Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/01947

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/01947

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.У-д холбогдох,

 

тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булган нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О болон хариуцагч О.У нар нь урьд нь гэр бүлийн харилцаатай байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан юм. 2016 оны 5 дугаар сард хамгийн анх “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Б.Оын ээж Т.Энхтуул нь хүүдээ зориулж худалдан авч өгсөн.

Гэтэл хариуцагч О.У нь 2017 онд нэхэмжлэгчийг хууран мэхэлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн уг автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг. Улмаар хариуцагч О.У нь нэхэмжлэгч Б.О болон төрсөн эх Т.Энхтуул нарт холбогдуулж “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашиныг тэдний хууль бус эзэмшлээс гаргуулахаар шүүхэд хандсан. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч О.У нь шүүхэд “...маргаан бүхий автомашиныг Т.Э өөрийн хөрөнгөөр авсан үйл баримтад маргахгүй” гэсэн тайлбарыг хэлж байсан бөгөөд уг тайлбарыг үндэслэж шүүх тээврийн хэрэгсэл гаргуулах түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрт хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нэгэнт шүүхээс хариуцагчийг “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашины өмчлөгч биш гэж үзсэн учир нэхэмжлэгч Б.О нь шүүхэд хандаж уг автомашины  гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага гаргасан. Шүүхээс нэгэнт “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмч биш гэж үзсэн учир нэхэмжлэгчийн зүгээс уг автомашиныг өөрийнхөө өмч гэж үзэж байгаа. Гэтэл машины бичиг баримт нь хариуцагч О.Угийн нэр дээр байдаг. Ийм учраас зохих бүртгэлийг хийлгэхгүйгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа. “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашиныг одоо нэхэмжлэгчийн төрсөн ээж Т.Энхтуул унаж хэрэглэж байгаа, бодит эзэмшил нь нэхэмжлэгчид байгаа гэсэн үг. Ийм учраас “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир автомашиныг нэр дээрээ буюу тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр рүү шилжүүлүүлэх шаардлагаа дэмжиж байна гэжээ. 

 

Хариуцагч О.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашиныг хамгийн анх нэхэмжлэгч нь “Бичил глобус групп” ББСБ-д барьцаанд тавьсан байсан. Тухайн үед бид гэрлэлтээ цуцлуулаагүй, хамт амьдарч байсан юм. Ингээд би автомашин барьцаанд байгааг мэдээд 2,000,000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн. Ийм учраас уг автомашиныг анх нэхэмжлэгч авсан ч гэсэн бидний хөрөнгө холилдсон. Үүний дараа нэхэмжлэгч нь маргаан бүхий автомашиныг өөрөө сайн дурын үндсэн дээр миний нэр рүү шилжүүлсэн. Тэрээр “...чи хүүхдээ зөөдөг учир машинтай байх хэрэгтэй” гэж надад хэлж байсан. Ийм ч учраас бид хоёр хамтдаа Авто тээврийн үндэсний төв дээр очиж бүртгэлийг хийлгэсэн. Тэрнээс биш Авто тээврийн үндэсний төв намайг хуурамчаар бичиг хийгээд очвол хэзээ ч бүртгэхгүй. Бүртгэл хийхэд нэхэмжлэгч өөрөө байсан болох нь автомашины хувийн хэргээс харагдана. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надад бизнес хийхэд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир би автомашиныг “Том алт” ХХК-д барьцаанд тавьж 10,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үед нэхэмжлэгч нь “...бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл дараа нь автомашины талаараа маргаан гаргаад яваад эхэлсэн. Нэхэмжлэгч нь автомашиныг барьцаанд тавьсан байхад нь би суллаж өгсөн, мөн тэрээр эхнэр, хүүхдүүддээ машинаа өгнө гэж өгсөн. Тэгсэн атлаа одоо шүүхэд маргаан гаргаад явж байгаад гомдолтой байна. Би өмнө нь нэхэмжлэгч болон нэхэмжлэгч ээж нарт холбогдуулж шүүхэд автомашинаа бодитоор авахаар хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч би тухайн үед завгүй байж байгаад гомдлоо гаргаж чадаагүй гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.У-д холбогдуулж автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ..... УББ улсын дугаартай автомашины өмчлөгч болох нь тогтоосон учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагчаас буцаан авч, автомашины бүртгэлийг өөрийн нэр дээрээ шилжүүлүүлэх хүсэлтэй” гэж тайлбарласан байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч гэж үзэн дээрх шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь нэхэмжлэгч Б.О болон хариуцагч О.У нарын гэрлэлтийг  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/02134 дүгээр шийдвэрээр цуцалжээ.

 

Харин талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашин 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсад импортлогдон орж ирсэн ба 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагч О.У нь уг автомашины өмчлөгчөөр бүртгэлтэй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.

 

“Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчид 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй байдаг.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03171 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч Б.О-ыг “Тоёота приус 20” /toyota prius 20/ маркын ..... УББ улсын дугаартай автомашины хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон дүгнэлт хийгдээгүй тул нэхэмжлэгчийн “...шүүхийн шийдвэрээр өмчлөгч болох нь нэгэнт тогтоогдсон” гэх тайлбар үндэслэлгүй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх тухай Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ