Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0296/З |
Дугаар | 128/ШШ2021/0332 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2021/0332
2021 05 19 128/ШШ2021/0332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ,
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал,
Гуравдагч этгээд: Сартпланет ХХК,
Гуравдагч этгээд: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,айм
Гомдлын шаардлага: эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагч улсын байцаагч Б.Найрамдал, гуравдагч этгээд Сартпланет ХХК-ийн төлөөлөгч Н.Батцэрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тодгэрэл, А.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Ганбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдалын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 тоот шийтгэлийн хуудсаар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ТББ-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 3-т заасан хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл шаардлага тавьж цахилгаан тасалсан... зөрчил үйлдсэн гэж үзэж 3000 нэгж буюу гурван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Зөрчилд холбогдогчийн төлөөлөгчийн зүгээс улсын байцаагч Б.Найрамдал нь Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ТББ-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, ажиллагааны журам зөрчсөн, мөн шийтгэлийн хуудсанд бичигдсэн зөрчлийг үйлдсэн болохыг бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн оролцогчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан талаар улсын байцаагч Б.Найрамдал нь зөрчилд холбогдогчийн хуулиар олгосон эрх буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4-т хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, 2.5-д зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.6-д эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан, прокурорын ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, 2.8-д нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, 2.9-д зөрчлийн хэрэгтэй танилцах эрхүүдийг хууль бусаар хязгаарласан. Үүнд: Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гарсан талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдээд, маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эс зөвшөөрч прокурорт гомдол гаргасан. Үүнийг Б.Найрамдал мэдсэн атлаа гомдлын хариу гараагүй байхад 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусахаас өмнө хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан. Гэтэл зөрчил гаргагчийн төлөөлөгчийн хувиар хэргийн материалтай танилцахад шийтгэлийн хуудас бичигдчихсэн байсан. Улсын байцаагч Б.Найрамдалын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 11 цагаас үдэгдээгүй, дугаарлагдаагүй баримт, материалуудтай танилцсан. Дараа нь нотлох баримтыг нөхөж хийх, алга болгох бүрэн боломжтой энэхүү нөхцөл байдлыг хэргийн материалтай танилцсанд тооцохгүй гэж бодож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт биш, дутуу явуулсан талаар, улсын байцаагч Б.Найрамдал нь хуульд заагаагүй нөхцөл тавьж хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарласан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн.
Цахилгаанаа таслуулсан гэх хүмүүс 2017 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлөөгүй, тэгсэн мөртлөө 30 гаруй сарын турш цахилгаан хэрэглэсэн этгээдүүд болно. Энэ хүмүүсийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөр 70 гаруй сая төгрөг болсон бөгөөд зөрчил гаргагчаар тооцогдсон Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ өмнөөс нь төлснөөрөө буруутан болж байгаад гомдолтой байна.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах эрхийг хэрэглэгч буюу зөрчил гаргагчид олгожээ. Үүний дагуу гомдол гаргагч нар эрчим хүчээр хангагдаж байсан боловч төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж 70 гаруй сая төгрөгийн эрчим хүч хэрэглэсэн мөртлөө төлбөрөө төлөөгүй байхад үүнийг нягталж шалгаагүй нь хууль бус юм. Зөрчил гаргагчийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасныг үндэслэн гомдол гаргасан хүмүүсийг төлбөрөө төлөх хүртэл хугацаагаар эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлсэн.
Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ТББ нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д зааснаар эрчим хүчээр хангагч биш. Гомдол гаргагч нь төрийн бус байгууллага. Сартпланет ХХК цахилгаан эрчим хүч хэрэглэгч биш. Одоог хүртэл төлбөрөө төлөөгүй атлаа цахилгаан хэрэглэж байгаа. Сартпланет ХХК төлбөрөө төлөхгүй байсан учраас түдгэлзүүлсэн. Эрчим хүчний хуулийн дагуу түдгэлзүүлэх эрхтэй гэж үзэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д зааснаар түдгэлзүүлсэн.
Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ТББ нь цахилгаан эрчим хүчийг борлуулж байгаа. Хангагч биш, гэхдээ борлуулагч мөн гэж үзэж байна.
Хариуцагч Б.Найрамдал нь зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолтой танилцуулсны дараа шууд шийтгэлийн хуудсаа гардуулж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бусад эрхээ эдэлсэн гэж тайлбарлаж байна. Мөн хуудас дугаарлаагүй, үдэгдээгүй баримтуудтай танилцуулсныгаа хэргийн материалтай танилцуулсан мэтээр тайлбарлаж байна. Мөн гуравдагч этгээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай байгууллагыг хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Хэрвээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол гэрээ байгуулахгүй байж болох байсан. Шударга ёсны зарчмын дагуу эрчим хүч хэрэглэсэн этгээд төлбөрөө төлөх ёстой. Гэтэл манай байгууллага 2017 оны 05 сараас өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд өөр этгээдийн цахилгааны төлбөрийг төлсөөр ирсэн. Гомдол гаргагчийг Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрчим хүчний тухай хуульд зааснаар хэрэглэгч биш гэдгийг нотлох ёстой. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар батлагдсан хууль юм. Тиймээс хэрэглэгч биш этгээдийн эрхийг уг хуулиар хамгаалах зохицуулалт байхгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч Б.Найрамдалын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал би 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 02-03/110 дугаартай удирдамжийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Комдьютер молл цогцолборын 8 дугаар давхар, 9 дүгээр давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В021 тоотын цахилгаан эрчим хүчийг Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ хязгаарласан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тул 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан болно. Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ТББ-ын гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.8. 2.9-д заасан эрхүүдийг хууль бусаар хязгаарласан гэх гомдолд, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Гансүхэд тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн дагуу эрх үүргийг нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 25 минутад танилцуулан мэдүүлэг авч, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын цахилгаан эрчим хүчийг хязгаарласан зөрчил нь тогтоогдсон тул 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн 40 хуудас материалыг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг танилцуулан гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй болно.
Мөн нэхэмжлэлд дурдсан оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцтай хамааралтай гомдлуудын талаар, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Гансүх нь Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргах тухай 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мэндсайханд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай, Нийслэлийн Прокурорын газарт 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59 дугаартай, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 64 дугаартай, мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод хяналт шалгалтын хэлтэс, Улсын Ерөнхий Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст удаа дараа гомдол гаргасан. Уг гомдлуудыг хянаж үзээд 2002000132 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг.
Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Компьютер Молл цогцолборын 8 дугаар давхар, 9 дүгээр давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоотын цахилгаан эрчим хүчийг төлбөр тооцоогоо төлөөгүй гэх үндэслэлээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлан тасалсан байна.
Эрчим хүчний тухай хуульд хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлахыг зөвхөн эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нар түдгэлзүүлэхээр хуульд заасан ба тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтад энэ хуулийн 32.1, 32.2, 32.3-т заасны дагуу эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй гэж тодорхой заасан байдаг.
Гэвч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчийг хязгаарлах эрхгүй байж Сүхбаатар дүүргийн 9-р хороо,Компьютер Молл цогцолборын 8 дугаар давхар, 9-р давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоотын цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, тасалсан нь зөрчлийн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь газар дээр хийсэн хяналт шалгалт, фото зураг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Гансүхийн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.Мөнхшүрийн мэдүүлэг зэрэг бусад хэргийн материалд хавсаргасан бичиг баримтаар тус тус тогтоогдсон тул 2002000132 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн шийтгэлийн арга, хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлсэн болно.
Зөрчлийн хэрэг үүсгэн шалгахдаа тухайн үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хэрэглэгчид угтах үйлчлэх төвөөс тухайн барилга байгууламж нь ямар гэрээ контрактаар явдаг талаар тодруулж асууж байсан. Гэтэл тухайн барилга байгууламжийн гадна цахилгаан хангамж нь мэргэжлийн байгууллагад шилжээгүй, хүлээлгэж өгөөгүй байгаа учраас хэрэглэгчтэй толгой тоолуураар тооцоо хийдэг гэсэн тайлбар өгсөн. Тиймээс Сартпланет ХХК-тай биш, тухайн барилга байгууламж дэд станцаар тооцоо хийдэг гэдгийг мэдээд, уг барилгад байгаа бүх аж ахуйн нэгж нь тухайн тоолуурт харьяалагдаж байгаа учраас нийтдээ хэрэглэгч мөн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэсэн. Сартпланет ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулаагүй, харин тухайн барилга байгууламж нь дэд станцаар гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн. Тиймээс Сартпланет ХХК нь дэд станцаар хангагдаж буй хэрэглэгч мөн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч талд зөрчлийн хэрэг нээсэн тухай танилцуулах ёстой. Удаа дараа Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д мэдэгдсэн боловч ирээгүй. Тийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн аж, ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу 3 хоногийн дотор зөрчлийн хэргийг нээж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийг танилцуулсан.
Хангагч байгууллага болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн цахилгаан дамжуулах кабель шугам нь Компьютер молл худалдааны төвийн хаалттай станц буюу дэд өртөө хүртэл байдаг. Тэр хэсгээр зааглагддаг. Тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь тухайн станцаар тэжээгддэг учраас хэрэглэгч мөн. Өмнө нь хяналт шалгалтаар гомдол гаргагчид цахилгаан таслах эрхгүй гэдгийг сануулан арга хэмжээ авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчлөө хүлээн зөвшөөрч, торгуулийн арга хэмжээ авсан боловч дахин ийм асуудал гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах асуудал л яригдах ёстой. Улсын байцаагчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, цахилгаан эрчим хүчийг тасалсан үйлдэлд шийтгэл ногдуулсан. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд Сартпланет ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тоолуурын заалтын дагуу сар бүр цахилгааны төлбөрийг төлж байгаа болно. Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь ямар ч үндэслэлгүй, төлбөр нэхэж түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй үед эрчим хүч хязгаарлаж, дарамт үүсгэж, төлбөр хүчээр төлүүлдэг байсан. Үүнийг нь манай компанийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдлын дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны шалгалтаар Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь 3 дахь удаагаа зөрчил гаргасан нь тогтоогдсон байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүч хариуцсан хяналтын улсын байцаагч Б.Найрамдалыг Зөрчлийн тухай хуулийн 12.8-ийн 3-т заасан зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авсныг бид дэмжиж байна. Учир нь манай байгууллагын болон бусад хувь хүн, албан байгууллагуудын үйл ажиллагаанд эрчим хүч хязгаарласнаар онц их хэмжээний хохирол учраад байгаа. Зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хууль ёсны дагуу хариуцах мэргэжлийн байгууллагад нь хандаж гомдол гаргаж байсан. Иймд Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь буруутай үйлдлээ булзааруулан манай компанийг гүтгэж эрчим хүчний төлбөрт 70 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй мэт худал гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Удаа дараа дур мэдэн хууль зөрчиж бидний цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж байсан учир бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байсан ба улсын байцаагч Б.Найрамдал гомдлын дагуу шалгаж Зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулсан гэж үзэж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэдгийг тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьсан прокурорын тогтоол гарсан.
Эрчим хүчний тухай хуулийн 32.1.1-д хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон бол эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлж болно гэж заасан. Гэвч гомдол гаргагч нь мэргэжлийн бус хүмүүсээр тог таслуулсан нь зөрчлийн арга хэмжээ авах гол үндэслэл болсон. Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн харьяа Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Компьютер худалдааны төвийн нийт аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд болон дундын эзэмшлийн тоолуур хэмжих хэрэгслийн ажиллагаа, битүүмжлэл, холболт зэрэгт хэмжилт хийж нийтийн эзэмшилд бүрэн электрон тоолуур тавих, нойлын клем солих, 380В-ын хүчдэлд холбогдсон хэрэглэгчдэд газардуулга хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх шаардлагыг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн.
Дээрх шаардлагыг биелүүлж дундын эзэмшлийн хэрэглээний төлбөр тооцоог хариуцах эзэн тодорхой болгож, мөн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлсэн үед борлуулалтыг хүлээн авч, хэрэглэгч нэг бүрээр гэрээ байгуулан ажиллах боломжтой болохыг Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д албан бичгээр мэдэгдэж байсан.
Манай компани нь цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 2 дугаар зүйлд заасныг үндэслэж хэрэглэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаг болно.
Хувийн хөрөнгөөр барьсан дэд станцаа хүлээлгэж өгөөгүй тул манайх өмчлөгч болгоны тоолуураар хангах гэрээ байгуулж болохгүй. Бид дэд станц хүртэлх шугамыг хянаж үйлчилгээ үзүүлнэ. Тухайн барилгыг цахилгаанаар хангаж буй дэд станцын толгой тоолуураар гэрээ байгуулж, цахилгаанаар хангаснаар барилгын тоот бүрийн өмчлөгч цахилгаанаар хангагдах эрхтэй, хэрэглэгч мөн.
Удаа дараа Сүхбаатарт хэрэглэгчдэд үйлчлэх төвийн тоолуурын хэсгийн инженер болон борлуулалтын хэсгийн инженерүүд тухайн барилгын компанийн төлөөлөгч нартай уулзаж байсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос ч манайд албан бичиг ирж байсан. Хувийн дэд станцаа хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн. Дэд станцаа хүлээлгэж өгөөгүй атлаа цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Толгой тоолуураар манай байгууллагатай гэрээ байгуулсан. Манай байгууллагад дэд станцаа хүлээлгэж өгөөгүй учраас толгой тоолуураар гэрээ байгуулсан. Хэрвээ дэд станцаа хүлээлгэж өгсөн бол бид эдгээр хэрэглэгчтэй тус бүртэй нь гэрээ байгуулах боломжтой. Орон сууцны ашиглалтын контор нь давхар дундын шить болон гэрэлтүүлгийг хариуцдаг. Энэ барилгын хувьд дэд станцыг манайд хүлээлгэж өгөөгүй, хувийн дэд станц учраас өмчлөгч болгонтой гэрээ хийх боломжгүй.
Иргэн, аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хангагдах эрхтэй. Энэ эрхэд халдаж барилгыг бүхэлд нь цахилгаанаар хангахгүй, хязгаарлалт хийж болохгүй. Эзэмшлийн заагаар толгой тоолуураар хангах үүрэгтэй. Хэрэв дэд станцаа хүлээлгэж өгвөл өмчлөгч тус бүртэй нь гэрээ байгуулах боломжтой. Хэрэглэгчид нь хувийн дэд станцаа манайд хүлээлгэж өгөхийн бол хуульд заасан дүрэм, журмын дагуу материалаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд хэрэглэгч тус бүртэй гэрээ байгуулах боломжтой. Манай байгууллагын хувьд эзэмшлийн заагаар бусад эзэмшигчдийн эзэмшил рүү халдаж болдоггүй учраас хувийн дэд станцыг манайд хүлээлгэж өгөх шаардлагыг тавьж байгаа. Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-нд албан шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Дэд станцаа, шаардлагатай баримт бичгийг хүлээлгэж өгсөн тохиолдолд манай зүгээс хэрэглэгч болгонтой гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй. гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 02-03/110 дугаартай удирдамжийн дагуу цахилгаан эрчим хүч тасалсан гэх гомдлоор шалгаад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Компьютер молл цогцолборын 8 дугаар давхар, 9 дүгээр давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В021 тоотын цахилгаан эрчим хүчийг Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь хязгаарласан зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлж, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаар шийтгэлийн хуудсаар ...хуульд заагаагүй нөхцөл тавьж цахилгаан эрчим хүчийг тасалсан зөрчилд Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, цахилгаан эрчим хүчийг сэргээхийг зөрчилд холбогдогчид даалгаж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, холбогдогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, зөрчлийг тогтоох шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй хэмээн маргаж, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдогчийн эрхийг хязгаарлаагүй, цахилгааныг таслах эрх бүхий этгээд биш, зөрчил тогтоогдсон гэж, гуравдагч этгээд Сартпланет ХХК эрчим хүч хязгаарласнаар хохирол учруулсан тул мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан гэж, гуравдагч этгээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК барилгын тоот бүрийн өмчлөгч цахилгаанаар хангагдах эрхтэй, хэрэглэгч мөн, хувийн дэд станцаа хүлээлгэж өгөөгүй тул манайх өмчлөгч болгоны тоолуураар гэрээ байгуулах боломжгүй гэж тус тус тайлбарлажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэргийн болон бусад нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараахь үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Маргаанд хамаарах Компьютер молл цогцолборын барилга Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 2017 онд ашиглалтад орсон, өмчлөгч нар өөрт ногдох хэсгээ өмчлөх эрхээ баталгаажуулсан, өөрөөр хэлбэл худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай тухайн барилга давхар, тоот тус бүрээр өмчлөх эрх баталгаажсан, барилгын ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ хариуцах үйл ажиллагааны чиглэлтэйгээр Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь 2017 оны 5 дугаар сарын 31-нд 1 гишүүнтэйгээр байгуулагдсан, тус ГҮТББ нь барилгын тоот, талбай өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан ашиглалтын гэрээгээр барилгын ашиглалт, үйлчилгээг эрхэлдэг гэх бөгөөд цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй барилгыг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ.
Энэ гэрээ нь хангагч байгууллагын хэрэглэгчтэй байгуулдаг стандарт гэрээ бөгөөд гэрээнд гэрээг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй байгуулах тохиолдолд хамтран хариуцагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулна, үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэгч, түр оршин суугчтай байгуулах тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр давхар гарын үсэг зуруулна, төлбөр тооцоо, гэрээтэй холбоотой асуудлаар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, хамтран хариуцагч, түрээслэгч, түрээслүүлэгч, түр оршин суугч нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр, хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн заагийг хавсралтаар тодорхойлохоор тусгасан.
2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Компьютер Молл цогцолборын 8 давхар болон 9 дүгээр давхрын 9002 тоот, В1 давхрын В019, В020, В022 тоотын цахилгаан эрчим хүчийг цахилгааны төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр хязгаарлан тасалсан гэх гомдлоор эрчим хүчний хяналтын улсын байцаагч газар дээр нь хяналт шалгалт хийж, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь Сартпланет ХХК-иар цахилгааны төлбөр төлүүлэх нөхцөл, шаардлага тавьж тус компанийн өмчлөлийн хэсгийн цахилгааныг тасалж, хязгаарласан үйлдэл тогтоогдсон байна.
Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Эрчим хүчний хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, 32.2-т Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлийг заасан, тухайлбал 32.2.1 эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалттай, ингэхдээ 32.5-д зааснаар эрчим хүчний хяналтын улсын байцаагч, эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болсон талаар тэдэнд 48-аас доошгүй цагийн өмнө мэдэгдэж, түдгэлзүүлэх ба, 32.7-д ийнхүү эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг түдгэлзүүлэхдээ хууль тогтоомж, тусгай зөвшөөрөл, гэрээний нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй байхаар тус тус заажээ.
Түүнчлэн хууль, гэрээ, тусгай зөвшөөрөлд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн бол эрчим хүчний хяналтын улсын байцаагч хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна.
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг тус тус ойлгохоор тодорхой заасан, эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хорооны лавлагаагаар зөрчилд холбогдогч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл эрчим хүчээр хангагч биш байна.
Тухайн барилгын хөрөнгө оруулагч, захиалагч буюу барьсан этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т зааснаар эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хангагч байгууллага өмчлөгч тус бүртэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, хэрэглэгч тус бүр өөрийн тоолуураар эрчим хүчний төлбөр тооцоог төлж, шугам тоноглолын засвар үйлчилгээ авч, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах боломжтой байна.
Нөгөөтэйгүүр барилгын ашиглалтыг хариуцахаар байгуулагдсан, ашиглалтын гэрээгээр бусад өмчлөгч нартай харилцдаг Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь эрчим хүчээр хангах гэрээгээр цахилгаан эрчим хүч хэрэглэгч болсноор уг гэрээний дагуу барилгын бусад өмчлөгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч гэж үзэхийг эрчим хүчээр хангагч байгууллага тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн заагаар буюу барилгын цахилгааны дэд станцыг хүлээлгэж өгөөгүйгээр стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлуулахгүй.
Эрчим хүчийг хязгаарласан байгааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар буюу зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, фото зураг, хохирогч болон холбогдогчийн төлөөлөгчөөс авсан мэдүүлэг, зөрчлийн тэмдэглэлээр тогтоосон, зөрчилд холбогдогч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2020/020 тоотоор олгосон итгэмжлэлээр холбогдогчийн төлөөлөгчийг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдогчийн эрхийг хязгаарлаагүй байна.
Холбогдогчийн төлөөлөгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар прокурорт удаа дараа гомдол гаргасныг гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хариу өгсөн байдаг.
Иймд гомдол гаргагч Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэл зааж хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1-д зааснаар хязгаарласан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил байх тул шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж буйгаа дүгнэжээ.
Өмнө нь мөн адил зөрчилд Ц.Бархасбадьхүү /Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал/-г эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0065780 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т зааснаар 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг, мөн Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ нь Сартпланет ХХК-иас ашиглалтын зардалд төлбөр гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд маргаж байжээ. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т зааснаар эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэж өгөөгүйгээс хангагч байгууллага өмчлөгч тус бүртэй эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, үүнээс үүдэж цахилгаан ашиглалтын төлбөрийн маргаан гарч, улмаар цахилгааныг хязгаарласан зөрчил гарчээ.
Иймээс ч цахилгаан ашиглалтын төлбөртэй холбоотой энэ маргаан тухайн барилгын цахилгааны дэд станцыг хангагч буюу тусгай зөвшөөрөлтэй этгээдэд хүлээлгэж өгөөгүйгээс үүдэлтэй байх тул маргааны учир шалтгааныг тогтооход ач холбогдолтой гэж үзэж цахилгаан эрчим хүчээр хангах чиг үүргийнх нь хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсныг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг баримтлан эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0067114 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ