| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 105/2019/0945/Э |
| Дугаар | 827 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 827
А.От холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Ариунсанаа,
шүүгдэгч А.О,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 972 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806080731248 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.
................, 1997 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, охин, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 950г тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /...................../;
А.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Уртнасанг далан руу түлхэж унаган, 279.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 6” загварын гар утсыг нь хүч хэрэглэж, довтолж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................. бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Оийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар А.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Оийн урьд цагдан хоригдсон нийт 1 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д зааснаар А.Оийн насанд хүрээгүй хүүхэд болох О.Номингийн асрамжийг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн гэмт хэргийг бүрэн ойлгож, гэм буруугаа хүлээж байна. Би насанд хүрээгүй охин Номингийн хамт халдвартад орцны үйлчлэгч хийж амьдардаг. Миний охин 2 ой 4 сартай. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон амьдралын бэрхшээлтэй байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн. Иймд миний нөхцөл байдал, ахуй амьдралыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Би өөрийн гэм буруугаа хүлээж, хохирогч Э.Уртнасангийн гомдлыг барагдуулсан учир гомдлыг хүлээн авна уу.” гэв.
Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан. Шийтгэх тогтоолыг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэлгүй. Ялтан А.О нь хэрэг үйлдэх үедээ эх болон бага насны хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Эх нь хэрэг анхан шатны шүүхэд очоод шалгагдаж байхад нас барсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
А.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Уртнасанг далан руу түлхэж унаган, 279.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 6” загварын гар утсыг нь хүч хэрэглэж, довтолж авсан болох нь:
хохирогч Э.Уртнасангийн “...15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу далан дээгүүр гар утсаараа яриад явж байхад үл таних эмэгтэй араас далангийн жалга руу түлхэж унагаагаад миний “Самсунг Эс 6” маркийн гар утас болон гар цүнхийг аваад зугтаасан. Тэгээд би босоод “Номин” супермаркеттай байрнуудын дунд очиход машины дунд нуугдаад суучихсан байхад нь очоод цүнхээ булааж авсан боловч өөрийнхөө цүнхийг үлдээгээд “эгчээ тэд нар харж байгаа шүү дээ, та зугтаа” гэж хэлээд миний гар утсыг аваад зугтаачихсан. Би тухайн үед хаашаа явсныг нь харж амжаагүй. Толгойгоо нярайн ягаан цэцэгтэй цагаан өнгийн даавуугаар боосон байсан. Дөнгөж ургаж байгаа жижиг үстэй, маанаг юм шиг царайтай, цайвар өнгийн царайтай, 160 см орчим өндөртэй, 60 кг орчим жинтэй өөр сайн санахгүй байна. “Номин” супермаркеттай байрны голд хотхон учраас камер байгаа байх гэж бодож байна. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би унахдаа гараа бага зэрэг гэмтээсэн, гэхдээ ямар нэгэн зовиур байхгүй. ...” /хх 18-19/ гэх мэдүүлэг,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд зүйлийн үнэлгээ /хх 24-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч А.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Оийг иргэн Э.Уртнасанг далан руу түлхэж унаган, 279.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 6” загварын гар утсыг нь хүч хэрэглэж, довтолж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...миний нөхцөл байдал, ахуй амьдралыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү.” гэсэн шүүгдэгч А.Оийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 972 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 972 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ