Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0558

 

 

2021 08 31                                       128/ШШ2021/0558

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаартай тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б-ийн У  би 2003 оноос 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын байдлаар ... дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгчийн албан тушаалтай ажиллаж байтал Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9...  дугаар тушаалаар Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан. Энэхүү шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан албан хаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж, албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.4.6 дахь заалтад заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.5, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14, 12.15, 13 дугаар зүйлийн 13.5, 13.11, 13.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан уг шийдвэрийг гаргасан гэжээ.

Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 00 минутад хариуцсан 4 чиглэлийн эргүүлийн ээлжийг хүлээлцүүлэн, үүргэжүүлэн хариуцсан эргүүлийн чиглэлд нь гаргасан. Гаргасан чиглэлдээ тухай бүр хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарын албаны бэлэн байдал болон үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөл байдалтай нь тасралтгүй танилцаж явсан согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл бололцоо шалтгаан нөхцөл ч надад тухайн үед байгаагүй. Эргүүлийн чиглэлд хяналт тавьж явах хугацаанд ... дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч А.Г үл таних эрэгтэй, эмэгтэй хүний хамтаар согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул А.Г-т уг үйлдлээ зогсоох хууль ёсны шаардлага тавьж, түүнтэй хамт байсан үл таних 2 хүнийг хорооны байрнаас гаргаж өөрт нь харьж амрах талаар хэлж зөвлөөд 18 цагийн үед гарч явсан. Тухайн өдрийн 21-22 цагийн үед хэлтсээс дуудаж согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээ тогтоох багажаар үлээлгэн шалгахад надаас 0,47 хувийн спиртийн агууламж илэрсэн. Миний бие согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан тул дахин шалгуулах талаар удаа дараа хэлсэн ч миний хүсэлтийг хүлээн авалгүй анхны гаргасан хэмжээгээр тогтоон албаны хяналт шалгалтыг дутуу хийж сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаар бүхий тушаалыг гаргахдаа албаны шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу тогтоох ажиллагаа хийгээгүй, 25 дугаар зүйлийн 25.1-т заасан журмын дагуу Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй.

Мөн маргаан бүхий тушаалд дурдсан илэрсэн гэх зөрчлүүдийг хангалттай нотлох ажиллагаа хийгдээгүй байхад хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэн Цагдаагийн албаны тухай хууль болон цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэмд заасан сахилгын хариуцлагын хамгийн хүнд хэлбэрийг сонгож 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон үйл баримтад тохироогүй, хуульд заасан үндэслэлд нийцээгүй албанаас халах тушаал гаргасан байна.

Иймд Б.У-д оногдуулсан Цагдаагийн ахмад цолыг хураах, Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаар хууль зүйн үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаартай тушаалыг хүчингүй болгох, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу 112 дугаартай байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 112.7.2.1, 112.7.2.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж энэхүү албаны шалгалтыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлыг хариуцсан нэгж явуулах ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам буюу 112 дугаартай байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 112.7.9 дахь хэсэгт заасны дагуу мөн хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу дэд дарга эсхүл дээд шатны албан тушаалтнаас албаны шалгалтыг явуулах ёстой гэсэн чиглэлийг бичгээр өгсөн байх ёстой. Ийм чиглэл өгсөн зүйл хавтаст хэргийн хүрээнд байхгүй. Дээд шатны албан тушаалтны үүрэггүйгээр албаны шалгалт явуулсан.

Гуравдугаарт, албаны шалгалтын удирдамж төлөвлөгөөнд 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан. Гэтэл албаны шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн. Цагдаагийн ахмад Б.У, цагдаагийн ахлагч Б.Э нараас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэг авсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу гомдлын үндсэн дээр үүсэж байгаа хяналт шалгалтад батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хийгдэх ёстой гэсэнтэй нийцэхгүй байна. Дөрөвдүгээрт, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.У-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан, шалгалтын явцад шалгагч н.Г, н.А нарт дахин шалгуулах хүсэлтийг тавихад уг хүсэлтийг хүлээж аваагүй. Цагдаагийн байгууллагын Согтууруулах ундаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах 220 дугаартай журмын 220.4.9 дэх хэсгийг заасныг зөрчсөн гэж үзэж байна. Энэ албаны шалгалт нь хяналт шалгалтын төлөвлөгөө, удирдамж нь дотоод хяналт шалгалт хийгдсэний дараа батлагдсан, албаны шалгалт харьяаллын дагуу хийгдээгүй, албаны шалгалт хийх даргаа өгсөн үүрэг байхгүй, согтуурал хэмжих багажаас гарсан үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байхад дахин шалгаж үзээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24.3, 24.4 дахь хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тавдугаарт, маргаан бүхий захиргааны акт буюу уг актын хууль зүйн үндэслэл нь хоёрдмол утгатай. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт захиргааны акт нь ойлгомжтой, тодорхой байна гэж заасантай нийцэхгүй байна. Зургаа дугаарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 911 дугаартай албанаас чөлөөлөх, халах журмын 911.6.2 дахь хэсэгт албан хаагчийг албанаас халахдаа ажлын үр дүн, сайшаал шагнал шийтгэлийн байдал, халах болсон шалтгааныг тодорхой тусгасан тодорхойлолт бичиж холбогдох алба нэгжийн саналыг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэнд хүргүүлнэ гэж заасан. Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, давтан үйлдсэн эсэх шалтгаан нөхцөл зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ гэж тус тус заасан. Гэтэл нэхэмжлэгч Н.У-ыг ажлаас чөлөөлөхдөө энэ ажиллагааг буюу албан хаагчийн хувийн байдлыг харгалзаж үзээгүй. Холбогдох алба нэгж буюу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс санал, хүсэлт аваагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуультай нийцэхгүй байна. Долоо дугаарт, нэхэмжлэгч Б.У-ыг Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 5 заалтыг зөрчсөн гэж үздэг. Эдгээр таван заалтаас Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12.15 дахь заалт нь тухайн албан хаагчийг нэг жилийн хугацаанд цагдаагийн албанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулах санкцитай байдаг. Энэ заалтын урьд ч нөхцөл нь уг үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан, албаны үйл ажиллагаа саатсан, албаны үйл ажиллагаанд ноцтой хохирол учирсан байх ёстой. Гэтэл захиргааны акт гаргах болсон үндэслэл дээр эдгээр нөхцөлүүд тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны Б/9... дугаартай тушаалын Б.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгох гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Журмын дагуу нотлох баримт цуглуулж зөрчлийг нотлох ажиллагаанд гэрч оролцсон. 4 гэрч оролцсон ба эдгээр нь архи уугаагүй эмчилгээтэй байсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байдаг. Эмчилгээтэй байсан талаар эмчийн эмийн бичиг, эм авсан баримтыг хавтаст хэрэгт тус тус хавсаргасан байгаа. Согтуурал хэмжих багажийг журмыг дагуу тодорхой заасан. Цагдаагийн үйл ажиллагааны 220 дугаартай журмын 220.4.1 дахь хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэсэн байгаа. Үүнд 220.3.9, 220.3.10 дахь хэсэгт заасан шаардлага хангасан багаж хэрэгслээр шалгана гэсэн байдаг. Үүнд стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулсан лацтай багаж хэрэгслийг ашиглана гэж заасан. Гэтэл шүүхийн үзлэгээр тухайн багажид лац байгаагүй. Тухайн багаж нь Стандарт хэмжил зүйн газраар баталгаажаагүй гэдэг нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон. Гуравдугаарт нэхэмжлэгч Б.У-ын эрхийг хангаж өгөөгүй учир нь шалгалтын явцад 4 гэрч болон нэхэмжлэгч Б.У архи уугаагүй гэж мэдүүлсэн. Архи уугаагүй гэж мэдүүлэхдээ дахин согтуурлын зэргийг шалгуулах хүсэлт гаргасан байхад тухайн албан хаагч нар архи уучхаад юу яриад байна гэх мэтээр дарамтлах үг хэллэг тухайн үед болсон. Тухайн багаж хэрэгслийг ашиглахдаа үйлдвэрлэгчийн гаргасан заавар байдлаар энэ бичлэгээр харагдаж байгаа. Б.Э-ий согтуурлын зэргийг шалгахаар үлээлгээд дараа нь Б.У-аар үлээлгэхдээ хошууг солихгүй нь оролцогчийн эрхийг хангаж өгч үйл ажиллагааны журмыг баримтлаагүй учир Б/980 дугаартай албан тоотын Б.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 07 минутад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын мөрдөгч А.Г нь манай 16 настай охиныг өнөөдөр шалгана гээд аваад явсан, гэтэл архи шахаж уулган хүчиндсэн байна ... гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс дээрх асуудалд албаны шалгалт явуулахад ... дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн нэр бүхий албан хаагчид 2020 оны 11 дүгээр саны 20-ны өдөр мөн дүүргийн 29 дүгээр хорооны цагдаагийн хэлтсийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тухайн үед хорио цээрийн дэглэм сахиулах эргүүл, хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа цагдаагийн хэсгийн байранд очсон жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.У-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурлын хэмжээ хэмжих багаж /драйгер/-аар шалгахад 0,47 хувьтай согтолтын зэрэгтэй гарсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно: гээд 69.1.5.албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;, 81 дүгээр зүйлийн 81.4.5-д 81.4.Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна: гээд 81.4.5.цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах. гэж заасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.4.6-д ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх-ийг ёс зүйн зөрчилд тооцож, мөн дүрмийн 3.2-т ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулахаар заасан.

Нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхдээ Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272 дугаар тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоосон үед хариуцуулсан нутаг дэвсгэрийн эргүүлийн чиглэл, маршрутыг орхин явсан болох нь мөн тогтоогдсон байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Б.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Цагдаагийн төв байгууллага нь бүтцээр хяналт шалгалт хийх эрх нь дотоод аудитын хэлтэст байдаг. Цагдаагийн албан хаагчтай холбоотой гэмт хэргийн шинжтэй зүйл дээр харьяалал харгалзахгүй шалгалт явуулах эрхтэй. Утсаар цагдаагийн албан хаагч хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн мэдээлэл нь ноцтой учир хяналт шалгалтын харьяалал зөрчсөн зүйл байхгүй. Орой 20 цагийн үед дуудлага ирсэн ба шалгалт хийх төлөвлөгөө батлуулна гэвэл маргааш нь хяналт шалгалтын ажиллагаа явуулах болж таарч байна. Зөрчил илэрсэн даруйд шалгалтын ажиллагаа явагдана. Төлөвлөгөөг батлуулаагүй хэдий ч өөрсдийн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй юм. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын чиг үүрэг нь хяналт шалгалт аюулгүй байдал хариуцдаг. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга нь төлөвлөгөөнд албадан шалгалт явуулахаар цохолт хийсэн. Захиргааны акт хоёрдмол утгатай гэсэн бидний зүгээс хоёрдмол утгатай гэж үзэхгүй байна.

Зөрчлийн шинж байдал тохироогүй гэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн улмаас учирсан хохирол нь хүнд учир нэг жилийн хугацаанд ажилдаа эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Гэрчүүд тухайн үед мэдүүлгээ өгсөн. Нэхэмжлэгч Б.У мэдүүлэгтээ би архийг амсаад өгсөн гэсэн. Архийг амссан учир драйгераар шалгахад 0,47 гарсан гэж үзэж байна. Б.Э-н согтуурлыг шалгачхаад Б.У-ыг шалгахдаа хошууг солиогүй гэж байна. Нотлох баримтаар CD-тэй бичлэгийг өгсөн бөгөөд бичлэгээс харахад хүмүүсийг шалгах явцдаа хошууг солилоо гээд хэлээд сольж үлээлгэж байгаа нь бичлэгээс харагдана. Дргайгерийн хошууг солиогүй учир согтолтын зэрэг 0,47 гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Б.У-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Албанаас халж, цагдаагийн цол хураах, сахилгын шийтгэл оногдуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/980 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ... нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх[2] гэж нэмэгдүүлсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9… дугаартай тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх[3] гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тодруулсан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Б.У нь анх  ... дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2003 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Дадлагажих ажилтан нарыг цагдаагаар томилох, ... тухай 36 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолтойгоор цагдаагаар томилогдон ажиллажээ[4]. Улмаар нэхэмжлэгч Б.У нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол олгох тухай Б/861 дүгээр тушаалаар ... дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байгаад[5] маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Албанаас халж, цагдаагийн цол хураах, сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/9... дугаар тушаалаар цагдаагийн ахмад цолоо хураалгаж, цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагджээ[6].

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Албанаас халж, цагдаагийн цол хураах, сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/9... дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 5.2.2 дахь заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалын 4 дэх заалтаар нэхэмжлэгч Б.У-ыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулж, албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.1, 2.4.6 дахь заалтад заасныг зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14, 12.15, 13 дугаар зүйлийн 13.5, 13.11, 13.17 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахмад цолыг хурааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс миний бие маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан үүрэг гүйцэтгэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан зүйл байхгүй бөгөөд мөн албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглээгүй байхад дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халж, цол хурааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч Б.У нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу Коронавируст халдвар /Ковьд 19/ цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн хорио цээрийн дэглэм тогтоосон үед хариуцуулсан нутаг дэвсгэрийн эргүүлийн чиглэл, маршрутыг орхин явсан мөн тухайн үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон тул маргаан бүхий актаар тухайн сахилгын шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйл. Цагдаагийн алба хаагчид хориглох зүйл, 69.1. Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:, 69.1.5. албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 37.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 37.1.13. албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Дүрэм батлах тухай А/129 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ын 2.3. Шударгаар ажиллаж, амьдрах;, 2.4.6.ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газарт тамхи татахгүй байх; гэж тус тус заажээ.

Хуулийн болон дүрмийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, цагдаагийн албан хаагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй байх бөгөөд мөн албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна.

I. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан зөрчил гаргасан эсэх тухайд:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэх тухай А/272 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэргээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02.00 цагаас эхлэн нэгдүгээр зэрэгт шилжүүлжээ[7].

Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэх тухай дээрх тушаалыг нэхэмжлэгч Б.У-т танилцуулж, хэрэгжүүлж мөрдөж ажиллах талаар баталгааг авсан байна[8].

Коронавирус (kovid-19) цар тахлын үед ... дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо-оор нэхэмжлэгч Б.У нь Бүргэд 141-147 хүртэлх эргүүл, хяналт шалгалтын хэсгүүдийг хариуцан ажиллах жижүүрийн ахлах мөрдөгчөөр томилогджээ[9].

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн байдалтай байх үед нэхэмжлэгч Б.У нь 16:00 цагаас эхлэн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын баталсан хуваарийн дагуу ... дүүргийн цагдаагийн III хэлтэст харьяалагдах 23, 30, 31, 14 хороонуудад хорио цээрийн дэглэм сахиулах эргүүл, хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэж ажилласан байна.

Нэхэмжлэгч нь дээрх байдлаар албан үүрэг гүйцэтгэж ажиллахдаа өөрийн эргүүл, хяналт шалгалт хийхээр хариуцсан нутаг дэвсгэрт хамааралгүй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Г-ийн дуудсанаар очсон, очих үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Г  нь тухайн байранд архидан согтуурч байсан, архидан согтуурч байгаа нөхцөл байдлыг тухайн үед нь таслах зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй зэрэг үйл баримт нь нэхэмжлэгчийн өөрийн болон хамт байсан албан хаагчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ын 2.3. Шударгаар ажиллаж, амьдрах;, 2.3.1. хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардлага тавих; гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн эргүүл, хяналт шалгалт хийхээр хариуцсан нутаг дэвсгэрт хамааралгүй газар очиж хүмүүстэй уулзсан нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, жижүүрийн бүрэлдэхүүнд ажилласан алба хаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

II. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тухайд:

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цаг 02 минутад нэхэмжлэгч Б.У-ын согтуурлын түвшин 0.47 хувь гэж шалгасан согтуурлын түвшинг шалгасан тэмдэглэл[10], хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг, сонсох ажиллагааны тэмдэглэлд дурдагдсан 0.47 хувийн согтолттой байгаагаас өөр ямар зөрчил гаргасан юм. гэх тайлбар[11] зэргээр нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэж байх үедээ дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

III. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нь захиргааны ерөнхий хууль болон албаны шалгалт явуулах журмыг зөрчсөн эсэх тухайд:

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 07 минутад Цагдаагийн байгууллагын 102 дугаартай утсанд ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалтыг явуулсан байна[12].

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс хяналт шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий хяналт шалгалтыг явуулан, холбогдох баримтыг бүрдүүлэн, 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хяналт шалгалт явуулах төлөвлөгөө батлуулж[13], гомдол мэдээллийг удирдлагад танилцуулж[14], чиглэл авсныг албаны шалгалтыг явуулах журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь маргаан бүхий хяналт шалгалтыг явуулах үндэслэл болсон гомдол мэдээлэл нь ажлын цаг дууссанаас хойш буюу 20 цагт ирсэн байх бөгөөд зөрчлийг нөхцөл байдлыг тухайн цаг үед нь тогтоохоор холбогдох ажиллагааг явуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Тодруулбал, согтууруулах удааны зүйл хэрэглэсэн эсэхийг маргааш нь шалгаж тогтоох боломжгүй.

Дээрх байдлаар албаны шалгалтыг явуулж, зөрчлийг тогтоосон нь холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4.-д зааснаар утсаар явуулж баримтыг үйлдсэн байх тул мөн дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.У-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаартай тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 81 дүгээр зүйлийн 81.4.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасныг тус тус баримтлан иргэн Б.У-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/9... дугаартай тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин, хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ГАНБАТ

 

 


 

 

 

[1] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 112 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 210 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 229 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 230-234 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 226-228 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 37 дугаар хуу