Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 142

 

В.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.О-т холбогдох

 

6 175 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Д- миний бие 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л.О-тэй амаар харилцан тохиролцож түүний түрээслэж байсан зоогийн газрын зарим хэсгийг түрээслэх зорилгоор Л.О- болон түүний нөхөр Н.Бямбацэрэн нарт 7 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл Л.О- нь надад уг ажлын байраа давхар түрээслүүлж байснаа хэлээгүй бөгөөд 2 сарын дараа манайх зоогийн газраа ажиллуулж чадахаа больсон тул та 2 сарын түрээсийн мөнгөө хасаад үлдэгдэл мөнгөө бидэнд зээлээч удаахгүй өгнө гэхээр нь миний бие итгээд Л.О-т мөнгөө зээлсэн. Л.О- нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мөнгө зээлсэн тухай тодорхойлт бичиж өгсөн. Одоо миний бие Л.О-ээс 6 175 000 төгрөгийг авч чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл мөнгийг минь өгөхгүй намайг хохироож байгаа тул Л.О-ээс нийт 6 175 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч В.Д-тэй хамтран байр түрээсэлж ажил үйлчилгээ явуулж байгаад түрээсийн байрын мөнгө 6 175 000 төгрөгийг бага багаар нь цувуулж авсан нь үнэн. Гэвч В.Д- нь намайг давхар түрээслүүлснийг мэдээгүй гэж, мөнгө авчихаад түрээсээ больсон гэх мэтээр худлаа хэлж нэхэмжилсэн байна. Миний түрээсэлж байсан байрыг бид болиход бид эндээ үлдээд үйл ажиллагааг явуулахад болно гэж хэлэхэд та нар байхгүй бол би ажиллахгүй гэж хэлээд гарсан юм. Энэ зах зээлийн нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсаар мөнгөө төлж чадахгүй байна. Ер нь цаашид түрээсийн мөнгө гэж авсан мөнгөө өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.О-ээс 6 175 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч В.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 113 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Н.Бямбацэрэнг татсан боловч шүүх хүсэлтийг шийдээгүй хэргийг шийдсэн явдалд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч надад шүүх хуралдаамы тов мэдэгдээгүй хэргийг шийдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үг алдааг засах боломж олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч В.Д- хариуцагч Л.О-т холбогдуулан 6 175 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч авсан мөнгөө өгнө гэж тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг хариуцагч Л.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Н.Бямбацэрэнд олгосон байна. Гэтэл шүүх уг итгэмжлэл олгогдохоос өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Л.О-т гардуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгогдоогүй байсан Н.Бямбацэрэнд гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэгч В.Д-д эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулах болон 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг хийгээгүй нь хэргийн оролцогчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.”, 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.” 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.” гэж тус тус зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх тус тус үүсэж эрх тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх боломж бүрдэх юм.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 500 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                      ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                               С.ЭНХТӨР