Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00339

 

Хөх шугам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01824 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1832 дугаар магадлалтай,

Хөх шугам ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүнренбүчи ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 78.534.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөх шугам ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бетон зуурмаг бэлтгэдэг Сүнренбүчи ХХК-тай 18/10 дугаартай Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 74.452.800 төгрөгийн үнэ бүхий 4741 м.куб чанарын доголдолгүй хайрга нийлүүлсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 314 м.куб чанарын доголдолгүй хайрга нийлүүлсэн. Ингээд нийт 78.534.800 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Гэтэл Сүнренбүчи ХХК нь бүтээгдэхүүнээ авсан атлаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийлүүлсэн материалын үнэ 78.534.800 төгрөгийг Сүнренбүчи ХХК-иас гаргуулан, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүнренбүчи ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2018 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай үйлдвэрийн урд талын Яармагийн шинэ гүүрийг хаасантай холбоотойгоор бусад газруудтай байгуулсан зарим гэрээ цуцлагдаж алдагдал үүссэний улмаас дээрх төлбөрийг барагдуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөх үүргээ бүрэн ухамсарлаж байгаа хэдий ч эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд 1, 2 өрөө байр оролцуулан бараа бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01824 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Сүнренбүчи ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.534.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөхшугам ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөхшугам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 550.624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүнренбүчи ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 550.624 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1832 дугаар магадлалаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550.624 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүнренбүчи ХХК-иас 78.534.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөх шугам ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд төлбөрийн чадваргүй байгаа талаараа тайлбарлаж төлбөрийг бараа бүтээгдэхүүн оролцуулан төлөх боломжтой болохыг илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн асуудалд албан ёсоор хариу ирүүлж хамтран ажиллана гэсээр хариуцагчийн татгалзалаа нотлох боломжийг алдагдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөх шугам ХХК, Сүнренбүчи ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 78.534.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж, 5055 м.куб хайрга нийлүүлсэн боловч хариуцагч мөнгөө төлөөгүй гэжээ.

 Хариуцагч нэхэмжлэлд ...эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй, 1-2 өрөө орон сууц оролцуулан төлбөрийг барагдуулах хүсэлтэй гэсэн тайлбар гаргасан байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр ба хариуцагч гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ биелүүлээгүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18/10 дугаар Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ байгуулагдаж, Хөх шугам ХХК нь барилгын бетон дүүргэгч 0-5 мм-ийн 2500 м.куб хайрга бэлтгэн Сүнренбүчи ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь хайрга угаасан эсэхээс хамаарч нэг тонн бүрийг 12.000-14.000 төгрөгөөр тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогджээ.

Гэрээнд нийлүүлэх хайргын хэмжээг 2500 м.куб гэж заасан хэдий ч нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 74.452.800 төгрөгийн үнэ бүхий 4741м.куб хайрга, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 314 м.куб хайргыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хайрганы хэмжээ, төлбөрийн үнийн дүнгийн талаар хариуцагч маргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд төлбөрийн чадваргүй байгаагаа тайлбарлаж, төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр төлөх боломжтойг илэрхийлсэн, нэхэмжлэгч хариу ирүүлж хамтран ажиллана гэсээр хариуцагчийн татгалзлаа нотлох боломж алдагдуулсан, эрх зөрчигдсөн гэх агуулгатай гомдлыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэл нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хууль хэрэглэх асуудалтай холбоогүй байна.

Хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдврлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирж маргааныг эвийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргах, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн байр суурийг сонсох, улмаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/01824 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1832 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Сүнренбүчи ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сараны 28-ны өдөр 550.624 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.СОНИНБАЯР

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                                   Б.УНДРАХ

                                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ