Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/02865

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  .......... хаягт байрлах М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ..........тоот хаягт байрлах Ф ХХК-д холбогдох

5,909,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ф ХХК нь тус ордны 215 тоот өрөөг конторын зориулалтаар 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд сард 1,003,200 төгрөгийн төлбөртэйгөөр, төлбөрийг улирал бүрийн эхний сарын аравны дотор бөөнд нь төлж байх нөхцөлтэйгөөр “Байрны түрээсийн гэрээ”-г байгуулж түрээслэсэн юм. Уг гэрээний 5.2 дахь заалтаар 5.1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд тооцож алданги төлүүлэхээр тохиролцсон. Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 1 сард гэрээг сунгаж нэг сар нэмж түрээсийн өрөөг эзэмшүүлсэн. Хариуцагч нь 2016 оны 3 ба 4 дүгээр улирлын төлбөрөө 2016 оны 10 сарын 10-ны өдрийн дотор төлөлгүй 8,936,480 төгрөгийн хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болон 2017 оны 1 сарын төлбөр болох 1,003,200 төгрөгөө мөн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн дотор хугацаанд нь төлөлгүй нийт 9,939,680 төгрөгийн өр үүсгэсэн байсныг ордны санхүү арга хэмжээ авч, эд зүйлсийг нь борлуулж өгөн 2017 оны 4 сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөгийн өрийг нь барагдуулснаас хойш одоог хуртэл 3,939,680 төгрөг төлөгдөлгүй үлдсэн байгаа болно. Иймд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүн 9,939,680 төгрөг боловч төлбөр төлөгдөх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж 3,939,680 төгрөг гэж багасган тооцож, мөн Иргэний хуулийн зохих заалтыг үндэслэн энэхүү төлөгдөөгүй төлбөрийн тавин хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцож, нийт 5,909,520 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.” гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ф ХХК нь 2015 онд М ы Спорт цогцолборын 2 давхарт 215 тоот 38 м.кв 2 өрөөг сарын 1,103,520 төгрөг төлөхөөр эзэмшиж ашигласан билээ. Тус компани нь шинээр ажлын байр бий болсонтой холбогдуулж захирлын өрөөний /дарга ширээ иж бүрдэл, номын тавиур 2 хаалга шилэн, номын тавиур 2 хаалга модон, хар сандал-3, арьсан диван/ тавилгыг Говь хангай мебель дэлгүүрээс худалдаж авсан. Мөн БНХАУ-руу явж үүдний өрөөний ком тавилга, даргын арьсан сандал зэргийг тус тус худалдан авч тохижилт хийсэн билээ. Ингээд түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин 1 жилээр үргэлжлүүлэн сунгасан юм. М ы зүгээс Олон улсын хүүхдийн шатрын тэмцээн зохион байгуулагдахтай холбогдуулан Спорт цогцолборт иж бүрэн засварын ажлыг 2016 оны 1 дүгээр улиралд эхлүүлж, энэ нь ямар ч орц гарцгүйгээр бизнесийн үйл ажиллагааг тодорхой 1-3 сарын хугацаанд явуулах боломжгүй болгосон, дээр нь бизнесийн хэвийн ажиллагааг алдагдуулж эхэлсэн юм. Спорт цогцолборт гадны түрээслэгчдээс ганцхан манай байгууллага үйл ажиллагаа явуулдаг байсан ба дээрхи засварын ажлаа бидэнд учирлаж хэлсэн ч, энэ хугацааны түрээсийн төлбөрийг авахгүй байх боломжтой байсан ч олон удаагийн уулзалт, гуйлт, хүсэлтийн улмаас 20-хон хувийн хөнгөлөлт үзүүлсэн юм. Манай байгууллага худалдааны алдагдлаас болж түрээсийн өрний хуримтлалд орж, улмаар ажлын байраа хүлээлгэж өгсөн ба түрээсийн өрийг яаралтай төлөх шахалт их байсан тул дараагийн түрээслэгчтэй нь Уранчимэг би өөрийн биеэр уулзаж, 2 өрөөний тавилгыг зах зээлийн үнээс хамаагүй доогуур өөрт маш их алдагдалтайгаар зарахаар тохиролцож, төлбөрийг М ы санхүүд 6,000,000 төгрөгийг тушаалгуулсан болно. Түүнээс М ы зүгээс миний тавилгыг зарж борлуулж өгсөн асуудал байхгүй. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нилээн багассан боловч энэ төлбөрийг төлж барагдуулах нөхцөл байдал үүсэхгүй өдийг хүрлээ. Учир нь 2017 оны 4 сарын 28-ны өдөр ээжийгээ Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгүүлэн онош тодорхойлуулахаар хэвтүүлсэн боловч тэр өдрөө яаралтай хагалгаанд оруулан, 2017 оны 5 сарын 5-ны өдөр ээж минь нас барж Сонгдо эмнэлгийн зүгээс 15 сая төгрөгийн төлбөр тооцооны асуудал гарч ирсэн юм. Ийм учир шалтгаантайгаар түрээсийн үлдэгдэл 3,939,680 төгрөгийг төлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Монголын үйлдвэрчний эвлэл нь бизнесийн байгууллага биш, хөдөлмөрч нийт олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бидний байгууллага гэж би хувьдаа ойлгодог. Ф ХХК-ийн үйл ажиллагаа одоо зогсонги байгаа ба М  нь нэхэмжлэлдээ алданги гаргуулахаар тусгасаныг хүлээн зөвшөөрөхгүй, дээр нь төлөх ямар ч боломжгүй байна. 2017 оны 1 сарын төлбөрийг зөвшөөрөхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч М  нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,909,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.   

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 1 сарын түрээсийн төлбөр болох 1,003,200 төгрөгийн шаардлага болон алданги 1,969,840 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М  болон Ф ХХК нарын хооронд 2016 оны 1 сарын 1-ний өдөр “Байрны түрээсийн гэрээ” нэртэй гэрээ /хх-10-12 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр М  нь Ф ХХК-д тус ордны 215 тоот өрөөг 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 1,003,200 төгрөгөөр түрээслүүлэх, Ф ХХК нь хэлэлцэн тохиролцсон төлбөрийг М д төлөх, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг үүрэгтэй байна.

Хариуцагч нь 2016 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр буюу 2,936,480 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ёстой гэдэгт маргахгүй байх боловч нэхэмжлэгчийн 2017 оны 1 сарын түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 1,003,200 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан, зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдөр дууссан бөгөөд тухай хугацаанд түрээслэж байсан өрөөг буцаан өгөхөөр нэхэмжлэгчтэй ярилцан тохиролцсон байсан, нэхэмжлэгч дараагийн түрээслэгчээ хайж уг өрөөг түрээслүүлэх зар өгсөн байсан, өрөөнд байсан тавилгыг задалж хураахад эвдрэх магадлалтай байсан тул задалж хураалгүй өрөөнд байлгаж байсан болохоос уг өрөөг ашиглаагүй тул 2017 оны 1 сарын түрээсийн төлбөрийг төлөхгүй гэж тайлбарласан.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ф ХХК-ийн 2017 оны 1 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Хүсэлт гаргах нь” гэсэн албан бичиг /хх-12 тал/-т “... 215 тоот өрөөг түрээслэж байгаа бөгөөд 2017 онд түрээсийн гэрээг үргэлжлүүлэн сунгаж ажиллах шийдвэр гаргаж байна” гэсэн байх ба уг албан бичгийн агуулгаас үзэхэд 2017 оны 1 сарын 10-ны өдрийн байдлаар Ф ХХК нь 2015 тоот өрөөг ашиглаж байсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтээ М д илэрхийлж байсан үйл баримт, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Ф ХХК нь 2015 тоот өрөөний түлхүүрийг 2017 оны 2 сард М д хүлээлгэн өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтад “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дахь заалтад “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж тус тус заасан тул зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч хариуцагч түрээсийн зүйлийг 2017 оны 1 сард үргэлжлүүлэн ашигласан байх тул түрээсийн гэрээг тухайн нөхцлөөрөө сунгагдсан гэж үзнэ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 1 сарын түрээсийн төлбөрт 1,003,200 төгрөгийг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2,936,480 төгрөг, 2017 оны 1 сарын түрээсийн төлбөрт 1,003,200 төгрөг, нийт  3,939,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад “Анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн зүйлийн 232.6 дахь заалтад “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасны дагуу талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз буюу алданги төлөх тохиролцоог бичгээр хийсэн бол анзыг шаардах эрх үүсэх ба талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд /тухайн сарын 10-ны дотор/ төлөөгүй 7 хоног өнгөрсөн тохиолдолд төлбөрий ннэхэмжлэх хүргүүлэх бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар бодож алданги тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид төлөх ёстой түрээсийн төлбөр болох 3,939,680 төгрөгөөс хоног тутам 0.3 хувиар алданги тооцоход хоногт 11,819.04 төгрөгийн алданги тооцогдож байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь заалтад “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагчаас 1,969,840 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагчаас алдангид 1,969,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хариуцагч алдангийг төлөхгүй байх үндэслэлээ хариуцагчийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа болон нэхэмжлэгч нийт олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь талуудын гэрээгээр тохиролцсон алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ф ХХК-аас түрээсийн төлбөр болон алдангид нийт 5,909,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  М д олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Ф ХХК-аас 5,909,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  М д олгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч М оос 2017 оны 10 сарын 4-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ХХК-аас 109,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УУГАНБАЯР