| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01832/И |
| Дугаар | 102/ШШ2018/03361 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2018/03361
| 2018 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2018/03361 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундулам, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, гэрч О.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар “Найман шарга” валют арилжааны төвд ажилладаг. Харилцан бие биенээ таньж мэддэг, удаа дараа мөнгө зээлж, өгч, авалцаж байсан. 2018 оны 8 дугаар сард С.Аэмчилгээ хийлгэх гээд 2.000.000 төгрөг, дахин ээжийн бие өвдөөд эмчилгээ хийлгэх гэсэн юм гээд нэхэмжлэгч Б.Сгээс 2.000.000 төгрөг тус тус зээлсэн. Энэ мөнгө өгөхгүй 9 дүгээр сард цалингийн зээл чөлөөлөх гэсэн юм гээд дахин 1.000.000 төгрөг зээлсэн. Тэр өдрөө дахин 1.000.00 төгрөг авсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 6.000.000 төгрөг цувуулж авсан. Хариуцагч нь зээлийн төлбөр 6.000.000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй байгаа учраас хариуцагчаас 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Бид анх зээлийн мөнгийг хүүтэй нэхэмжилсэн боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас зээлсэн мөнгөө нэхэмжилсэн. Хариуцагчийн нэхэмжлэгчид зээлийн төлбөр төлсөн гэсэн нь өмнөх зээлийн төлбөрийн асуудал юм гэв.
Хариуцагч С.Ашүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Найман шарга” дээр зогсдог байсан. Б.Сг багаас нь мэднэ. Миний охин С.А9 дүгээр ангиасаа “Найман шарга” зах дээр зогссон. Б.С, С.А2 багаасаа найзалсан, 2-лаа л гадаа зогсдог байсан. Сүүлийн нэг жил Б.Спавильон руу орж, манай охин наймаа хийхээр болсон. С.А, Б.С2 бие биедээ олон удаа мөнгө зээлж, өгч авалцаж байсан. Б.Смөнгө зээлээд хэрэглээгүй байхад хүү авсан. С.Ань жилийн хугацаанд 8.760.000 төгрөгийн хүү өгсөн. 3.000.000 сая төгрөг зээлээд жилийн хугацаанд 8.000.000-10.000.000 гаран төгрөг болгож авч байна. Энэ асуудлаас болоод С.Анөхөртэйгээ маргалдаж, салж сарних дээрээ тулаад байна. С.А2.000.000 төгрөг зээлээд өдөрт 100.000 төгрөг авч, 10 хоногт 1.000.000 төгрөг, 20 хоногт 2.000.000 төгрөг буцаж очдог. Б.С2.000.00 төгрөг зээлээд сар 15 хоногийн дотор 1.040.000 төгрөгийн хүү С.Агаас олон удаа авч байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг мөнгө өгч авалцсан гэдгийг харсан гэрч байдаггүй. Камергүй умгар өрөөнд мөнгөө өгч, авалцаж байсан. Өгсөн, авсныг нь харсан гэрчгүй байхад С.Аг мөнгө өгөөгүй гэж ярьж байна. Б.Сөдөр бүр зээлийн төлбөрт 100.000 төгрөг авдаг. Тэр мөнгөө хүртэл авдаггүй гэж ярьдаг. Б.Сг бусдад мөнгө зээлээд хүү авдаг, мөнгө хүүлэгч гэдгийг бүгд мэднэ. С.Ань Б.Сгээс 6.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүгийн төлбөрт жилийн хугацаанд 8.760.000 төгрөг төлсөн. Б.Сөмнөх хүүгийн төлбөрөө өгөхгүй болохоор өр болгож бичдэг. Б.Сгийн зээлсэн мөнгө өдөрт 100.000 төгрөгөөр буцдаг. С.Ань зээлийн төлбөрийг бэлнээр Б.Сд өгдөг. н.Гэрэлтням, н.Нямка хоёр Б.Сгийн нөхөр н.Хасаагийн данс руу зээлийн төлбөр шилжүүлдэг байсан. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгая гэхээр Б.Сдарамталдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Яагаад гэвэл С.А2.000.000 төгрөгийг зээлийн хүүнд Б.Сд төлсөн. Б.Сөдөрт 100.000 төгрөг С.Агаас авдаг байсан. Б.Смөнгө зээлэхийн өмнө хүү авдаг. Зээлийн хүү авахгүйгээр хүнд мөнгө зээлдэг хүн биш гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Снь С.Аг 2018 оноос мэдэх болж, мөнгө зээлсэн гэж нэхэмжлэлд бичсэн байсан. Гэтэл яагаад 2017 оны зээлийн асуудал яригдаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ээжийн бие өвдсөн, цалингийн зээл даруулах гэсэн юм гэсэн үндэслэлд прокурорын байгууллага залилангийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд өгөх ёстой. Жишээ нь: “Найман шарга” захын камерын бичлэг байдаггүй, Б.С, С.А2-ын мөнгө өгч, авалцаж байсныг нотолсон ямар ч баримт байдаггүй. Б.Сг бусдад хүүтэй мөнгө зээлдэг эсэхийг нотлуулахаар гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Гэрч Б.Сг мөнгө зээлдэг гэдгийг бусдаас сонссон гэж мэдүүллээ. Үүнээс харахад Б.Сбусдад хүүтэй мөнгө зээлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч өмнөх шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгчээс 6.000.000 төгрөг авсан гэдгээ үгүйсгээгүй гэж хэллээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.Аг Б.Сгээс мөнгө зээлсэн болох нь тогтоогдохгүй байна. Гэрч С.Аг Б.Сгээс 6.000.000 төгрөг авсан гэдгийг сонссон болохоос харсан хүн биш гэдгээ мэдүүлсэн. С.Аөмнөх шүүх хуралдаанд дээр 2017 оны 8 дугаар сард 2.000.000 төгрөгийн 20 хувийн хүү 520.000 төгрөг, 9 сард 520.000 нийт 960.000 төгрөг төлсөн гэдэг. Энэ тайлбар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан цаг хугацаатай тохирч байна. Хариуцагч С.Анэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг хүлээн зөвшөөрч, 2.000.000 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлцэл болгон гэрээ болохгүй, гэрээ болгон хэлцэл болно. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хэлцэл хийгдсэн. Талуудын хооронд зээлийн гэрээний бичгийн хэлбэр зөрчсөн хэлцэл байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 6.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа нотолж чадахгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Талуудын хооронд зээлийн гэрээ, хэлцэл 2-ын аль нь байгуулагдсан нь тодорхойгүй байна. Иймд зээлийн хүүнд төлсөн 2.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч С.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Ань 6.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн, 2.000.000 төгрөгийн хүү төлснийг хасч тооцоод 4.000.000 төгрөгийг төлнө гэж зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 8 дугаар сард эмчилгээ хийлгэнэ гэхэд нь 2.000.00 төгрөг, ээжийн бие муудлаа гэхэд нь 2017 оны 9 сард 2.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард цалингийн зээл чөлөөлнө гэхэд нь 1.000.000 төгрөг, өдөр болгон барьж ажилладаг 1.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч огт төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог бөгөөд 60.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хариуцагч нь 2017 оны 8 сард хүүнд 520.000 төгрөг, 9 сард 520.000 төгрөг, 10 сард 960.000 төгрөг, нийт хүүнд урьдчилж төлсөн 2.000.000 төгрөгийг хасч тооцох ёстой гэх боловч төлснөө нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Учир нь хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан О.Хаш-Эрдэнэ нь “...нэхэмжлэгчийг хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг, ...хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн, ...хүүг нь төлнө гэж цайны газрын орлогоосоо мөнгө авч байсан” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг дангаар хариуцагчийг нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийн хүү төлсөн болохыг нотолж чадахгүйгээс гадна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мөнгө зээлэхдээ эхлээд хүүгээ суутгаж авдаг гэсэн тайлбартай зөрчилдөж байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг 6.000.000 төгрөгийн зээлийн төлбөрөө буцаан аваагүй байна гэж дүгнэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас илүү төлсөн 9.050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Агаас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120.000 төгрөгөөс 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9.050 төгрөгиийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч С.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ