Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00470

 

*****ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2020/00071 дүгээр шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 02-ны өдрийн 212/МА2020/00025 дугаар магадлалтай,

*****ийн нэхэмжлэлтэй,

*****т холбогдох

*****ын даргын 2019.10.24-ний өдрийн Б/28 дугаартай “Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие *****аас зарласан Архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулах шалгалтад орж тэнцэж, 2013.10.01-ний өдөр тус орон тоонд томилогдсон. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр манай байгууллагын дарга солигдож одоогийн даргаар ажиллаж байгаа ***** томилогдсон. ***** дарга томилогдсоноор тус байгууллагад мөрөөрөө ажиллаж байгаа ажилтнуудаар оролдож ажлаас нь халах, өөрчлөх гэх мэт үйлдэл гаргаж эхэлсэн. 2018 оны 3 дугаар сард халаа солионы ээлж надад ирж, миний хариуцан ажиллаж байсан хүний нөөцийн ажлыг тус байгууллагын бүтцэд байдаггүй боловч хүний нөөцийн ажилтны орон тоог дур мэдэн гаргаж ирээд ***** гэгчид өгсөн. Ингэхдээ хариуцагч надад цалин хөлсөнд өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн атлаа 6 гаруй сарын дараа миний авч байсан цалин буурсан. Миний бие хэл ам гаргалгүй дуугүй л өнгөрсөн. Дараа нь хариуцагч миний боловсролын дипломын жинхэнэ эсэхийг мөн шалгуулсан. Үүнээс хойш жил гаруй хугацааны дараа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргаж миний үндсэн ажил болох бичиг хэргийн ажлын чиг үүргийг салгаж *****-д хариуцуулахаар болсон. Хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө намайг албан өрөөнөөс хөөж “халаалтгүй архивд суу, ингэхгүй бол чиний бичиг хэргийн ажлыг чинь авчихна шүү” гэж дарамталж сүрдүүлсэн. Би тухайн үед даргын хууль бус үйлдлийг тоогоогүй. Учир нь би хийж буй ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хариуцагч намайг даргын хэлснээр буюу өөр өрөөнд очиж суугаагүйн төлөө ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргаж, намайг сууж байсан өрөөнөөс хөөж гаргасан. Ингэхдээ ямар нэгэн ажил хүлээлцүүлэх тухай комисс гаргаагүй ба миний эзгүйд миний эзэмшилд байдаг албаны болон хувийн эд зүйлүүдэд дураараа халдаж зөөсөн байсан. Хариуцагчийн халсан, сольсон хүмүүс бүгд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орж ирсэн болохоор энэ удаа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргах байдлаар хүний хууль мэдэхгүй байдлыг далимдуулж хуурч мэхэлж буюу маргаан бүхий тушаалаар хүний ажлыг аажим аажмаар салган авах байдлаар хүнийг ажилгүй болгох гэж байна. Хариуцагчийн энэхүү увайгүй үйлдэлд маш их гомдолтой байна. Тэгээд ч театрын үйл ажиллагаанд дүрэм гэж байдаггүй, хөдөлмөрийн дотоод журамд ийм байдлаар хүний ажлыг булааж авах тухай зохицуулалт бас байхгүй. Миний өдөр тутмын ажлын ерөнхий чиг үүрэг бол бичиг хэргийн ажилтан юм. Энэ нь миний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Иймд *****ын даргын 2019.10.24-ний өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Тус театрын архив, бичиг хэргийн ажилтан ***** нь ажлын байрны тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан шууд удирдах албан тушаалтны өдөр тутмын ажилд санаатайгаар саад учруулж байнга ажилдаа хоцорч ирж, ажил хэвийн явуулах нөхцөлийг зөрчдөг тул миний бие БСШУ-ны сайдын 2015.12.10-ны өдрийн А/495 тушаалаар батлагдсан төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг үндэслэн баталсан байгууллагын үйл ажиллагааны дүрмийн болон хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд 2019.10.24-ний өдөр ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тушаалыг гаргасан. Уг тушаалыг хууль журмын хүрээнд гаргасан гэдэгтээ итгэж байна. Төрийн ажлыг тасралтгүй явуулахад саад болж, байнга ажилдаа хоцорч ирдэг тул ажилтан *****ийг удаа дараа эвлэрэн ажиллахыг 3 жилийн турш хэлж, сануулж байсан. Гэтэл ажлаас хоцрох энэхүү сахилга батгүй үйлдлээ үл зогсоосон тул байгууллагын ажлыг хэвийн явуулах үүднээс ажил үүрэгт өөрчлөлт оруулж өөр хүнээр бичиг хэргийн ажлаа гүйцэтгүүлж байна. Энэхүү тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн нөхцөлийг дордуулж, цалин хөлсийг бууруулахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн. Ажилтан *****ийн гомдлоос харвал өөрийн хууль мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, миний зүгээс олон удаа шаардлага тавьж байсныг харж болно. Байгууллага өөрийн үйл ажиллагааны дүрэм, журамтай. Энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулж болох нотлох баримт хангалттай байсан. Гэвч эвлэж ажиллах гэж удирдлагын хувьд сурч боловсроход нь хүртэл дэмжлэг үзүүлж цалинтай чөлөө олгож байсан ч ажилд байнга саад болж байлаа. Бичиг хэргийн ажилтан бол байгууллагын даргын шууд удирдлагад байдаг ба ажлыг нь тасралтгүй явуулах зорилготой. 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл ажилтан ***** нийт 85 цаг 33 минут ажил тасалсан гэдгийг цаг бүртгэлээр нотолж байна. Зөвхөн тушаал гарсан 10 дугаар сард 10 цаг 83 минут ажил шалтгаангүй тасалсан. Миний бие ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор бус төрийн ажлыг чин сэтгэлээсээ хийхгүй, байнга ажил тасалж хоцордог сахилга батгүй, ажилтныг тохирох ажилд нь хуваарилсан байдлыг харгалзаж шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2020/00071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан *****ын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай “Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *****ийг урьд эрхэлж байсан *****ын архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч *****ын санхүүгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 02-ны өдрийн 212/МА2020/00025 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч *****ын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж  шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч *****ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ажил олгогч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд БСШУ-ны сайдын 2015 оны А/495 дугаар тушаалаар батлагдсан Төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг тус тус үндэслэн архив, бичиг хэргийн ажилтан *****ийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулан түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр тухайн байгууллага дотор нь архивын ажлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн. ***** нь тус байгууллагын даргаар ***** би томилогдсон цагаас эхлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, байнга ажил тасалдаг, ажлаас хожимдож ирдэг зэрэг зөрчлүүдийг үргэлж гаргаж байгаа юм. Дээр дурдсан нөхцөл байдал ч түүнийг өөр ажилд шилжүүлэх шууд үндэслэл болоогүй ч гэсэн ажлын байранд байнга 8 цаг байж байх ёстой, тухайн байгууллагын нүүр царай болдог бичиг хэргийн ажилтны ажлыг өнгөрсөн хугацаанд маш хангалтгүй хийж ирсэн зэрэг асуудлуудыг ажил олгогч анхааралдаа авч түүнийг өөр ажилд шилжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Байгууллага дотор үйлчилгээний ажилтны цалин хөлсийг бууруулахгүй өөр ажилд шилжүүлэн томилж ажиллуулах нь ажил олгогчийн бүрэн эрхийн буюу дотоодод шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. *****ийг өөр ажилд шилжүүлснээр ажилтны эдийн засгийн эрх хөндөгдөөгүй, урьд хийж байсан ажлын ачаалал буурсан... Анхан болон давж заалдах шатны шүүх буруутган байгууллагын дотоод хэрэгт оролцон хууль зүйн алдаатай дүгнэлт хийж байгаа явдалд гомдолтой. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлийг хянан үзээд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж, холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Шүүхээс дараах нөхцөл байдлыг тодруулж, хэргийн оролцогчдод холбогдох нотлох баримтыг гаргах боломжийг олгож, мэтгэлцүүлэх, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэх шаардлагатай. Үүнд:

1. Маргаан бүхий 2019 оны Б/28 дугаар “Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах” тушаалыг яагаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буюу түүнд хандсан тушаал гэж үзэж байгаа талаар дүгнэх.

2. Хариуцагч байгууллагын үйл ажиллагааны дүрмийн 3.5.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг үндэслэсэн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэлт хийх.

3. Хөгжимт драмын театрын дарга нь байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах эрхтэй эсэх, хэрэв эрхтэй гэж үзвэл уг эрхийн хүрээнд ажилчдын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой эсэх /анхан шатны шүүх “ажил олгогч уг тушаалыг гаргахдаа хамааралгүй заалтыг баримталсан” гэж дүгнэсэн боловч түүнийхээ үндэслэлийг тайлбарлаагүй/, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан уг эрх нь театрын даргад бус харин аймгийн Засаг даргад хамаарах эсэхэд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дүгнэлт хийх.

4. Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаачлан ажил олгогч нь аймгийн Засаг даргын баталсан орон тоог хэтрүүлэн “хүний нөөцийн ажилтан”-ы орон тоог дур мэдэн гаргаж, түүний эрхэлж байсан “бичиг хэрэг”-ийн чиг үүргийг салгаж ****** /хүний нөөцийн ажилтан/-д хариуцуулсан эсэхийг хариуцагчаас тодруулах. 

5. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь ажил олгогчоос байгууллагын удирдлага, зохион байгуулалт, бүтцийг батлах эрхийг хязгаарлах эсэх, хязгаарлагдах нөхцөл, тухайлбал, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг батлахдаа эхэлж хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчидтай зөвшилцөх ёстой юу, эсхүл баталсны дараа хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах уу, тухайн хэргийн тухайд ямар үйл баримт болсныг тодруулсны үндсэн дээр холбогдох дүгнэлтийг хийх.

6. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг “өөр ажилд шилжүүлсэн” үү, эсхүл эрхэлж байсан ажлын зарим чиг үүргийг өөр этгээдэд шилжүүлсэн үү, энэ нь Хөдөлмөрийн хуулийн ямар зүйл, заалтын дагуу зохицуулагдах, тухайн журмыг хэрхэн зөрчсөнийг тодорхой дүгнэх шаардлагатай байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2020/00071 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 02-ны өдрийн 212/МА2020/00025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                  Б.МӨНХТУЯА

                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                  Б.УНДРАХ