Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 83

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: Т.Баатархүү,

            Шүүгдэгч: Ж.Баасанхүү,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хоо морьт овгийн Жаргалын Баасанхүүд холбогдох 201520000277 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1-р баг 04-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЭ85060713, Хоо морьт овгийн Жаргалын Баасанхүү.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Баасанхүү нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Т.Баатархүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Хохирогч Т.Баатархүүгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг өнгөрч байх үед намайг гэртээ байтал найз Бажаа утсаар яриад хүнсний захын махны заалны ард хүмүүстэй байна, хүрээд ир” гэхээр нь би явж очиход тэнд Бажаа, Хуягаа, Баатархүү, Баасанхүү нар байсан. Намайг очиход Бажаа “Улаан давааны бэл рүү явж мал авна” гэхээр нь би тэд нартай хамт явсан юм. Тэгээд бид нар Чандмань ороод Баатархүү гэдэг залууг аваад замдаа дэлгүүрээс 2 шил 750 граммын “Цагаан” гэх нэртэй архи авсан. Тэгээд Бажаагийн ахын гэрт очоод тэндээ нэг шил архиа ууцгаасан. Бажаа ахтайгаа уулзаад мал авах гэтэл мал нь вакцин хийлгэсэн байсан болохоор аваагүй, мөн Улаанхотгорт байдаг Бажаагийн эгчийнд очиход мөн малд нь вакцин хийчихсэн байсан тул мал авч чадаагүй. Тэгээд тэндээ нэг шил архи уугаад хөдлөх гэтэл Басаа /Ж.Баасанхүү/ согтчихсон байсан мөртлөө “Машин барина” гээд дайраад байхаар нь би Басааг “Чи согтуу байж машин барьж болохгүй, энэ чинь тоглоом биш, олон хүний амь тээж явж байгаа” гэхэд тэр “Чамд хамаагүй пизда минь” гэж хэлээд машинаас бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг “Буугаад ир” гэхээр нь би буусан. Тэгсэн шууд толгойгоороо миний ам руу нэг удаа мөргөхөд миний дээд уруул хавдаж үүдэн нэг шүд булгарсан юм. Уг булгарсан шүд өмнө нь хөдөлж байсан юм. Басаа намайг зодож байх үед бид нартай хамт явсан Хуягаа, Бажаа нар ирж салгасан. Басаа нөгөө хэдийг суулгаад намайг хээр орхиод явчихсан бөгөөд удалгүй буцаж ирээд намайг суулгаад явсан. Тэгээд замдаа явж байхдаа Басаа бид хоёр нилээн маргалдсан бөгөөд Басаа намайг “Аймгийн төв рүү орж байгаад чамайг ална. Чиний үхэх газар чинь тэр” гэх мэтээр хэлж явж байгаад Чандманийн 1-р буудал дээр машинаа зогсоосон. Машин зогсонгуут Басаа машинаас бууж ирээд намайг машин дотроос заамдаж буулгахаар нь би Басааг эргүүлээд заамдаад авахад Басаа миний зүүн гарын чигчий хурууг хазсан. Тэгэхээр нь би толгой руу нь нэг удаа гараараа түлхчихээд 2 гараас нь бариад автал зөрүүлээд миний зүүн шанаанаас хазсан. Тэгтэл Хуягаа “Боль” гээд салгахаар нь би машин руу гүйгээд ороход машин асаад явсан ба Басаа зам дээр үлдсэн юм. Тэгээд бид нар явсаар Хуягаагийн гэрт буюу Улаангом сумын 4-р баг 1-р цэцэрлэгийн урд талын хашаанд буугаад хашаа руу машинаа оруулаад зогсож байтал араас Басаа цагаан өнгийн жижиг суудлын машинтай ирээд шууд над руу дайрч “Би чамайг хаана явсан газар чинь дарамтлана” гэж хэлээд баруун гараараа миний зүүн нүдэн дээр нэг удаа цохиход машин дотор суусан хүмүүс Басааг надаас салгасан. Тэгээд би тэндээс зугатаагаад цагдаагийн газарт очиж гомдол гаргасан юм. Би Басаатай 2016 оны 10-р сарын эхээр алтан дээр гарч байгаад танилцсан юм. Бид хоёрын хооронд өмнө нь өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Басаа бид нар архи ууж байгаад би Басааг машин барина гэхээр нь “Боль” гээд хэлчихсэнээс болж намайг занаад зодоод яваад байсан юм. Би шинжээч эмч Н.Одбаярын гаргасан 560 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал, хүсэлт байхгүй. Одоо миний зүүн гарын чигчий хуруу гэмтэлтэй байгаа. Мөн үүдэн нэг шүд унасан тул шүдээ яаралтай хийлгэх шаардлагатай байна. Би Баасанхүүд гомдолтой байна. Би Баасанхүүгээс 200.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардал юм” гэх мэдүүлэг  /хх-ийн 5-6, 7-р тал/,     

       2. Гэрч Д.Ганбаатар/ Хуягаа/-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “....Тэгээд би Баасанхүүгээр машинаа бариулаад Бажаа/Бат-Эрдэнэ/, Баасанхүү, Баатархүү, Эрдэнэ-Очир бид нар Чандмань гараад тэндээсээ Ц.Баатархүү гэдэг найзыгаа аваад дэлгүүр орж 2 шил 750 граммын архи аваад явсан. Бид нар Улаангомоос 14 цагийн үед гараад Улаан давааны аманд 15 цаг гэхэд очсон. Тэгээд мал авдаг айлаасаа мал авах гэтэл малдаа тарилга хийчихсэн байхаар нь малаа авч чадаагүй бөгөөд хажуу талын хэд хэдэн айлаар очиход бүгд малдаа тарилага хийчихсэн байсан. Тухайн үед Баасанхүү машин бариад,  Т.Баатархүү ард нь сууж явсан ба Т.Баатархүү Баасанхүүд хандаж “Чи согтуу байна, машин битгий барь, зөөлөн яв” гэснээс болж Баатархүү, Баасанхүү хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн, Т.Баатархүү нь Баасанхүүгийн толгой руу гараараа нэг удаа цохиход Баасанхүү эргэж хараад гарынхаа арын хэсгээр нэг удаа  Баатархүүгийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд Баасанхүү машинаа зогсоогоод бид нар машинаас буутал Баасанхүү, Т.Баатархүү хоёр хэрэлдэж маргалдаад шууд барьцалдаад авсан. Тэгээд нэг нэгийгээ боогоод эхэлсэн ба хоёулаа нэг нэгийгээ цохиж нудраад газар унаж дээр, доороо оролцоод байхаар нь бид нар салгаад тэндээс Улаанхотгор гэх газар луу яваад айлын гадна очоод зогсоход Баатархүү, Баасанхүү хоёр мөн л маргалдаж, барьцалдаад зодолдоод байсныг салгасан. Тэгээд бид нар тэндээ архи дарсаа ууж дуусгаад нилээд согтоцгоогоод Улаангом руу Баасанхүү машин барьж хөдөлсөн. Тэгтэл Т.Баатархүү нь Баасанхүүтэй дахин хэрүүл маргаан үүсгээд аймгийн төв  ортол хэрэлдэж явсаар Чандманийн 1-р буудал дээр Баасанхүү, Ц.Баатархүү, Эрдэнэ-Очир нар буусан.  Тэд нарыг буух үед Баасанхүү, Т.Баатархүү нар дахин маргалдаж зодолдоход тэнд байсан хүмүүс бүгд салгасан. Тэгээд Чандманийн буудал дээр нөгөө гурвыг буулгачихаад Бажааг арын 4-н зам дээр буулгаад Т.Баатархүүг гэрт нь хүргэх гэтэл тэр манай гэрийн хажууд байх найз Одхүүгийн гэрт очно гэхээр нь би Т.Баатархүүг гэртээ авч очсон юм. Тэгтэл бид хоёрын өмнө Баасанхүү такси бариад Ц.Баатархүүтэй хамт ирчихсэн байсан ба бид хоёрыг машинаас буух үед Баасанхүү нь Т.Баатархүүтэй маргалдаад, барьцалдаад авсан. Тэгэхээр нь би эхнэртээ хэлээд тэр хоёрын хэрүүлээс холдоод явчихсан. Хэсэг байж байгаад гэртээ очиход тэд нар явчихсан байсан. Т.Баатархүү, Баасанхүү хоёр архи уучихсан машин дотор явж байгаад Т.Баатархүү нь Баасанхүүг “Согтуугаар машин барьж байна” гэж үгээр өдөж машин бариад явж байхад араас нь гараараа цохисон, эргээд  Баасанхүү нь Т.Баатархүүг гараараа цохиж тэр хоёрын хэрүүл маргаан, зодоон эхэлсэн. Тэр хоёр машин зогсох болгонд барьцалдаж ноцолдоод нэг нэгнийхээ хөл гар луу цохиж, заамдалцаж хоолойгоо боож, гар хөлөөрөө самардалцаж байсан нь үнэн. Т.Баатархүүгийн биеийн нүүр, гар хэсэг нь шалбарч жаахан цус гарч байсан. Мөн Баасанхүүгийн цамц, фудволк урагдаж цээжэн хэсэг нь маажигдаж шалбарсан шархтай, хүзүү нь боолгож улайсан байсан юм. Т.Баатархүү, Баасанхүү хоёр нь тухайн үед нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

       3. Гэрч Б.Бат-Эрдэнэ/ хоч нэр Бажаа /-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...бид нар Улаан даваа руу зургуулаа явсан. Бид нар Улаан давааны ам хүртэл явахдаа авсан архинынхаа нэгийг нь уусан ба нөгөө мал авах айлдаа очиход малд нь тарилага хийгээд дуусаж байсан тул мал авах боломжгүй болсон. Тэгээд тэр айлаасаа гараад Улаанхотгорт байх хүргэн ах Пүрэвсангаагийн гэрлүү явж байх замд Т.Баатархүү нь Баасанхүүг “Удаан яв” гэхэд Баасанхүү “Удаан явж байна, санаа зоволтгүй” гэхэд түүнээс болоод маргалдаад эхэлсэн ба Т.Баатархүү нь “Архи уучихсан согтуу хүнээр машин бариулахгүй” гэж хэлээд маргалдсан. Тэгээд тэр хоёр машин дотор нэг нэгэнтэйгээ барьцалдаад машинаа зогсоож бид нар бууж сүүлийн нэг шил архийг задлаад дээрээс нь нэг нэг татаад байж байтал гэнэт Т.Баатархүү, Баасанхүү хоёр дахин маргалдаад барьцалдаж нэг нэгнээ заамдаж хоолой хоолойгоо бооцгоож цамцныхаа захыг уралцаад зодолдоод байхаар нь бид нар салгасан юм. Тэгээд машинд сууцгааж Улаанхотгорт очоод би нөгөө ахынхаа гэрлүү ганцаараа ороод 10-15 минутын дараа гараад ирэхэд тэд нар машинаас буучихсан Т.Баатархүү, Баасанхүү хоёр зодолдож, ноцолдсон байдалтай хүзүү  нь улайчихсан байсан. Тэндээс шууд аймгийн төврүү орсон бөгөөд аймгийн төв орох замд Т.Баатархүү, Баасанхүү хоёр маргалдсаар л байсан. Тэгээд Чандманий 1-р буудал дээр ирээд Баасанхүү, Ц.Баатархүү, А.Баатархүү нарыг буулгах хооронд Т.Баатархүү, Баасанхүү хоёр мөн маргалдаад барьцалдаж ноцолдохоор нь дахин салгаад аймгийн төврүү Баатархүү, А.Баатархүү, Батхуяг бид нар хамт орж ирээд би арын 4-н зам дээр бууж үлдсэн юм. Т.Баатархүү нь Баасанхүүг машин бариад зөөлөн явж байхад “Чи согтуу байж машин барилаа” гэж уурласнаас болж тэр хоёрын хэрүүл маргаан, зодоон эхэлсэн ба тэр хоёр машин зогсох болгонд барьцалдаж, ноцолдоод нэг нэгнийхээ хөл гар луу цохиж, заамдалцаж хоолойгоо боож, гар хөлөөрөө самардалцаж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

      4. Гэрч Ц.Баатархүүгийн хэрэг бүртгэлтэд  өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байх би гэрээсээ гараад хорооллын эхэнд байх “Чандмань” нэртэй дэлгүүр ороод худалдаа хийчихээд гараад иртэл манай хорооллын залуу болох Баасанхүү нь улаан өнгийн Жийп маркийн суудлын машинтай дэлгүүрийн үүдэн дээр зогсож байсан. Тэгээд намайг дуудаад “Хамт яваад Улаандавааны наад талд нэг айлд очоод мал аваад ирье” гэхээр нь би машинд нь суучихсан юм. Намайг машинд суухад Баасанхүү машин бариад хажууд нь Батхуяг /Ганбаатар/ мөн миний танихгүй 3 залуу сууж явсан. Тэгээд Чандманиас 2 шил 750 граммын архи аваад хойшоо гарч явж байгаад замд зогсоод бид нар 1 шил архиа задлаад хувааж уусан юм. Тэгээд бид нар Улаандавааны аманд байх Батхуягийн танил гэх айлд очиход мал нь тарилгад орчихсон учир мал өгөх боломжгүй гэсэн. Тэгээд дахин наашаа хөдлөөд Улаандаваа уруудаж явахад Баасанхүү машин барьж яваад шороон зам дээр машин донсолчихсон чинь Т.Баатархүү нь Баасанхүүг “Чи машин барьж чадахгүй байна. Согтуу байж машин барилаа” гэх мэтээр агсам тавьж Баасанхүүтэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл Баасанхүү Т.Баатархүүг “Та тайван байгаач. Би машин яаж барихаа мэдэж байна” гэж хэлэхэд Т.Баатархүү Баасанхүүтэй хэрэлдэж байгаад гэнэт араас нь гараараа толгой руу нь цохиход  Баасанхүү уурлаад гарынхаа араар Баатархүүгийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхэд нь бид нар тэр хоёрыг салгаад явж байтал Баасанхүү машинаа зогсоогоод машинаас буухад Т.Баатархүү мөн машинаас бууж тэр хоёр машины гадна хэрэлдэж байгаад барьцалдаж аваад хоёулаа газар унаж зодолдож эхлэхээр нь бид салгаад хоёр тийш болготол Баасанхүү машинд суугаад Т.Баатархүүг сууж амжаагүй байтал хаячихаад явчихсан юм. Тэгэхээр нь би Баасанхүүд “Чи хөдөө хээр хүн хаяж явж болохгүй” гэж хэлээд эргэж яваад Т.Баатархүүг суулгасан. Тэгээд Улаанхотгорт нэг айлын гадна очоод нөгөө танихгүй залуучуудын нэг нь буугаад тэр айл руу орчихсон. Тэгтэл Т.Баатархүү, Баасанхүү хоёр дахин маргалдаад машинаас бууж барьцалдаж аваад зодолдоод нэг нэгнийхээ хувцасны захыг урж ноцолдож, зодолдоод байхаар нь бид нар салгасан юм. Тэгээд тэндээс шууд аймгийн төв ороод эхлээд Чандманий 1-р буудал дээр Баасанхүү бид хоёр буутал Т.Баатархүү нь машинаас бууж ирээд Баасанхүүтэй маргалдаж барьцалдаад, зодолдоод эхлэхээр нь бид нар салгаад тэд нарыг явуулсан юм ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

  5. Гэрч А.Баатархүүгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “.....Тэр үед Эрдэнэ-Очир бууж үлдээд Ц.Баатархүү дэлгүүрийн урдаас суугаад,  дэлгүүрээс 2 шил 750 граммын архи аваад бид шууд Улаандаваа руу гарсан юм. Тэгээд мал авах айл дээрээ очиход мал нь тарилагатай байсан тул тэндээ нэг шил архиа уучихаад дахин өөр айлд очихоор болоод Улаандаваанаас уруудаж байтал гэнэт Т.Баатархүү, Баасанхүү хоёр маргалдаад эхэлсэн. Т.Баатархүү Баасанхүүг “Тогтуун яв” гэснэс болж маргалдаад нэг нэгнээ цохисон гэсэн. Би тухайн үед зүйрмэглэж байсан учир хараагүй юм. Тэгээд бид нар Улаанхотгорт Бажаагийн садангийн айлд очоод Бажаа нөгөө айл руу орох хойгуур нь би машинаас буугаад бие засчихаад хүрээд иртэл Т.Баатархүү, Баасанхүү хоёр дахин маргалдаад машинаас бууж барьцалдаж аваад зодолдоод нэг нэгнийхээ хувцасны захыг урж зодолдоод байхаар нь бид нар салгасан юм. Тэгээд тэндээс шууд аймгийн төв ороод эхлээд Чандманийн 1-р буудал дээр Баасанхүү, Ц.Баатархүү хоёрыг буулгаж байтал Т.Баатархүү машинаас бууж ирээд Баасанхүүтэй маргалдаж барьцалдаад зодолдоод эхлэхээр нь бид нар салгаад тэд нарыг явуулсан юм. Тэгээд арын дөрвөн зам дээр Бажааг, Сондор дэлгүүрийн хажууд намайг буулгаад Хуягаа, Баатархүү хоёр яваад өгсөн. Тухайн үед Т.Баатархүү нь нэлээн согтуу, Баасанхүү нь халамцуу байсан бөгөөд хоёулаа харилцан нэг нэгэнтэйгээ барьцалдаж зодолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

       6. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №560 дугаартай шинжээчийн дүгнэлтэд : “Үзүүлэгч Т.Баатархүүгийн  биед гэмтэл учирсан байна. Зүүн сарвуунд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн сарвуунд зулгаралт, үүдэн нэг шүдний сэтрэл гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаа цаг хугацаанд учирсан байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ /хх-ийн 17-р тал/,

        7. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №612 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Ж.Баасанхүүгийн  биед гэмтэл учирсан байна. Цээжинд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ/хх-ийн 21-р тал/,

             8. Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1129 тоот тодорхойлолт /хх-ийн 33-р тал/,

             9. Шүүгдэгч Ж.Баасанхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/,

            10. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 39-40-р тал/,

            11.  Шүүгдэгч Ж.Баасанхүүгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байтал найз Батхуяг намайг дуудсан. Тэгээд тэдний гэрт очиход Батхуяг надад “Чи машин бариад Түргэн сумын нутаг Улаан даваа гэх газар луу хамт яваад өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрч хамт явахаар болсон юм. Тэгээд Баатархүү, Ц.Баатархүү, Бажгаа, Батхуяг бид нар Батхуягийн ахын машинтай Бажгаагийн садангийн айлаас мал авахаар явсан юм. Бид нар Улаангомоос үд орчимд гарсан ба гарахдаа Бажгаа дэлгүүрээс 3 шил 750 граммын “Тэргүүн” нэртэй архи авсан бөгөөд уг архийг нь бид нар замдаа хувааж уусан юм. Эхлээд бид нар Бажгаагийн ахынх нь  гэрт очоод мал авах гэтэл малд нь вакцин хийчихсэн учир болохгүй гэхээр нь тэндээсээ хөдлөөд Улаанхотгор гэх газар луу явж байтал Т.Баатархүү “Чи согтуу байна, машин зөөлөн барь, яасан их хурдан явдаг юм” гээд над руу томроод байсан. Тэгэхээр нь би “Зүгээрээ, би өөрөө мэдэж байна” гээд бид хоёр түүнээс болж маргалдаж байтал гэнэт Т.Баатархүү нь миний араас гараараа нэг удаа баруун шанаа руу цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд хойшоо хараад Баатархүүг цохих гэхэд машин дотор сууж явсан хүмүүс цохиулаагүй юм. Тэгээд түүгээрээ явсаар Улаанхотгор гэх газар очоод нэг айлын гадна буух үед Баатархүү над руу ирээд надтай маргалдаж бид хоёр барьцалдаад, зодолдож газар унаж дээр доороо орж зодолдох үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм. Тэгээд тэндээ яваад орой 19 цагийн орчим аймагт ирээд Чандманийн 1-р буудал дээр буугаад явах гэхэд Т.Баатархүү над руу ирээд мөн урьдынхаа асуудлаас болж надтай маргалдсан. Тэгээд бид хоёр барьцалдаад доор дээрээ оролцоод ноцолдож байтал хамт явсан хүмүүс дахиад салгаад Батхуяг, Бажгаа, Ц.Баатархүү нар Т.Баатархүүг машинд суулгаж аваад төврүү орсон бөгөөд би Батхуягийг цагдаад баригдчих байх гэж бодоод араас нь такси бариад дагаж яваад Улаангом сумын 4-р багийн нутагт байрлах Батхуягийн хашаанд дээр очсон юм. Тэгтэл Батхуягийн машинаас Т.Баатархүү бууж ирээд надтай маргалдаад байхаар нь би машины том чиргүүл доор орж нуугдсан. Тэгээд Т.Баатархүүг явахаар нь гарч ирээд Батхуягтай уулзчихаад гэрлүүгээ явчихсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Баатархүү надруу утсаар яриад “Чи миний шүд төлж өг. Манай эхнэр цагдаад гомдол гаргана гэнэ” гэхээр нь би “Явдаг газраараа яв” гээд хэлчихсэн юм. Би Т.Баатархүүг өмнө нь таньдаггүй байсан ба тэр өдөр хамт яваад таньдаг болсон. Би шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 560 тоот дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Харин Т.Баатархүү нь “ миний 1 шүд унасан, шүд хийлгэх зардал гаргуулна” гэж мэдүүлсэн байгааг зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтэд “ үүдэн 1 шүдний сэтрэл үүссэн” гэж бичсэн, харин шүд унасан талаар бичигдээгүй. Надаас унасан шүд хийлгэх зардал 160000 төгрөг нэхэмжилсэн. Би учирсан бодит хохирлыг төлнө гэсэн боловч хохирогч зөвшөөрөөгүй. Тухайн үед миний биед ч гэсэн гэмтэл учирсан, би бараг 20 гаруй хоногийн дараа эмчид үзүүлсэн учраас гэмтэл нь эдгэрсэн байсан байгаад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх. Би Т.Баатархүүтэй уулзаж учраа олох гэсэн боловч ойлголцоогүй ”  гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Баасанхүү нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Т.Баатархүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Баатархүү, гэрч Д.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Баатархүү, Ц.Баатархүү нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №560 дугаартай шинжээчийн  дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Баатархүүд “Зүүн сарвуунд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн сарвуунд зулгаралт, үүдэн нэг шүдний сэтрэл” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Баасанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                   Хохирогч Т.Баатархүү нь хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ж.Баасанхүүгээс эмчилгээний зардалд 200.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  талаархи  нотлох баримт авагдаагүй байх тул хохирлыг тооцоолох боломжгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

                  Шүүгдэгч Ж.Баасанхүү нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар  1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан талаархи нотлох баримтууд болох шийтгэх тогтоол, ял шалгах хуудас хэрэгт авагдсан байх боловч тэрээр ялгүй болсон байхдаа дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх тул  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

                  Шүүгдэгч Ж.Баасанхүү нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

                  Иймд шүүгдэгч Ж.Баасанхүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.               

                  Шүүгдэгч Ж.Баасанхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1,  284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Хоо морьт овгийн Жаргалын Баасанхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ж.Баасанхүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Ж.Баасанхүү нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Хохирогч Т.Баатархүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

      5. Шүүгдэгч Ж.Баасанхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ж.Баасанхүүд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН