Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 30

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат, Ц.Баярмаа, Б.Оюунтунгалаг, Д.Энхцэцэг  

          Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/91 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр Б.О , Ч.З , Э.Ү  нарт холбогдох 1728001420158 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн  Политехникийн сургуульд багш ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хар ямаат овгийн Ч.З  /регистрийн дугаар ....................../,

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, .................... тоотод оршин суух хаягтай Чонос овгийн Э.Ү  /регистрийн дугаар ...................................../,

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар газрын хэвлийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Начин, ........................ тоотод оршин суух хаягтай Тайж нар овгийн Б.О  /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч Б.О  нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж тус газарт хадгалагдаж байсан ОР7000 маркийн металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З  Д.Т  нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцаан өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү , Ч.З  нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

Шүүгдэгч Ч.З , Э.Ү  нар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан GР7000 маркийн металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Ч.З , Э.Ү  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар  зүйлийн  1 дэх хэсэг, Б.О гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  21.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч.З , Э.Ү  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Б.О , Ч.З , Э.Ү  нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Ү , Ч.З , Б.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Х-ТЕRRA705 гэсэн бичигтэй хайрцаг 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 60 сантиметр урттай 2 ширхэг хар төмөр, white.s GMT гэх бичиглэл бүхий 10*10 сантиметр дэлгэц бүхий тахир хар төмөр 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хууль ёсны эзэмшигч Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багийн иргэн Дамба овогтой Д.Т  /регистрийн дугаар ............/-д буцаан олгож, шүүгдэгч Э.Ү , Ч.З , Б.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Солонго эсэргүүцэлдээ: ... “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагуудыг хангаагүй, хэргийг цагаатгасан  үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох, нэр хүндэд харшлах, иргэдийн төрийн байгууллагын албан тушаалтан, алба хаагч нарт итгэх итгэл үгүй болох, төрийн алба үнэгүйдэх зэргээр нийтийн ашиг сонирхол хөндөгдөх уршигтай, албан тушаалтны хувьд өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулсан үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг болохыг шүүх анхаарч үзэлгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх хуулийн заалтыг зөрчсөн, мөн хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй.

Тэдний үйлдлийг үгүйсгэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх эсэхэд нөлөөлсөн, шүүхийн дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн шаардлагад нийцээгүй.                                                                                                                        

Ч.З , Э.Ү  нар нь гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө анхны өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байдлаар худал мэдүүлгийг өгсөн болох нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогдсон байна.

Б.О гийн зөвлөсний дагуу мэдүүлэг өгсөн тухайгаа шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой мэдүүлсэн.

Шүүхээс дээрх мэдүүлгүүдийг үнэлэхгүйгээр Б.О г Эрүүгийн хуулийн 15.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талын барьж шийдвэрлэсэн.

 Шүүгдэгч Э.Ү , Ч.З  нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн талаараа тодорхой мэдүүлсээр байхад шүүх “тулгасан болон хөтөлсөн асуулт тавьсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч нар худал мэдүүлэг өгсөн талаараа мэдүүлж, бие биеэ гэрчилж байгаад дүгнэлт хийлгүй орхисон.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан мэдүүлэг, баримтуудаас үзэхэд Ч.З ыг 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс өмнө удаа дараа гэрчээр асууж байсан. Ингэхдээ мөрдөгчөөс мэдүүлэг авах журмыг зөрчин зөвхөн өөрийнх нь буруутай үйлдлийг өөрөөр нь хүлээлгэх, тулгах, хөтлөх замаар асууж байсан. Асуулт болон мэдүүлэг авч байгаа чиглэл нь нэг бол өөрийгөө гэм буруутай гэж хэлээд хариуцлага хүлээх, эсхүл өөр хэн нэгнийг зааж өгөх гэсэн хоёр хувилбартай байсан.

Мэдүүлэг зөрсөн гэх шалтгаанаар удаа дараа мэдүүлэг авч, нүүрэлдүүлэх нь мэдүүлэг өгөгчдөд мэдүүлгээ урьдчилан бэлтгэж ямар нэг агуулгын зөрүүгүй өгөхгүй бол дахин удаан хугацаанд “гэрчээр байцаагдах” нөхцөл байдал үүснэ гэдэг ойлголтыг баттай төрүүлсэн.         

Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулиар тогтоосон журмаа зөрчсөн, гэрчид худал мэдүүлэг өгөхөөс өөр арга зам үгүй гэх ойлголт төрхөд нөлөөлсөн тохиолдолд гэрчийг гэм буруутайд тооцох нь шударга бус юм.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 91 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ прокурор биелүүлээгүй, хэт яллах талыг барьж хэргийг шалгасан гэж үзэх үндэслэл болж байна.

Хэргийн хүрээнд Э.Ү  нь 5 удаа, Ч.З  нь 6 удаа мэдүүлэг өгөхдөө өөр хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүдийг өгдөг тул эдгээр мэдүүлгээс нэгийг нь онцолж Б.О г буруутгах боломжгүй юм.

Ч.З , Э.Ү  нарын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлгийг худал мэдүүлэгт тооцож, Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, 2019 оны 08 дугаар сарын 05-ний өдрийн 06 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарыг гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйд тооцож цагаатган, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх заалтыг зөрчсөн, мөн хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул 91 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, саналдаа: Тодорхойлох хэсэгт дурдсан 15 нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлээд байгаа нь хэт нэг талыг барьсан гэдэгтэй нийцэхгүй. Хэргийн хүрээнд авсан баримтуудыг тодорхой хэмжээнд үнэлж шийдвэрээ гаргасан нь хэт нэг талыг барьсан гэх үндэслэлгүй юм. Цагаатгасан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Э.Ү г ял завшуулсан гэдэгтэй санал нийлэхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн үйл баримтад хийсэн дүгнэлт болоод хууль хэрэглээн дээр ямар нэг алдаа байхгүй бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Ийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, саналдаа: Тогтворгүй мэдүүлгүүдийг үндэслэн Б.О г буруутгах үндэслэлгүй юм аа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Б.О г албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Эндээс хор уршиг учирсан, үйл ажиллагаа алдагдсан талаар прокурор эсэргүүцэлдээ дурддаг. Гэтэл Д.Т  болон Ч.З  нарыг Б.О  таньдаггүй байсан нь мэдүүлгүүдээр тодорхой харагддаг. Тэгэхээр ямар шалтгаан, ямар үндэслэлээр давуу байдал бий болгосон, ямар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаар хэргийн хүрээнд нотлогддоггүй. Пүрэвтулгын мэдүүлэгт үндэслэж энэ хүнийг буруутгах боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад үзэхэд Б.О  Д.Т , Ч.З , Э.Ү  нарт тус хайгчийг өгсөн үйлдэл нь тогтоогддоггүй, нотлох баримт байдаггүй. Мөн үүнтэй холбогдуулан албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэдэг. Гэтэл өгч байгаа мэдүүлгүүдэд Б.О  өгөөгүйгээ гэсэн агуулгатай байхад ганц мэдүүлгээр өгсөн юм аа гэж үзэх нь учир дутагдалтай юм. Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

             Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, саналдаа: 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 91 тоот цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг ийм үндэслэлүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоодохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонгын бичсэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Б.О  нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж тус газарт хадгалагдаж байсан ОР7000 маркийн металл хайгчийг 2017 оны 08 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ч.З  Д.Т  нарт хууль бусаар буцааж өгсөн, мөн уг металл хайгчийг хууль бусаар буцаан өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Э.Ү , Ч.З  нарыг ятгаж, тэднээр зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

           Шүүгдэгч Ч.З , Э.Ү  нар нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин аялал жуулчлалын газарт хадгалагдаж байсан GР7000 маркийн металл хайгчийг хууль бусаар буцааж өгсөн гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн  гэх үйл баримтууд тогтоогдоогүй байна.

           Б.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа түүний албан тушаалын ямар албан үүрэг, ямар бүрэн эрх, мөн албан тушаалын ямар байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашигласан, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад эдийн буюу эдийн бус ашигтай ямар давуу байдал бий болгосныг нотлон тогтоогоогүй, өөрөөр хэлбэл Б.О гийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ямар шинжийг агуулсан талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна.

            Мөн Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, ...зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн байх зэрэг нөхцөлүүд нь  Б.О гийн гаргасан ямар үйлдэлтэй дээрх Эрүүгийн хуулийн аль шинж нь тохирсон болохыг яллах дүгнэлтэндээ прокурор бичээгүй, үүнийг нотолсон талаар нотлох баримтууд хэрэг огт авагдаагүй байна.

           Гэрч Ч.З ын /1-р хавтасны 28-29, 139-140/, гэрч Э.Ү гийн /1-р хавтасны 135-136/ мэдүүлгүүдийн аль хэсгийг нь гэрчээр нүүрэлдүүлэн байцаагдахдаа зориуд худал мэдүүлсэн гэж буруутган прокурор яллах дүгнэлтэндээ тодорхойлж бичээгүй, шүүх хуралдаанд энэ талаараа тайлбар, дүгнэлтээ гаргаагүй байна.

          Шүүгдэгч Ч.З , Э.Ү  нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь тэднийг яллах үндэслэл болохгүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.З , Э.Ү  нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.           

         Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

         Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг баримталсан бөгөөд тогтоох нь хэсэгт мөн дээрх хуулийн заалтаа дахин давтан баримталж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй болсон учир цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/91 дугаар цагаатгах тогтоолын тогтоох нь хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”, 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

            3. Цагаатгах тогтоолын бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                             

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ