Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1824

 

2019 оны 09 сарын 04 өдөр

               Дугаар 183/ШШ2019/01824

                   Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.534.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........  нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бетон зуурмаг бэлтгэдэг “С” ХХК-тай 18/10 дугаартай “Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 74.452.800 төгрөгийн үнэ бүхий 4741м3 чанарын ямар нэг доголдолгүй хайрга нийлүүлсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 314м3 чанарын ямар нэг доголдолгүй хайрга нийлүүлсэн. Ингээд нийт 78.534.800 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Гэтэл “С” ХХК нь бүтээгдэхүүнээ авсан атлаа төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийлүүлсэн материалын үнэ 78.534.800 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулан манай компанид олгож, хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талууд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ” байгуулж, нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай үйлдвэрийн урд талын Яармагийн шинэ гүүрийг хаасантай холбоотойгоор бусад газруудтай байгуулсан зарим гэрээ цуцлагдаж алдагдал үүссэний улмаас дээрх төлбөрийг барагдуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөх үүргээ бүрэн ухамсарлаж байгаа хэдий ч эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд 1-2 өрөө байр оролцуулан бараа бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.534.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 “С” ХХК, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18/10 дугаар “Хайрга, элс, буталсан чулуу нийлүүлэх гэрээ”-ний дагуу “Х” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 74.452.800 төгрөгийн үнэ бүхий 4741м3 хайрга, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 4.082.000 төгрөгийн үнэ бүхий 314м3 хайрга “С” ХХК-д шилжүүлсэн, “С” ХХК нь дээрх хайрганы үнэд нийт 78.534.800 төгрөгийг “Х” ХХК-д төлөөгүй талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулсан байна.

 

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдан авагч “С” ХХК нь 78.534.800 төгрөгийг худалдагч “Х” ХХК-д төлөөгүй болох нь талуудын тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Зарлагын баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 78.534.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 78.534.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 550.624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 550.624 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД