Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 864

 

       Г.Я-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнгөнсүх,

хохирогч Д.Ж, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,  

шүүгдэгч Г.Я, түүний өмгөөлөгч Ц.Даваа,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ж-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Я-д холбогдох эрүүгийн 1905 01767 0604 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Г-н Я, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт .....дүүргийн ........ дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Г.Я нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ж-с “цэцэрлэгийн барилгын зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Я-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Г-н Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Я торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Я торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Я нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Я-с 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ж-д олгож шийдвэрлэжээ. 

            Хохирогч Д.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Я нь хохирогч Д.Ж миний хохирол болох 7.000.000 төгрөгийг барагдуулж дуусаагүй байхад торгох ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч Г.Я нь өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулах сонирхолгүй, утсаар нь залгахад ганц ч удаа утсаа авсангүй. Иймд торгох ялыг хүчингүй болгож, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Шүүгдэгч Г.Я-д гомдолтой байна. ... Өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө Г.Я нь үлдэгдэл 6.800.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл 3.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны дотор үлдэгдэл мөнгийг төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж өгч нотариатаар батлуулсан. ...” гэв.

Хохирогч Д.Ж-н өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг 7.000.000 төгрөг гэж зааж өгсөн боловч хохирлыг хэрхэн яаж төлөх талаар тусгаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч хохирлыг 7 хоногийн дотор төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Шүүгдэгчийг төлбөрийн чадваргүй байхад торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгчийн гаргаж өгсөн баталгааг тусгуулах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Я тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.  

Шүүгдэгч Г.Я-н өмгөөлөгч Ц.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 5.000.000 төгрөгөөр ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон. Г.Я нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо барилгын байгууллагатай хийсэн гэрээнүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг үндэслэж хохирлыг төлөх боломжтой гэж шүүх дүгнэсэн. Тогтоосон хугацаанд хохирлыг төлөөгүй нь үнэн. Гэхдээ хэрхэн төлөх талаар бичгийн хэлбэрээр үйлдээгүй байсан. Харин хохирогч өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах гомдлоосоо татгалзана гэсний дагуу хохирлыг төлөх талаар бичгээр баримт үйлдэж нотариатаар орсон. Гэвч хохирогчийн зүгээс давж заалдах гомдлоосоо татгалзсангүй. Г.Я-н хувьд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж ажил хийж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

  Прокурор С.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Я нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Ж-с “цэцэрлэгийн барилгын зөвшөөрөл гаргуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ж-н “... Би өөрийн зүс таньдаг Г гэдэг залуугийн эхнэр Г.Я-н данс руу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 9.000.000 төгрөг, 2 дугаар сарын 14-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө мэдээгүй байхад Г над руу байнга залгаад “Надад төсөл байна, хоёулаа хамтарч ажиллая, чи охиныхоо газар дээр цэцэрлэг бариулчих” гээд ярьсан. Сүүлдээ Г нь “манай эхнэр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн дарга, чиний цэцэрлэгийн барилгын ажлыг манай эхнэр бүтээж чадна” гэж хэлээд байнга залгах болсон. Ингээд 1 дүгээр сарын 25-ны өдрөөс байнга над руу мөнгө нэхэж Я гэдэг хүн залгаад байхаар нь би итгээд 2 удаагийн гүйлгээгээр 10.000.000 төгрөг шилжүүлсэн. ... Тэгээд тэр хүүхэн мөнгө аваад утсаа ч авахаа байсан.  ... Я над руу залгаад “Би цэцэрлэгийн барилгын зөвшөөрлийг бүтээж чадна, манай найзууд зөвшөөрөл гаргадаг. Би гаргуулж чадна, чи санаа зоволтгүй” гэж хэлж байсан. ...” /хх 15-16/,

гэрч П.Г-н “... Би эхнэртэйгээ 2019 оны 1 дүгээр сард Ж-г танилцуулсан юм. ... Манай эхнэрт Ж мөнгө шилжүүлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Я нь Ж-с мөнгө авсан талаараа надад хэлээгүй. ...” /хх 20-21/ гэх мэдүүлгүүд,

Д.Ж-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-6/, Г.Я-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Я-г бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Я-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Г.Я-д анхан шатны шүүхээс 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул хохирогч Д.Ж-н “... Г.Я-д шүүхээс 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд гомдолтой. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д.Ж-с давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Г.Я нь “Д.Ж-д 7.000.000 төгрөгийн хохирлыг 20 хоногийн дотор буюу 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 3.500.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөгийг төлж барагдуулах”-аар хохирол барагдуулах баталгаа гаргаж өгснийг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Г.Я нь Д.Ж-с 2 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 9.000.000 төгрөг, 2 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Д.Ж, шүүгдэгч Г.Я нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 5-6, 67/ хөдөлбөргүй тогтоогджээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг буруу бичиж, хайнга хариуцлагагүй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.