| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2022/0309/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/344 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/344
2022 10 19 2022/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Л.Э,
иргэдийн төлөөлөгч Г.Ж,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,
хохирогч Ц.П,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн 2225000000267 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, П.Д
Шүүгдэгч П.Д нь согтуугаар, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хохирогч Д.Б-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөж, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохиж, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,
2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр, согтуугаар, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.П-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.П-г өшиглөж, арматурын төмрөөр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ “...П-г Бямбаагийнд аваачиж гутлын үдээсээр шөнөжин уяад, ус өгөөгүй хонуулсан шалтгаанаар Пүрэвсүрэн өс санаж Эрхэмээгээр талийгаачийг зодуулж байсан юм. Толгой, тархинаас нь цус гарч байхад нь би босож ирээд “Эрхэмээ чи яасан юм бэ” гэж асуухад, “энэ п***а банди байсан юм, худлаа гэвэл чи Идэр, Ёндон хоёроос асуугаарай” гэсэн, би төмрийг нь булааж аваад, Пүрэвсүрэнгээс “чи яасан юм бэ” гэхэд “наад п***а чинь намайг Бямбаагийн авгайтай гутлын үдээсээр уяад, “жаахан ус өгчих” гэсэн чинь өгөөгүй” гэж хэлсэн, би “чи тэгсэн юм уу” гээд талийгаач ахынхаа нуруу, бөгс рүү нь гурван удаа цохиод Пүрэвсүрэнгээс “Цоож ах чамайг хуссан юм уу” гэхэд “үгүй” гээд толгой сэгсрэхээр нь “өөрсдөө учраа ол” гээд эргэж хараад хэвтсэн. Намайг гадаа сууж байхад эмнэлгийн машин ирээд Цоож ахыг насилк дээр аваад явсан, Цоож ахыг худаг руу авч явсан шалтгаан нь “хөдөө ажилд явна, ах нь ядраад байна” гэсэн юм, явж байхдаа Цоож ах “бие өвдөөд байна” гээд газар хэвтээд байсан, би “үүрээд явах уу” гэтэл хэсэг байж байгаад өөрөө босоод явсан. Тэгээд бид дөрөв очиод архи уусан, би Эрхэмээ, Пүрэвсүрэн хоёрын нүүрэн дээр нь үнэнийг хэлье гэж бодсон юм. Би Эрхэмээгийн барьж байсан арматур төмрөөр бөгс рүү нь цохисон, тэрнээс өмнө толгой, шилэн хүзүүнээс нь цус гарч байсан, цагаан эрээн подволк нь урагдсан байсан, би өшиглөөгүй, гэтэл намайг өшиглөсөн гээд байгаа, намайг босож ирэхэд Эрхэмээ төмөр барьчихсан, талийгаачийн толгойноос нь цус гарч байсан, бид гурав л цохисон юм чинь бид гурав л ийм болгосон байх. Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Пүрэвсүрэнд гар хүрээгүй, урьд нь “Даниста”-ийн үүдэн дээр нэг залуутай архи уугаад байж байхад нь цохисон, төмрөөр цохиогүй.” гэв.
хохирогч Ц.П мэдүүлэхдээ “...Эрхэмээ, Даваасамбуу хоёр хог тууж яваад үүрээр 3 цаг өнгөрч байхад халамцуу орж ирсэн. Тэр үед манайд талийгаач байгаагүй, өглөө босоод Город ороод 9 цаг өнгөрөөд “Анар” дэлгүүр онгойход би орж 0.75л архи аваад худаг руу явж байхад 6-2 дугаар байр, 6-5 дугаар байрны голоор 4, 5 хүнтэй хамт талийгаач согтуу явж байсан. Эрхэмээ, Даваасамбуу бид гурав “та хаагуур хонов, манайх руу явъя” гээд Цоож ахыг аваад гүүрээр гараад явж байтал Эрхэмээ, Даваасамбуу хоёр “үхлээ шүү дээ, ганц татчихаад явъя” гээд жалганы цаана сууж нэг, нэг татчихаад “бие өвдөөд байна” гээд байсан. Хариад “эх үрсийн баяр юм чинь бууз хийе” гээд гурилаа зуурч байтал “дэлгүүрээс архи авч ир” гэсэн, би “дэлгүүр өгөхгүй шүү дээ” гэхэд “тэгвэл автобусаар яваад город ор” гэхэд нь Эрхэмээ ахад “мах гэсвэл бэлдээд байж байгаарай” гэж захиад 10.000 төгрөгтэй Город ороод “Анар” дэлгүүрээс гуйж байгаад “Стандарт” архи аваад алхаад гэртээ ирэхэд Эрхэмээ ах шилээр гурил элдээд, галаа түлээд буузаа гал дээр тавьсан байсан. Талийгаач анхны архинаас уугаад унтсан, Даваасамбуу харин буруу хараад орондоо орсон байсан, би “босоорой” гэхэд “хоолоо хийсэн юм уу” гэсэн, би матрасны хөл дээр сууж байтал Даваасамбуу босож ирээд архинаас хоёр балгасан, тэгэхэд нь би “чи хоол хийлцчих л дээ, баярын өдөр би хоол хиймээргүй байна” гэж хэлсэн. Би архи уусан ч тэгтлээ их согтоогүй байсан, гэтэл Даваасамбуу “өөрөө хоолоо хий” гээд орны матрас дээр сууж байхад миний араас өшиглөсөн, би “ганц өдөр хоол хийчих л дээ” гэтэл Даваасамбуу яах аргагүй хувцастайгаа хэвтэж байснаа босож ирээд Цоож ахыг “тэгвэл чи бос” гэсэн, эхний бууз гарч ирэхэд нь би Цоож ахад өгсөн. Намайг “Улаанаа, үдээсээр үдсэн” гэсэн зүйл ярьсан гээд байсан, би тийм зүйл ер яриагүй, харин Даваасамбуу Цоож ахыг “гал түл” гэх зэргээр дарамталдаг байсан. Даваасамбуу Эрхэмээг “чи яв, зайл” гээд чанга дуугарахад нь гүйгээд гараад явсан, дараа нь Цоож ахыг “боссонгүй” гээд төмрөөр цохиход нь би “яаж байгаа юм бэ, хүн аллаа” гэхэд “өмөөрлөө, чи угаасаа янханддаг биз дээ” гээд миний хөл рүү барьж байсан төмрөөрөө цохисон. Цохиод л байсан, нэг харахад талийгаачийн нүүр харагдахгүй болтол цус болсон байсан, би гарч гүйгээд цагдаа дуудсан, намайг зодуулдаг гэдгийг Дэнжийн байрны айлууд ч мэдэж байгаа, би өмнө нь хэд, хэдэн удаа зодуулж байсан, намайг гадаах зуухны ирмэг рүү түлхэж унагаад би толгойгоо хагалуулж байсан ч гомдол нэхэхгүй өнгөрдөг байсан, захынхан хүртэл “байнга зодуулдаг байж салаач” гэдэг. Тэр өдөр энэ хүн хамгийн түрүүнд талийгаачийг цохисон, хүнийг харсаар байж үхүүлэхийг хүсээгүй учраас би доголж гарч гүйгээд яаралтай тусламж дуудсан, эмнэлэгт очоод хөл, гараа цэвэрлүүлээд байж байтал талийгаачийг “өөд боллоо, ар гэрээс нь таньдаг хүн байдаг уу” гэж асуухад нь “би мэдэхгүй” гэж хэлсэн. Намайг “өнөөдөр эмнэлэгт хоноод, маргааш шүүх эмнэлэгт үзүүл” гэсэн учраас шүүх эмнэлгээр явж бүх шинжилгээгээ өгч, зургаа авхуулсан. Энэ хүний хэлж байгаа “Эрхэмээ түрүүлж цохисон” гэдэг бол худлаа, зодоон болохоос өмнө Эрхэмээ гараад явсан, би ухаан мэдрэлгүй болтлоо архи уугаагүй учраас мэдэж байна, “цагдаа дуудлаа” гээд намайг занаж байсан, Эрхэмээ талийгаачид огт гар хүрээгүй, чангахан хашгирахад нь л гараад явсан. “Болиоч дээ, хүн аллаа шүү дээ” гээд болиулах гэтэл төмрөө савахдаа намайг цохисон, эргэж хараад түлхэж унагаагаад, өшиглөөд байсан.” гэв.
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ “...Би дүүтэйгээ тухайн хэргээс хоёр хоногийн өмнө хүнсний зах дээр таараад “эгч нь 6 дугаар сарын 01-ний өдөр зээгээ дагуулаад ирнэ” гэж хэлсэн, дүү минь надад үнсүүлээд “хэзээ ирсэн юм, дүү нь дажгүй байгаа, тантай утсаар ярина” гэсэн. Би залгаад байсан, хоёр хоног утсаа аваагүй, тэрнээс хойш 7 хоногийн дараа ийм зүйл болсныг мэдсэн. Би 30 жил мал дагаж байгаа, монгол хүн малаа төхөөрөхдөө ч сайн, муу өдрөө харж байгаад чаддаг хүнээр гаргуулдаг байтал, дүүгийнхээ зургийг харахад арай л биш байсан. Би энэ хүнийг хүн биш гэж бодож байна, яагаад тийм зүйл хийх болсон шалтгааныг нь асуумаар байна, яагаад цохилт болгон дээр нь аврал эрж, урдаас нь бүлтэгнээд байж байхад нь муухай төмрөөр олон дахин цохиж алж байгаа юм бэ, өнөөдөр миний дүү алхаад явж байх ёстой байсан. Энэ хүнээс дүүгээ нэхэх эрх байгаа байх гэж бодож байна, би гомдолтой байна, бүх хохирлоо барагдуулж авна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-н “...талийгаачийг нас барсан талаар цагдаагийн газраас дуулсан, би талийгаачтай 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хүлэг” хүнсний зах дээр уулзсан, надтай уулзахдаа архи, дарс уугаагүй эрүүл саруул явж байсан, “хүүхдийн баяраар эгч нь Эрдэнэт орно” гэж хэлээд явсан. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талийгаачийн гар утас руу залгаж “маргааш очиж чадахгүй” гэж хэлэх гэтэл утас нь дуудаад авахгүй байсан. ...гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 132 дахь тал/,
хохирогч Ц.П-н “...Даваасамбуу 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Батцоожийн нүүррүү нь өшиглөөд байхаар нь “миний хань болиоч” гэж хэлтэл “п***а минь чи үхсэндээ өмөөрөөд байгаа юм” гэж хэлээд миний толгой, нуруу, хөл зэрэг газарт цохисон. Талийгаачийн толгой, нүүр нь харахын эцэсгүй цус гоожиж байсан. Эрхэмээ талийгаачийг огт зодоогүй, гар хүрээгүй. Даваасамбуу намайг 2021 онд хоёр удаа арматурын төмрөөр болон гараараа зодож, тухайн үедээ би “гомдол, саналгүй” гэж хэлж байсан. Түүнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зодсон. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
гэрч Б.Э-н “...Даваасамбуу, Пүрэвсүрэн нартай хамт амьдардаг гэрээс нь буюу Дэнж багийн гурван байрны ард талын жалганд байдаг улаан өнгийн эвдэрхий худгийн байшингаас өглөө 09.00 цагийн үед гарч алхаад, “Анар” дэлгүүрээс нэг шил 0.75гр “Сэржим” архи Даваасамбуу авсан. Тэгээд бид нар бууз хийж идэх гээд махан таташ аваад буцаад Даваасамбуу, Пүрэвсүрэн нарын амьдардаг гэрлүү нь алхаж 6 дугаар микрийн дундуур гараад явж байтал Батцоож хэдэн хүмүүстэй явж байхад нь дагуулаад явсан. Бид дөрөв авсан архиа ууж дуусгаад Пүрэвсүрэн буузны гурил зуурчихаад дахин нэг архинд гараад явсан, ...Пүрэвсүрэн нэг шил архитай ирсэн. Тэр үед Даваасамбуу баруун талын орон дээр, харин Батцоож зүүн талын гудас зассан орон дээр унтаж байсан. Тэгтэл Даваасамбуу сэрээд архи ууж байгаад эхнэрээ “чи хоол хийсэнгүй, олигтойхон шөлтэй юм хийсэнгүй.” гэж хэлээд маргалдаад, Пүрэвсүрэн нөхөртөө “баярын өдрөөр би яахаараа хоол хийдэг юм бэ” гэж хэлж байх шиг байсан. Тухайн үед Батцоожийг орон дээр хэвтэж байхад нь Даваасамбуу хөлөөрөө өшиглөөд байхаар нь “боль” гэж хэлтэл намайг “зайл, архинд яв” гэж хэлээд хөөгөөд гарахад 14 цаг болж байсан, түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Тухайн үед надад 4000 төгрөг байсан учраас архи авч чадаагүй, Городоор явж хог түүж байгаад архи аваад 19.00 цаг өнгөрч байхад очиход хүн байхгүй байсан, дахиад 21.00 цаг өнгөрч байхад очиход мөн л хүн байхгүй байсан, шөнө 01.00 цаг өнгөрч байхад очиход гадна нь цагдаа ирчихсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138-139 дэх тал/,
“...2022 оны 6 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01.00 цаг өнгөрч байхад Даваасамбуугийн амьдарч байсан улаан өнгийн худаг дээр ирэхэд цагдаа байсан, “энд хүн байхгүй” гэхээр нь би цагдаагийн хажуухан талд нь гадаа хоносон, тухайн цагдаа намайг “явж болохгүй” гэсэн. Өглөө нь цагдаагийн машин ирж намайг авсан, тэр үед Пүрэвсүрэнтэй таарсан. Би талийгаач Батцоожийг зодсон асуудал байхгүй, хэрүүл маргаан хийх ямар ч шаардлага байхгүй. Батцоожийг арматурын төмрөөр цохих байтугай төмөр ч даахгүй, намайг “зайл” гэж хэлээд хөөгөөд гаргасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
гэрч Ц.П-н “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр... Даваасамбуу, Эрхэмээ ах бид гурав “Хүлэг” хүнсний зах ороод “Анар” дэлгүүрээс нэг шил 0.75гр архи П.Д аваад гараад ирсэн. Тэгээд П.Д, Эрхэмээ ах бид гурав харих гээд Согоот багийн 6-5 дугаар байрны дундуур гараад явж байтал дэлгүүрийн хажуу талын сааднаас Д.Бах, Жожоо, англи Мөнхөө, хар Идэрээ, дахиад нэг танихгүй залуу энэ хэд урдаас гараад ирсэн чинь П.Д Д.Бахыг “гэр лүү явъя, очиж хоол, унд хийж идье” гээд дагуулаад бид дөрөв худаг руу явсан. П.Д, Эрхэмээ ах, Д.Бах бид дөрөв авсан архиа уучихаад би буузны гурил зуурчихаад, дахин нэг шил архинд яваад ирэхэд Эрхэмээ ах архины шилээр буузны гурил элдэж байсан. Эхний жигнүүрээ жигнэж буузаа идээд авч ирсэн архиа хуваагаад ууж байхад П.Д намайг “бос п***а минь хоолоо хий” гэж хэлэхээр нь би гомдож уйлаад “эх үрсийн баяраар би баярлаж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь Д.Бахыг П.Д “бос п***а минь, чи хоол хий” гэж хэлэхэд босож чадахгүй байсан, гэтэл үгийн зөрөөгүй нүүррүү нь өшиглөөд байсан. Батцоож ахын хамраас цус ихээр гарсан, тэр үед Эрхэмээ “боль” гэж хэлтэл “зайл п***а минь” гэж хэлээд хөөгөөд гаргасан. Би Даваасамбууд “миний хань болиоч” гэж хэлтэл “п***а минь чи үхсэндээ өмөөрөөд байгаа юм, янхандаж, банзалддаг юм уу” гэж хэлээд миний нүүррүү өшиглөсөн. Гэрийн үүд цоожилдог урт төмрийг аваад Батцоож ахын нуруу болон хөл рүү нь цохиод байсан, миний хөл рүү төмрөөрөө нэг удаа цохисон. Батцоож ахын нүүр, толгойноос нь нөжтэй цус гараад, би айсандаа гэрээс гарч 7035102 дугаарын утсанд “манай нөхөр хүн зодчихлоо, цус нөжтэйгөө холилдоод бараг үхчихлээ” гэж, мөн 7035103 дугаарын утсаар залгаж “энд бараг хүн үхчихлээ” гэж дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал/,
П.Д-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэн, танил Эрхэмээ, Батцоож нартай би өөрийнхөө гэртээ архи уусан. ...Пүрэвсүрэн, Эрхэмээ бид гурав гэртээ ирээд 6 дугаар сарын 01-ний өдөр 8 цагийн үед Город орж архи авсан. ...Гэртээ харих замдаа Батцоожтой таараад бид дөрөв манайд очиж архи уусан. ...арматурын төмрөөр Батцоожийг гурван удаа бөгс рүү нь цохисон, Батцоож “болиоч” гэхээр нь би больсон. ...Би Батцоожийг төмрөөр цохиж болохгүй гэж бодсон боловч уурандаа арматурын төмрөөр зодсон.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
“...Би арматурын төмрөөр гурван удаа нуруу, бөгс рүү нь цохисон талаараа мэдэж байна, ...арматурын төмрөөр цохиж зодсон шалтгаан нь гэвэл миний хамтран амьдрагч Пүрэвсүрэнг өмнө нь Батцоож, Ойдовын Бямбаагийн эхнэр Улаанаа гэх хүн хамтран, хоёр хөлийг нь хоёр тийш нь алцайлгаж үдээсээр боож хажуу талын айлын хүнтэй “унт” гэсэн байсан учраас зодсон, ...Батцоожийн толгойноос цус алдаж олгойдож байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 46 дахь тал/,
“...Би талийгаачийг нуруу хэсэгт нь гурван удаа цохисон, талийгаач намайг “одоо больчихооч” гэж хэлсэн, эхлээд Эрхэмбаяр талийгаачийн толгой хэсэг рүү арматурын төмрийн үзүүр хэсгээр 3-4 удаа чичилж цохисон, тэр үед талийгаачийн толгой хэсгээс цус гарсан, би өөрийгөө талийгаачийг алсан гэж бодохгүй байна. ...Шинжээчийн дүгнэлтээр аяган дээр байсан гарын мөр Пүрэвсүрэнгийн гарын мөр гэж гарсан учраас Пүрэвсүрэн талийгаачийг аягаар цохисон байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212 дугаартай; “...П.Дгийн биеэс авсан цусанд этилийн спирт 2.2 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 197-198 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай; “...Д.Батцоожийн цогцосноос авсан цусанд этилийн спирт 3.7 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай; “...1.Талийгаачийн биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх бүх гэмтэл нь 96см урттай, 1.8см диаметртэй, 1976 грамм жинтэй арматурын төмрөөр цохиход үүсгэгдсэн байж болно. 4.Зөөлөн эдийн гэмтлүүд нь биеийн гадаргын 50%-иас их хэмжээг хамарч байгаа тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, гавлын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын олон хавирганы нэг ба хоёр шугамаар хугарсан хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Бүгд шинэ гэмтлүүд байна. 5.Учирсан гэмтлүүд нь урдаас хойш, хойноос урагш баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Босоо, суугаа, хэвтээ байдалд байхад үүссэн байж болно. 6.Учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. 7.Талийгаач нь баруун уушгины гялтангийн архаг наалдцат үрэвсэл, элэгний хатуурал зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдийн зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, үүнээс үүссэн гэмтлийн шок, уушгины уналт болно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 215-220, 223-228 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай; “...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж авахад амь насыг нь аврах боломжгүй байжээ. Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс талийгаачид шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эмнэлэгт 1 цаг 18 минут болсон байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 231-232 дахь тал/,
Орхон аймгийн БОЭТ-ийн шинжээч, эмч Ж.Должмаа, П.Бүдсүрэн, С.Энхмаа нарын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Шүүх сэтгэц эмгэг судлалын; “...1.Магадлуулагч П.Д нь сэтгэцийн удамшлын өвчингүй, харин олдмол шалтгаант архинд донтох өвчинтэй. 2.Архинд донтох өвчин нь /F10.3/ олдмол. Гэмт хэргийн улмаас үүсээгүй болно. 3.Магадлуулагч нь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгч чадна, мөн хэрэг хариуцах чадвартай. 4.Магадлуулагч П.Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3142 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч П.Дгийн өмсөж байсан гэх хар өнгийн өмд, хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн, хөх өнгийн шоотой, бор өнгийн үслэг дотортой цамц дээр цус илрээгүй. 2.Хар өнгийн өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3145 дугаартай дүгнэлтэд тусгасан амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, яллагдагч П.Д, гэрч Ц.Пүрэвсүрэн, Б.Эрхэмбаяр нарын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 243-246 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3143 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Пүрэвжамцын Даваасамбуугийн зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус гэх арчдас дээр цус илэрсэн, баруун гарын хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус гэх арчдас, гарын хумснууд, зулай, дагз, баруун шанаа, зүүн шанааны үс дээр цус илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Пүрэвжамцын Даваасамбуугийн зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус гэх арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3145 дугаартай дүгнэлтэд тусгасан амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. яллагдагч П.Д, гэрч Ц.Пүрэвсүрэн, Б.Эрхэмбаяр нарын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 1-2, 3, 4 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3145 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх арматур төмөр, уг арматур төмрөөс бинт маралд шингээж авсан дээж, цайвар өнгийн футболк дээр цус илэрсэн. Амь хохирогч Д.Батцоож, яллагдагч П.Д, гэрч Ц.Пүрэвсүрэн, Б.Эрхэмбаяр нарын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх арматур төмөр, уг арматур төмрөөс бинт маралд шингээж авсан дээж, цайвар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 16-17, 18-18, 20 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3147 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх нэг хөлийн саарал өнгийн тавчиг, улаан өнгийн даавууны хэсэг, цахилгааны утас, бор өнгийн дрож мэт зүйлийн хэсэг, бинт маралд шингээн авсан цус мэт зүйл дээр цус илэрсэн. 2.Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3145 дугаартай дүгнэлтэд тусгасан амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хавтаст хэргийн 32-33, 34-35, 36 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай; “...1.Ц.Пүрэвсүрэнгийн биед нүүр, зүүн болон баруун бугалга, баруун шилбэ, нуруунд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 4.Гэмтлүүд нь 96см урттай, 1.8см диаметртэй, 1976 грамм жинтэй арматурын төмрөөр цохиход үүсэж болно. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 6.Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 7.Гэмтлүүд нь урдаас хойш, хойноос урагш чиглэсэн хүчээр хохирогчийг босоо, суугаа, хэвтээ ямар ч байрлалд байхад үүсч болно. 8.Гэмтлүүд нь унахад үүсч болно. 9.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,
иргэн Ц.Пүрэвсүрэнгийн “манай нөхөр хүн зодоод байна” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,
хэрэг учрал болсон гэх газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 14, 15-17 дахь тал/,
2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 18-20, 21-23 дахь тал/,
П.Дгийн биед болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 24-25, 26-29 дэх тал/,
амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 30, 31-32 дахь тал/,
хэргийн газраас хураан авсан арматур төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 33, 34-35 дахь тал/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 36, 37-44 дэх тал/,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энх-Одоос гаргаж өгсөн оршуулгад зарцуулсан мөнгөний баримтууд /1 дэх хавтаст хэргийн 51-121 дэх тал/,
амь хохирогч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн БОЭТ-д хүргэгдэн ирээд эмнэлгийн анхны тусламж авч эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,
П.Дгийн баруун гар, зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус, түүний өмсөж байсан дөрвөлжин хээтэй улаан эрээн өнгийн цамц, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн даавуун нэг хос түрүүтэй гутал,
амь хохирогчийн гарын хумснууд, зулай, дагз, баруун шанаа, зүүн шанаа хэсгийн үс, түүний өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн майк, ногоон эрээн даавуун өмд, бор өнгийн өмдний бүс,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан 96 см урттай 1.8см диаметрийн хэмжээтэй арматурын төмөр, уг арматурын төмрөөс маралд шингээж авсан цус мэт зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн футболк, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 1 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн нэг ширхэг таавчиг, 4 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавууны хэсэг, 3 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цахилгааны утас, маралд шингээж авсан цус мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дрожны хэсэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
П.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал/,
яллагдагч П.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худаг дотор Ц.Пүрэвсүрэнгийн хошного орчимд арматурын төмрөөр хатгаж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн 2125000000221 дугаартай хэргийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 106-169 дэх тал/,
шүүгдэгч П.Д нь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн эрүүгийн 2125000000287 дугаартай хэргийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 171-243 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, П.Дгаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос,
шүүгдэгч П.Дг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр, согтуугаар Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч П.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худаг дотор Ц.Пүрэвсүрэнгийн хошного орчимд арматурын төмрөөр хатгаж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн 2125000000221 дугаартай хэргийн баримтууд 2 дахь хавтаст хэргийн 106-169 дэх талд,
мөн 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн эрүүгийн 2125000000287 дугаартай хэргийн баримтууд 2 дахь хавтаст хэргийн 171-243 дахь талд тус тус авагдсан бөгөөд дээрх гэмт хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Дг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Пүрэвсүрэнг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд тооцох, улмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд,
Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч П.Д-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч П.Д нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт хохирогч Д.Батцоожийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр рүү нь өшиглөж, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохиж, биед нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдийн зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, үүнээс үүссэн гэмтлийн шок, уушгины уналт зэрэг гэмтлүүд учруулан “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
гэрч Б.Эрхэмбаярын “...Даваасамбуу баруун талын орон дээр, харин Батцоож зүүн талын гудас зассан орон дээр унтаж байсан. ...Тухайн үед Батцоожийг орон дээр хэвтэж байхад нь Даваасамбуу хөлөөрөө өшиглөөд байхаар нь “боль” гэж хэлтэл намайг “зайл, архинд яв” гэж хэлээд хөөгөөд гарахад 14 цаг болж байсан.” гэх,
гэрч Ц.Пүрэвсүрэнгийн “ ...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр...Д.Бахыг П.Д “бос п***а минь чи хоол хий” гэж хэлэхэд босож чадахгүй байсан, гэтэл үгийн зөрөөгүй нүүррүү нь өшиглөөд байсан. ...Гэрийн үүд цоожилдог байсан урт төмрийг аваад Батцоож ахын нуруу болон хөл рүү нь цохиод байсан, ...Батцоож ахын нүүр, толгойноос нь нөжтэй цус гараад, би айсандаа гэрээс гарч 7035102 дугаарын утсанд “манай нөхөр хүн зодчихлоо, цус нөжтэйгөө холилдоод бараг үхчихлээ” гэж, мөн 7035103 дугаарын утсаар залгаж “энд бараг хүн үхчихлээ” гэж дуудлага өгсөн.” гэх,
П.Д-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Батцоожийг төмрөөр цохиж болохгүй гэж бодсон боловч уурандаа арматурын төмрөөр зодсон. ...Батцоожийн толгойноос цус алдаж олгойдож байсан. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн;
2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай, “...Учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. ...Талийгаачийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, баруун болон зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, өгзөг, хэвлий, дээд болон доод мөчдийн зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүсэгдсэн шарх, арьсны бүрэн бүтэн байдлын алдагдал, үүнээс үүссэн гэмтлийн шок, уушгины уналт болно.” гэсэн,
2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай, “...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь эмнэлгийн тусламж авахад амь насыг нь аврах боломжгүй байжээ.” гэсэн,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Л.Алтанцэцэгийн;
2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3142 дугаартай, “...Хар өнгийн өмд, хар өнгийн хос гутал дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо...амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн,
3143 дугаартай, “...Пүрэвжамцын Даваасамбуугийн зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус гэх арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо...амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн,
3145 дугаартай, “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх арматур төмөр, уг арматур төмрөөс бинт маралд шингээж авсан дээж, цайвар өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн,
3147 дугаартай, “...хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан гэх саарал өнгийн нэг хөлийн тавчиг, улаан өнгийн даавууны хэсэг, цахилгааны утас, бор өнгийн дрож мэт зүйлийн хэсэг, бинт маралд шингээн авсан цус мэт зүйл дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо...амь хохирогч Д.Батцоожийн гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн дүгнэлтүүдээр,
иргэн Ц.Пүрэвсүрэнгийн “манай нөхөр хүн зодоод байна” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,
хэрэг учрал болсон гэх газарт буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
П.Дгийн биед болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
амь хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хэргийн газраас хураан авсан арматур төмөрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энх-Одоос гаргаж өгсөн оршуулганы ажилд зарцуулсан мөнгөний баримтууд,
амь хохирогч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн БОЭТ-д хүргэгдэн ирээд эмнэлгийн анхны тусламж авч эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх болон хэрэгт хураан авсан эд мөрийн баримтуудаар,
мөн шүүгдэгч П.Д нь согтуугаар, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн гурван байрны хойд талд байрлах улаан тоосгон худагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.П-г өшиглөж, арматурын төмрөөр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ц.Пү-н “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр...миний толгой, нуруу, хөл зэрэг газарт цохисон.” гэх мэдүүлэг,
шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаартай, “...Ц.П-н биед нүүр, зүүн болон баруун бугалга, баруун шилбэ, нуруунд зөөлөн эдэд нэг тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Д “...би өөрийгөө талийгаачийг алсан гэж бодохгүй байна. Эрхэмээ, Пүрэвсүрэн хоёр талийгаачийг зодож байхыг би харсан, Эрхэмээг эгцэлж харж байгаад ярилцмаар байна.” гэсэн боловч энэ нь хэрэгт цуглуулсан, мөн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох;
хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн “...Даваасамбуу 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Батцоожийн нүүрлүү нь өшиглөөд...талийгаачийн толгой, нүүр нь харахын эцэсгүй цус гоожиж байсан. Эрхэмээ талийгаачийг огт зодоогүй, гар хүрээгүй.” гэх,
гэрч Б.Э-н “...Батцоожийг орон дээр хэвтэж байхад нь Даваасамбуу хөлөөрөө өшиглөөд байхаар нь “боль” гэж хэлтэл намайг “зайл, архинд яв” гэж хэлээд хөөгөөд гарахад 14 цаг болж байсан, ...би талийгаач Батцоожийг зодсон асуудал байхгүй, хэрүүл маргаан хийх ямар ч шаардлага байхгүй. Батцоожийг арматурын төмрөөр цохих байтугай төмөр ч даахгүй, намайг “зайл” гэж хэлээд хөөгөөд гаргасан.” гэх,
гэрч Ц.П-н “ ...П.Д намайг “бос п***а минь хоолоо хий” гэж хэлэхээр нь би гомдож уйлаад “эх үрсийн баяраар би баярлаж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь Д.Бахыг П.Д “бос п***а минь, чи хоол хий” гэж хэлэхэд босож чадахгүй байсан, гэтэл үгийн зөрөөгүй нүүррүү нь өшиглөөд байсан. Батцоож ахын хамраас цус ихээр гарсан, тэр үед Эрхэмээ “боль” гэж хэлтэл “зайл п***а минь” гэж хэлээд хөөгөөд гаргасан. ...Гэрийн үүд цоожилдог урт төмрийг аваад Батцоож ахын нуруу болон хөл рүү нь цохиод байсан.” гэх,
П.Д-гийн өөрийнх нь “...Би Батцоожийг төмрөөр цохиж болохгүй гэж бодсон боловч уурандаа арматурын төмрөөр зодсон. ...Батцоожийн толгойноос цус алдаж олгойдож байсан.” гэх мэдүүлгүүдээр болон шинжээч нарын 3142, 3143, 3145, 3147 дугаартай дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж няцаагдсан бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд тухайн газарт Б.Эрхэмбаяр байгаагүй, П.Дд хөөгдөөд гарсан байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаардахын зэрэгцээ, хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас хохирогчид зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн үйлдлээ ухамсарлаж, үр дагаврыг хүсэж үйлдсэн байхыг.”,
хуулийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсныг гэмт этгээд ухамсарлан мэдсэн байхаас гадна биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг.” тус тус ойлгоно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл,
Шүүгдэгч П.Д нь амь хохирогчийн нүүр рүү нь өшиглөх, нуруу болон хөл рүү нь арматурын төмрөөр цохих зэргээр биед нь халдаж, үхэлд хүргэсэн болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн амь хохирогчийг өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон шинжээр,
гэрч Ц.П-н “ ...Д.Бахыг П.Д “бос п***а минь, чи хоол хий” гэж хэлэхэд босож чадахгүй байсан, гэтэл үгийн зөрөөгүй нүүррүү нь өшиглөөд байсан. Батцоож ахын хамраас цус ихээр гарсан, ...Гэрийн үүд цоожилдог урт төмрийг аваад Батцоож ахын нуруу болон хөл рүү нь цохиод байсан.” гэх,
П.Д-гийн өөрийнх нь “...Батцоожийн толгойноос цус алдаж олгойдож байсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн хохирогч биеэ хамгаалах чадваргүй, хүнд зэргийн согтолттой байсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаартай, “...Д.Батцоожийн цогцосноос авсан цусанд этилийн спирт 3.7 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.
Тухайлбал; 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж,
3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж,
хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
хуулийн 5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Д, хохирогч Ц.Пнар хамтран амьдрагч байна.
Шүүгдэгч П.Дгийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн биед хөнгөн хохирол учирсан, Д.Бамь насаа алдсан шалтгаант холбоо байх бөгөөд түүний энэ үйлдэл нь “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан.” мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргүүдийн үндсэн шинжийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан.”,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргүүдийг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Жаргалсайханы “шүүгдэгч П.Д гэм буруутай.” гэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.
Шүүгдэгч П.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч П.Д-г “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан.”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч Л.Э “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт бүх насаар нь хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-с “...Шүүгдэгч зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа тул ял хариуцлага хүлээлгэх тал дээр санал гаргах зохимжгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 07, 10-ны өдрүүдэд үйлдсэн хэрэгтээ шүүхээр орж, хариуцлагаа хүлээсэн үйлдлүүд байгаа тул дахин ял, хариуцлага хүлээлгэх боломжгүй. Мөн эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “олдмол шалтгаант архинд донтох өвчинтэй” гэсэн дүгнэлтийг харгалзан үзнэ үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч П.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял,
мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх нийт ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Д-гийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Д хариуцан арилгах үүрэгтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн 5.045.900 төгрөгийн баримтыг шүүх нягтлан шалгахад тоо, тооцооны шинжтэй 72.400 төгрөгийн зөрүү гарснаас гадна “Номин” их дэлгүүрийн 156.389, 218.241, 177890 төгрөгийн баримтууд давхардаж тооцогдсон тул нэхэмжлэлээс 624.914 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Д-гаас 4.420.986 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгох нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.Дгийн баруун гар, зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус, түүний өмсөж байсан дөрвөлжин хээтэй улаан эрээн өнгийн цамц, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн даавуун нэг хос түрүүтэй гутал,
амь хохирогчийн гарын хумснууд, зулай, дагз, баруун шанаа, зүүн шанаа хэсгийн үс, түүний өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн майк, ногоон эрээн даавуун өмд, бор өнгийн өмдний бүс,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан 96 см урттай 1.8см диаметрийн хэмжээтэй арматурын төмөр, уг арматурын төмрөөс маралд шингээж авсан цус мэт зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн футболк, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 1 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн нэг ширхэг таавчиг, 4 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавууны хэсэг, 3 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цахилгааны утас, маралд шингээж авсан цус мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дрожны хэсэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч П.Д-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч П.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон 3 сар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-гийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Д-гаас оршуулгын зардал 4.420.986 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 624.914 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.Д-гийн баруун гар, зүүн гар, зүүн хөлийн хэсгээс цус мэт зүйлээр бохирлогдсон маралд шингээж авсан цус, түүний өмсөж байсан дөрвөлжин хээтэй улаан эрээн өнгийн цамц, хар саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн даавуун нэг хос түрүүтэй гутал,
амь хохирогчийн гарын хумснууд, зулай, дагз, баруун шанаа, зүүн шанаа хэсгийн үс, түүний өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн майк, ногоон эрээн даавуун өмд, бор өнгийн өмдний бүс,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан 96 см урттай 1.8см диаметрийн хэмжээтэй арматурын төмөр, уг арматурын төмрөөс маралд шингээж авсан цус мэт зүйл, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан саарал өнгийн футболк, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 1 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн нэг ширхэг таавчиг, 4 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавууны хэсэг, 3 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цахилгааны утас, маралд шингээж авсан цус мэт зүйл, 2 дугаараар тэмдэглэсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дрожны хэсэг зэргийг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС