Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл        

           Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Э.Э т холбогдох 1928000510043 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн .................... гэх газар оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 сарын хугацаагаар тэнссэн, Бичээч овгийн Э.Э , регистрийн дугаар ..................,

Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум 1 дүгээр баг,  Бумбат хорооллын 29 тоот хашаанд байх Ц.О гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 90000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа нь Э.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Э.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шүүгдэгч Э.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бүрээстэй, 2.5x3 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар бүрээстэй 2x2 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхтуяа эсэргүүцэлдээ: ... “Хэрэгт авагдсан 11/19, 733 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд тус бүр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргасан шинжээчдийн мэдлэг, ур чадвар, ажилласан жил туршлага адил, түвшинд байх бөгөөд хамгийн сүүлд гаргасан шинжээчдийн дүгнэлт нь үнэн зөв байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, шүүгдэгчид ял завших боломжийг олгосон байна.

 Шүүх Э.Э ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрээ гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.                                                        

Шүүхийн шийдвэр нь тодорхой бус, ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... “ хэрэг хариуцах чадвартай эсэх тал дээр зөрүүтэй дүгнэлт гаргасан байгаа учир анхан шатны шүүх энэ хоёр шинжээчийн дүгнэлтийг болон бусад нотлох баримтыг үнэлж үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж Э.Э ыг хэрэг хариуцах чадваргүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар Э.Э  нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

   Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нар Э.Э ыг биечлэн үзэж энэ хүн хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт гаргасан. Прокуророос энэ хүний сэтгэцийн өвчний талаар маргадаггүй. Э.Э  сэтгэцийн өвчтэй гэх боловч хулгай хийгээд олсон мөнгөөрөө дэлгүүрт очиж худалдан авалт хийж, өмнөх өрөө дараад худалдаж авсан архиа ууж, мөн дахин дахин дэлгүүр орж архи авч найз нөхөдтэйгээ уудаг. Ийм байдлаар биеэ авч явдаг хүнийг хэрэг хариуцах чадваргүй гэхээсээ илүү харин хэрэг хариуцах чадвартай байдлыг батлан харуулсан нь хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдлаас тогтоогдоод байгаа. Иймд 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Э.Э  нь сэтгэцийн эмгэгтэй. Хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн 733 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хэрэг хариуцах чадвартай гэж үзээд байгаа талаар хангалттай нотлох баримт байдаггүй. 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт давамгай авагдсан учраас анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяагийн бичсэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

           Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай дүгнэлтэд ...Энхээ овогтой Э.Э  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, Э.Э  нь тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг хэмээх сэтгэцийн өвчтэй. 2016 онд авто осолд орсноос хойш эхэлсэн болно. Э.Э  нь хэрэг хариуцах чадваргүй /хх-31-33/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай дүгнэлтэд ...Э.Э  нь тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрхи эмгэг нь сэтгэцийн эмгэг болно. 2014 оноос дээрх эмгэгээр өвчилсөн байх боломжтой байна. Э.Э ын дээрх эмгэг нь уналт таталтын улмаас ухамсарт ухаан алдагдах, эмгэг бухимдал үүсэх зэргээр өвчин нь хөдөлж дахисан үедээ өөртөө эсхүл бусдад аюул учруулах байдал үүсэх боломжтой. Э.Э  нь мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. Өмнөговь аймгийн төвийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжээчдийн гаргасан 2019  оны 04 дүгээр сарын 10 -ны өдрийн 11/19 дугаартай дүгнэлтийн “Б” дугаар дүгнэлт үндэслэлтэй, А, В, Г дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна гэснээс үзэхэд Э.Э  нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө, гэмт хэрэг үйлдэх үедээ эсвэл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн эсэх талаар шинжээч нарт асуулт тавьж хариулт аваагүй байхад анхан шатны шүүх нь “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж Э.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        Анхан шатны шүүх нь Э.Э ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсгийн дагуу шийдвэрээ гаргаагүй.

                    Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...”эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан учир шүүх Э.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн атлаа эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Анхан шатны шүүх нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийхдээ ямар ямар нотлох баримтыг үндэслэж байгаагаа заагаагүй байна.

         Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна 19 дүгээр бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгохоор заасныг мөрдөгч, прокурор, шүүгч нар анхаарах шаардлагатай байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэлт шинжилгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нар нь шинжээчид даалгана гэж заасан учир шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг гаргуулж, шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр хэрэг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Э.Э т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 Иймд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Э.Э т холбогдох 1928000510043 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

            3. Хэргийг прокурорт очтол Э.Э т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ