр улсын байцаагчийн 0050517 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 109 дүгээр магадлалаар дээрх 1039 дүгээр шийтгэвэр, улсын байцаагчийн 0050517 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож, БНСУ иргэн Ч Ё Б -д холбогдох зөрчлийн хэргийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч П.Б 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай” УБ05/012-054 дүгээр дүгнэлт[2] үйлдэж, уг дүгнэлтдээ: “БНСУ иргэн Ч Ё Б нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үйлдэлд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3 дахь хэсгийн 3.7-т заасныг тус тус үндэслэн 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргах саналтай” гэсэн эдгээр баримтууд тус тус хэрэгт авагджээ.

Ингэснээр хариуцагч захиргааны байгууллага болох Гадаадын иргэн, харьяатын газрын дарга 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7: “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан”, 37.2: “гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана”, Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Журам батлах тухай” 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2: “гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ журмын 2.1-д заасан дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэр гаргана. Албадан гаргах шийдвэрт тухайн иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг заана”, 3 дугаар зүйлийн 3.7: “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гадаадын иргэнийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй” гэж заасныг тус тус, түүнчлэн гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн УБ05/012-154 дүгээр дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсэж байгаа “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/220 дугаар тушаалыг[3] гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд,

Нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гадаадын иргэн” ба мөн хууль, зүйлийн 5.1.4-д зааснаар Монгол Улсад ирсэн “түр ирэгч” байсан энэ утгаараа мөн хуулийн 8 дугаар зүйлд гадаадын иргэнд хориглох зүйлийг хуульчилсан, тухайлбал, 8 дугаар зүйлийн 8.1.6-д: “Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших” зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулах боломжгүй байна, хэрэв хориглогдсон заалтыг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

Хариуцагч буюу гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д: “гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, дүрэм журмын биелэлтийг зохион байгуулах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д: “гадаадын иргэний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40.1.2-д: “гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д: “гадаадын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал дараах үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргана”, 37.1.7-д зааснаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол мөн хуулийн 37.2-д зааснаар албадан гаргах тухай шийдвэр гаргахаар, ийнхүү шийдвэрлэхдээ гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэхээр, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д: “улсын байцаагч ... зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 41.7.3-д: “гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлт гаргах” гэж  зохицуулжээ.

Ийнхүү дээр дурдсан үйл баримтын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоог хангахгүйгээр гаргасан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “сонсох ажиллагааг явуулсан..., нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн албадан гарах ажиллагаанаас чөлөөлүүлэх тухай бичсэн албан бичигт энэ талаар хүлээн зөвшөөрч сонсох ажиллагаа явуулж тайлбарласныг хүлээж авсан талаараа дурдсан” хэмээн тайлбарлаж байгаа боловч захиргааны байгууллага сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг бүрэн хангахгүйгээр хариуцагч нь шийдвэр гаргасан байна, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн дээр дурдсанаар аливаа гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар үйл ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан, хэрэв зөрчсөн тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Нэхэмжлэгчийг жуулчин ангиллын визээр нэвтрэн орж ирсний дараа хөдөлмөр эрхэлсэн хэмээн буруутган шалгасан ба гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн зүгээс зөрчилд холбогдуулан шалгаж оногдуулсан шийтгэлийн хуудсыг зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр холбогдох шүүх хүчингүй болгосон, энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д: “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ... дахин нотлохгүй” гэж зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 109 дүгээр магадлалаар улсын байцаагчийн 0050517 дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээх үндэслэлгүй болмогц гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Монгол Улсаас албадан гаргах талаар дүгнэлт болгон гаргасан байгааг анхаараагүй, хэтэрхий өрөөсгөл, хариуцагч болох эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гаргаагүй байна. Тодруулбал, шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлийг хэлж, энэ нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарлаж байх авч, маргаан бүхий захиргааны актын үндэслэл бүрэн тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай, яагаад гэвэл, өөр үйл ажиллагаа явуулсан гэдэгт улсын байцаагч ямар үйл ажиллагааг хамааруулан үзсэн нь тодорхой биш, зөрчлийн хэрэгт авагдсан үйл баримтыг “хөдөлмөр эрхэлсэн гэж үзэхгүй, зөрчлийн шинжгүй” гэж дүгнэсэн байхад үүнийг дахин албадлагын арга хэмжээ авах үндэслэл болгосон нь..., хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар тогтоогдсон зөрчлийн үйл баримтыг..., хязгаарлалт тогтоосон, зөрчилд тооцсон нотлох баримтыг хэрэгсэхгүй болгосон зөрчлийн хэргээр тогтоогдож байна... зэргээр үзсэн нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1: “... гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно”, 7.2: “... хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний нэгэн адил эрх, эрх чөлөөг эдлэх...” гэдэгт нийцэхгүй байна.

Хууль бус эс үйлдэхүй болон даалгах шаардлагын тухайд,

Нэхэмжлэл гаргагч нь 2020 оны 9 дүгээр сарын 10-нд “Н” ХХК-аар дамжуулан оршин суух виз олгуулахаар хариуцагч захиргааны байгууллагад хандсан ба хариуцагч талаас хүсэлтээ гаргасан гэдгийг шүүх хуралдаан дээр тайлбарласнаас гадна Гадаадын иргэн, харьяатын газрын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04/148 дугаар албан бичигт[4] “Н” ХХК-ийн нэр дээр “Т” /хөрөнгө оруулагч/ хэлбэрийн оршин суух зөвшөөрөл хүссэн, “Н*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ[5], нэхэмжлэгч нь тус компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч талаар заасан “Н” ХХК-ийн шинэчилсэн дүрэм[6], татварын албаны тодорхойлолт[7], дансны хуулга, Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт[8] зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх виз олгуулах зөвшөөрөл хүссэн хүсэлтийн талаар хариуцагч тал маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нь “гадаадын иргэний хяналтын улсын байцаагч П.Б нэхэмжлэгч БНСУ иргэн Ч Ё Б -ий М3******* паспортыг хурааж, хүсэлт бүхий материалыг авсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч тал мөн энэ талаар маргахгүй байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2: “гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх” гэж заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд паспортыг хураан авсан гэж үзэж болох авч харин гадаадын иргэний виз хүссэн талаарх материалыг хэрхэн яагаад авсан нь тодорхой бус, яагаад шийдвэрлээгүй, шийдвэрлэж болохгүй ямар нөхцөл байсан талаар үндэслэл бүхий тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хийж чадахгүй байна. Энэ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д: “Монгол Улсад түр ирсэн болон хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэнд энэ хуулийн 15.1.3-15.1.11-д заасан ангиллын олон удаагийн, гарах-орох визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал байхад виз олгох, эсхүл олгохгүй байх талаар хариу өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д: “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөх нь дээрх хуулиудад заасан өөрсдийнх нь бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлага ёсоор нэхэмжлэгчид “Т” ангиллын виз олгохыг захиргааны байгууллагад шууд даалгаж бүрэн эрхэд нь халдах үндэслэл шүүхэд байхгүй болно.

Ийм учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосны түүнчлэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсний үр дагаврыг буюу даалгах шаардлагыг хангахдаа хариуцагч захиргааны байгууллага нь хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ирсний дараа визний хүчинтэй хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу хязгаарлалт хийгдсэн байсан гэдэг тайлбарыг үгүйсгэх баримт байхгүй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 9 дүгээр зүйлийн 9.5.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУ иргэн Ч Ё Б -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Монгол Улсаас албадан гаргах тухай” А/220 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Монгол Улсад оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т1 хөрөнгө оруулагч визний зөвшөөрөл олгох эсэх талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУ иргэн Ч Ё Б /-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Гадаадын иргэн харьяатын газрын санхүү/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

 

 

[1] Хавтаст хэргийн 185-187-р хуудас

[2] Хавтаст хэргийн 92-93-р хуудас

[3] Хавтаст хэргийн 28-р хуудас

[4] Хавтаст хэргийн 152-р хуудас

[5] Хавтаст хэргийн 11-р хуудас

[6] Хавтаст хэргийн 18-20-р хуудас

[7] Хавтаст хэргийн 63, 205-р хуудас

[8] Хавтаст хэргийн 202-р хуудас