Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2018/00266/И |
Дугаар | 102/ШШ2018/03697 |
Огноо | 2018-12-07 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2018/03697
2018 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2018/03697 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 5716373 регистртэй Х ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш гудамжны 35-1 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 5643325 регистртэй Ж ХХК ХХК-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,441,741.73 /гучин таван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг, далан гурван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав, Ж.Нямбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Атарболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж ХХК ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хүннү молл дэлгүүрийн В1 давхрын 10В тоот үйлчилгээний өрөөг 3 жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сард 50,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 3,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 1,300,000 төгрөг тус тус төлснөөс өөр түрээсийн төлбөр төлөөгүй. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж ХХК ХХК нь гэрээг цуцлах тухай хүсэлтийг Х ХХК-д ирүүлж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан. Түрээсийн болон цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 23,705,644 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах албан шаардлагыг Ж ХХК ХХК-д хүргүүлэхэд дээрх төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Х ХХК-ийн зүгээс Ж ХХК ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг сарын 2,021,250 төгрөг байсныг 1,000,000 төгрөг болгон бууруулсан. Гэрээний 11.1-т заасны дагуу эхний 30 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар, үүнээс цааших хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан тул 2015 оны 3 дугаар сараас 4 дүгээр сар хүртэлх хугацааны алдангийг 0,3 хувиар тооцсон ба, 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны алдангийг 0,5 хувиар тооцсон. Алдангийн нийт хэмжээ 35,953,407 төгрөг болж, үндсэн үүргийн дүн 23,472,193 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийн хэмжээг 11,736,096 төгрөг болгон бууруулсан. Хариуцагчаас 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээг цуцлах өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 23,472,193 төгрөг, алданги 11,736,096 төгрөг, цахилгааны төлбөрт 225,379 төгрөг, нийт 35,441,741 төгрөгийг шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... гэв.
Хариуцагч Ж ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай компани Хүннү молл дэлгүүрийн В1 давхар 10В үйлчилгээний талбайг бусад ноолууран тасгуудтай хамт түрээслэхээр тохиролцож гэрээ хийсэн боловч Х ХХК нь талбайн дүүргэлт, мөн менежмент хийж чадахгүй ямар ч борлуулалт байхгүй байсан учир В1 давхарт байрлах бүх ноолууран тасгууд болох компаниуд гарсан. Эхний ээлжинд түрээснээс чөлөөлж зөвхөн менежментийн төлбөрийг авна гэж тохиролцсон боловч менежмент хийж чадаагүй. Х ХХК-ийн захиргаанд талбай чөлөөлөх хүсэлт удаа дараа өгсөн боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан учир шийдэж өгөхгүй байсаар бусад түрээслэгч аж ахуйн нэгжүүдээс хамгийн сүүлд гарсан. Энэ хугацаанд сул зогсолт хийж түрээсийн төлбөрийг их хэмжээгээр гүйлгэсэн. Мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болохоор Х ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу хүүхдийн хувцас нийт 12,456,000 төгрөгийн барааг түрээсийн төлбөртөө тооцон өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ж ХХК ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 23,472,193 төгрөг, алданги 11,736,097 төгрөг, цахилгааны төлбөр 225,379 төгрөг зэргийг нэгтгэн нийт 35,441,741.73 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дээрх тооцоолол буруу хийгдсэний улмаас илүү шаардсан 8,072 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг 35,433,669 төгрөг болгож багасгасан.
Хариуцагч Ж ХХК ХХК нь түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон хугацааны талаар маргахгүй бөгөөд, түрээсийн төлбөрөөс 17,988,751 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх боловч, менежментийн төлбөрийн задаргаа нь тодорхой бус, ойлгомжгүй ба түрээсийн төлбөрт НӨАТ нэмж тооцсон нь үндэслэлгүй, мөн цахилгааны төлбөрийг шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбарыг гарган маргаж байна.
Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 501 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 46,000 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-2206031739 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Х ХХК-ийн өмчлөлийнх мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх 7/
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохигчид Түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч Х ХХК нь өөрийн өмчлөлийн Хүннү Молл худалдааны төвийн барилгын В1 давхрын 35 м.кв талбай бүхий 10В тоот үйлчилгээний өрөөг түрээслэгч Ж ХХК ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслүүлж, түрээслэгч нь 1 м.кв талбайн үнийг эхний нэг жилд 27,500 төгрөгөөр тооцон, нэг сард 962,500 төгрөг дээр менежментийн төлбөрийг 1 м.кв 25,000 төгрөг буюу 875,000 төгрөгийг нэмж, нийлбэр дүн буюу нийт 1,837,500 төгрөг байхаар тохирч, сар бүрийн эхний өдөр, ашиглалтын зардлын хамт төлөх, 2 дахь жилд буюу 2016 оны 1-12 дугаар сард 1 м.кв талбайн үнийг 38,500 төгрөг буюу 1,347,500 төгрөг, 3 дахь жилд 1 м.кв талбайн үнийг 55,000 төгрөг буюу 1,925,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. /хх 82-102/
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний үүрэг үүсч, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги болон ашиглалтын зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч Ж ХХК ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл түрээсийн зүйлийг өөрийн эзэмшил ашиглалтанд байлгаж, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт гаргасныг түрээслүүлэгч Х ХХК нь зөвшөөрч, уг гэрээ 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцлагдсан байна.
Маргаан бүхий түрээсийн гэрээгээр талууд харилцан тохиролцсон менежментийн төлбөрийг хариуцагч Ж ХХК ХХК хүлээн зөвшөөрөхгүй, уг төлбөрт юу хамаарч буй талаар мэдэхгүй, төлбөрийн задаргаа байхгүй гэж тайлбарлан маргасан.
Гэвч Түрээсийн гэрээг оролцогч талууд хэн аль нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан, уг гэрээний Ерөнхий нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Менежментийн төлбөр”-т юу хамаарах талаар тусгайлан заасан, үүнийг түрээслэгч тал хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд, хариуцагч нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир түрээсийн төлбөрөөс сар бүрийн менежментийн төлбөрийг хасуулахыг хүссэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.
Гэрээний дагуу төлвөл зохих түрээсийн төлбөрийг тооцвол:
2015 оны 3 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл талбайн түрээсийн төлбөрт 4,743,193 төгрөг (3 дугаар сард 893,193 төгрөг, 4-7 дугаар сард 962,500 төгрөгөөр тооцсон), мөн хугацааны менежментийн төлбөр (35 м.кв х 25,000=875,000 төгрөг х 4, 5, 6, 7 дугаар сарууд) 3,500,000 төгрөг, бүгд 8,243,193 төгрөг болж байна.
Талууд 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг 1,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд, энэ хугацаанд ногдох төлбөр 11,000,000 төгрөг болно.
Харин 2016 оны 7, 8 дугаар саруудад гэрээний дагуу талбайн түрээсийн төлбөр 1 м.кв-ын үнийг 38,500 төгрөгөөр тооцон сард 1,347,500 төгрөг, менежментийн зардал 875,000 төгрөгөөр тус тус тооцоход 4,445,000 төгрөг болж байна.
Дээрх тооцооллыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ж ХХК ХХК нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрт төлвөл зохих нийт 23,688,193 төгрөгөөс 4,350,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 19,338,193 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрт НӨАТ тооцон шаардсан бөгөөд, тийнхүү шаардах эрхтэй гэдгээ болон, эхний саруудын түрээсийг 40 м.кв талбайн хэмжээгээр тооцохоор тохирсон гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж буй уг тайлбараа баримтаар нотлоогүй тул түрээсийн төлбөрт илүү нэхэмжилсэн 4,134,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох цахилгааны төлбөр 225,379 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд Түрээсийн гэрээний Ерөнхий нөхцлийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн байранд ашиглах телефон утас, цахилгаан эрчим хүч, интернэтийн төлбөр болон бусад өөрсдийн хэрэглээнд ашиглах хэрэглээ үйлчилгээний төлбөрийг хэрэглээний хэмжээ болон тоолуурын заалтаар хариуцан төлнө” гэж харилцан тохиролцжээ. /хх 82/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч Ж ХХК ХХК нь баримтаар баталгаажсан нэмэлт зардлын төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч нь цахилгааны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гаргасан 2015, 2016 оны “Цахилгааны тооцооны нэгтгэл” гэх Х ХХК-ийн цахилгааны инженер, Инженер техникийн албаны дарга болон Нягтлан бодогч нарын гаргасан хүснэгт бүхий тооцоолол нь Түрээсийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, тодруулбал, гэрээний дагуу хариуцагч Ж ХХК ХХК-ийн тухайлан хэрэглэсэн цахилгааныг тоолуурын заалтаар тооцож гаргаагүй бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс цахилгааны тооцооллыг гаргахдаа нийт В1 давхрын цахилгааны төлбөрийг түрээслэгчдийн ашиглаж буй талбайн хэмжээгээр тооцож гаргасан гэх тайлбарыг гаргаж буй нь үндэслэлгүй, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар хангалттай нотлоогүй гэж үзээд 225,379 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хх 159, 160/
Маргаан бүхий Түрээсийн гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоног тутамд анз төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь тийнхүү анзыг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон Түрээсийн гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгдсөн хугацаанаас хамаарч гэрээнд заасан хугацаанаас хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх, мөн 30 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувиар тус тус алданги тооцвол алдангийн нийт хэмжээ 35,953,407 төгрөг болж, үндсэн үүргийн дүнгээс хэтэрсний улмаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 11,736,097 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Шүүх хариуцагч Ж ХХК ХХК-иас 19,338,193 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь уг төлбөрөөс анзыг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн 9,669,096 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу, тодруулбал: хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж байсан нөхцөл болон, талууд харилцан тохиролцож гэрээг хугацаанаас өмнө цуцласнаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 1 жил 6 сар гаруй хугацаа өнгөрүүлсэн буюу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс анзын хэмжээ илт их болох нөхцөл бүрдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас шаардвал зохих алданги 9,669,096 төгрөгийг тал хувиар багасгаж, 4,834,548 төгрөгийн алдангийг Ж ХХК ХХК-иас гаргуулан Х ХХК-д олгох нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж ХХК ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19,338,193 төгрөг, алданги 4,834,548 төгрөг, нийт 24,172,741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,260,928 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19,338,193 төгрөг, алданги 4,834,548 төгрөг, нийт 24,172,741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,260,928 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,160 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж ХХК ХХК-иас 278,813 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА