Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 825

 

Н.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С- гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809048860046 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 1996 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум, 5 дугаар баг, Онгоцон Ухаад оршин суух бүртгэлтэй, /....................../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Н.С нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдын өмчлөлийн байрыг “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч ...................... төөрөгдөлж оруулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн 5556312513 дугаарын Хаан банкны дансаар 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу “Хорооллын эцэст 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зарлал тавин хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт .................... уулзаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450.000 төгрөгийг авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу “Хорооллын эцэст байр түрээслүүлнэ” гэж зарлал тавин хуурч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь сауны орчим хохирогч ..................... уулзаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: ................... үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................... цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ....................г 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........... цагдан хоригдсон 45 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Сос 2.430.000 төгрөг гаргуулж, хохирогч ................ /РД:УЧ90102742/-д 1.580.000 төгрөг, хохирогч ............ /РД:ОЮ96052931/-т 450.000 төгрөг, хохирогч ................. /РД:УШ95022063/-т 400.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.С гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие цагдан хоригдох хугацаанд өвдөж 6 дугаар сарын 21-ний өдөр 461 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт 11 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би багадаа уушигны цусан хатгай тусаад тэр минь хүндрээд аасдамтай болсон юм. Дээр нь хэвтэж эмчлүүлж байх хугацаанд шинжилгээ өгөхөд бөөрний архаг өрөвсөлтэй, цус багатай байна гэсэн. Миний толгой эргэж, нүд харанхуйлж, хоолой боогдож амьсгаа түгжирдэг. Миний биеийн байдал маш муу байна. Ар гэрээс минь нэг удаа ч эргэлт байхгүй, эм тариа ирэхгүй өдөр хоногийг маш хүнд байдалтай өнгөрүүлэн аргацааж байна. Иймээс яаралтай эмчийн хяналтанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул надад хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би тогтвор суурьшилтай ажил хийж хохирол, гомдлоо барагдуулна. Би энэ хийсэн гэм буруугаа хүлээж, үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Дахиж ийм муухай хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “............... үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх шүүгдэгч Н.Сд 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр ял шийтгэл эдэлсэн. Тухайн ялыг эдэлж дууссаны дараа буюу 14 хоногын дараа дахин 3 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Н.С нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бусдын өмчлөлийн байрыг “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч ............... төөрөгдөлж оруулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн Хаан банкны АТМ-ээс өөрийн 5556312513 дугаарын Хаан банкны дансаар 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу “Хорооллын эцэст 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зарлал тавин хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..................., бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450.000 төгрөгийг авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк сайтад бусдын өмчлөлийн байрыг буюу “Хорооллын эцэст байр түрээслүүлнэ” гэж зарлал тавин хуурч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь сауны орчим хохирогч ................. уулзаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч ............ “...1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 99219453 гэсэн дугаараар Солонго гэсэн хүнтэй холбогдсон. ...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус данс руу 2.280.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр төвийн АТМ-ээс шилжүүлээд 1 дүгээр эмнэлэг дээр очсон чинь Солонго нь хүн үзээд завгүй байна гэж 1 цаг 30 минут хүлээлгэж байгаад би буруу түлхүүр аваад ирсэн байна гэж утсаар хэлсэн. ...” /хх 7-8/,

 

хохирогч ................ “...надаас байрны түрээсийн мөнгө гээд 1.200.000 төгрөг авах гээд байсан. Би тэгэхээр нь урьдчилгаа гээд 400.000 төгрөг өгөөд байрных нь түлхүүрийг аваад үлдсэн. Харин Солонго гэх эмэгтэй цаашаа яваад өгсөн. ...” /хх 121-122/,

 

хохирогч ................ “...би 1 сарын 450.000 төгрөгөөр тохирч 2 өрөө байр түрээслэхээр болсон. Ингээд бид 2 хамт яваад 3, 4 дүгээр хорооллын эцэс дээр очоод “аль байр юм” гэтэл замынхаа урд талын 5 давхар саарал байрыг заагаад “4 давхарт баруун талын хаалганд байрладаг байр байгаа юм. Чи очоод залгачих манай гэрийнхэн байгаа, би гэмтлийн эмнэлэг орлоо” гэхээр нь мөнгөө өгөөд би байр руу явсан. Тэгээд байр түрээслэх эсэх талаар асуухад “би Солонго гэх хүн танихгүй, мэдэхгүй манайх ийм зар тавиагүй”  гэсэн. ...” /хх 145-146/,

 

гэрч Э.Ганхуягын “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тарчихаад 16 цагийн үед таксинд явж байсан. ...Говь комплексийн хашааны үүдэн дээр зогсож байгаад 2 эмэгтэй хүн суулгасан. Тэр суусан 2 хүнээс тэр миний автомашинд сууж байсан эмэгтэй 400.000 төгрөг шилжүүлж аваад байрны түлхүүр гээд нэг түлхүүр өгсөн. ...нөгөө 2 эмэгтэйд дансны дугаараа өгөхдөө Солонго гэж гарч ирж байна уу гээд байсан. ...” /хх 124/ гэх мэдүүлгүүд,

 

нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 12-13/, .................. Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60/, хохирогч А.Болормаагийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 80/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч ................... цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч .............. иргэн А.Болормааг төөрөгдөлж оруулж 2.280.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, иргэн Б.Уламбаяртай уулзаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 450.000 төгрөгийг авч залилсан, иргэн Б.Орхончимэгтэй уулзаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 3.130.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Н.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн шүүгдэгч .................. давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Солонгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ................... гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.АЛДАР

 

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ