Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 169

 

Иргэн Н.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0184 дүгээр магадлалтай, иргэн Н.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг хариуцагчид даалгасан.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 4,003,931 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0184 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Пүрэвжаргал “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Н.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Ц.Оюунбилэг, өмгөөлөгч Ж.Энхтуяа бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1080 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0184 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1080 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хяналтын асуудал хариуцсан нэгж өөрчлөн зохион байгуулагдсан, хэлтсийн даргын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй, шинээр бий болсон газрын даргын албан тушаалын ангилал, зэрэглэл ТЗ-10-д хамаарагдах бөгөөд газрын даргын албан тушаалд төрийн албан хаагчийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үр дүнд тухайн албан тушаалд томилох нөхцөл байдал үүссэн, Н.Пүрэвжаргал нь ажлаас чөлөөлөгдөхдөө ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаалыг эрхэлж байсан тул Хяналтын газрын даргын удирдах албан тушаалд шууд томилогдох боломжгүй байна гэж дүгнэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын Н.Пүрэвжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0184 дүгээр магадлалаар “...Хэрэгт авагдсан баримтаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсанаар тус газрын Хяналтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэгт оюуны өмчтэй холбоотой чиг үүргүүд нэмэгдсэнээс гадна нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын эрхэлж байсан Хэлтсийн даргын орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд томилох нь зүйтэй байжээ. ...Төрийн албаны тухай хуульд зааснаар орон тоо нь хасагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан сул байгаа албан тушаалд томилох бус цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилохоор байна” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан. Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалын эрхэлж байсан Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргын орон тоо хасагдсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалыг мэргэжил, мэргэшлийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /ТЗ-7-5/-аар томилж, орон тоо нь хасагдсан төрийн албан хаагчийн эрх ашгийг хангасан. Гэтэл Н.Пүрэвжаргал томилсон ажлын байранд ажиллаагүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл алдагдуулсаар байна. Төрийн албан хаагч хуулийн дагуу эрх ашгаа хамгаалах нь зүйтэй боловч төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, томилогдсон ажлын байранд ажиллаж, төрийн албыг тасралтгүй явуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах үүрэгтэй. Н.Пүрэвжаргалын ажлын байрны орон тоо нь хасагдсан хэдий ч түүнийг ажлаас бүрэн чөлөөлөхгүйгээр цаашид тус байгууллагад ажиллах нөхцөл боломж, ажлын байраар хангасан байхад Н.Пүрэвжаргал уг ажлын байранд ажиллаагүй байж, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа нь төрийн захиргааны байгууллага түүнээс төрийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг харгалзаж хүндэтгэн үзээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр ТЗ-9 ангилал, зэрэглэл бүхий хэлтсийн даргын албан тушаал шинээр бий болоогүй, нэхэмжлэгчид санал болгох мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажлын байр байхгүй болно. Хуульд заасны дагуу орон тоо нь хасагдсан тохиолдолд “ажлын байраар хангуулах, төрийн хөрөнгөөр мэргэших, нэг удаагийн тэтгэлэг олгох нэмэгдэл баталгаагаар хангагдахаар хуульчилсан байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн бодит байдлыг харгалзан үнэлж дүгнээгүй, хуульд заасан “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох” нэмэлт баталгааг хангах боломж олгохгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын шүүх зөвхөн иргэний төдийгүй төрийн алба, төрийн захиргааны байгууллагын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тушаал, шийдвэрийг бодитой үнэн, зөв үнэлж дүгнэн, шударга ёсыг сахиулан ажиллана гэдэгт итгэж байна. Шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу нэхэмжлэгч Н.Пүрэвжаргалыг мэргэжил, мэргэшлийн дагуу хяналтын улсын байцаагчийн ажлын байраар хангасан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1080 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0184 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ   

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан Н.Пүрэвжаргалыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Нийслэлийн бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар томилсон байна.

Үүнийгээ хариуцагч “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдахад Н.Пүрэвжаргалын эрхэлж байсан  албан тушаалын орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан” гэж тайлбарлаж, харин нэхэмжлэгч “...албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заасан ба үүний “...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэдгийг өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, мөн чиг үүрэг хасагдаж эсхүл нэмэгдсэн ч өмнөх агуулга нь хэвээр хадгалагдаж үлдсэн байхыг, харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан  “...албан тушаалын орон тоо хасагдсан” гэдгийг тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой албан тушаал бүр мөсөн үгүй болж өмнөх чиг үүрэг бүхий нэгж, ажлын байр байхгүй болохыг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсны дотор /хуучин/ Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон өөрчлөн байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг баталжээ.

Уг Хөтөбөрт, хуучин Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын хяналтын чиг үүрэг бүхий нэгж /“Хяналт, шинжилгээ үнэлгээний газар”, “Хяналтын хэлтэс” байсан/-ийг “Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар”, “Хяналтын газар” болгон, нэгжийн нэрийг өөрчилсөн ч хэрэгжүүлэх хяналтын чиг үүрэг хэвээр хадгалагдаж, оюуны өмчийн үйл ажиллагаа-4, улсын бүртгэлтэй холбоотой-4, нийтлэг буюу хуулиар харьяалуулсан маргааныг шийдвэрлэх, зөрчлийг таслах зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах чиг үүргийг тус тус хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолт нь Н.Пүрэвжаргалын урьд эрхэлж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолтоос өөр биш, тодруулбал, ажлын байрны үндсэн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тавигдах /ерөнхий болон тусгай/ шаардлага адилхан бөгөөд зөвхөн албан тушаалын зэрэглэл ТЗ-10 болж өөрчлөгджээ.

Гэтэл шүүх “...үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт Хяналтын асуудал хариуцсан нэгж, түүний чиг үүргийн 6 нь оюуны өмч, 4 нь улсын бүртгэлтэй холбоотой буюу Н.Пүрэвжаргалын албан тушаалын орон тоо хасагдсан” гэж нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг хэрэглээгүй байна.

Мөн хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар урьдах Хяналт, шинжилгээ үнэлгээний газар, Хяналтын хэлтэст ажиллаж байсан төрийн албан хаагчдыг өөрчлөн байгуулагдсан “Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар”, “Хяналтын газар”-т тус тус эгүүлэн томилсон атлаа гагцхүү Н.Пүрэвжаргалыг “Хэлтсийн даргын албан тушаал хасагдсан” гэж томилоогүй асуудалд шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл Оюуны өмч болон Улсын бүртгэлийн байгууллагын хяналтын чиг үүрэг бүхий нэгжүүд нэгдэх явцад /орон тоо цөөрч/ хяналтын чиг үүрэг бүхий нэгжийн даргын албан тушаал эрхэлж байсан албан хаагчдыг шалгаруулж авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан эсэхтэй холбоотой нотлох баримт цуглаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй” гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1080 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0184 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АТАРЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                        Х.БАТСҮРЭН