Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/874

 

 М.Гад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч М.Гын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1063 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Гад холбогдох 1903003920235 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Мөнгөншагайгийн Г, 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б хэсэг, 500 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3б хэсэг 500 тоот айлын хашаанд “Хьюндэй Соната 5” загварын 83-42 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 1 нас 8 сартай М.Мийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Мөнгөншагайгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Ганмандахад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 1076961 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ, хэргийн материалтай танилцахдаа, мөн гараар бичиж өгсөн санал, хүсэлтдээ М.Гад гомдол, саналгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Энэ хэргийг нааштайгаар шийдэх байх гэж бодсон. Би шүүхийн шатанд дахин гомдол, саналгүй гэсэн хүсэлт өгсөн. Хамгийн гол нь М.Гын хүүхэд бага настай, эхнэр нь жирэмсэн бөгөөд ажилгүй байгаа. М.Г нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг ганц хүн байсан. Энэ хүн ял аваад явах юм бол тухайн гэр бүл маш хүнд байдалтай үлдэх тул энэхүү гомдлыг минь хүлээн авч, ялыг тэнсэн, харгалзаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь шүүгдэгчийн хувийн байдалд эхнэр нь жирэмсэн, бага насны хүүхэдтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба оршуулгын зардлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан бөгөөд шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний амь нас хохирсон, учруулсан хор уршгийг нөхөж арилгах боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн тохиолдолд тэнсэж шийдвэрлэх практик байгаа. Гэхдээ учруулсан хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1063 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3б хэсэг 500 тоот айлын хашаанд “Хьюндэй Соната 5” загварын 83-42 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхэлж, ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 1 нас 8 сартай М.Мийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэний “М.М нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. М.М нь гэрт байдаг байсан. Би ослын талаар мэдэх зүйл байхгүй. Сүүлд нь би сонссон. Жолооч М.Галбадрах нь 300.000 төгрөг гаргаж өгсөн. Нийт 3 сая гаруй төгрөг оршуулганд зарцуулсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 23-24/,

гэрч Б.Уранчимэгийн “...Талийгаачийг гарч явсныг би мэдээгүй. 4 настай ах нь эгчээ дүүг хардаа гэж орилсон. Би сандраад гарч очоод тэврээд авсан. Машиндаа суугаад нөхрийн хамт эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Аав, ээжийг нь дуудсан. Эмч нар зүрх нь зогссон байна гэж хэлсэн. ...” /хх 45/,

гэрч Л.Отгонтуяагийн “...Намайг ажил дээр ээлжид гарч байхад дөнгөж сая машинд мөргүүлчихлээ гэж ой 8 сартай хүүхдийг авч орж ирсэн. Тэгээд яаралтай тусламжийн өрөөнд авч орж ирээд үзлэг хийхэд амьсгал зүрхгүй, сэхээн амьдруулалт хийсэн. Дараа нь сэхээний эмч ирээд үргэлжүүлээд хоёулаа сэхээн амьдруулалт хийж, судсанд адерналин хийж сэхээн амьдруулалт үргэлжүүлэхэд амьсгал зүрх орж ирээгүй тул сэхээн амьдруулалтыг зогсоож ар гэрт нь хэлсэн. Нэгдүгээр нэрийн эмч дуудаж болсон явдлыг тайлбарлаж би өөрөө цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 47/,

шүүгдэгч М.Гын “...Би ... машинтайгаа гарч байхдаа эгчийнхээ хүүхдийг мөргөн амь насыг хохироосон. ...Би хашааныхаа хаалгыг онгойлгоод усанд явахаар саваа ачаад гарахаар машиндаа суух үед ар талд хүн байхгүй байсан. ...Тэгээд машинаа асаагаад хойшоо ухартал хүүхэд мөргүүлсэн. ...Тухайн үед дүү маань ухаангүй байсан. Тэр үед зүрх нь цохилж байсан. ...Найз Батсүх өөрийнхөө машинтай гарч ирсэн. ...Машинд нь суугаад манай эхнэр, 2 найзын хамт Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. ...Эмч анхны тусламж үзүүлэн тариа тарьсан. ...Эмч танай дүү нас барсан байна гэж хэлсэн. ...” /хх 58/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 991 дугаартай “...Талийгаач М.Мийн цогцост гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан доорх цус харвалт, ховдлуудын цус хуралт, бага тархины няцрал, хуйхны дотор гадаргуу, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн уушигны доод дэлбэнгийн цус хуралт, зүүн хацар, дух хуйх, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цус харвалт, бага тархиный няцрал гэмтлийн нас баржээ. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. ...” /хх 61-63/ гэх дүгнэлт,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 208 дугаартай “...Х.Соната 5 маркийн 83-42 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Мөнгөншагайгийн Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөед жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /хх-н 76/ гэх магадлагаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16, 6-11/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 12-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

М.Г нь автомашиныг асааж ухрах үйлдэл хийхдээ түүний автомашины ар талд хүүхэд байгааг харалгүй мөргөж хүний амь нас хохироосон үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөр илэрч байгаа бөгөөд уг хэрэг болгоомжгүй байдлаар үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл, тухайн үед автомашины ар талд хүүхэд байгаа эсэхийг тээврийн хэрэгслээс бууж шалгасан бол энэ гэмт хэрэг гарахгүй, бусдын амь нас үрэгдэхгүй байх байсан хэдий ч шүүгдэгч ухрах үйлдэл хийхдээ тээврийн хэрэгслийн толинд харж шалгасан нь бага насны хүүхдийг ар талд зогсож байгааг харах боломжгүй, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан учир “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг” үйлдсэн, /Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн/ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Гын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ “...ялыг тэнсэн, харгалзаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...М.Гын хүүхэд бага настай, эхнэр нь жирэмсэн бөгөөд ажилгүй байгаа. М.Г нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг ганц хүн байсан. Энэ хүн ял аваад явах юм бол тухайн гэр бүл маш хүнд байдалтай үлдэх тул энэхүү гомдлыг минь хүлээн авч, ялыг тэнсэн, харгалзаж өгнө үү. ...” гэсэн хүсэлт, түүний шүүгдэгч М.Гад гомдол, саналгүй гэж удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдийг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилах боломжгүй боловч түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой байна.

Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсны улмаас үүссэн хохирол мөнгийг нөхөн төлж, хохирогчоос түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсныг даалгахаар шийдвэрлэснийг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1063 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч М.Гад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 56 хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай..

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ