Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.О-д холбогдох

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сард Н.О-д бэлнээр 15 000 000 төгрөгийг өгсөн. Энэ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байдаг газрыг хөөцөлдөж гэрчилгээ гаргаж өгье урьдчилгаа 15 000 000 төгрөг өгчих гэж авсан. Бүтээж өгөх хугацаа өнгөрч би мөнгөө авахыг удаа дараа шаардсан боловч өгөхгүй байсан. Ингээд би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасны дагуу Н.О-, Ц.Б- нарыг байцаахад 15 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч одоо мөнгийг бэлэн өгч чадахгүй хэсэгчлэн төлнө гээд 5 000 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг зээл хөөцөлдөж байгаа мөнгө бүтэхээр өгнө гэж хэлчихээд өгөхгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Уг 5 000 000 төгрөгийг Ц.Б- цагдаа дээр байхад надад өгсөн боловч тэр Н.О-ын дүү учир би Н.О-ыг өгч байна гэж ойлгосон. Одоо надаас мөнгө хүлээж авсан Н.О-оос үлдэгдэл 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь Хан-Уул дүүрэгт нэг газар байна. Тэр газрыг худалдаад авчихмаар байна гэсэн. Түүний саналыг миний бие Ц.Б-д хэлсний дагуу Д.Б-, Ц.Б- хоёрыг холбож өгсөн төдий юм. Миний бие Д.Б-оос авсан 15 000 000 төгрөгийг бүгдийг нь Ц.Б-д өгсөн. Би тэр мөнгөнөөс өөрт авч, хэрэглэсэн зүйл байхгүй. Тэр мөнгийг Ц.Б-д өгсөн гэдгийг Д.Б- өөрөө ч мэдэж байгаа. Миний бие Д.Б-той газар худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр огт хийж байгаагүй болно. Эрүүгийн хэрэг дээр Н.О-оос ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Харин Ц.Б- 15 000 000 төгрөгийг Н.О-оор дамжуулан Д.Б-оос авсан, түүний 5 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 10 000 000 төгрөгийг буцааж төлнө гэж амласан байгаа. Д.Б- Н.О- хоёрын хооронд үүссэн харилцаа бол худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний шаардлага нь худалдагч биет байдлын болон эрхийн дагуу эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч түүний дагуу тухайн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг харилцан хүлээнэ. Энэ утгаараа үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж байгаа бол Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тусгайлсан шаардлага нь гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэх гэх мэт. Иймд тусгайлсан шаардлага бол заавал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа бол бичгээр үйлдэж, нотариатаар орох ёстой. Тийм учраас Н.О- Д.Б- нарын харилцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш.

Н.О- Д.Б-ын гуйлтаар газрыг хөөцөлдөж, тодорхой хэмжээний цаг хугацаа орсон байгаа. Н.О-ын үүрэг Д.Б-ын саналыг Ц.Б-д дамжуулж, дараа нь Ц.Б-гийн саналыг Д.Б-од дамжуулж харилцан нэг нэгэнд нь мөнгийг авч хүлээлгэж өгснөөр дууссан. Иймд энэ нь зуучлалын гэрээ болон даалгаврын гэрээний холимог хэлцлийн хэлбэр байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуулинд үл харшлах хэлцэл” гэсэн байдаг. Тийм учраас хуулинд үл харшлах хэлцэл хийгдсэн. Хэлцлээр хүлээсэн үүрэг нь үүсэж дуусгавар болсон. Үүнд Ц.Б- өөрөө газрыг олж өгнө гэсэн үүргийг өөрөө хүлээсэн учраас энэ мөнгийг төлөх нь үнэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрвээ Ц.Б-д Д.Б-оос үүрэг үүсгээгүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээдээс буцаая гэж шаардах эрх нь байгаа. Н.О- нь нэхэмжлэлд дурдсан шиг өөртөө өмчилдөг, ашигладаг, захиран зарцуулдаг газар өөрт нь байхгүй. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ бодитойгоор хийгдээгүй. Тийм учраас хариуцах ёсгүй этгээдээс шаардсан Д.Б-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.О-оос 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслээгүй. Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2014 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Д.Б- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 500 м.кв талбай бүхий газрыг худалдан авахын тулд газрын албанаас гэрчилгээ гаргуулахаар ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах 15 000 000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгч, Н.О- тухайн мөнгийг Ц.Б- гэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Б-, Ц.Б- нараас цагдаагийн байгууллагын асууж авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-оос хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу мөнгө хүлээж авсан этгээд болох хариуцагч Н.О-оос 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтүүд нь хоорондоо логик холбоогүй байна. Н.О- нь Д.Б-оос авсан 15 000 000 төгрөгийг Ц.Б-д өгсөн болох нь зохигч болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа ба Ц.Б- нь Н.О-ыг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэснийг шүүх ий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлд үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай зохицуулалт байдаг. Хуулийн тайлбараас харахад үндэслэлгүйгээр хөрөнгөжнө гэх ойлголт нь бусдын хөрөнгийн зарим хэсэг нь өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээдийн хөрөнгө бусдын хөрөнгөөр баяжсан гэх ойлголтыг бий болгодог. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх, эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан эсхүл хадгалсан байх, эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байх зэрэг 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай байна.

Хариуцагч гэх Н.О-ын хувьд Д.Б-оос 15 000 000 төгрөг авч Ц.Б-д дамжуулж өгснөөрөө өөрийнх нь хөрөнгө нэмэгдээгүй, өөрөөс нь өөр этгээдэд шилжих ёстой хөрөнгө хэвээр үлдсэн зүйл байхгүй ба дээр дурдсан нөхцөл байдлын аль нь ч үүсээгүй байна. Харин Д.Б-ын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол болон гомдол шалгасан материалаас Н.О- тухайн мөнгийг аваагүй, Ц.Б- авсан болох нь тогтоогдож байгаа юм. Ц.Б- Д.Б-оос авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар болон 5 000 000 төгрөг буцаан өгсөн байдлаас харахад Д.Б- Ц.Б- хоёрыг Н.О- холбож өгсөн нь зуучлалын гэрээ болон даалгаврын гэрээний хэлбэрийн холимог шинжийг агуулсан Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Н.О-ын хувьд газар хөөцөлдөж өгөх хүн байна уу гэснийг нь Ц.Б-д дамжуулан өгч, урьдчилгааг Ц.Б-д авч өгснөөр Н.О-ын Д.Б- Ц.Б- нарын өмнө хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон үйл баримтад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж зохицуулсан ба хуулийн уг зохицуулалтад нийцээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 6 дугаар бүлгээс зохих заалтыг барьж хууль зүйн дүгнэлт нь хийгээгүй байна. Шүүхийн шийдвэр бүхэлдээ ойлгомжгүй байгаагаас гадна нэхэмжлэгч анхнаасаа хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна.

Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан өгөөгүй ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгож, шүүх яагаад ямар учраас Н.О-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэснээ шийдвэр гаргасан тухайн цаг үед тайлбарлаагүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг эрхийг зөрчсөн гэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.О-оос 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг буруу бичсэн байгааг зөвтгөх боломжтой юм.

 

Хариуцагч Н.О-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.Б- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Д.Б- нь газар эзэмших зөвшөөрөл авах зорилгоор 15 000 000 төгрөгийг Н.О-д шилжүүлснээс 5 000 000 төгрөгийг Ц.Б-гаас нэхэмжлэгч Д.Б-од буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Хариуцагч 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэдгийг үгүйсгээгүй бөгөөд уг мөнгөний үлдэгдэл 10 000 000 төгрөгийг түүнд төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасгаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл бусдад дамжуулж өгөх зорилгоор нэхэмжлэгчээс мөнгө авсан буюу даалгавар гүйцэтгэсэн, зуучилсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 15 000 000 төгрөг гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “15 000 000 /арван таван сая/” гэснийг “10 000 000 /арван сая/” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО  

                       

                                              ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ     

                    

                                                                                           С.ЭНХТӨР