Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1052

 

                                                                               

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Н ХХК-ий нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Ц  ХХК-д холбогдох 
71.751.291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, С.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, иргэдийн төлөөлөгч Л.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Н ХХК нь Ц ХХК-тай 2014 оны 09 сарын 30-ны өдөр NR/13/274 дугаартай “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н дэлгүүрийн 1-р давхарт байрлах “Т” дэлгүүрийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл 2017 оны 04 сарын 02-ны өдөр Ц ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн “Т” дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт дүүжин тааз бүхэлдээ нурсны улмаас Н ХХК-д 496,040 төгрөгийн хохирол, НР ХХК-д 14.318.305 төгрөгийн хохирол У ХХК-д 1.043,461 төгрөгийн хохирол, Н-Т ХХК-д 5.682.098 төгрөгийн хохирол, НТ ХХК-д 26.120.755 төгрөгийн хохирол тус тус буюу нийт 47.660.659 төгрөгийн хохирол компаниудад учирсан. Барилгын дүүжин тааз нурсан нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх үйл явдалтай холбоотойгоор учирсан хохирлыг уг барилгын ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн Ц ХХК-иас  шаардах эрхийг НР ХХК, НТТ ХХК, Н ХХК “Ухаалаг эрчим хүч” ХХК-иуд 2017 оны 09 сарын 13-ны өдрийн ИН/17/204 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр манай Н ХХК-д шилжүүлсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 47.660.659 төгрөгийг Ц ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 
... Учир нь осол гарсны дагуу “Мэргэжлийн хяналтын газар”-ын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02-06-035/146 дугаар актаар тус дэлгүүрийн үйл ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 02-оос 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд Н ХХК-ийн хувцас болон гоёл зүүсгэл худалдаалдаг НФ худалдааны салбар чиглэл нь үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоогүй боловч ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, ослын үед илүү цагаар ажилласан ажилчдын хөлс болон тус дэлгүүрийн түрээсийн төлбөрийг НР ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлсөн. Үүний дагуу ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагийн хөлсөнд 11.006.418 төгрөг, түрээсийн зардалд 9.431.514 төгрөг төлсөн буюу энэ ослын улмаас нийт 20.437.932 төгрөгийн хохирол Н ХХК-д учирсан. Мөн дээрх осол гарснаар НД ХХКнь Н ХХК-тай 2016.11.10-ны өдөр байгуулсан 01-002016046 дугаартай “бараа материалын даатгалын гэрээ”-ний дагуу тус компанид учирсан хохирол болох 3.652.700 төгрөгийг гэрээний даатгалын нөхөн төлбөрт олгосон. Үүний дагуу НД ХХКнь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-р зүйлд заасны дагуу буруутай этгээд буюу Н ХХК-д төлсөн төлбөр болох “Т” дэлгүүрийн байрыг түрээслүүлэгч НР ХХК-с олгосон нөхөн төлбөрөө шүүхийн журмаар шаардаж авсан юм. Хэрэв дээрх осол гараагүй байсан бол НР ХХК нь НД ХХК-д даатгалын нөхөн төлбөр болох 3.652.700 төгрөг төлж, хохирол хүлээхгүй байсан. Иймд Н ХХК-д учирсан хохиролд 20.437.932 төгрөг, НР ХХК-д учирсан хохирол 3.652.700 төгрөг буюу нийт 24.090.632 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 71.751.291 төгрөгийг Ц ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 
Хариуцагчийн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 онд Н-ийн 1 давхарт байрлах “Т” дэлгүүрийн дотоод заслыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барилгын дүүжин тааз нурснаас үүссэн хохирлыг манай компаниас гаргуулахаар дурьджээ. Барилгын тааз 2017 онд нурсан асуудал болон түүнээс учирсан хохирол нь манай компанитай огт холбогдолгүй асуудал байна. Нэхэмжлэл болон Мэргэжлийн хяналтын актанд нь дурьдсан Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх заалт дахь механик аюулгүй байдлыг хангах асуудлуудад манай компани хариуцлага хүлээхгүй. Учир нь: 
1. Материалын тухайд: манай компани нь зөвхөн ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан бөгөөд бүх материалыг нэхэмжлэгч тал бүрэн хариуцаж гаргасан тул хэрвээ материалын чанартай холбоотойгоор тухайн асуудал үүссэн бол хариуцлагыг Н.Х ХХКхүлээнэ. 
2. Бүтээц, эзлэхүүний тухайд: Нэхэмжлэгч тухайн ажлын зураг, бүтээц эзэлхүүний тоо хэмжээг өөрөө гаргасан. Зурагт зааснаас өөр бүтээц, эзэлхүүнээр хийсэн зүйл огт байхгүй. Хэрэв бүтээц, эзэлхүүний хувьд инженерийн тооцоолол, ажлын зургийн ямар нэгэн алдааны улмаас уг тааз нурсан бол Н.Х ХХК бүрэн хариуцах ёстой. 
3. Хийцийн тухайд: Н ХХК-ийн хяналтын инженерүүд технологи хийцэд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байсан. Хийцийн хувьд хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн тул хүлээн авах комисс санал, дүгнэлтээ гаргаж ажлыг бүрэн хүлээж авсан. Түүнчлэн технологи ажиллагааны бүхий л үе шатуудад захиалагчийн хяналтын инженерүүд байлцаж хянан баталгаажуулж байсан нь Барилгын тухай хуульд заасан холбогдох акт баримтууд болох бүх ил, далд ажлын актуудад тодорхой байгаа болно. Баталгаат хугацаанд ямар нэгэн гологдол дутагдал илрээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н ХХК-ий төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НР ХХК нь Ц ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр NR/13/274 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н-н 1-р давхарт байрлах Т дэлгүүрийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ц ХХК-иар барилгын ажил гүйцэтгүүлсэн Т дэлгүүрийн эрэгтэй бэлэн хувцасны тасагт дүүжин тааз бүхэлдээ нурсны улмаас 47.660.659 төгрөгийн хохирол учирсан. Ослын үеэр НТ ХХК-ийн хувцас болон гоёл зүүсгэл худалдаалдаг дэлгүүрт 20.437.932 төгрөг, НР ХХК-д  3.652.700 төгрөгийн хохирол учирсныг нэмж нэхэмжилсэн. Учир нь осол гарсны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0206038146 дугаартай актаар тус дэлгүүрийн үйл ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зогсоосон байдаг. Энэ хугацаанд НТ ХХК-ийн хувцас болон гоёл чимэглэл худалдаалдаг НФ салбар дэлгүүр нь үйл ажиллагаа явуулж ашиг орлого олоогүй боловч өөрийн ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагаар ажилласан ажилтны хөлс болон тус дэлгүүрийн түрээсийн төлбөрийг НР ХХК-тай байгуулсан түрээсийг гэрээний дагуу төлсөн байдаг. Үүний дагуу ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагийн хөлсөнд нийт 11.006.418 төгрөг, түрээсийн төлбөр 9.431.514 төгрөг төлсөн буюу ослын улмаас нийт 20.437.932 төгрөгийн хохирол НТ ХХК-д учирсан. Мөн дээрх осол гарснаар НД ХХК нь НТ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 01/002016046 дугаартай бараа материалын даатгалын гэрээний дагуу тус компанид учирсан хохирол болох 3.652.700 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон. Үүний дагуу НД ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-р зүйлд заасны дагуу буруутай этгээд буюу НТ ХХК-д төлсөн төлбөр болох Т дэлгүүрийн байрыг түрээслүүлэгч НР ХХК-иас олгосон нөхөн төлбөрөө шүүхийн журмаар шаардаж авсан юм. Хэрэв дээрх осол гараагүй байсан бол НР ХХКнь НД ХХК-д даатгалын нөхөн төлбөрт 3.652.700 төгрөг төлж, хохирол хүлээхгүй байсан. Дээрх үйл явдалтай холбоотойгоор учирсан хохирлыг уг барилгын ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн Ц ХХК-иас шаардах эрхийг НТ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн NH/17/204 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр мөн НР ХХКнь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн NH/18/186 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр тус тус Н ХХК-д шилжүүлсэн. Иймд НТ ХХК-д учирсан хохиролд 20.437.932 төгрөг, НР ХХК-д учирсан хохирол 3.652.700 төгрөг буюу 24.090.632 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 71.751.291 төгрөгийг Ц ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Хавтаст хэргийн 94-р хуудас дахь нотлох баримт нь Н ХХК-д учирсан хохирлын, 96, 89,90,92,93,95,97,98,104,109-р хуудас дахь нотлох баримт НТ ХХК-д учирсан хохирлын, 64-67, 88, 105, 111, 117-р хуудас дахь НР ХХК-д учирсан хохирлын,  110, 114-р хуудас дахь нотлох баримт нь Ухаалаг эрчим хүч ХХК-ид учирсан хохирлын нотлох баримтууд, 121, 122-127, 96 талын нотлох баримт нь НТТ ХХК-д учирсан хохирлын нотлох баримтууд гэв. 
Нэхэмжлэгч Н ХХК-ий төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан  274 тоот гэрээний 2.6 дахь хэсэгт баталгаат хугацааг 1 жил гэж заасан нь үнэн. Гэрээнд заасан хугацаанд таазны эвдрэл гэмтэл гараагүй учир энэ хугацаанд шаардаагүй. Гэхдээ Монгол улсын Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил байна” гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна” гэж заасан. Барилгын ажил гэдгийг Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт “Барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” хэлнэ гэж тодорхойлон заасан байдаг. Тэгэхээр Ц ХХК нь нэхэмжлэгч компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу барилгын ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн. Энэ нь хавтаст хэргийн 21-р талд авагдсан байгаа. Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шаардах эрхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор, барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасан байдаг. Хавтаст хэргийн 119-120 дугаар талд шүүгчийн захирамж авагдсан. Энэ захирамж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж болох хуулийн хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан. Мөн тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдлын асуудлыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. НР ХХКнь Ц ХХК-иар барилгын таазны ажлыг хийлгүүлсэн. Энэ үйл баримт хавтаст хэргийн 171-172 дугаар хуудсанд фото зургаар авагдсан. Тааз нурсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот актаар тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “Барилга байгууламжийн материал, хийц, бүтэц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэсэн чанарын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Явцын шалгалтыг хийж, хяналтыг тавьж байсан талаар маргахгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байдаг. Үүний дагуу гэм хорын төлбөрийг хариуцагчаас шаардаж байна гэв. 
Хариуцагч Ц ХХК-ий төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 274 дүгээр ажил гүйцэтгэх гэрээнд баталгаат хугацааг 1 жил байхаар тохиролцож, тухайн баталгаат 1 жилийн хугацаанд доголдол гаргаагүй тохиолдолд чанарын баталгааны төлбөрийг буцаан олгохоор гэрээ байгуулж засвар хийсэн. Манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100 хувь гүйцэтгэж, гүйцэтгэлийн дүгнэлт буюу ажлаа 100 хувь хүлээлгэж өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан далд ажлын акт, ажил хүлээлцсэн комиссын дүгнэлт, фото зураг, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тус компанийн захирал П.О-н тухайн ажлыг сайн гүйцэтгэсэн гэсэн албан тодорхойлолт зэргээр тодорхойлогдоно. Тухайн гэрээний дагуу баталгаат хугацаанд доголдол үүсээгүй.  Бид тухайн ажлыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлсөөр хийж гүйцэтгэсэн. Харин зураг, материалыг эдний тал хариуцан гаргаж, инженерүүд нь ажлын явцад хяналт тавьж байсан. 2017 онд тааз нурсан талаар утсаар болон албан бичгээр манайд мэдэгдээгүй. Тухайн засвар хийж байх үед хяналтын инженер нь өдөр бүр байж зургийн дагуу хийх шаардлагыг тавьдаг байсан. Бид зургийн дагуу нэхэмжлэгчийн өгсөн материалаар засварыг хийсэн. Нэхэмжлэгч компани далд ажлыг харж хүлээж аваад дараагийн ажлыг гүйцэтгүүлдэг, өөрсдөө гарын үсэг зурж хүлээж авсан. 63 ширхэг  гэрэл гэсэн зүйлийг эд нар ярьдаг. Хэрэгт байгаа зургаас харахад хийсэн ажилчдын буруугаас биш, засварын дараа дүүжин таазанд хийсэн 63 ширхэг гэрлүүд ердийн жижиг гэрэл биш, том прожекторын гэрэл байсан. Таазны ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 63 гэрлийн хүндийн жинг тооцохгүйгээр таазанд гэрэл хийсэн нь тааз унах шалтгаан болсон болов уу гэж би бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Т дэлгүүрийн тааз нурснаас Н ХХК-д 496.040 төгрөгийн, НТТ ХХК-д 26.120.755 төгрөгийн, НТ ХХК-д 26.120.030 төгрөгийн8 НР ХХК-д 17.971.005 төгрөгийн, Ухаалаг эрчим хүч ХХК-д 1.043.461 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэгч Н ХХК нь 2017 оны 09 сарын 13-ны өдөр NH/17/204 дүгээр, 2018 оны 08 сарын 27-ны өдрийг NH/18/186 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Ц ХХК-с шаардан авах эрхийг шилжүүлэн авч тэрээр Ц ХХК-с хохирол 71.751.291 төгрөг нэхэмжилж байна. 
Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
2014 оны 09 сарын 30-ны өдөр НР ХХК нь Ц ХХК-тай НИД-ийн 1-р давхрын заслын ажлыг гүйцэтгүүлэх NR/13/274 дүгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг Ц ХХК гүйцэтгэсэн,   НР ХХК ажлыг хүлээн авсан үйл баримт болон, 2017 оны 04 сарын 02-ны өдөр “Ц ХХК-ий гүйцэтгэсэн ажил болох Т дэлгүүрийн тааз нурсан үйл баримттай тус тус зохигч маргаагүй. 
Нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу НР ХХКнь Ц ХХК-ий гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбогдуулан хохирол нэхэмжилж буйг Ц ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүргээс учирсан хохирлыг шаардаж байна гэж, Н ХХК, НТТ ХХК, НТ ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК нь Ц ХХК-тэй гэрээ байгуулаагүй, эдгээр компаниуд НР ХХК-ий барилгад үйл ажиллагаа явуулж байх үед Ц ХХК-ийн хийсэн тааз нурснаас учирсан гэм хорын хохирлыг шаардаж байна гэж үзнэ.
Ц ХХК, НР ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд гомдлын шаардлага гаргах хугацааг 1 жил байхаар талууд тохиролцсон байх ба Ц ХХК ажлыг НР ХХК-д 2014 оны 11 сарын 17-нд хүлээлгэн өгснөөс /хх-21х/ хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд НР ХХКшүүхэд нэхэмжлэл гаргасан, Н ХХК, НТТ ХХК, НТ ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Ц ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Т дэлгүүрийн тааз чанарын шаардлага хангаагүй  нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот актанд Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “Барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэснээр тогтоогддог гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. 
Харин хариуцагчийн төлөөлөгч “бид нэхэмжлэгч талын гаргасан зургийн дагуу өөрсдийнх материалаар, тэдний инженерийн хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн. Далд ажлыг хүлээж аваад дараагийн ажлыг гүйцэтгүүлж хяналт тавьдаг байсан.  Манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 100 хувь гүйцэтгэж, гүйцэтгэлийн дүгнэлт буюу ажлаа 100 хувь хүлээлгэж өгснөөс хойш баталгаат 1 жилийн хугацаанд доголдол гаргаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.  
Хариуцагч Ц ХХК таазны ажлыг буюу ажил гүйцэтгэх гэрээний үүргээ “хангалттай” гэсэн чанартайгаар гүйцэтгэж хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 22-р талд авагдсан таазны ажлыг “сайн, хангалттай сайн” гэж үнэлэн комисс хүлээн авсан акт, 21-р талд авагдсан NR/13/274 дүгээр гэрээний ажил гүйцэтгэлийн дүгнэлтээр тогтоогддог. 
Мөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “бид нэхэмжлэгч талын гаргасан зургийн дагуу өөрсдийнх материалаар, тэдний инженерийн хяналтанд ажлыг гүйцэтгэсэн. Далд ажлыг хүлээж аваад дараагийн ажлыг гүйцэтгүүлдэг байсан.  Манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100 хувь гүйцэтгэсэн” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар үгүйсгэж маргаагүй. 
НР ХХКнь Ц ХХК-иар 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сарын 17-нд хийж гүйцэтгүүлсэн Т дэлгүүрийн засварын ажлыг өөрийн гаргасан зураг төсөл, өөрийн материалаар, ажлын явцад инженерийн хяналттайгаар хийж гүйцэтгүүлж, ажлыг “хангалттай” үр дүнтэй гүйцэтгэсэн гэж хүлээж авсан нь хариуцагч талын тайлбар, хавтаст хэргийн 21, 22-р талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог тул   Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 тоот актанд бичигдсэн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэснийг зөрчснөөс Т дэлгүүрийн тааз нурсан нь Ц ХХК-ийн таазны засварын ажлыг доголдолтой гүйцэтгэсэн үйлдлээс үүссэн гэдэг нь тогтоогдохгүй байна.  
Хариуцагч Ц ХХК нь НР ХХК-ий өмнө хүлээсэн НИД-ын /Т дэлгүүрийн/ заслын ажлыг доголдолтой гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, ажил гүйцэтгэх гэрээнд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд доголдол гараагүй, мөн нэхэмжлэгч нь тааз ашиглалтаас шалтгаалж нураагүй гэдгээ нотлох баримтаар нотлоогүй тул НР ХХК-ий өмнө гэрээнээс учирсан хохирлыг, Н ХХК, НТТ ХХК, НТ ХХК, Ухаалаг эрчим хүч ХХК-дын өмнө гэм хор учруулснаас үүссэн хохирлыг тус тус Ц ХХК хариуцах үндэслэлгүй. 
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц ХХК-иас 71.751.291 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ц ХХК-иас 71.751.291 /далан нэгэн сая долоон зуун тавин нэг мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729.788 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА

                                        ШҮҮГЧИД                                    Ч.ЖАРГАЛАН
 
                                                                                             Т.БАДРАХ