Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00806

 

Итгэлтхүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дүгээр шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1152 дугаар магадлалтай, 

 Итгэлтхүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр Итгэлт хүлэг ХХК-аас 725,390,182 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Итгэлт хүлэг ХХК-ийн гүйцэтгэх захирал, иргэн Д.Энхтайваны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020631 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжилж, хураан авсан. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг нийт 514,454,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчийн зүгээс үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй 2020.01.30-ны өдөр танилцсан. Шинжээч Виннэр вэй ХХК нь орон сууц, авто зогсоолын үнэ цэнийг тодорхойлохдоо ижил биш объекттой харьцуулахаас гадна байршил зүйн хувьд өөр өөр бүсчлэлд байгаа хөрөнгүүдийн зар мэдээтэй харьцуулан үнийг тодорхойлсон нь үндэслэл муутай болж төлбөр төлөгч манай компанийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлсэн байна. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс Виннэр вэй ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлтийг амаар гаргахад хуулбарлан өгөх боломжгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрх төлбөр төлөгчид байдаг гэсэн. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Итгэлт хүлэг ХХК-д 2019 оны 157/02, 157/01, 157/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй учир шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэхэд 514,454,000 төгрөг гэж тогтоосон учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.11.08-ны өдрийн 4/25185, 4/26920 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо 7 хоногийн дотор гаргах байсан боловч 2019.11.08-ны өдөр гомдол гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоот, 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Итгэлт хүлэг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 1152 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Итгэлт хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, нэхэмжлэгчийн маргаан бүхий хөрөнгийн үнэлгээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлээгүйд нэхэмжлэгч талаас гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Итгэлт хүлэг ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тэдгээрийн гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь алдаатай болжээ

 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулахгүйгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 , 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасантай нийцээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.05-ны өдрийн 181/ШШ2018/00809 дугаар шийдвэрээр Итгэлт хүлэг ХХК-аас 721,624,111 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэн, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох нэр бүхий 4 үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт заасан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч хуулийн этгээд төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, Д.Энхтайваны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020631 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг 18 м.кв талбай бүхий автозогсоолын хамт битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх-42-50/

 Дээрх 2 үл хөдлөх хөрөнгийн үнийг шинжээч 514,454,000 төгрөг гэж тогтоосон тухайг төлбөр төлөгч Итгэлт хүлэг ХХК-ийн төлөөлөгч Д.Энхтайванд болон төлбөр авагчид 2019.11.08-ны өдрийн 4/25185, 4/26920 дугаар мэдэгдлээр мэдэгджээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэжээ.

 Нэхэмжлэгч Итгэлт хүлэг ХХК нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2020.01.30-ны өдөр шүүхэд гаргаж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. /хх-1-2/

 Түүнчлэн нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт бага үнэлсэн гэх боловч, шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо гомдол гаргах хугацааны талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хамаарах хуулийн зохицуулалт хэрэглээгүй байна.

 Иймд дээр дүгнэснээр шийдвэр, магадлалд хуулийн заалтыг нэмж өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1152 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ... гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦОЛМОН

                                                 ШҮҮГЧИД                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ