Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2021/00286

 

Б.Одбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01947 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1688 дугаар магадлалтай,

 Б.Одбаярын нэхэмжлэлтэй,

О.У холбогдох

  Тээврийн хэрэгслийн бүртгэлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, танхимын тэргүүн Г.Алтанчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дашдорж, хариуцагч О.Уранзаяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Б.Одбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О.Уранзаяа бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. 2016 оны 05 дугаар сард Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг ээж Т.Энхтуул нь хүүдээ зориулж худалдан авч өгсөн. Гэтэл хариуцагч О.Уранзаяа нь 2017 онд хууран мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг. О.Уранзаяа нь Б.Одбаяр, Т.Энхтуул нарт холбогдуулж автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. О.Уранзаяа нь шүүхэд ...маргаан бүхий автомашиныг Т.Энхтуул өөрийн хөрөнгөөр авсан үйл баримтад маргахгүй гэсэн тайлбарыг хэлж байсан бөгөөд уг тайлбарыг үндэслэж шүүх тээврийн хэрэгсэл гаргуулах түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нэгэнт шүүхээс хариуцагчийг автомашины өмчлөгч биш гэж үзсэн учир уг автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс уг автомашиныг өөрийнхөө өмч гэж үзэж байгаа. Гэтэл машины бичиг баримт нь хариуцагч О.Уранзаяагийн нэр дээр байдаг. Ийм учраас зохих бүртгэлийг хийлгэхгүйгээр өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа, автомашиныг одоо ээж Т.Энхтуул унаж хэрэглэж байгаа, бодит эзэмшил нь бидэнд байгаа гэсэн үг. Ийм учраас автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр рүү шилжүүлэхийг шаардсан шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

  Хариуцагч О.Уранзаяагийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг хамгийн анх нэхэмжлэгч нь Бичил глобус групп ББСБ-д барьцаанд тавьсан байсан. Тухайн үед бид гэрлэлтээ цуцлуулаагүй, хамт амьдарч байсан. Ингээд би автомашин барьцаанд байгааг мэдээд 2.000.000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Ийм учраас уг автомашиныг анх нэхэмжлэгч авсан ч гэсэн бидний хөрөнгө холилдсон. Үүний дараа нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашиныг өөрөө сайн дурын үндсэн дээр миний нэр рүү шилжүүлсэн. Тэрээр ...чи хүүхдээ зөөдөг учир машинтай байх хэрэгтэй гэж надад хэлж байсан. Ийм ч учраас бид хоёр хамтдаа Авто тээврийн үндэсний төв дээр очиж бүртгэлийг хийлгэсэн. Бүртгэл хийхэд нэхэмжлэгч өөрөө байсан болох нь автомашины хувийн хэргээс харагдана. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надад бизнес хийхэд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир би автомашиныг Том алт ХХК-д барьцаанд тавьж 10.000.000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед нэхэмжлэгч нь ...бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж хэлж байсан. Гэтэл дараа нь автомашины талаар маргаан гаргаад яваад эхэлсэн. Нэхэмжлэгч нь автомашиныг барьцаанд тавьсан байхад нь би суллаж өгсөн, мөн тэрээр эхнэр, хүүхдүүддээ машинаа өгнө гэж өгсөн. Тэгсэн атлаа одоо шүүхэд маргаан гаргаад явж байгаад гомдолтой байна. Би өмнө нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгч ээж нарт холбогдуулж шүүхэд автомашинаа бодитоор авахаар хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч би тухайн үед завгүй байж байгаад гомдлоо гаргаж чадаагүй гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01947 дугаар  шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй гэж тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх тухай Б.Одбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1688 дугаар  магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар Toyota Prius-20 маркийн, 69-98 УББ улсын дугаартай суудлын авто машины эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Одбаярын нэр дээр шилжүүлэхийг О.Уранзаяад даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэсэн заалт нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

  Хариуцагч О.Уранзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дашдорж гомдол гаргасан О.Уранзаяа миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд ар гэрийн гачигдлын улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй шүүх хурлын товыг өөрчлөх боломжийг шүүгчийн туслахаас лавласан боловч та шүүх хуралдаанд суух шаардлага байхгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцэнэ дахин гомдлын талаар тайлбар өгөх шаардлагагүй гэж хэлсэн байдаг. Тус хуралдаанаар эд хөрөнгөө эзэмших, өмчлөх эрхийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан байна. Иймд зөвхөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийг оролцуулан явуулсан нь хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх ашигт харш өрөөсгөл шийдвэр болсон, анхан шатны шүүхээс хариуцагчийн талд гаргасан шийдвэрийг 100 хувь өөрчилж нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нь хууль бус болсон гэж үзэж байна. Хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтын талаарх нөхцөл байдлууд иргэний хэрэгт авагдсан олон удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэн нотлох баримтад бүрэн авагдсан байгаа тул хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн нухацтай, тухтай бодит дүгнэлт хийнэ гэж үзээд нотлох баримт нэг болгоны талаар дахин давтан нурших шаардлагагүй гэж үзлээ. Автомашины гэрчилгээг О.Уранзаяагийн нэр дээр шилжүүлсэн үйлдлүүдэд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байна. Үүнд: О.Уранзаяа уг автомашины гэрчилгээг хулгайд алдсан гэж худлаа хэлж хуурч мэхлэн шилжүүлсэн гэх боловч Т.Энхтуул, Б.Одбаяр нарын гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хэрэгт авагдсан байна. Уг автомашиныг өмнө нь барьцаанд тавьсан байхад О.Уранзаяа миний бие барьцааны мөнгийг төлж уг машиныг барьцаанаас гаргуулан авсан үүний дараа нөхөр Б.Одбаяр нь Япон улсад сургуульд явах болсон тул мөнгөний хэрэгцээ гарч дээрх автомашиныг дахин 10 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьж нөхрийнхөө зардалд зарцуулж, уг мөнгийг бүрэн төлж автомашинаа зээлийн барьцаанаас миний бие чөлөөлж авсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Б.Одбаяр нь гэр бүлийн баталгаатай эхнэртээ автомашиныг сайн дураараа өөрийн хүсэл зорилтын дагуу, өөрөө гарын үсэг зурж шилжүүлсэн үйлдэл нь автомашин гэр бүлийн дундын хамтран өмчлөх өмч мөн болохыг гэрчилж байна. Тухайн автомашин Монгол улсад тус улсын иргэн О.Уранзаяа миний өмчлөлийнх болохыг төрийн эрх бүхий байгууллагын гэрчилсэн тодорхойлолт автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг албан ёсны баримт бичгүүдээр хавтаст хэргийн материалд бүрэн нотлогдсон байна. Б.Одбаяр нь гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхдээ Эд хөрөнгийн маргаангүй гэдгээ өөрөө хэлж, ямар нэг маргаан гаргаагүй, эд хөрөнгө нэхэмжлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх Том алт ХХК-тай зээлийн гэрээний үүрэг биелүүлсэн тул хариуцагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаад шилжүүлэх үүрэгтэй юм гэж огт үндэслэлгүй дүгнэлтийг магадлалдаа заажээ. Уг автомашин анхнаасаа Т.Энхтуулын нэр дээр огт байгаагүй, харин Б.Одбаярын нэр дээр байсныг Б.Одбаяр Том алт ХХК-аас зээл авахаас бүр өмнө эхнэр О.Уранзаяа миний нэр дээр шилжүүлсэн баримт цаг хугацаагаар нотлогдож байхад үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн талд хууль бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Б.Одбаяр, О.Уранзаяад холбогдуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа ...автомашиныг эх Т.Энхтуул худалдан авч өгсөн, автомашинаа эзэмшиж байгаа боловч хариуцагч хуурамч бичиг баримт бүрдүүлэн бүртгэлийг шилжүүлэн авч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...гэрлэлт цуцлаагүй байхад уг автомашиныг Б.Одбаярын ээж нь авч өгсөн, зээлийн барьцаанд тавьсныг би чөлөөлж авсан тул бидний хөрөнгө холилдсон. Нэхэмжлэгч өөрөө бүртгэлийг шилжүүлсэн, автомашин Том алт ХХК-ийн барьцаанд байгаа, гэрлэлт цуцлахад надаас шаардаагүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн гэж маргажээ.

 Анхан шатны шүүх, ...автомашиныг Б.Одбаярын хуваарьт хөрөнгө гэж үзэхгүй, О.Уранзаяа өмчлөгчөөр бүртгэлтэй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх, ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 1. Хөдлөх хөрөнгө буюу автомашины хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь өмчлөх эрхийг шууд нотлохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Үүнээс гадна автомашиныг зохигчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэсэн агуулгатай тус шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй гэж үзэв.

 2. а/. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч Б.Одбаярын эзэмшилд, автомашины улсын бүртгэл хариуцагч О.Уранзаяагийн нэр дээр бүртгэлтэй нь тус тус тогтоогдсон байна.

 Маргааны зүйл болсон автомашинтай холбоотой өмнө гарсан тухайлбал, Б.Одбаяр, Т.Энхтуул нараас Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг гаргуулах О.Уранзаяагийн нэхэмжлэлийг, Т.Энхтуулд холбогдох хууль бус эзэмшлээс барьцаанд байгаа Тоёота приус 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай автомашиныг гаргуулах Том алт ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон, Б.Одбаяр, О.Уранзаяа нарын гэрлэлтийг цуцалж, зохигч эд хөрөнгийн маргаангүйг дурдсан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагджээ.

 Хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Одбаяр нь маргааны зүйл болсон автомашины өмчлөгч болох нь тогтоогдсон тул хариуцагч О.Уранзаяа нь улсын бүртгэлийг саатуулан барих эрхгүй, тэрээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь тогтоогдсон, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Харин давж заалдах шатны шүүх өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхийн үндэслэлийг тусгайлан зохицуулсан хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй, иргэний эрх зүйн хамгаалалтын аргын ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчтой бус тул энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 б/. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 Хэргийн баримтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтээр тус хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлогдсон, уг хуралдааны товыг хариуцагчид боломжит хугацаанд мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хариу өгсөн нь хуралдааны тов хүргэгдсэн баримтад тэмдэглэгдсэн байна. /хх-145-р тал/

 Давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй байдлаа тайлбарлаж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1688 дугаар магадлалын 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч О.Уранзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагч О.Уранзаяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.СОНИНБАЯР

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                                         ШҮҮГЧИД                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                       Д.ЦОЛМОН