Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1068

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: П.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.С, Б.А нарт холбогдох

5.138.656 төгрөг гаргуулах тухай 

Хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлтэй, П.О-д холбогдох 4.157.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О, түүний өмгөөлөгч Д.Насанжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.С, Б.А нар 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Нийтийн худалдааны 3-1 тоот лангууг надад 4.000.000  төгрөгөөр зарсан. 9 сард нэр дээр чинь болгож өгнө гэсэн. Гэвч хэлсэн ёсоор болгож өгөөгүй, хүний лангууг надад зарж залилан хийсэн. Үйл ажиллагаагаа явуулж байтал Нийтийн худалдааны төвийн Ариунаа дарга 2018 оны 01 дүгээр сарын 03-нд лангуугаа хурааж авсан. 4.9%-ийн хүүтэйгээр ББСБ-иас зээл аваад А-ы ээж Ст 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгийг дараа нь бэлнээр өгсөн. Ингээд өгсөн 4.000.000 төгрөгөө хүү 3.000.000 төгрөгийн хамт буюу 7.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.С миний бие П.О-тай Архангай аймгийн Х ХК-ийн нийтийн худалдааны төвд байрлах 3-1 тоот лангууг худалдах худалдан авах талаар хэлцэл хийж байгаагүй. Тухайн нийтийн худалдааны төвд байрлах павилон нь хэн нэгний хувийн өмчлөл эзэмшилд байдаггүй. Х ХК-ийн өмчлөлийн талбай бөгөөд түүнийг түрээслэгч нь худалдах худалдан авах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлд дурдагдсан дээрх лангууг манай охин ажиллуулдаг байсан бөгөөд тухайн лангуун дээр миний 4 сая гаран төгрөгийн бараанууд байсан ба ар гэрт гачигдал гарч тухайн лангууг ажиллуулах хүнгүй болоод байж байхад 2016 оны 11 сарын 7-ны өдөр О над дээр ирээд лангууны чинь түрээсийг төлөөд би ажиллуулж байя, лангуунд байгаа бараагаа надад зарчих гэхээр нь би түүнд бараануудаа нэг бүрчлэн тоолж бөөний үнээр П.О-д зарсан. Тухайн барааны үнийг П.О надад өгсөн. П.О ор үндэслэлгүй мөнгийг надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 сарын 04-ний өдөр нэг эмэгтэй “танайх бараагаа зарах гэж байгаа юм уу” гэж ирсэн. Тухайн үед лангуун дээр би зогсож ажиллуулдаг байсан, барааг ээжийн мөнгөөр авсан учир ээж рүү явуулсан. Орой лангуугаа хаагаад гэртээ очтол О ээжтэй уулзаад байсан. 1 дэх өдөр энд зарж байгаа үнээр бараагаа хүлээлцэхээр боллоо гэсэн. 11 сарын 07-нд бид тоололцож 3.657.500 төгрөгийн бараа тоолж хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ барааныхаа мөнгийг бөөн авна гэж байсан боловч хэд хоногийн дараа 3.000.000 төгрөг ээжид өгсөн байсан. Үлдэгдэл мөнгийг нь 2017 оны 3 сард нэхэж ярьсан боловч эгч нь боломжгүй байна, миний дүү эгчтэйгээ адилхан зовлонтой байж эгчийгээ ойлго л доо жаахан хүлээж бай гэж хэлсэн. Би П.О гэдэг хүнээс 680.000 төгрөг аваагүй. П.О-гаас тохиролцож зарсан барааны мөнгө авсан болохоос лангуу зарсан ямар ч мөнгө аваагүй. Иймд П.О-ийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.О-с 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн барааны үнэ 3.657.500 төгрөг, 7 сар хажуу өрөө түрээсэлсний үлдэгдэл хөлс 500.000 төгрөг, нийт 4.157.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч П.О сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Ч.С лангуугаа надад 4.000.000 төгрөгөөр зарсан болохоос бараагаа зараагүй юм. 1-д А-гийн нөхөр нь нас барсан, 2-т надад лангуугаа зарж тус болж байгаа гэдэг утгаар барааг нь зараад өгчихье гэж бодсон. Ч.С нь бараагаа хүлээлгэж өгчихөөд зарагдахаар нь Агийн 5135302650 тоот данс руу хийгээд байгаарай гэсний дагуу Б.А-гийн данс руу болон түүний ээж Ч.С-ийн данс руу зарагдсан барааны мөнгийг хийсэн. Нийт 630.000 төгрөг хийсэн. Хүлээлгэж өгсөн барааны үлдэгдлийг өгөхөд аваагүй.  Байрны хувьд: 2016 оны 12 сарын 15-наас 2017 оны 5 сарын 7 хүртэлх хугацаанд амьдарсан. 2017 онд эхлээд 60.000 төгрөгийг гэрт нь С-т, 160.000 төгрөгийг С хүргэн залуугаа над руу явуулж авсан. 100000 төгрөгийг С-ийн данс руу хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 давхарт лангуу түрээсэлдэг байхдаа хоол зардаг Нэргүй гэдэг эгчид лангуу зарах хүн байвал хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд Нэргүй эгч Б.А лангуугаа зарах гэж байна. Чи уулзаад үз гэсэн. Намайг Б.А-тай уулзахад 5.500.000 төгрөгөөс доош лангуугаа зарахгүй.  Та эхлээд 4.000.000 төгрөгөө өгчих, 9 сард лангууг таны нэр дээр болгоно тэгэхэд 1.500.000 төгрөгөө өгөөрэй гэсэн. Яагаад одоо миний нэр дээр болгохгүй байгаа юм бэ? гэхэд энэ лангууны эзэн 9 сар хүртэл зээлтэй, тэрийгээ дуусгаад таны нэр дээр болгож өгнө гэж хэлсэн. Тэр үед би хүний лангуу гэдгийг нь мэдсэн. Лангууг миний нэр дээр болгохгүй байсаар жил болгосон. А лангуугаа зарсан нь үнэн. Би барааг нь зарж өгнө гэж барааг нь авч үлдсэн. Хэрэв барааг нь авч үлдээгүй бол намайг бараа авсан гэж гүжирдэхгүй байсан. Анхнаасаа 9 сард миний нэр дээр болгож өгсөн бол одоо ингээд явахгүй байсан. 1 сард лангуугаа хураалгасан. Би А руу залгаад лангууг хурааж авах гээд байна, хүрээд ирээч, болохгүй бол 4.000.000 төгрөгөө авна шүү гэж хэлж байсан.  Тэгэхэд 4.000.000 төгрөгийг чинь өгч чадахгүй, 2.000.000 төгрөг өгнө гэсэн. Одоо болохоор 2.000.000 төгрөгөө ч өгөхгүй алга болсон. 3.000.000 төгрөгийг шилжүүлээд, дараа нь 1.000.000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн. Би Агаас лангуу худалдаж авахын тулд А ББСБ-аас зээл авсан. Түүний хүү 1.138.656 төгрөг нийт 5.138.656 төгрөгийг нэхэмжилж байна. Би 50.000 төгрөгөөр 2 удаа, 300.000 төгрөг, 100.000, 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.С 270.000 төгрөгийн барааг лангуун дээр ирж авсан. Хэрэв энэ хүн надад бараагаа зарсан бол миний лангуун дээрх бараанаас шууд авахгүй байсан. Би 12 дугаар сарын дундаас 5 сар хүртэл Ч.С-ийнд байрласан. 5 сараас Цаг-Уурын байр руу шилжсэн. Намайг байрнаас гарахад эд нар хотод байсан. Байрнаас гарлаа шүү гэж утсаар ярихад гэрийн түлхүүрийг нь колонкод өгчих гэж хэлсэн. Байрны эзний тодорхойлолтыг хэрэгт өгсөн байгаа. Би 12 сараас 5 сар хүртэл амьдрахдаа 3, 4 сард байрлаагүй, хөдөө явсан. 4 сар л эднийд байсан. Лангуун дээрээ мах зардаг Б гэдэг хүнийг суулгаад өөрөө хөдөө орон нутгаар явсан. Мөнгөний хувьд 11 сард лангуу авснаас хойш 7,8 хоногийн дараа 3.000.000 төгрөгийг нь өгөөд, сарын дараа 500.000, 500.000 төгрөгөөр Ч.Ст өөрт нь 2 тасалж бэлнээр өгсөн. Ж эгчээс 1.000.000 төгрөг аваад тэр мөнгийг нэг эргэлдүүлчихээд өгсөн. Өгсөн гэдгийг өөрөө мэдэж байгаа. Одоо болохоор аваагүй гэж байна. Өгөхдөө гарын үсэг зуруулаагүй нь, хүнд туслах үүднээс барааг нь зарж өгье гэж авч үлдсэн нь миний алдаа болсон. Би байранд нь 5 сар амьдарч хөлсөнд нь 200.000 орчим төгрөг Ч.Ст өгсөн гэв. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч П.О нь Хасу нийтийн худалдааны төвийн 3-1 тоот лангуунд худалдагчаар сууж байсан Б.А дээр ирж  “3-1 тоот лангуун дээр байгаа бараа материалыг чинь зах зээлийн ханшаар худалдаж аваад, үүний оронд лангууг үргэлжлүүлэн ажиллуулах” саналыг тавьсан байдаг. 3-1 тоот лангууны бараа материал Ч.С гэдэг хүний өмчлөлд байсан учир Б.А нь Ч.С-тэй уулз гэсэн байдаг. Тэгэхэд П.О нь Ч.С-тэй уулзаж дээрх саналыг хэлэхэд С нь “Энэ бараа материалыг зах зээлийн ханшаар худалдаж ав, үүний оронд миний ажиллуулж байсан лангууг үргэлжлүүлж ажиллуулж болно” гэж хэлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч П.О хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн бараа материалыг нэг бүрчлэн тоолж хүлээж авахаар тохиролцоод явсан. Уг тохиролцооны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тухайн барааг Б.А, П.О, Ч.С нар нь нэг бүрчлэн тоолж, нэг бүрийн үнийг бичиж, хүлээж авсан талаарх баримт хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан байгаа. Хүлээж авсан үнийн дүн дээр П.О одоог хүртэл маргадаггүй. Бараа материалын үнэ 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Замын Үүдийн АТМ-ээс  шилжүүлсэн байдаг. Тухайн санхүүгийн эх үүсвэрийг П.О хаанаас гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Хавтаст хэргийн 24, 22 хуудсанд 2 зээлийн гэрээ байдаг. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ нь тухайн хэрэг болсноос цаг хугацааны хувьд 1 жилийн өмнө, 1 жилийн дараа байгуулсан байдаг. Лангуун дээр байсан барааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг хаанаас, хэрхэн гаргах нь тухайн хүний өөрийнх нь асуудал. Тухайн барааг зээлээр худалдаж авсан учир мөнгийг нь төлөх үүргийг хүлээж байна. Нэхэмжлэгч 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг. Гэрч Ж-гаас 1.000.000 төгрөг авсан нь түүний мэдүүлгээр нотлогддог. Тухайн 1.000.000 төгрөгийг хэрхэн, хаана, яаж зарцуулсан талаар тодруулахад “Надаас авсан 1.000.000 төгрөгөөр П.О Хятад улсын Эрээн хот руу явж бараа материал авсан” асуудал яригддаг. Манай зүгээс 3.130.000 төгрөгийг нэхэмжлэгч П.О-гаас авсан гэдэгтэй маргадаггүй. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш тогтоворгүй зүйл ярьдаг. Анх лангууг 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4.000.000 төгрөг болгосон. Лангууг авахаар худалдах худалдан авах харилцаа үүссэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 5.138.656 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт байгаа А ББСБ-аас зээлсэн гэрээ нь барааг худалдаж авсан цаг хугацаатай хамааралгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан мөнгөө нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 

3.657.500 төгрөгийн бараа материалыг П.О-д хүлээлгэж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2 шаардлагаас бүрдэж байгаа. 1 дүгээр шаардлага нь бараа материалыг хүлээлгэж өгсөн 3.657.500 төгрөгийг гаргуулах. 2 дахь шаардлага байрны хөлс 500.000 төгрөг гаргуулах. 2016 оны 12 дугаар сард П.О амьдарч байсан байрнаасаа гараад байр хайж байгаа талаар Ч.С-т хэлсэн. Тэгэхэд Ч.С нь өөрийнхөө  амьдардаг 24-р байрны хажуу өрөөнд амьдар, өрөөг сарын 100.000 төгрөгийн хөлстэйгээр халаалтын мөнгө, тогны мөнгөнөөс төлөлц гэсэн байдаг. П.О нь 7 сарын хугацаанд тухайн байранд тасралтгүй амьдарсан. Гэхдээ 7 сарын хугацаанд 700.000 төгрөг төлөх, тогны мөнгө, халаалтын мөнгө өгөх ёстой байсан. Тогны мөнгө, халаалтын мөнгө нэхэмжлээгүй, байрны хөлс 500.000 төгрөгийг нэхэмжилсэн. 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл байрыг хөлсөлсөн гэдэг нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд 2017 оны 6 сард, 2017 оны 7 дугаар сард 100.000 төгрөг өгсөн гэсэн П.О-гийн гарын үсэгтэй баримтаар тогтоогдоно.  Иймд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдаж авсан барааны үнэ 3.657.500 төгрөг, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 27-ны хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн хөлс 500.000 төгрөг, нийт 4.157.500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүлээлгэж өгсөн бараа материалын үнэ 3.130.000 төгрөгийг хариуцагчид өгсөн байдаг гэв. 

 

          Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Ч.С, Б.А нараас 7.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, лангуу худалдсаны үнэнд өгсөн 4.000.000 төгрөгийг буцаан авах, А ББСБ ХХК-д төлсөн хүү 1.138.656 төгрөг, нийт 5.138.656 төгрөг гаргуулахаар, хариуцагч Ч.С нь нэхэмжлэгч П.О-д холбогдуулан барааны үнэ 3.657.500 төгрөг, орон сууцны хөлс 500.000 төгрөг, нийт 4.157.500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. 

1. П.О-гийн хариуцагч Ч.С, Б.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд: 

Нэхэмжлэгчийн “лангууг Ч.С, Б.А нараас худалдаж авсны үнэ болон уг лангууг худалдаж авахын тул ББСБ-с авсан зээлийн хүү гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Ч.С, Б.А нар “лангуу нь Х ХК-ийн нийтийн худалдааны төвийн өмчлөлийн лангуу учраас түрээслэгч зарж худалдах ёсгүй, П.О-д лангуун дээр зарж байсан бараагаа зарсан” гэж маргаж байна.  

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Х нийтийн худалдааны төвийн 3-1 тоот лангууг Ч.С, П.О нар түрээсийн гэрээгээр ашиглаж байгаад П.О-д шилжүүлсэнтэй талууд маргаагүй.

Х нийтийн худалдааны төвийн 3-1 тоот лангуу Х ХК-ийн эзэмшилд байдаг, Ч.С, Б.А нар уг лангууг захиран зарцуулах эрхгүй нь Х ХК-ийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 1/58 дугаар албан бичиг, зохигчийн тайлбараар тогтоогддог

Гэрч Ү.О /хх-38х/, Т.Ж /хх-41х/, П.Ц /хх-44х/, П.Оюунтөгс /хх-47х/ нарын “П.О лангуу худалдаж авсан гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Нэргүйгийн “Аыг лангуугаа зарах гэж байгааг сонсож, тэр тухайгаа П.О-д хэлсэн” гэсэн мэдүүлэг нь бусдаас сонсож мэдсэн зүйлийнхээ талаар мэдүүлсэн шууд бус нотлох баримт бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд өөр нотлох баримттай нэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримт болж чадахгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч П.О-гийн уг лангууг Ч.С, Б.А нараас 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч  Ч.С, Б.А нараас 5.138.656 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. П.О-гаас 4.157.500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч Ч.С нь нэхэмжлэгч П.О-гаас лангуун дээр зарж байсан барааг худалдсаны үнэ 3.657.500 төгрөг, орон сууцны хөлс 500.000 төгрөг, нийт 4.157.500 төгрөг нэхэмжилж байна. 

Нэхэмжлэгч П.О “3.657.500 төгрөгийн барааг би зарж өгөхөөр авсан “гэж, хариуцагч Ч.С “барааг П.О-д худалдсан, барааны үнэ 3.130.000 төгрөг авсан” гэж тайлбарладаг. 

Хавтаст хэргийн 35-р хуудсанд авагдсан нэр төрөл, үнийн мэдээлэлтэй нь жагсааж П.О-д хүлээлгэн өгсөн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн баримт, Ч.С-ийн данс руу 2016 оны 11 сарын 15-нд 3.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга зэргээр хариуцагч Ч.С-ийн “барааг П.О-д худалдсан” гэх тайлбар нотлогдож байх тул П.О, Ч.С нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Хариуцагч Ч.С худалдсан хөрөнгийн үнийг шаардах эрхтэй, нэхэмжлэгч П.О хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгч П.О барааны үнэнд 630.000 төгрөг /3.000.000 төгрөгөөс гадна/

өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Харин П.О нь 3.130.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь Ч.С-ийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-73х/ Б.А-ны ХААН банкны депозит дансны хуулга /хх-63, 64х/, хариуцагчийн тайлбараар тогтоогддог тул нэхэмжилсэн барааны 3.657.500 төгрөгөөс 3.130.000 төгрөгийг хасаж үлдснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч Ч.С-ийн орон сууцны хажуу өрөөг П.О 1 сарын 100.000 төгрөгөөр хөлсөлж байсан гэсэнтэй талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нь Ч.С-ийн хажуу өрөөг 5 сар хөлсөлж төлбөрт нь 200.000 орчим төгрөг төлсөн, хариуцагч нь П.О 7 сар амьдарсан, төлбөрт 200.000 төгрөг төлсөн гэсэн тайлбаруудыг өгсөн. 

Хариуцагч Ч.С-ийн “нэхэмжлэгч П.О 7 сарын хугацаанд хажуу өрөөг хөлсөлсөн” гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “хажуу өрөөнд хөлсөөр 5 сар хөлсөлж төлбөрт нь  200.000 орчим төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагч Ч.С-ийн орон сууцны  хажуу өрөөг 5 сарын хугацаатай хөлсөлж амьдарсан, ингэхдээ төлбөрт 200.000 төгрөг төлсөн гэж үзэн орон сууцны төлөгдөөгүй хөлсөнд 300.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж үлдснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар барааны үнэ 527.500 төгрөг, орон сууц хөлсөлсөний хөлсөнд 300 000 төгрөг, нийт 827 500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Ч.С-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3.330.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч  Ч.С, Б.А нараас 5.138.656 /таван сая нэг зуун гучин найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч П.О-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэгч П.О-гаас 827.500 /найман зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хариуцагч Ч.С-т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөг, хариуцагч Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 81.470 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээж, П.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид 24.410 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Ст олгосугай. 

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА