Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, бага тойруугийн 41-р байр 7 тоотод оршин суух Т овгийн Тийн М /ЗЮ86013118/-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 5-р байр 12 тоотод оршин суух Х овгийн Жн М /ЗЮ63071269/,

Ц овгийн Сын С /ЗЮ63110970/ нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, С.Сгийн Т.Маас 2300000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д

Хариуцагч Ж.М, С.С

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О

Гэрч Л.О, А.Г

Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М нь 2017 оны 2 сарын 7-ны өдөр миний өөрийн эзэмшил болох Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах байшингийн гэрчилгээг У Житайм сүлжээнд элсүүлэх зорилгоор барьцаанд тавьж авсан. 2016 оны 12 сарын дундуур хариуцагч Ж.Мын төрсөн дүүгийнх нь хүүхэд болох Бийн зуучлалаар анх Житайм сүлжээнд Ж.М бид хоёр хамт элссэн. Сүлжээнд элсээд 2018 оны 1 сард надруу нэг үл таних утаснаас яриад та нартай хамт энэ Житайм гээд сүлжээнд элссэн хүн байгаа юм та нар хүнээ элсүүл тэгэхгүй бол анх өгсөн 2300000 төгрөг чинь байхгүй болно шүү гээд дарамталсан. Би хотод очоод тэр Житаймын төв байранд очоод уулзтал Т.М, Ж.М та 2 хүн тус тусынхаа хүнийг аваад элсүүл гэсэн. Ж.М эгч бид 2 ярьж байгаад хүн элсүүлэхээр болсон. Би 2 хүн мөн Ж.М эгчийн нэг хүнийг олоод элсүүлэхээр болоод Ж.М эгчийг та одоо нэг хүн ол гэтэл манай нэг найз Уртнасан гээд хүн байгаа эгч нь элсүүлнэ гэсэн. Ж.М эгч  одоо би энэ хүнийг элсүүлчихвэл болох гээд байнаа сүлжээний бизнес хийгээд явах чадвартай юм, хамгийн гол нь элсүүлэх 2300000 төгрөг хэрэг болоод байна гэсэн. Ж.М эгчтэй яриад энэ асуудал хурцдаад байна та тэр Уртнасан гэдэг хүнээ элсүүлэхгүй л бол болохгүй нь гэсэн, тэгээд миний доор элссэн хүмүүс хохирох нь ээ гэж ярилцсан. Тэгээд би ийм олон хүн хохироогоод мөн  надад Ж.М гэдэг хүнд эрсдэл гарна гэж бодоод би өөрийн байрны гэрчилгээгээ тавьж тэгээд гаргаж авья гэдэг зүйлийг 6-ны орой Ж.М эгч бид хоёр утсаар ярьж тохиролцсон. Уртнасан нь миний байрны гэрчилгээг барьцаанд тавьж, мөнгө зээлээд Житайм сүлжээнд элссэн. Уртнасан нь Бэрхсайхан, Туяа гэдэг хоёр хүнтэй өөрөө гэрээ хийх байсан, би ийм л тохиролцоог хийж байрныхаа гэрчилгээг өгсөн. 2017 оны 2 сарын 10-ны өдөр Житайм сүлжээ нь хууль бус болох нь тогтоогдсон. Ингээд удаа дараа иргэн Ж.Маас байрныхаа гэрчилгээг шаардсан боловч одоо надад өгөх боломж байхгүй, барьцаанд тавиад Туяад байгаа би мэдэхгүй гэдэг хариулт өгсөн. Би байрныхаа гэрчилгээг С.С, Ж.М нараас гаргуулж авмаар байна. Житаймд авч хэрэглэх учраас Баярмаагийн дансруу хийлгэсэн, бусдаар бол би өөрөө хэрэглэсэн юм байхгүй гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 сарын 7-ны өдөр Баянжаргалан сумруу албан ажлаар явах гэж байтал  Т.М надруу утасдаад надад 2300000 төгрөг хэрэг болоод байна. Та Бат-Өлзий эгчрүү яриад миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тавиад өгөөч ээ гэж гуйсан. Би энэ дагуу Бат-Өлзийтэй яриад ийм тусламж байна уу, манай хамаатан юм чи нэг туслах арга байна уу гэж гуйсан. Барьцаанд юу тавих юм бэ гэхээр нь өөрийнхөө байрны гэрчилгээг тавина гэсэн чинь Бат-Өлзий за тэг гэсэн. Тэгээд гэрилгээгээ аваад ир гэхээр нь би чадахгүй хөдөө явж байна гээд Л.Одончимэг рүү хэлтэл Л.Одончимэг Бат-Өлзий эгч би 11 цагаас очино гэж байна 12 цагаас өмнө хэрэглэх мөнгө байгаа юм, та С.С ахруу хэлдээ, С.С ах хүн сайн таньдаг, та нэг хэлээд өгөөч гэхээр нь С.Сд хэлтэл хүнтэй яръя гээд ярьтал бүтэхээр болсон. Би гэрчилгээг өгөхгүй. Би тэднийхээс гэрчилгээг нь  аваагүй, очиж авсан хүн нь бол С.С авсан. Т.М өөрөө Л.Одончимэг хүүхэд харах хүнгүй байна, гэрчилгээг аваад барьцаанд тавьж мөнгө зээлэх хүн байна уу гэсэн. Тэгээд сүүлд нь С.С найзаасаа гуйсан болохоор өөрөө очиж авсан. Тийм сүлжээнд би орж гарсан юм байхгүй. Эд нарын гуйлганы зүйлийг л Бат-Өлзийтэй ярчихаад л явсан. Манай нөхөр найзруугаа яриад мөнгө авч өгсөн байна билээ. Би хотруу хүнрүү ярьж эгчийгээ Житаймд элсүүлээрэй гэж ярьсан. Би хүн олж өгье гэсэн яриа болоогүй. Эд нартай ингэж явсан зүйл байхгүй. 2017 оны 2 сарын 6-ны орой надтай ярьсан би элсүүлсэн хүн байхгүй гэсэн. Би тэр Уртнасанг элсүүлсэн зүйл байхгүй. Надтай бол 2 сарын 7-ны өдөр өөрөө ярьж л тийм мөнгө төгрөгний асуудал ярьсан уу гэхээс би Уртнасанг элсүүлнэ хамгийн гол нь мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй гэв.

Хариуцагч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай эхнэр Баянжаргалан сумруу статистикийн судалгааны ажлаар явах гээд байж байтал Л.Одончимэг, Т.М хоёр 12 цагаас өмнө 2300000 төгрөг хэрэгтэй гэнэ тэгээд Т.М хотод яваа гэнэ хоёр хоногийн дараа ирж гэрээгээ хийнэ гэж байна. Намайг Бат-Өлзийтэй яриад өгөөч гээд гуйгаад байна. Бат-Өлзийтэй ярьтал тэг гэсэн гээд байж байтал эхнэр Ж.Мын утас дуугартал Л.Одончимэг байсан, тэгсэн Бат-Өлзий эгч ажилдаа 11 цагаас очихгүй гэж байна гэсэн. Тэгээд С.С ах хүн таньдаг юм чинь та С.С ахыг гуйгаад өгөөч гээд байна яах вэ гэж эхнэр хэлсэн. Тэгэхээр нь ах дүү юм чинь тусалъя гээд өөрийн Бэрхсайхан гээд найзруугаа ярьсан, ийм байрны гэрчилгээ тавиад 2300000 төгрөгний хэрэг байна гэсэн чинь манай эхнэр Туяатай ярь гэхээр нь Туяатай ярьтал тэгвэл тэг гэхээр нь би Т.Мын гэрт нь очиж эхнэр Л.Одончимэгээс байрны гэрчилгээг нь аваад явсан. Туяа дээр очоод 2300000 төгрөгийн барьцаанд тавиад Т.М хоёр хоногийн дараа өөрөө ирээд гэрээ хийнэ гэсэн гээд Т.Млуу залгаад дүү хэд хоногийн хугацаатай авах юм гэтэл 20 хоног байхад болно гэсэн. 20 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэй авахаар боллоо шүү гээд чи надруу дансаа өгчих гэтэл миний данс шүүхийн шийдвэр дээр асуудалтай байгаа би танд өөр данс өгье гэсэн. Тэгээд өөр хүний данс явуулахаар нь Туяаг энэ Ч.Баярмаа гэдэг хүний дансруу мөнгөө хийчих гээд хийлгэсэн. Тэгээд 2 хоногийн дараа ирж гэрээгээ хийх юм боловуу гэтэл ирдэггүй Т.Млуу залгахаар утсаа авахгүй байхаар нь би 2017 оны 2 сарын 10-ны өдөр мессэж бичсэн дүү яасан бэ би чамд тус болсон нь буруудаад байна уу гэж. 10 сард гэрчилгээгээ авъя гэтэл мөнгөө өгөөд ав гээд Туяа уурлаад байхаар нь би шийдээд өгье гэтэл Т.М цагдаад өргөдлөө өгсөн, би ч өргөдлөө өгсөн. Цагдаа гэмт хэргийн шинжгүй учир иргэний хэргээр шийднэ гэсэн. Тэгээд би ах дүү хүмүүс яахавдээ гэж бодоод надад гэрчилгээ нь байгаа юм чинь гэж байтал Т.М шүүхэд хандсан байна. Т.Мын төлөх ёстой мөнгийг би төлсөн учир Туяа надад гэрчилгээг нь өгсөн одоо би Т.Маас 2300000 төгрөг аваад гэрчилгээг өгнө. Би энэ гэрчилгээг барьцаалж зээл авч өгсөн, одоо ч барьцаанд байгаа гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан бүх бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М нь Ж.М, С.С нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч С.С нь нэхэмжлэгч Т.Маас 2300000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “Т.Мын өмчлөлийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж.М, С.С нар нь авч барьцаанд тавиад өгөхгүй  байгаа тул гэрчилгээг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх ёстой” гэж,

Хариуцагч тал нь “Т.М нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьж бусдаас мөнгө зээлүүлсэн тул бид хууль бусаар аваагүй. Бусдаас зээлүүлсэн 2300000 төгрөгөө төлсний дараа гэрчилгээг өгнө” гэж тус тус үндэслэн мэтгэлцэж байна.

Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх нь барьцааны зүйл байх ба эндээс харахад нэхэмжлэгч Т.Мын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь барьцааны зүйл байж болохоор байна. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах ба үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна. Хуулийн дээрх шаардлагыг хангаагүй барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Т.М нь өөрөө зөвшөөрч хариуцагч С.Сд өөрийн өмчлөлийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бусдын барьцаанд бариулахаар өгсөн ч мөнгө зээлсэн зээлүүлсэн этгээдүүдийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Хариуцагч С.С нь нэхэмжлэгч Т.Мын зээлсэн 2300000 төгрөгийг Ё.Тд төлсөн, барьцаанд тавьсан гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг С.Сд буцаан өгсөн болох нь гэрч Ё.Тийн мэдүүлгээр нотлогдож байх боловч зээлсэн мөнгийг хариуцагч нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн эзэмшилд байлгах үндэслэл болохгүй. Иймд хариуцагч С.Сг бусдын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн эзэмшилд хууль бусаар байлгаж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Ж.М нь нэхэмжлэгч Т.Маас аваагүй байх тул хариуцагч Ж.Маас гаргуулах боломжгүй байна. Иймд хариуцагч Ж.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Мын “С.Сгээр Ё.Таас мөнгө зээлүүлж Житаймд Уртнасан гэдэг хүнийг элсүүлсэн. Зээлийн гэрээг Уртнасан нь байгуулах ёстой байсан” гэх тайлбар, хариуцагч С.Сгийн “Т.М мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Ё.Таас мөнгө зээлж аваад өөрийнх нь өгсөн дансруу шилжүүлсэн” гэх тайлбар, гэрч Ё.Тийн “С.С анх хэлэхдээ Т.Мт мөнгө хэрэгтэй болоод байгаа юм гэж хэлсэн. С.С надад нэг данс өгсөн. Түүнд нь шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг, бусад бичгийн баримтаар хариуцагч С.С нь нэхэмжлэгч Т.Мын даалгавраар Ё.Туяагаас 2300000 төгрөгийг зээлэн авч Ч.Бийн дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

 Уг мөнгийг хариуцагч нар нь Ё.Таас зээлсэн, мөнгийг зээлэхийн тулд нэхэмжлэгч Т.Мын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд бариулахаар гуйж авсан гэж үзэх баримтгүй байх бөгөөд эрүүгийн 172200095 дугаартай хэрэгт гэрч Ч.Бгийн  /хх-ийн 35-36-рт/ өгсөн мэдүүлгээр 2300000 төгрөгийг Т.М нь Ч.Бийн дансанд шилжүүлж авсан болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 2300000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр зээлж авсан байх ба уг мөнгийг захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгч Т.Мт шилжсэн байна.

 Гэвч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мөнгийг Ё.Тд буцаан өгөлгүй, анх зээлж авахаар даалгавар гүйцэтгүүлсэн этгээд болох С.Сгээр төлүүлэн түүнд хохирол учруулсан байх тул хариуцагч С.С нь уг мөнгийг нэхэмжлэгч Т.Маас шаардах эрхтэй байна. Хариуцагч С.С нь 2300000 төгрөгийг Ё.Тд эргүүлэн төлсөн нь гэрч Ё.Тийн мэдүүлгээр нотлогдож байх тул даалгавар гүйцэтгэгчид учирсан хохирлыг даалгавар өгөгчөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2300000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Маас гаргуулан хариуцагч С.Сд олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч С.Сгээс нэхэмжлэгч Т.Мын Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Бага тойруу 41-р байр 7 тоотод байрлах Y0814001839 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Т.Мт олгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Ж.Маас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1-д зааснаар Т.Маас 2300000 төгрөгийг гаргуулан С.Сд олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/, хариуцагч С.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сгээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Мт, нэхэмжлэгч Т.Маас 51750 /тавин нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан хариуцагч С.Сд тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ