Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго

Шүүгдэгч Л.Э           

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Оюунтунгалаг

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/96  дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлоор Л.Э т холбогдох 1928000000058  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг. Өмнөговь аймаг, Ханхонгор сум, 3 дугаар баг, ...................... гэх газарт нутагладаг. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Бүрд овгийн Л.Э , /регистрийн дугаар: ....................../,

Шүүгдэгч Л.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг .................... гэх газарт оршин суух Т.Б ийн илүү гэрээс 11 кг 400 грамм ноолуур, гэрийн гадна байсан улсын дугааргүй Юу би мото /UВ moto/ маркийн мотоциклийг хулгайлж бусдад 2162800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь  Л.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Л.Э ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Э ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.Э  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А д 2162800 төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгч Л.Э  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий СD-ийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, шүүгдэгч Л.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:.. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн бол ...” гэсэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөнд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм урьдчилан бэлтгэж ашигласан байх ойлголт болохоос биш хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг тус ойлголтод хамааруулан хэргийг зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Л.Э ын хулгайлсан гэх мотоциклийг "хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед учрах саадыг арилгах зорилгоор ашигласан” гэж ойлгомжгүй дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Э т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...”Тухайн тээврийн хэрэгсэл нь өөр газраас авчраагүй боловч учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж гэрийн гадаа байсан ноолуурыг хулгайлж авч явсан.11 кг 400 грамм ноолуурыг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зүгээр аваад явах боломжгүй байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.           

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...”Л.Э  нь тухайн гэрээс ноолуурыг авчихдаг. Энэ ноолуур авах үйлдэлдээ тухайн мотоциклийг ашиглаагүй байдаг. Мөн мотоциклийг тухайн ноолуурыг авахад зориулж урьдчилан бэлдээгүй байдаг. Тэгэхээр учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашигласан гэх нь учир дутагдалтай байна.

    Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Л.Э  нь эрүүл мэндийн хувьд саяхан хагалгаанд орсон. Цагдан хоригдож байгаа учраас Улаанбаатар хот руу явах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэж хүсэж байна.” гэв

                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн бичсэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.           

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ гэмт хэргийн талаарх үйл баримтыг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан ноолуур, мотоциклийг хулгайлж бусдад   2162800 төгрөгийн хохирол учруулсан” гэж тогтоож, харин “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглах гэдгийг тусгайлан бэлтгэсэн машин механизм ашиглаж үйлдэхийг ойлгоно” гэж дүгнэж,  мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурор “Л.Э  нь мотоциклийг ч, ноолуурыг ч хулгай хийсэн байдаг”  гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл хамаарахаар, тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор, хэрэв бусдын өмчлөлд байвал уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс гаргуулахаар зохицуулсан байхад шүүх нь Л.Э ыг тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа энэ зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх шийдвэр, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэг хугацаанд, нэг газарт үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг нэг талаас тээврийн хэрэгслийг хулгайлсан гэж, нөгөө талаас хулгайлах үйлдэлдээ уг хулгайлсан тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж ашиглан хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэсэн ойлгомжгүй, зөрүүтэй  дүгнэлт хийсэн байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  хулгайн үйлдэлдээ гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж, тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтаах зорилгоор машин механизм зориуд бэлтгэсэн гэх шинж нотлогдохгүй байх ба харин шүүгдэгч Л.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Баян гэх газарт оршин суух Т.Б ийн илүү гэрээс 11 кг 400 грамм ноолуур, гэрийн гадна байсан улсын дугааргүй Юу би мото /UВ moto/ маркийн мотоцикл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  бусдад 2162800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А  /хх-13, 18/, гэрч Т.Б ь /хх-19-20/, яллагдагч Л.Э  /хх-33-35/ нарын мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Л.Э ыг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Э т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс Л.Э т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээ, ял эдлэх байгууллага зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон байх тул Л.Э т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/96  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалаас Л.Э т холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн заалтыг нэмж, 1 дэх заалтыг “Шүүгдэгч Л.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “Л.Э т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                М.МӨНХДАВАА