Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0236/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө овогт Ш-ы М-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2022 оны ..... дугаар сарын ......-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө овогт Ш-ы М /РД:............../ ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн,  ...... настай ....., бүрэн дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., эхнэрийн хамт, ...... аймгийн ...... сумын ..... дугаар баг, ....... гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Ш.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, байгаль экологид 202,386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.М-ын өгсөн: Манай охин нялх хүүхэдтэйгээ манайд ирсэн байсан. Зөвшөөрөл аваад бэлтгэсэн байсан мод маань дуусаад галгүй болчих гээд байсан тул 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр модонд явсан. Унианги түүж байгаад арай бага байхаар нь 2 ширхэг ургах чадваргүй хуурай мод тайрч авсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н өгсөн: Би яг энэ хэргийн тухайд сайн мэдэхгүй байна. Саяхан ажлаа авсан. Хэргийн материалтай танилцсан. 202,386 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн үзлэгээр зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх газар нь ...... сумын ...... дугаар баг ..... голын урд энгэр гэх уулархаг газарт Ш.М-р заалгуулж ирэхэд газрын хөрс цасаар хучиргдсан. Цасан дээр 2,54 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн өргөн дугуйны мөр гарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг газарт нь мод бэлтгэсэн гэх нарс модны тайрагдсан хожуул байх ба хожуул дээр марк тодорхойгүй улаан өнгийн дружба хөрөө байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг хожуулын орчимд цасан дээр модны үртэс цацагдсан байв. Уг хожуул газраас 25 см, хожуулын диаметр 27 см хэмжээтэй байв. Хожуулнаас ерөтөнцийн зүгээр зүүн хойд зүгт 500 орчим метр зайд газраас 117 см өндөр 30 см диаметртэй хожуул байв гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13/,

2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сум .... дугаар баг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх цэнхэр өнгийн ..... УНК улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд нийт 32 ширхэг  гуалин модонд үзлэг хийв гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19/,

2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн нийт 32 ширхэг модыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэлүүд /хх-ийн 20-23/

2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн 1 ширхэг улаан өнгөтэй цахилгаан хөрөөг хураан авах тухай  прокурорын зөвшөөрөл /хх-ийн 25/

2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн 1 ширхэг улаан өнгөтэй цахилгаан хөрөөг хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зураг /хх-ийн 26-28/

Гэрч Х.Я-ын өгсөн: Манай нөхөр Ш.М түлээний мод дуусаад цаг агаар хүйтрэх гээд байсан болохоор 2022 оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар баг ...... урд энгэрээс зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч М.Б-ийн өгсөн: Цэнхэр өнгийн ..... УНХ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг би 2012 онд 10,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аав Ш.М-д унаж ирээд үлдээгээд хот явсан юм. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх 3,000,000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Гэрч Ш.Д-ын өгсөн: Ш.М нь 2022 оны .... дугаар сарын ....-ны өдөр түлээний мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 44/

Гэрч Л.Ө-ийн өгсөн: Ш.М-ын бэлтгэсэн 2 ширхэг хожуул байх солбицол нь Улсын тусгай хамгаалалтын ойд хамаарахгүй. Дархан-Уул аймгийн хэмжээнд Улсын тусгай хамгаалалтын ойн сан бүхий газар байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 46/

Гэрч Х.Б-ын өгсөн: Манай хүргэн Ш.М нь даруу төлөв, хүнд тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ш.М нь аргагүй эрхэнд нялх хүүхдээ дааруулахгүй гэж хэдэн метр мөчир бэлтгэсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 48/

Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн 2022 оны ... дугаар сарын ....-ны өдрийн №..... дугаартай: Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байх иргэн Ш.М-ын эзэмшлийн .... УНХ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр байх модонд шинжилгээ хийхэд 11 ширхэг түлээний бөөрөнхий мод 0,84 метр куб, уг модны мөчир байж болох 21 ширхэг гишүү нь 0,18 метр куб, нийт 1,02 метр куб болж байна.

Шинжилгээнд ирүүлсэн солбилцолыг биечлэн шалгаж үзэхэд Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт амьдрах чадваргүй 2 ширхэг нарс мод бэлтгэсэн байна.

Иргэн Ш.М-н бэлтгэсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ 202,386 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/  

2022 оны ... дугаар сарын ....-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн ..... маркийн ..... УНХ улсын дугаартай хар ногоон өнгийн бага оврын ачааны автомашины үнэ 3,000,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/

2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн модны цахилгаан хөрөөний үнэ 50,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79/

2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... хөрөнгийн үнэлгээний компанийн ..... УНХ улсын дугаартай ..... маркийн машины үнэ 2,260,264 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 94-95/

2022 оны .... дугаар сарын ....-ны өдрийн улсын байцаагчийн акт /хх-ийн 104/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т зохих гэрээ, зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр тус тус хуульчилсан. Хэргийн үйл баримтаас үзвэл Ш.М нь 2022 оны ... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн .... сумын .... дугаар багт байрлах ..... .... гэх газраас зөвшөөрөлгүй, 32 ширхэг 1,2 метр куб нарс мод бэлтгэж улмаар .... УНХ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 202,386 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.М нь мод бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй. Шүүгдэгч өөрөө ч зөвшөөрөл аваагүй гэдгээ хэлдэг. Энэ нь Ойн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг хангаж байна. Шинжээчийн дүгнэлтээр тухайн бэлтгэсэн мод нь ургах чадваргүй нарс мод болохыг, мөн босоо мод болохыг тус тус тогтоосон. Босоо модыг огтолж унагаад хэсэглээд тайрч бэлдсэн байгаа. Энэ дотор гишүү, унанги мод тодорхой хэмжээгээр байдаг. Ургах чадваргүй мод нь байгальд эерэг нөлөөлөл үзүүлэхгүй ч гэсэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр бэлтгэх ёстой байсан. Иймд шүүгдэгч Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд мод бэлтгэхдээ 3 төрлөөр бэлтгэж болно гэж заасан байна. Үүнд ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны зориулалтаар, ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний зориулалтаар, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар гэж байна. Харин ойгоос унанги мод, гишүү авах нь мод бэлтгэх гэх ойлголтод хамаарахгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай тогтоол гарсан байдаг. Ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй. Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэх ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар, түүнийг бэлтгэсэн арга, шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгаатай авч үзэх шаардлагатай гэсэн байна. Мөн нийгэмд учруулах хор аюулыг нь харгалзан гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд нь хамааруулахыг шүүх шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн байна. Ш.М нь зөвшөөрөлгүй мод авсан ч гэсэн байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, экологийн тэнцвэр алдагдуулсан зүйл байхгүй. 2 ургаа мод тайрсан гэж байна. Энэ 2 мод нь ургах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч гэсэн ургалт зогссон энэ модыг бэлтгэснээр байгаль экологид хор хөнөөл байхгүй гэж хэлж байна. Экологи эдрийн засгийн үнэлгээ 202,386 төгрөг гэж гарсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 3 дахин нэмэгдүүлж 607,158 төгрөгийн акт тавьсан. Нэгэнт мод авсан нь үнэн учраас актын төлбөрийг төлсөн байгаа. Ш.М ургалт зогссон 2 ширхэг мод бэлтгэсэн үйлдэл нь байгаль экологийн тэнцвэр алдагдуулахгүй байх тул гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Иймд Ш.М нь гэм буруугүй гэдгийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.М нь 2022 оны ... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар багт байрлах ...... гэх газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 27 см болон 30 см-ийн диаметртэй 2 ширхэг амьдрах чадваргүй нарс модыг тайрч нийт 202,386 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 1.02 метр куб мод бэлтгэн ..... УНХ улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба Ш.М-ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Гэвч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдэл болгоныг гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд тухайн үйлдлийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ буюу  ойн хэвийн өсөлт, хөгжилтөд үзүүлэх нөлөө, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөөлөл зэргийг харгалзан үзэж хэргийг зүйлчлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Ш.М-ын бэлтгэсэн гэх 2 ширхэг нарс мод нь ургалт нь зогссож амьдрах чадваргүй болсон хуурай мод болох нь тогтоогдож байгаа ба шүүгдэгчийн үйлдэлд ойн нөөц баялагийг хомсдуулж, хүрээлэн байгаа орчин, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн эрх ашигт хор хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ш.М-ыг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг шинж тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үндэслэлээр Ш.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.М-ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин Ш.М-ын үйлдэлд эрх зүйн бусад зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.М нь хохирол төлбөрт 607,158 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 32 ширхэг 1.02 метр куб нарс мод, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө овогт Ш-ы М-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.М-ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ө овогт Ш-ы М-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг  хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 ширхэг, 1.2 метр куб нарс мод, Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 607,158 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Ш.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР