| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2021/0010/З |
| Дугаар | 120/ШШ2021/0012 |
| Огноо | 2021-08-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 120/ШШ2021/0012
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******
Хариуцагч:******* аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч
Терра Экспресс ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгох, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг Өмнөговь аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай /нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан/ захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч*******, түүний өмгөөлөгч*******, хариуцагч******* аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч*******,******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний нөхөр ******* нь*******-д 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүнд даацын машины жолоочоор ажилд орж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажиллаж байх хугацаандаа ажлын байрандаа буюу автомашиндаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зүрхний хурц дутагдал гэх оноштойгоор нас барсан.
Ажил олгогч******* нь талийгаачийг нас барсан дараа 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдэн Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай тогтоолоор баталсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар тусгай тэмдэглэл үйлдэн 5 гишүүний бүрэлдэхүүн гарын үсэг зуран******* аймгийн*******ын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байдаг.
Гэтэл******* аймгийн*******ын газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03/415 дугаартай албан бичгээр*******-ийн ерөнхий захирал Ш.Алтанбаганад хаяглан тус газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт нь үйлдвэрлэлийн осол мөн бол гарын үсэг зурж, улсын байцаагчийн тэмдэг дарж баталгаажуулдаг. Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмчийн дүгнэлтэд өвчний улмаас нас барсан нь тодорхой гэж тусгагдсан байна. Иймд үйлдвэрлэлийн осолд орохгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байдаг.
Мөн тухай актыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн бөгөөд ямар нэгэн тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй буцаасан.
Гэтэл ******* нь амьдарч, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн өвчнөөр өвдөж байгаагүй ба ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нарийн мэргэжлийн үзлэгт орж биеийн эрүүл мэндийг шалгуулахад эмч нарын үзлэгээр түүний биеийг эрүүл, ямар нэгэн хүнд өвчингүй гэх ерөнхий эмчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан.
Өмнөговь аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч******* нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасан үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж цохсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Талийгаач нас барахад хүргэсэн шалтгаан нь зүрхний хурц дутагдал гэсэн оноштой, мөн 0.7 хувийн спиртийн агууламж илэрсэн гэдэг нь ойлгомжгүй байна.
Учир нь тухайн үед хүнд даацын тээвэрт явахдаа шинэ Ковид-19 вирусийн улмаас каринтийн тогтоосон бөгөөд машинаас буух, суух болон бие засахдаа хүртэл тогтоосон чанга дэглэм үйлчилж байсан бөгөөд архи болон түүнтэй адилтгах зүйлс хэрэглэх болон ашиглах боломжгүй нөхцөл байдалд байсан.
Талийгаач нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд байнгын битүү машинд явдаг, машинаас бууж суух боломжгүй байсан бөгөөд халуун машин болон агаар дутмаг байдал нь талийгаачийн нас барахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.
Энэ өөрөө хөдөлмөрийн хүнд нөхцөл хамаарах бөгөөд нас барсан шалгаан нь үйлдвэрлэлийн осолд шууд хамаарна.
Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр******* аймгийн*******ын газарт ослын дүгнэлтийг дахин хянаж үзэж, актыг баталгаажуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч******* аймгийн******* газар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/554 дугаар албан албан бичгээр тухайн осол нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг мэйлээр ирүүлсэн.
Үүний дараа*******ын ерөнхий газарт мөн гомдол гаргасан боловч******* аймгийн*******ын байцаагчийн ослыг судлан бүртгэх акт дээр цохолт хийсэн буруу байна. Үйлдвэрлэлийн осол мөн бол баталгаажуулах, эсхүл зөвшөөрөхгүй бол дүгнэлтийг бичгээр гарга гэсэн чиглэлийг өгсөн гэж хэлсэн.
Мөн миний нэр дээр хаяглан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/3397 дугаартай албан бичгээр******* аймгийн*******ын байцаагч******* нь үйлдэж ирүүлсэн актыг хүлээн зөвшөөрсөн боловч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 зүйлийн 29.4.1-д зааснаар баталгаажуулаагүй, үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрмийн 7.2-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн тул шүүхийн байгууллагад хандана уу гэх албан бичгийг өгсөн.
Үүний дараа 2021 оны 01 дүгээр сард******* аймгийн*******ын улсын байцаагч нь ослын актыг үйлдвэрлэлийн осол биш гэж үзэн баталгаажуулж,*******-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан хүргүүлсэн байдаг. Терра Экспресс ХХК-ийн хөдөлмөр аюулгүй ажилтан н.Ганцолмон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталгаажуулсан актыг шуудангаар миний нэр дээр хаяглан хүргүүлсэн.
Мөн*******-иас дахин үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх актыг дахин 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн.
Өмнөговь аймгийн*******ын улсын байцаагч нь миний Ерөнхий газарт гаргасан гомдол,*******ын ерөнхий газрын өгсөн чиглэлийн дагуу актыг 2021 оны 01 дүгээр сард ослын актыг баталгаажуулан тэмдэг дарсан.
Миний хувьд******* аймгийн*******ын улсын байцаагч нь*******-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ослын актыг 2021 оны 01 дүгээр сард баталгаажуулан тэмдэг дарсныг хууль бус гэж үзэн дахин*******ын Ерөнхий газарт 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ослын актыг 2021 оны 01 дүгээр сард баталгаажуулан тэмдэг дарсныг хүчингүй болгож өгөх гомдлыг гаргасан.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05/699 дугаар албан бичгээр гомдлыг хариуг бичгээр өгснийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Мэргэжлийн хяналын улсын байцаагч нь актыг баталгаажуулахдаа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 5 дугаар зүйлд заасан баримтыг шалгасан эсэх тодорхойгүй, хөнгөн хянаж шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.
Миний нөхөр ******* нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлын байран дээрээ нас барсан бөгөөд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед нас барсан бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасаар байхад*******-ийн үйлдвэрлэлийн осолд тооцсон актыг*******ын байгууллагад хүргүүлж, актыг баталгаажуулсанд гомдолтой байна.
Хэрвээ ажлын байран дээрээ өвчний учир нас барсан бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн заалт хууль болон дүрэм байхгүй бөгөөд тодорхой хэдхэн үндэслэлээр актыг зөвшөөрөхгүй байхаар дүрэмд заасан. Миний нөхөр ******* нь хамт амьдрах хугацаандаа ямар нэгэн хүнд өвчнөөр өвчилж байгаагүй, өвдлөө гэж хэлж байгаагүй бөгөөд нас барахаас 3 сарын өмнө мэргэжлийн байгууллагын үзлэгээр орж дүгнэлтээр баталгаажуулсан байдаг юм.
Манай нөхөр 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Терра экспресс ХХК-д ажилд ороод 2020 оны 06 дугаар сарын 01-н хүртэл ямар ч өвчин зовлонгүй, эрүүл байсан, шинжилгээ өгөөд явдаг байсан. Би Сайнтуяа байцаагчид Терра экспресс ХХК-иас ослын актыг удаа дараа баталгаажуулж өгөөч гэж хэлсэн. Надад 2 удаа гарын үсэгтэй бичиг явуулсан. Дараа нь бол баталгаажуулж өгөөч гээд өөртэй нь хүртэл холбоо авсан. Сүүлд 2021 оны 02 дугаар сарын 06-нд Терра экспресс ХХК-иар дамжуулж надад тамга тэмдэг дарсан баталгаажуулалт явуулсан... гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь Терра экспресс ХХК-д 2014 оны 04 дүгээр сарын 07-оос 2020 оны 06 дугаар сарын 01 хүртэл хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан.
2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдсаныг Терра экспресс ХХК-иас 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарган ажиллаж, үйлдвэрлэлийн ослын актыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан байдаг.
Осол болсон 06 дугаар сарын 01-ний өдрөөс бараг хоёр сарын дараа ослын актыг гаргасан. Ослын актыг гаргахад хуульд заасны дагуу талийгаачаас 0,7%-ын спиртийн агууламж илэрсэн гэх тусгай тэмдэглэл үйлдсэн.
Үүний дагуу******* аймгийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын байцаагч******* хүлээж аваад баталгаажуулах тэмдэг даралгүйгээр зөвхөн актын гуравдах хуудасны доод буланд шүүх шинжилгээний шинжилгээгээр 0,7%-ын спиртийн агууламж илэрсэн тул 2015 оны 269 дүгээр тогтоолын дагуу үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэх дүрмийн 2.2-т зааснаар Согтууруулах ундаа илэрсэн бол үүнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэдэг тэмдэглэгээ хийсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс уг хийсэн тэмдэглэгээг зөвшөөрөөгүй,*******ын ерөнхий газарт гомдол гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 053397 дугаартай албан бичгээр хариуг авсан.
Уг албан бичгээр дүрмийн 3.6-д зааснаар хуулийн дагуу судлан бүртгэх ажиллагаа явуулсан байна. Харин хөдөлмөрийн улсын байцаагч Сайнтуяа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасны дагуу тамга тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Энэ нь процессын хувьд актыг алдаатай баталгаажуулсан байсан тул******* байцаагчид тамга тэмдэг дарж баталгаажуул, үүнийг үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж байвал дүгнэлтээ гарга, биш гэж үзэж байгаа бол биш гэсэн тэмдэг дарж баталгаажуул гэсэн чиглэл өгсөн.
Мөн уг албан бичигт үйлдвэрлэлийн осол болсноос 6 сар өнгөрсөн бол манайхаас тухайн акт тогтоогдох боломжгүй юм гэсэн тайлбарыг ирүүлсэн байсан.
Үүний дагуу******* байцаагч 2020 оны 02 дугаар сард үйлдвэрлэлийн ослын актыг Терра экспресс ХХК-иас татаж баталгаажуулсан.
Тодруулбал осол болсноос хойш 7-оос 8 сарын дараа тамга дарж баталгаажуулсан.
Ингэж баталгаажуулсны дараа бид дахин*******ын газарт дүгнэлт гаргаж өгөөч, баталгаажуулсныг хүчингүй болгож өгөөч гэж гомдол гаргасан.
Мэргэжлийн хяналтын газраас актыг баталгаажуулсан нь хуулийн дагуу болсон, ослоос хойш хуульд заасан буюу 6 сарын хугацаа өнгөрсөн тул манайхаас дахин акт гарах боломжгүй юм гэсэн тайлбар өгсөн.
Т.Сайнтуяа байцаагчийн хувьд ослын актыг дүгнэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг байдлаар дүгнэж актыг баталгаажуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
******* нь архи буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдвэрлэлийн осолд өртөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3-д үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх нөхцөлүүдийг зааж өгсөн.
Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ зохих хугацаанд дур мэдэн өөрийн ажлыг гүйцэтгэсэн, согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үүнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль дээр ч гэсэн заасан.
2015 оны 269 дүгээр тогтоолын 2 дах заалтад ажилтан согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдвэрлэлийн осолд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж тусгагдсан.
Гэвч талийгаач нь согтуурсан буюу мансуурсан үедээ осолд ороогүй. Өөрийн ажлыг гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсан нь үйлдвэрлэлийн осолд тооцогдох үндэслэлтэй тул Терра Экспресс ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч******* аймгийн*******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед нас барсан бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасан байхад Терра-Экспресс ХХК-ийн үйлдвэрлэлийн осол тооцсон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, актыг баталгаажуулсанд гомдолтой байна" гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг, 3.1.20 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж заасан.
Терра-Экспресс ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын акт болон хавсралт материалыг судалж үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өглөө нүүрс тээврийн жолооч С.Чулуунбаатар нь *******ийн тээврийн хэрэгслийн кабины хаалгыг татах үед ******* орноос унасан доош харсан байдалтай байхад нь олсон гэх бөгөөд яаралтай арга хэмжээ авч, дуудлага өгөн боомтын эмч, Морин заг гэх газрын эмчид үзүүлэхэд нас барсан гэсэн байна.
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Шүрцэцэгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зүрхний хурц дутагдал гэх оноштойгоор нас барсан байх бөгөөд үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн эсхүл цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордсон зүйлгүй.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн хоёрдугаар зүйлд заасны дагуу Терра-Экспресс ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт үйлдсэн бөгөөд ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцдоггүй.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу Терра-Экспресс ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүтгэх актыг хянан үзээд тус хуулийн 29.4.1 дэх хэсэгт заасны дагуу ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулсан нь хууль болон журам зөрчөөгүй болно.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн гуравдугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана" гэж заасан бөгөөд талийгаач ******* нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас амь нас хохироогүй,******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч С.Шүрцэцэгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зүрхний хурц дутагдал оноштойгоор нас барсан гэх Терра-Экспресс ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссоос ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын актын дүгнэлт нь үндэслэлтэй байх тул актыг зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд талийгаачийн үхлийн шалтгаан нь дээрх зүйлд заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас шалтгаалаагүй учир улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргах шаардлагагүй юм.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акттай улсын байцаагч санал нийлж байгаа бол тус актад тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурна.
Ерөнхий газраас чиглэл өгсний дагуу процессын алдааг засаж залруулсан. Яагаад дүгнэлт гаргаж болохгүй вэ? гэхээр тухайн хүн маань үйлдвэрлэлийн хүчин зүйлд өртөж нас бараагүй.
Шинжээчийн дүгнэлтээр дүгнэлтээр зүрхний хурц дутагдал болон цусанд нь спирт илэрсэн учраас дүгнэлт гаргахгүй.
Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж нас бараагүй гэдэг нь шүүх шинжээч эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон учраас хянан шалгаж, акттай санал нийлж, актыг баталгаажуулсан байгаа
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Терра-Экспресс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн******* аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нүүрс тээврийн төслийн хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хил гарахаар Морин загийн бүсэд тусгаарлалтад байхдаа нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Морин загийн бүс нь дотоодын цэргийн хяналтад байдаг, компанийн зүгээс ажилтнууддаа хяналт тавих, байнга уулзах боломжгүй бүс юм.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн******* аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 51 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бид 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Дүгнэлтийг хүлээн авсны дараа 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэн, тусгай тэмдэглэл үйлдэн******* аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн улсын байцаагчид хүргүүлсэн. Энэ хугацаандаа компанийн зүгээс талийгаачийг зөөвөрлөх болон бусад зардалд 4 орчим сая төгрөг гаргаж, ар гэрт нь 3 080 000 төгрөгийн тусламж үзүүлсэн. 2020 оны 07 дугаар сараас эхлэн ар гэрийнхэн нь компанитай хэд хэдэн удаа холбогдож байсан бөгөөд 08 дугаар сарын эхээр өмгөөлөгчийн хамт ирж Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын 1 хувийг хүлээн авч харилцан ярилцаад явсан. Үүний дараа бид өмгөөлөгч Ө.Даваажаргалд тус актыг word хувилбараар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар илгээсэн.
Манай компани нь 300 орчим ажилтантай бөгөөд бүх ажилтнуудаа ажил олгогчийн хариуцлагын даатгал, гэнэтийн ослын даатгалд хамруулж ажилладаг. Харамсалтай нь тус даатгалууд согтуурах ундаа хэрэглэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн, өвчний улмаас нас барсан гэсэн үндэслэлээр даатгал үйлчлэхгүй гэсэн.
Ар гэрийнх нь зүгээс цалингийн зээл 22 000 000 төгрөгийг төлөхөд туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт тавьсан дагуу компани өөрийн баталж мөрддөг дотоод дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг тул журам зөрчих боломжгүй гэхдээ та бүхэнд чадахаараа дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж нэлээд хэдэн өдөр хөөцөлдөж 2020 оны 09 дүгээр сарын 17-нд 8 000 000 төгрөгийг ар гэрт нь гаргуулж өгсөн.
Ар гэрийнхэн нь******* аймгийн Цагдаагийн хэлтэс дээр хэргийн материалтай танилцсан. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн авсан, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг 08 дугаар сард хүлээн авч танилцсан учраас бид эдгээр баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байсан. Ар гэрийнхний зүгээс*******ын ерөнхий газарт гомдол гаргасан, актыг Хөдөлмөрийн улсын байцаагчаар баталгаажуулан дахин авах хүсэлт тавьсан дагуу бид 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн улсын байцаагчийн тэмдэг дарсан актыг шуудангаар илгээн давхар утсаар мэдэгдсэн.
Хөдөлмөрийн нөхцөлийн тухайд компани нь 2020 оны 01 дүгээр сарын 03-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөр Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд нүүрс тээврийн төслийн тээврийн хэрэгслүүдийн нэгээс бусад нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй гэсэн дүгнэлт гарсан.
Мөн компани нь ажилд гарахаас өмнө эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хүлээн авсан бөгөөд энэхүү хуудас болон Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт зөрүүтэй байгаад гайхаж байна. Бид жолооч нараа энэхүү эрүүл мэндийн дүгнэлтийн хуудсыг үндэслэн ажилд гаргадаг. Бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тал дээр маш их анхаарч төсөл тус бүр дээр ХАБЭА-н мэргэжилтэнтэй. Тиймээс эдгээр нөхцөл байдал нь компанийн хувьд ч хүндээр тусч байна.
Олон гэрчүүдийг мэдүүлгүүдтэй танилцахад Морин багийн бүх бүсүүд хилийн цэргийн хамгаалалтад байдаг тэр бүс рүү шатахуун түгээх машин, компанийн хоол хүргэлтийн машин нэвтрэх эрхтэй. Бусад машин болон хувь хүн нэвтрэх эрхгүй бүс байсан гэсэн. Гэхдээ эндээс гэрчүүдийн мэдүүлгээр бол хууль зөрчөөд тухайн бүс рүү хоол цай, хүнсний зүйл зарах юань солиулж авах зорилгоор тодорхой мөнгө эргэлддэг байсан нь батлагддаг.
Тухайн бүсэд жолоочид бөөгнөрөөд нэгнийхээ тээврийн хэрэгслийн кабин руу орох хориотой байсан тул олон гэрчүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Гэхдээ энэ дотроос талийгаачтай хамгийн ойр байдаг нэг нутгийн жолооч гэрчийн мэдүүлэг өгөхдөө дотор муу байна. Шартаж үхэх нь ээ гэдэг зүйл ярьж байсан талаар мэдүүлэгтэй дурдсан байдаг. Хилийн цэргийн ажилтан оочирт шахуулаад явж байхдаа согтууруулах ундаа хэрэглэчихсэн байж магадгүй гэж үзээд бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд талийгаач бууж очоогүй байна. Цонхоороо цүнхтэй бичиг баримтаа шидчихээд бусад жолооч нар луу яриад миний үнэмлэх байхгүй байна гээд өөрөө хилийн цэргийн ажилтанд бичиг баримтаа өгснөө мэдэхгүй байсан гэж мэдүүлсэн.
Эндээс тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Мөн кэмп дээр байсан хүн рүү утасдаад дотор муу байна. Халуун цай ирсэн үү? гэж хэлсэн байсан.
Бид энэ хэрэг болсны дараа өөрсдийн ажилчдаас тайлбар авсан, цагдаа нар талийгаачийн гар утсанд үзлэг хийхэд гэр бүл рүүгээ би шартаад бие муу байна гэсэн мессеж бичсэнийг тогтоосон. Эндээс шинжээчийн дүгнэлтээр 0,7%-ын согтууруулах ундааны зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэдэг шинжээчийн дүгнэлт хүчинтэй байгаа. Энэхүү дүгнэлтэд үндэслэж үйлдвэрлэлийн ослын акт гаргаж байгаа нь зөв гэж үзэж байна.
Тухайн акт дээр талийгаачийг зүрхний судас хатуурах өвчтэй, зүрхний судас задарсны улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.
Үйлдвэрлэлийн осол гэж үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөнд өртөх гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ, хариуцагч тал ч хариу тайлбартаа дурдсан байна.
Үйлдвэрлэлийн осол нь осол гэсэн ойлголтод хамаардаг. Осол гэж хүмүүсийн амь нас ба эрүүл мэндэд аюул учруулсан, барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл эвдэж гэмтээсэн, сүйтгэсэн, үйлдвэрлэлийн болон тээврийн хэвийн ажиллагааг алдагдуулсан, хүрээлэн буй орчинд хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй аюултай үйлдлийг хэлж байгаа юм.
Өвчний улмаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлтэд тодорхой бүрдчихсэн байна. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх акт дээр үйлдвэрлэлийн осол хурц хордлого хоёрын хувьд өвчний улмаас авч тохиолдлын 2.1.6 дээр Ажил үүргээ гүйцэтгэх үед байгаль цаг уур, авто ослын гэнэтийн аюул, согтууруулах болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч хөнөөлт дэлбэрэлт зэрэг гамшгийн үед гэж байгаа. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхэд дагуу энэ өвчнийг дурдаагүй.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал хуулийн аль заалтыг бариад ямар нотлох баримтаар үйлдвэрлэлийн ослын актыг хүчингүй болгох тухай тодорхой зааж өгсөнгүй гэж бодож байна.
Акт дээр тэмдэг дараагүй гэдэг асуудал ярьж байна.Талийгаачийн ар гэрийнхэн нь мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан дараа акт дээр тэмдэг дарж баталгаажсан.
Энэ асуудал нь захиргааны акт хууль бус гэх шинжийг агуулахгүй байгаа юм. Учир нь Захиргааны ерөнхий хуульд бол бичгийн болон тооцооны алдаатай актын алдаагаа засах боломж байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хууль бус акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн заалт байгаа.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5-д бодит үндэслэлд тохирсон үндэслэл бүхий байх ёстой гэх шаардлагуудыг хангаж байна гэж үзэж байна.
Ийм зүйл болсонд компанийн зүгээс маш их харамсаж байна. Манай компанийн хувьд бүх жолооч нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаг, гэнэтийн ослын даатгалд даатгуулдаг. Бид энэ талд дээр их анхаардаг. Талийгаачийн ар гэртэй уулзаж, хүндэтгэлтэй хандаж, тухайн үед бүх зардлуудыг хариуцсан.
Ар гэрээс нь 22 сая төгрөгийн зээл авсан. Үүнийг төлөхөд тусламж үзүүлээч гэсэн хүсэлт тавьж, компанийн зүгээс 8 сая төгрөгийн дэмжлэгийг мөн үзүүлсэн. Банктай нь холбогдож судлахад хувь хүний зээл учраас цалингийн зээлийн даатгалыг зөвшөөрсөн тохиолдолд 1 хувийг төлдөг юм билээ. Харамсалтай нь зээлийн даатгал байгаагүй. Сэтгэл санааны байдал, ар гэрийн байдал зэргийг компани цаашдаа анхаарах болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч*******гаас******* аймгийн*******ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан******* аймгийн*******ын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн Терра экспресс ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг*******ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах /шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан/ шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн /цаашид дүрэм гэх/ 7 дугаар зүйлийн 7.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаарх акт, дүгнэлтийг ажил олгогч болон осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд түүний гэр бүл) зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо*******ын ерөнхий газар эсхүл шүүхэд хандан гаргаж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. гэж зааснаар осолдогч *******ийн эхнэр******* нь ослын актыг баталгаажуулсан захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна. гэж заасан бөгөөд Терра экспресс ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч ******* нь******* аймгийн Шивээ хүрэн боомтын Морин заг бүсэд автомашинтайгаа дараалалд зогсох үедээ автомашин дотроо нас барсныг тухайн компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий комиссоос ...осолдогч ******* нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.2-т заасан ...зүрхний хурц дутагдлаар нас барсан, согтолтын хөнгөн зэрэгтэй... гэж үзэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт тогтоожээ.
Уг комиссын актаар үйлдвэрлэлийн осол гаргахад шууд нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан Уул уурхайн бүтэгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам-ын дагуу тээвэр гүйцэтгэх явцдаа Морин заг тусгай бүсэд компанийн TE-HSE-17 согтууруулах болон мансууруулах бодисын хяналтын журам[1], ХАБЭАААЗ-001-I Нүүрс тээврийн жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг[2]-г тус тус зөрчсөн гэж тодорхойлсон байна.
2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт баталгаажуулаагүй болон баталгаажуулсан байдлаар хэрэгт авагдсан[3] бөгөөд нэхэмжлэгчээс ослын актад гарын үсэг, тэмдгийг хугацаа хэтрүүлэн нөхөн баталгаажуулсан болон баталгаажуулсан нь хууль бус, осолдогч ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ амь насаа алдсан тул дүгнэлт гаргах ёстой гэж, хариуцагчаас Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан ...ердийн өвчин,согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осол өртсөн... тул дүгнэлт гаргах үндэслэлгүй, тухайн актад тэмдэглэл хөтөлсөн байсныг залруулж, баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй гэж шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргадаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ... хянана., 29.4-д .Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:, 29.4.1-д ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах, 29.4.2-т ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах гэж хуульчилжээ.
Актыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шинжилгээгээр цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн дүгнэлт гарсан учир Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.2 дахь заалтын дагуу тусгайлан тэмдэглэж, үйлдвэрлэлийн осолд тооцохгүй. гэж уг акт дээр тэмдэглэл үйлдсэн, дараа нь нэхэмжлэгчийн гаргасан гомдол,*******ын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу ослын актыг баталгаажуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан захиргааны актын бичилт болон түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр зассан гэж үзэхээр байх тул хуульд нийцсэн гэж үзнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж заасан ба хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3196 дугаар шинжээчийн дүгнэлт[4],******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр шинжээчийн дүгнэлтээр[5] зүрхний хурц дутагдлаар нас барсан, цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрсэн, согтолтын хөнгөн зэрэгт хамаарах-аар тогтоогдсон байгаагаас үзвэл хариуцагчийн ...осолдогч үйлдвэрлэлийн ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж осолд ороогүй, ердийн өвчний учир нас барсан, согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хөнгөн зэрэгтэй байсан нь тогтоогдсон тул ослын актыг баталгаажуулсан, дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй... гэх тайлбар үндэслэлтэй байна.
Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан ба дүрмийн 3.9-д Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ., 3.10-д Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна гэж заажээ.
Дээрх заалтуудаас үзвэл үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүрд ажил олгогч нь судлан бүртгэж, акт үйлдэн, холбогдох байгууллагад мэдэгдэх бөгөөд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн хянах үүрэг нь зөвхөн ослын актыг баталгаажуулж гарын үсэг зурах бус үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөлийг тогтоож, нягтлан үзэж судалснаар журмын зорилго хангагдахаар байна.
Иймд хариуцагч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.10-д заасан ажлын 5 хоногт багтаан хянан баталгаажуулаагүй, энэхүү үүргийг хэрэгжүүлэхдээ шинжээчийн дүгнэлт эцэслэн гарахыг хүлээсэн гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд бүрдүүлэх бичиг баримтад осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт заавал байхаар байна.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн зүгээс ослыг судлан бүртгэхэд шаардлагатай баримтуудыг хянаж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэл бүрдэхгүй тул нэхэмжлэгчийн даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй.
Нэгтгэн дүгнэвэл, Өмнөговь аймгийн*******ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хянаж, баталгаажуулахдаа хуулийн хүрээнд, тус хуулиар тогтоосон журмын дагуу гаргасан байх тул Терра экспресс ХХК-ийн2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч*******гийн гаргасан******* аймгийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн Терра экспресс ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг баталгаажуулсныг хүчингүй болгож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад дүгнэлт гаргахыг*******ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА