Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00352

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1802 дугаар магадлалтай,

С.М нэхэмжлэлтэй,

Ч.Б, Н.Н нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн*******, Н.Нармандах нар нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэж авсан үүнээс хойш хүү болон үндсэн төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн. Иймд*******, Нармандах нараас үндсэн зээл 15,000,000 төгрөг, түүний хүү 3,000,000 төгрөг, алданги 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бодож 120 х 75,000=9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Э.Нэмэхбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...Ч.Буян-Очир,*******ын хамт *******тай 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөнгө зээлсэн хугацаанаас хойш нийт 6,175,000 төгрөгийг*******,*******ын данснаас *******ын ХААН банкны дансанд төлсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн хүү нь 10 хувь байгаа нь илт хохиролтой, санхүүгийн хувьд ихээхэн дарамт учруулж байгаа тул зээлийн хүүг зах зээлийн бодит хүүгээр тооцож 6 хувь болгож бууруулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,825,000 төгрөг, 2 сарын хүүг 6 хувиар тооцож 1,800,000 төгрөг, хамгийн сүүлд төлсөн төлбөрөөс хойш буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 60 хоногийн алданги 2,647,500 төгрөг нийт 13,272,500 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Буян-очир,******* нараас 19,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Буян-очир,******* нараас 253,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1832 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 19,200,000 төгрөг гэснийг 15,337,500 төгрөг гэж, олгосугай гэснийг олгож, үлдэх 3,862,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 253,950 төгрөг гэснийг 234,637 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 76,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгч Э.Нэмэхбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн мөнгөн дүнгээс 100,000 төгрөг дутуу хасаж тооцсон тул магадлалд өөрчлөлт оруулуулахаар Улсын дээд шүүхэд хандаж байна. Учир нь*******,******* нар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******тай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Анх зээлж авсан хугацаанаас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу зээлийн хугацаанд 3,000,000 сая төгрөгийн хүүг төлсөн. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15,000,000 төгрөгөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд 500,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,500,000 төгрөг болсон. /15,000,000 төгрөгний 1 өдрийн апданги 75,000 төгрөг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 2019 оны 02 дугаар сарын 25 хүртэл 30 хоногийн алданги 2,250,000 төгрөг/ Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 14,500,000 төгрөгөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,275,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13,225,000 төгрөг болсон. /14,500,000 төгрөгийн нэг өдрийн алданги 72,500 төгрөг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэл 2 өдрийн алданги 145,000 төгрөг/ Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,225,000 төгрөгнөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11,625,000 төгрөг болсон. /13,325,000 төгрөгийн нэг өдрийн алданги 66,125 төгрөг бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 27 өдрийн алданги 1,785,375 төгрөг/ Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11,625,000 төгрөгнөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,125,000 төгрөг болсон. /11,625,000 төгрөгийн нэг өдрийн алданги 58,125 төгрөг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 25-наас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2019 оны 05 дугаар сарын 28 өдөр хүртэл 32 хоногийн алданги 1,860,000 төгрөг/ Нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,125,000 төгрөг, нийт алданги 6,040,375 болсон боловч анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 5,062,500 төгрөг бөгөөд*******,******* нарын төлөх мөнгөн дүн 15,187,500 төгрөг байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаас 150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* нь*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ 15,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн, мөнгийг төлөөгүй тул зээл 15,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...6,175,000 төгрөг төлсөн, зээлийн хүү нь 10 хувь байгаа нь илт хохиролтой тул 6 хувь болгож бууруулж өгнө үү, зээл 8,825,000 төгрөг, 2 сарын хүүд 1,800,000 төгрөг, алданги 2,647,500 төгрөг, нийт 13,272,500 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 19,200,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 15,337,500 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр тухай хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл, ******* болон*******,******* нар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэх, хугацаа болмогц буцаан төлөх, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь дээрх хуульд нийцнэ.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригоор байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул хүчин төгөлдөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь харилцан шаардах эрхтэй.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт 15,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нар зээлээс нийт 7,775,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх эхний төлөгдсөн 3,000,000 төгрөгийг зээлийн хүүд, дараагийн хэсэгчлэн төлсөн 4,775,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 10,225,000 төгрөг, түүний 50 хувиар алданги тооцон нийт 15,337,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээний 2 сарын хугацаа дуусгавар болсон 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч үндсэн зээл 15,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийг мөн өдрөөс эхлэн тооцох нь хуульд нийцнэ.

Иймд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс алдангийг тооцоолж, зөрүү 150,000 төгрөгийг хасч тооцуулах хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1802 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч Э.Нэмэхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч******* нь хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 5,150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                                           ШҮҮГЧИД                               Х.СОНИНБАЯР

                                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД