Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хээмчигийн Сонинбаяр |
Хэргийн индекс | 101/2020/00539/И |
Дугаар | 001/ХТ2021/00804 |
Огноо | 2021-06-22 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2021/00804
Б.Отгончимэг, Эрдмийн чуулган ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2020/01725 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1585 дугаар магадлалтай,
Б.Отгончимэг, Эрдмийн чуулган ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор,
Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оралс, В.Алтанзул, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдмийн чуулган ХХК нь Голомт банк ХХК-аас зээл авч, зээлийн үүрэгт өөрийн өмч Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулсан. Уг зээл нь богино хугацаатай, хүүгийн нөхцөл их зэргээс шалтгаалан төлж чадаагүй хугацаа хэтэрч, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.26-ны өдрийн 0248 тоот захирамжаар Эрдмийн чуулган ХХК болон Б.Отгончимэг нараас 137,305,205 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор болсон. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Баянзүрх дүүргийн 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Өлзийбаяр нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилоход тус хөрөнгийг 240,350,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Уг хөрөнгийг банкинд барьцаалах үед 218.5 м.кв талбайтай байсан боловч хожим зээл авч, хөрөнгө оруулалт хийсээр 145.92 м.кв талбайтай өргөтгөл барьсан бөгөөд цэвэр, бохир ус, дулаан, цахилгаанд холбосон. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд 218.5 м.кв талбайтайгаар 240,350,000 төгрөгөөр үнэлсэн байна. Зүй нь, тухайн хөрөнгүүдийг хамт үнэлсэн бол үнэлгээ өндөр болно. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 345.92 м.кв талбайтай газрыг хамт үнэлээгүй орхисон байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар аливаа хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 2-3 аргыг хэрэглэхээр заасан ба Үнэлгээний олон улсын стандартын 105.10 зүйлийн 4 дэх хэсэгт үнэлгээчин өөр өөр үнэ цэнийг дундажлахгүйгээр харин шинжлэн тодруулах замаар тайланд тусгана гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нийт үнийг дундажлан гаргаснаар сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаагаас гадна өртгийн аргаар үнэлгээ хийсэн тооцооллыг хавсралтаар үзүүлэв гэсэн боловч уг аргаар хийсэн тооцоолол байхгүй байна. Төвийн шугамд холбогдсон байршил сайтай газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт үнэлээгүй, 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг үнэгүйдүүлсэн байна. Бодит байдал дээр 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 145.92 м.кв талбайгаар нэмэгдсэн байхад 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ гаргасан учраас гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжаар Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нараас 138,219,881 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 2204017281 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоотод байрлах 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2019.10.24-ний өдрийн 19261821/01 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019.12.17-ны өдрийн 19261821/04 тоот тогтоолоор барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК нь зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 240,350,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээний тайланг 2020.01.14-ний өдөр шинжээчээс хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад 2020.01.09-ний өдөр мэдэгдсэн. Талуудад дуудлага худалдаанд үнэлүүлсэн үнэлгээний 70 хувиас эхлэн дуудагдахыг сануулж, эрх, үүргийг тайлбарласан. Одоо шинжээчийн тогтоосон үнэ болох 240,350,000 төгрөгийн 70 хувь 168,245,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Төлбөр төлөгч Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нараас төлбөр гаргуулахаар барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.20-ны өдрийн 21 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр миний бие Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах 218.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоосон. Нэхэмжлэгчийн хэлснээр 2019 оны байдлаар үнэлгээний олон улсын стандарт 2017 үйлчилж байсныг дагаж мөрдсөн. Тогтоолын дагуу 218.5 м.кв талбайтай хувийн сууцны үл хөдлөх хөрөнгийг 350 м.кв өмчлөлийн газрын хамт үнэлсэн ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн жишиг хандлага, өртгийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээ хийсэн. Зах зээлийн жишиг хандлагын арга нь дотроо нийтэд арилжаалах, харьцуулан жиших гэсэн аргад хуваагддаг бөгөөд хэргийн материалын 40-41 дэх талд өртгийн хандлагын аргаар 295,117,544 төгрөгөөр үнэлсэн. Харин зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэхдээ газар болон газрын өртөг шингэсэн ба үнэлгээ хийж байгаа хөрөнгөтэй хамгийн ойр үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан хэргийн 33, 34 дугаар талд дүгнэлтэд тодорхой дурдсан. Үнэлгээний олон улсын стандартын 105 дахь заалтын 30.6-д заасныг харгалзан үзэж, итгэлцлийн дүн дээр 1 м.кв нь газрын өртөг шингэсэн байдлаар 1,100,000 төгрөг, нийт 245,350,000 төгрөгийн үнэлгээ гарсан гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.14-ний өдрийн 101/ШШ2020/01725 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Эрдмийн чуулган ХХК болон Б.Отгончимэг нарын гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах Ү-2204076542 тоот улсын бүртгэлийн дугаартай 218.5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байршилтай Г-2204017281 тоот улсын бүртгэлийн дугаартай 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 1585 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.14-ний өдрийн 101/ШШ2020/01725дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Эрдмийн чуулган ХХК болон Б.Отгончимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамж, 215б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204076542 дугаарт бүртгэлтэй 218,5 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2204017281 дугаарт бүртгэлтэй 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 240,350,000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ Эстимейт ХХК-ийн 2020.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.26-ны өдрийн 101 /ШШ2018/02484 дүгээр захирамжаар Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нараас 138,219,881 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Г-2204017281 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215 Б тоотод байрлах 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204076542 дугаарт бүртгэлтэй 218.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2019.10.24-ний өдрийн 19261821/01 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019.12.17-ны өдрийн 19261821/04 дүгээр тогтоолоор барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож, үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 240,350,000 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус зааснаар төлбөр авагч Голомт банк ХХК нь гагцхүү барьцаалагдсан бөгөөд шүүхийн шийдвэр, захирамжид заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Үүнийг тус хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тодорхой заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжид 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө гэж дурдаагүй байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж, түүнчлэн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж тус тус зааснаар талууд 145.92 м.кв талбайтай өргөтгөлийг бүрдэл хэсэг хэмээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалаагүй байна. ... Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-т Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна гэж заасан боловч тус 145.92 м.кв талбайтай өргөтгөл нь энэ хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан үр шим биш учраас хамт барьцаалагдсан гэж үзэхгүй. Мөн Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нараас 138,219,881 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгох төлбөрийг шүүхийн шийдвэрт дурдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь хангалттай хүрэлцэхүйц үнэлэгдсэн байх тул 145.92 м.кв талбайтай өргөтгөл хийсэн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад үнэлгээг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.07.26-ны өдрийн 101/ШШ2018/02484 тоот захирамжаар Эрдмийн чуулган ХХК, Б.Отгончимэг нараас 138,219,881 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. (хх-4-6)
Төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Отгончимэгийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 215б тоотод байрлах 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 218.5 м.кв талбайтай хувийн сууцыг 2019.10.24-ний өдөр битүүмжлэн, хураасан, үнэлгээний талаар талууд санал нийлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ Эстимэйт ХХК 240,350,000 төгрөг гэж тогтоожээ. (хх-15-41)
Нэхэмжлэгч энэхүү үнэлгээг хүчингүй болгох шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа газар, болон хувийн сууцыг барьцаалснаас хойш 145,92 м.кв өргөтгөл баригдсан байхад үнэлээгүй орхисон нь буруу хөрөнгийн бодит үнэ зөв тогтоогоогүй гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ ихэссэн, түүнээс салгаж үл болох өргөтгөл хэсэг баригдсан талаар хариуцагч үгүйсгээгүй ба давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр маргааны зүйлийн хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны хөрөнгийг үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 118 дугаар зүйлийн нотлох баримт үнэлэх, нотлох баримтын бодит үндэслэл тогтоогдоогүй талаарх холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх тул, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрт хураагдсан барьцааны хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг, хөрөнгийн хэмжээ, үнэ цэн нь нэмэгдсэн эсэхт дахин ажиллагааг явуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг зөрчихгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1585 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Г.ЦАГААНЦООЖ