Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0454/З |
Дугаар | 221/МА2024/0499 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0499
2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0499 | Улаанбаатар хот
|
Д.Үгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 141 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч НДААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Ү
Хариуцагч НДАА
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0454/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 141 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Үгаас НДААнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Гыг томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, НДААны Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг НДААнд даалгаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагч НДААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. ...Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Гыг томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/** дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НДААны Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг НДААнд даалгах" гэсэн үндэслэлээр гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0414 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Гыг томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хууль бусад тооцохдоо 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №** тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна" гэжээ. Түүнчлэн магадлалд заасан агуулгад "Ч.Гын мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан... гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх захирах, захирагдах ёсны төрийн албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан гэдгийг тогтоох, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг хариуцагчаас тодорхой болгох" замаар захиргааны шинэ акт гаргахыг даалгасан агуулгаар гарсныг болон нэхэмжлэгч нь Д. Үүрийнтуяа өмнө нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн №** дугаартай тушаалд гомдол гарган маргаангүй болохыг дурдсан. Иргэн Ч.Г нь Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналтын хэлтсийн даргаар томилогдохоосоо өмнө Санхүү аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Санхүү аудитын хэлтэс нь татан буугдсан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын байрыг нь дордуулахгүйгээр Нийслэлийн Аудит хяналтын хэлтсийн даргаар томилсон. Төрийн албаны тухай хуулийн 43.3.3.-д "энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх" гэж заасан байдаг. Д.Ү нь өмнө нь манай байгууллагад ажиллаж байсан боловч ажлаас өөрийн саналаар гарсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлыг орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/** дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нөхцөлийг зөрчиж байсан тул байгууллагын санаачилгаар Д. Үүрийнтуяаг томилсон тушаалыг хүчингүй болгож татан буугдсан Санхүү аудитын хэлтсийн дарга байсан Ч.Гыг томилсон болно. Энэхүү хэлтсийн даргыг томилох эрх нь Нийслэлийн аудитын газрын даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд өөрийн эрхийн дагуу зохих захиргааны актыг гаргасан болно. Харин Д.Ү нь хууль бусаар томилогдсон болох нь илтэд хууль бус актаар томилогдсон нь тодорхой байдаг. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлолт гаргасан бөгөөд уг маргааныг үүсгэх эрхийг олж аваагүй ба захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхгүй этгээд болохыг шүүхээс хянан үзээгүй болно. Түүнчлэн захиргааны актыг хууль бус болгосноор иргэний хууль ёсны ашиг сонирхол, эрх сэргэх ёстой боловч Д.Ү нь анхнаасаа хууль ёсны эрхийг өөрөө олж аваагүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.
2.2. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хууль бусад тооцуулахаар гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн хууль бус актыг хүчингүй болгуулахтай холбоотой талаар шүүхийн шийдвэрт хуулийн үндэслэл тодорхойгүй байна. Харин шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0414 тоот шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн зүйл үндэслэлийг гол болгон шийдвэрлэхдээ төрийн байгууллагын өөрт хамаарах эрх хэмжээнд хөндлөнгөөс оролцон төрт ёсны зарчмыг зөрчсөн агуулгаар гарсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0414 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч Д.Ү нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын Ч.Гыг томилсон 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/** дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, НДААны Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэхийг НДААнд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Анхан шатны шүүх ... хариуцагч захиргааны байгууллага нь шинэ бүтцийн дагуу бий болсон маргаан бүхий Нийслэлийн дотоод, аудитын албаны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд гуравдагч этгээд Ч.Гыг шууд томилох үндэслэлгүй байхад түүнийг томилсон тушаал гаргасан, нэхэмжлэгч Д.Үг тухайн албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг шүүхээс хүчингүй болгон шийдвэрлэсээр байхад Ч.Гыг үргэлжлүүлэн ажиллуулж, улмаар сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлэхгүй байгаа нь дээрх хуульд нийцэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: ... Д.Ү нь хууль бусаар томилогдсон болох нь илтэд хууль бус актаар томилогдсон нь тодорхой байдаг. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлолт гаргасан бөгөөд уг маргааныг үүсгэх эрхийг олж аваагүй ба захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхгүй этгээд болохыг шүүхээс хянан үзээгүй болно. Түүнчлэн захиргааны актыг хууль бус болгосноор иргэний хууль ёсны ашиг сонирхол, эрх сэргэх ёстой боловч Д.Ү нь анхнаасаа хууль ёсны эрхийг өөрөө олж аваагүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0047 дугаар магадлалаар ... хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит, хяналтын хэлтсийн даргаар шууд томилон, маргаан бүхий албан тушаалд Ч.Гыг томилсонтой холбогдуулан нэхэмжлэгч Д.Үг томилсон тушаалыг дуусгавар болгож, түүнийг албан үүргээс чөлөөлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасантай тус тус нийцээгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Үгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 622 дугаар шийдвэрт оруулсан нь хүчин төгөлдөр байх тул П.Үүрийнтуяаг анх томилогдохдоо хууль бус байсан эсэх, хамгаалагдах эрх, ашиг сонирхол байгаа эсэх талаар маргах, энэ талаар анхан шатны шүүхийг дүгнээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/** дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилохдоо тухайн ажлын байрны тодорхойлолтод[1] заасан магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй байхад томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж заасныг зөрчсөн байна.
6. Уг хууль бус тушаалын улмаас Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо-нд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон нь нэхэмжлэгч Д.Үгийн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмын хүрээнд төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтод заасан болзол, шаардлагыг хангасан этгээдийн хувьд тухайн сул орон тоо-нд сонгон шалгаруулалтад оролцох ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байх тул уг ашиг сонирхлыг нь хамгаалж, анхан шатны шүүх маргаан бүхий 2021 оны 4 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 141 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч НДААны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ