Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00807

 

Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00930 дугаар шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1216 дугаар магадлалтай, 

 Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.08-ны өдрийн 01349 тоот шийдвэрээр хариуцагч Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нараас зээлийн гэрээний үүрэгт 186,148,751 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд төлбөрийг Р.Бум-Эрдэний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-1, Б-2 тоот 73,8 болон 60.45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдээс хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нар дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийгдэж Р.Бум-Эрдэнийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-1 тоот орон сууцыг 126,500,000 төгрөгөөр, Б-2 тоот орон сууцыг 103,600,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг хүлээж аваад дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг гомдлоо 2019.12.24-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК хийсэн бөгөөд уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрлээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.08-ны өдрийн 1349 дугаар шийдвэрээр Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нараас 187,237,444 төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгохоор, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/25628 дугаар мэдэгдлийг гардуулахад үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилоход, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 дүгээр байрны Б-1 тоот орон сууцыг 126,500,000 төгрөгөөр, Б-2 тоот орон сууцыг 103,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019.12.12, 13-ны өдрийн 4/28858, 4/28974 дүгээр албан бичгүүдээр оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.14-ний өдрийн 183/ШШ2020/05160 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.08-ны өдрийн 183/ШШ2017/01349 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019.12.05-ны өдрийн 427 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019.12.11-ний өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Рэнцэндоржийн Бум-Эрдэнэ, Бум-Эрдэнийн Булган нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020.01.13-ны өдрийн 183/ШЗ2020/00797 дугаартай /хх-80/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 1216 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.14-ний өдрийн 183/ШШ2020/00930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД64 байрны Б-2 тоот орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХ-ийн үнэлгээг хүчингүй болгоогүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг хүчингүй болгож дээрх орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч нар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД64 байрны Б-2 тоот орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХ-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.08-ны өдрийн 01349 тоот шийдвэрээр хариуцагч Р.Бум-Эрдэнэ, Б.Булган нараас зээлийн гэрээний үүрэгт 186,148,751 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХ-нд олгохоор шийдвэрлэн, үүргийн гүйцэтгэлийг Р.Бум-Эрдэний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 байрны Б-1, Б-2 тоот 73,8 болон 60.45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс хангуулахаар заажээ.

 Төлбөр төлөгч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураасан байна.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй учир, хөндлөнгийн шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон, шинжээч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД-64 дүгээр байрны Б-1 тоот орон сууцыг 126,500,000 төгрөгөөр, Б-2 тоот орон сууцыг 103,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба үнэлгээг талуудад 2019.12.12, 13-ны өдрийн 4/28858, 4/28974 дүгээр албан бичгүүдээр оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн нь /хх-143-145/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 Төлбөр төлөгч Р.Бум-Эрдэнийн өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх талаар явуулсан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. (хх-83-173)

 Шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тус тус үнэлж, 2 хөрөнгийн нийт үнийн дүнг 230,100,000 төгрөг гэж тогтоосныг нэхэмжлэгч үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь ямар онцлог шинжээрээ шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрийн мэдэгдлийг тухай бүрт нь төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэж ажиллагаанд биечлэн оролцох боломжоор хангасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ... зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлгээг хүчингүй болгуулна нэхэмжлэгчийн гомдол хангагдах боломжгүй юм.

 Мөн нэхэмжлэгч үнэлгээний мэдэгдлийг дээр дурдсанаар талуудад 2019 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр хүргүүлсэн байхад шүүхэд нэхэмжлэлийг 2019.12.24-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. /хх-1-2/

 Иймд хоёр шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгджээ.

 Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00930 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1216 дугаар магадлалыг, хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦОЛМОН

                                                  ШҮҮГЧИД                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ